АН болон МАХН намууд сонгуулийн хар машинтай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.
Ардчилсан намын үндэсний бодлогын хорооны гишүүн О.Чулуунбилэг, нийслэлийн намын хорооны дарга Ж.Эрдэнэжамъян, “Хэвтүүл” хөдөлгөөний ерөнхий зохицуулагч А.Цэрэнбат нар мэдээлэл хийлээ. “Хэвтүүл” хөдөлгөөний зохицуулагч А.Цэрэнбат: Сонгуулийн хар машинд хакерууд хэрхэн халдаж, үр дүнд хэрхэн нөлөөлж байгааг бодитоор, нотлох баримт дээр тулгуурлан мэдээлэх болно. Бидэнд гурван бичлэг бий. Нэг бичлэг дээр МАН-аас Баянгол дүүрэгт нэр дэвшиж байгаа хүнтэй холбогдоод хар машин дээр ажиллагаа явуулж, үнээ тохирвол тойрогт чинь дэмжлэг үзүүлж чадна гэж ярьж байгаа юм. Мөн л санал тоолох хар машины санал тоолох явцад нөлөөлж чадна гэж ярьж байгаа бөгөөд өнгөрсөн хаврын сонгуулийн үеэр ч ажиллаж байсан гэж хэлж байгаа юм. Ингэхдээ саналын хуудас болон дижитал тоог тэнцүүлэх талаар ярьсаныг энэ бичлэгээс үзэж болно. Эдгээр баримтыг үзэхэд санал тоолох машинд нэлээд зүйл болдог байх нь ээ гэлээ.
АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн О.Чулуунбилэг: Өмнөх УИХ-ын сонгуулиар тодорхой тойргуудад хар машиныг хакердсан нь батлагдаж байна. Орон нутгийн сонгуульд ч мөн үүнийг ашиглаж байгаа нь тодорхой боллоо. Хүмүүсийн сонгоогүй хүмүүс төрийн эрхэнд гараад шийдвэр гаргаж байгаа нь хэр зүйтэй вэ. Энэ хүмүүс хар машины сервер гадаадад байдаг учраас түүн дээр нь ажиллана гэдгийг хэлж байна. Сонгогчдын эрхэнд халдаж байгаа нь технологийн терроризм болж байна. Бид хэнийг сонгох вэ гэж ярьдагч сонгуулийн санал авахаас өмнө шийдвэр гарчихсан байдаг. Тиймээс үүнийг таслан зогсоох ёстой.
Нийслэлийн МАХН-ын хорооны дарга Ж.Эрдэнэжамъян: Дөрвөн жилийн өмнө 60 тэрбум төгрөгийн бичлэг гарахад намайг дэлхийд ч байхгүй шахуу хүний дуу бичлэгийг дуурайж хийсэн гэж хэлж байсан. Энэ бол баримттай яг тэр хүмүүсийнх нь яриа. Үүнээс ч олон байгаа байх. Бид захыг нь гаргаж тавилаа, зух нь удахгүй гарна биз. Энэ бол сонгуулийн сурталчилгаатай холбоогүй. Энэ бол Монгол Улсад ардчилал байгаа эсэх, төрийн эсрэг гэмт хэрэг үйлдэж байгаа юм биш биз гээд бид үүнийг дэлгэж байна.
Тэд үзүүлсэн бичлэгээ Тагнуулын ерөнхий газрын гүйцэтгэх ажиллагааны дүнд олдсон бичлэг гэж үзэж буйгаа илэрхийлээд үүнийг ҮАБЗ-ийн хэмжээнд үүнийг нягталж үзэх шаардлагатай гэдгийг хэлсэн юм.
А.СҮРЛЭГМАА