Categories
мэдээ цаг-үе

Эгэл жирийн “Багын багш”-тай хөөрөлдсөн тэмдэглэл

Багачуудыг ном эрдэм сургаж, зөв хүн болгож төлөвшүүлэхэд багшаас багагүй сэтгэл, мэдлэг, ур чадвар, авьяас билэг шаардагдах нь гарцаагүй. Өөрт байгаа бүхнээ хүний бяцхан үрсийг сургахад зориулж чадсан хүн л “Багын багш” хэмээн өргөмжлөгддөг билээ.

Сурагч, эцэг эхчүүдийн хүндэтгэлийг дааж яваа жирийн нэгэн “Багын багш”-ийнд өнжсөн тэмдэглэлээ хүргэе. хан-уул дүүргийн аравдугаар дунд сургуулийн бага ангийн багш с.Эрдэнэцэцэгийг “Өдрийн сонин”-ы “Танайд өнжье” буландаа урьсан нь Дэлхийн болон Монголын багш нарын баярын өдөртэй холбоотой.

“БАГА АНГИЙН БАГШААСАА ҮЛГЭР ДУУРАЙЛАЛ АВЧ МЭРГЭЖЛЭЭ СОНГОСОН”

Улаанбаатар хотоос зайдуухан хатан Туулын хөвөө, Сонгинохайрхан уулын нөмөрт орших Биокомбинат гэх буйдхан тосгон руу өглөө эртлэн гарч, с.Эрдэнэцэг багшийн гэрт нь зочиллоо. Хашааны хаалгаар ортол багш тосч аваад “сайн явж ирэв үү” хэмээн инээмсэглэсээр гэртээ урив. 50 шүргэж яваа болов уу гэмээр нуруулаг, тайрмал хар үстэй, намуухан дуутай багш биднийг цай хоолоор дайллаа. Тэднийх хоёр давхар байшинд аж төрдөг юм байна. Байшингийн цонхоор “Биокомбинат” үйлдвэр, хойшлоод Туул гол, тойрон ургасан бургас, гүүр харагдах нь даан ч үзэсгэлэнтэй бөгөөд тайван. Ингээд бид хоёрын яриа багш нарын баярын дурсамжаас эхэллээ. “Багш нарын баяраар хүүхдүүд их хөөрхөн мэндчилгээ хүргэнэ, бүр сэтгэлээсээ зураг зурж, наамал хийгээд “Багш нарын баярын мэнд багш аа” гээд инээгээд өгнө. Анги дэвшээд дөрөв, тавдугаар ангид орохоороо шүлэг зохио-гоод бүр хөөрхөн юм хийнэ. Зарим нь захиа өгнө. “Та задлаад ганцаараа уншаарай л гэнэ”. Захиан дээр нь “миний багш шиг сайн хүн хорвоод байхгүй” гээд л аль гоёороо биччихсэн зурвасууд. Цэцэг чихэр авахаасаа илүү тийм л сэтгэл шингэсэн бэлэг хамгийн гоё бэлэг байдаг” гэж ярихдаа нүд нь баяр хөөрөөр бялхаж харагдана.

Багш болсон түүхийг нь асуухад “Би Ховд аймгийн Буянт суманд төрсөн, намайг гурван настай байхад манайх Биокомбинатад нүүж ирж байлаа. Хуучин Ховдын Био үйлдвэр Улаанбаатар хот руу шилжсэн болохоор гэр бүлээрээ энд ирсэн гэж хэлж болно. Ингээд Биокомбинатад өсч, Хан-Уул дүүргийн Аравдугаар сургуульд арван жилээ дүүргэсэн. Тэгээд Багшийн дээдэд конкурс өгсөн ч оноо дутаж, Сүхбаатар дүүргийн Нэгдүгээр цэцэрлэгт арваад жил ажилласан. Том эгч минь цэцэрлэгийн багш учраас хажуудаа аваад ажиллуулсан нь энэ юм. Том эгч Н.Оюунчимэг маань цэцэрлэгийн багшийг насаараа хийгээд бүх л гавьяа шагналыг хүртсэн мундаг хүн байсан. Нөхөр бид хоёр арван жилийн нэг анги. Хорин настайдаа гэр бүл болж хоёр хүүхэдтэй болсон. Хүүхдүүдээ төрүүлсний дараа Багшийн сургуульд орж бага ангийн багш болж байсан түүхтэй. Зах зээлийн үе ч таарлаа. Шууд багшийн ажил хийлгүйгээр ханьтайгаа нэг хэсэг хувиараа бизнес хийсэн. Ингээд нийслэлийн Хан-Уул дүүргийн Аравдугаар сургуульд бага ангийн багшаар өдий хүртэл 12 жил ажилласан байна” гэж ярихдаа инээмсэглэн суух нь ажиглагдав.

