Хан-Уул дүүрэг, Яармагийн замд дахин бага насны хүүхэд автомашин мөргүүлсөн осол гарчээ.
Тодрулбал өнөөдөр өглөө 08.10 цагийн орчимд “British school” сургуулийн хойд замд “Honda crv” маркийн автомашины жолооч явган хүний гарц дээр 10 настай хүүхдийг мөргөжээ. “Ослын улмаас хүүхдийн амь нас хохироогүй. Одоогоор ил харагдах гэмтэл шархгүй байна” гэж Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.
Эргэн сануулахад ХУД-ийн 6 дугаар хороо Чингисийн өргөн чөлөө, Яармагийн эмнэлэгийн хойд зам, явганы гарцан дээр 2020.10.05-ны өдрийн 16.48 цагийн орчимд BMW X3 маркийн автомашины жолооч Б нь явган хүний гарцаар гарч байсан явган зорчигч Б, О нарыг мөргөсөн ноцтой зам тээврийн осол бүртгэгдсэн. Ослын улмаас 9 настай, эрэгтэй, О гэмтэж, 5 настай, эмэгтэй Б-н амь насыг хохирсон.
Иргэдээ, жолооч нараа явган хүний гарц руу ойртон ирэхдээ хурдаа хасч, гарцаар гарч буй явган зорчигчид зам тавьж өгөх, эцэг, эхчүүд 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд явганаар оролцуулахгүй байхыг анхааруулж байна.