“Багшийн дээдийн конкурст яагаад уначихав” гэхэд “Орос хэл, монгол хэл, нийгмийн хичээлээр шалгалт өгсөн. Орос хэл, монгол хэл хоёр дээрээ сайн оноо аваад “За сургуульдаа орчихлоо доо” гэсэн нийгмийн шалгалтын оноо дутчихсан. Нийгмийн шалгалт нь тестээр биш, сэдвийн хүрээнд бичдэг байсан. Их хүнд сэдвүүд ирнэ. Жишээлбэл, орос хэлний шалгалт гэхэд л тухайн үеийн Оросын коммунист намын тэддүгээр Их хурлын тухай оросоор бич гэсэн даалгавар ирнэ. Цаасны ар өвөргүй л бичиж өгдөг байсан. Тухайн үед аав, ээж ч араас яваад байдаггүй, өөрсдөө л шалгалтаа өгчихөөд хүрээд ирнэ. Ийм л байлаа” гэв.

С.Эрдэнэцэцэг багш таван настайдаа уншиж, бичиж сурсан юм билээ. Ээжийгээ дагаад хот хүрээ газраар явахаар хаяг, самбарыг нь шууд уншаад, тэрийг нь харсан томчууд “Ийм жаахан хэрнээ уншаад сүрхий хүүхэд вэ гээд л” өхөөрддөг байж. Уншиж, бичээд сурчихсан учраас цэцэрлэгт явахгүй, шууд сургуульд орохоор болж, есдүгээр сарын 1-нд ээжийгээ дагаад явж. Тухайн үед найман настай хүүхэд сургуульд элсдэг байсан учир долоон настай хүүхдийг авахгүй гээд сургуулийн захиргаанаас сүржин юм болж л дээ. С.Эрдэнэцэцэг багшийн ээж “Манай хүүхэд уншаад бичээд сурчихсан, өөрөө сургуульд орно гээд байна” гэхэд бага ангийн багш Э.Ядамсүрэн “За тэгвэл шалгаж үзье” гээд шалгуулаад сургуульд орж байж. Түүний бага ангийн багш болох хүсэл мөрөөдөл нь Э.Ядамсүрэн багштай холбоотой. Энэ талаараа тэрээр “Би бага ангийн хүүхэд байхаасаа л багш мэргэжилтэй болно гэж бодож эхэлсэн. Манай Э.Ядамсүрэн багш их сайхан хүн байлаа. Эрэгтэй хүн гэхэд их цэвэрч, цэмцгэр биеэ маш гоё авч явна, их сайхан бичигтэй. Ингээд л багаасаа Э.Ядамсүрэн багшийгаа хараад ингэж гоё бичдэг, олон хөөрхөн шавь нартай байх гоё юм аа гэж бодсоор багш болохоор шулуудсан” хэмээн ярив.

“БИ ЭГЧИЙНХЭЭ ЗААХ АРГА БАРИЛ, ЗАН АРАНШИНГ УЛАМЖИЛЖ АВСАН ГЭЖ БОДДОГ”

Сүхбаатар дүүргийн Нэгдүгээр цэцэрлэгт багшаар ажиллаж байсан дурсамжаар бид хоёрын хөөрөлдөөн үргэлжиллээ. “Том эгч минь ангийн хүүхдүүдээ шатар даам, рубик, хичээл сурлагаар нь дандаа улсын уралдаанд оруулдаг мундаг багш байсан. Эгчийгээ дагаад би хүүхэдтэй яаж харьцах анхны мэдэгдэхүүнийг авч байлаа. Бага анги, цэцэрлэг хоёр чинь бараг адилхан шүү дээ. Нэгдүгээр цэцэрлэгт ажилладаг байхад жүжигчин С.Өлзийхүү, найруулагч Ц.Хүсэлбаатарын охин Х.Баярмаа, жүжигчин Б.Эрдэнчимэгийн хүүхэд гээд урлаг соёлын томчуудын хүүхдүүд явдаг байсан. Мөн Спортын мастер О.Үрлээхүүгийн хүүхэд мөн сумо бөхийн Э.Санчирболд манай ангид байсан. Тэр сайхан мундаг хүмүүсийн хүүхдүүдтэй харьцана. Аав ээжүүд нь мундаг соёлтой. Тийм сайхан газраас ажлын гараагаа эхэлсэн. Тийм ч учраас одоо шавь нар, хамт олонтойгоо харьцахад надад аашлаад байх шаардлага байдаггүй. Би ер нь хүнтэй хэрэлддэггүй, угаасаа хэрэлдэж ч чаддаггүй хүн. Хүүхдийг орилж хашгирч загнаж чаддаггүй учраас байгаагаар нь байлгахыг хүсдэг. Манай багш нар “Энэ Эркагийн ангийн хүүхдүүд багшийгаа дуурайгаад намуухан болчихдог юм. Чи ганц чанга дуугардаггүй хэрнээ яаж хүүхдүүдээ ийм тайван, дөлгөөхөн болгочихдог юм” гээд л инээлддэг. Манай том эгч ч гэсэн яг ийм байсан даа. Хүүхдийг хашгирч загнана гэж байхгүй. Багшийн бараа харагдвал хүүхдүүд нь сууж л байдаг. Би эгчийнхээ тэр зан араншин, дадлыг уламжилсан юм шиг санагддаг. Одоо нэгдүгээр анги даагаад авчихсан. Тэр хэд маань ёстой бужигнаж байгаа./инээв/ Анги дэвшээд ирэхээрээ намба суугаад ирдэг. Би Нэгдүгээр цэцэрлэгээс их зүйл сурсан гэж боддог. Цэцэрлэг чинь сургуулийг бодвол харьцангуй ариун цэврийн өндөр шаардлагатай шүү дээ” гэлээ.

Үргэлжлүүлэн тэрээр “Хүүхдийн энерги гэдэг агуу. Өдөржин ажилласан ч олон хөөрхөн хүүхдүүдийн энергиэр багш нар бие сэтгэлээ цэнэглэж сайхан сэтгэлтэй явдаг болохоор ядардаггүй. Би ажиллах хугацаандаа “ядаргаатай юм, ядарлаа, зүдэрлээ” гэж багш нар хэлэхийг сонсож байгаагүй. Хүүхдүүдтэйгээ инээхдээ инээгээд л, сандрахдаа сандраад л янз бүр л болно шүү дээ. Дандаа сайн сайхан байна гэж байхгүй. Цагаан цаас шиг 30 хүүхдийн дунд байна гэдэг сэтгэл санаагаараа ч тэр гэгээлэг сайхан ертөнцөд амьдардаг. Багш хүний гол бахархал нь тэр юм даа. Бага ангийн багшаар ажиллаж эхлээд ахмад багш нарыгаа их хүндэлж, загнуулахдаа загнуулж, хайрлахдаа хайрлаж, явж ирсэн” хэмээв. Тэрээр анх “Багын багш” болоод Д.Цэцэгсүрэн, Ц.Лхагвасүрэн, Р.Эрдэнэцэцэг, М.Уранчимэг гээд дөрвөн сайхан багшаасаа үлгэр дуурайлал авч иржээ. Тэднийг хараад “Ямар мундаг юм бэ, би чадах болов уу” гэж өөрөөсөө асууж, “Ямар их хөдөлмөрлөж, яаж ийм уйгагүй байдаг байна аа” гэж бахархаж, заримдаа шантрах ч үе бишгүй байж. Тэр болгонд эдгээр багш нарынхаа итгэл сэтгэлийн хүчинд дэм дэмэндээ, дээс эрчиндээ гэгчээр урам авч мэргэжилдээ мэргэшиж, өдгөө олон сайхан шавь нартаа болжээ. “Цаг хугацаа хурдан юм. Насаар ч ахмад багш болоод л ирлээ. Би сургуулиас зохион байгуулсан урлагийн арга хэмжээнд их орно. Сургуулийнхаа далан жилийн ойн концертод арай л уран нугарчихсангүй” гэж хэлээд хөхөрлөө.

“ХАРААД БАЙХ НЬ ЭЭ ЗУРГААН НАСТНУУД УЛАМ Л НЯЛХРААД БАЙХ ЮМ”

С.Эрдэнэцэцэг багш 78 дугаар сургуульд хоёр анги, 26 дугаар сургуульд нэг анги төгсгөж байжээ. Анх бага анги төгсгөсөн ангийнхан нь өдгөө хорь гараад их дээд сургуульд, зарим нь цэрэгт орчихсон явж буй. Тэгээд цэргээсээ “сайн байна уу багш аа, энд байгаа шүү” гээд ярина, эсвэл зурвас илгээнэ. Хоёр дахь төгсөлтийнхөн нь өдгөө наймдугаар ангид сурч мэдэхийн их үйлст шамдан суралцаж буй. “Энэ ангиа төгсгөөд тэтгэвэртээ гарна даа” гэлээ. Сургуульд нь нэгдүгээр ангийн гурван бүлэг бий. “Манай анги 32 хүүхэдтэй. Анзаараад байхад зургаан настнууд улам л нялхраад байх юм. Нэлээн эрх. Заримынх нь хэл ам нь ойлгогдохгүй шүү дээ. Бүр зарим нь орохгүй гээд уйлна. За тэгээд орсон хойноо “Залхуу хүрээд байна өө, Би гэртээ харимаар байна” гэнэ. Даалгавараа бич гэхээр “би энийг чинь чадахгүй юм чинь яах юм” гээд их нээлттэй хэлнэ. Миний хүү чадахгүй байж байгаад сурдаг байхгүй юу. Чадахгүй, мэдэхгүй юмаа мэдэх гэж л та нар сургуульд орж ирж байгаа. Хүн болгон чадахгүй байж байгаад чаддаг, мэдэхгүй байж байгаад мэддэг болдог гээд л хэлнэ. Хүүхдүүд чинь хөгжилтэй шүү дээ. Анги мэдээж жаахан бүгчим байна. Тэгсэн нэг хүүхэд корридор луу гараад явлаа. “Хаачих нь вэ чи?” гэсэн “агаар амьсгалаатхъя” гээд гадагшаа гарах гээд явж байгаа юм. Одооны хүүхдүүд их нээлттэй, хэрсүү болчихсон. Манай захирал надаас ганц хоёроор л эгч хүн бий. Нэг өдөр захирал ангид орж ирээд нэг сурагчийн гарыг барьж байгаад бичүүлэхгүй юү. Тэгсэн манай зургаан настан “Эмээ, таны гар яасан хүйтэн юм бэ” гэж. Манай захирал хөхрөөд “Өө харин эмээ нь гаднаас орж ирээд даарчихаж” гэж байгаа юм. Намайг ч гэсэн зургаан настнууд анх аниа, эгч ээ гээд л хөгжилтэй зүйл их болно оо.

С.Эрдэнэцэцэг багшийн дааж авсан зургаан настнуудын 17 нь эрэгтэй, 15 нь охин. Өдгөө сургуулийн автобустай болсон учир хүүхдүүд сургууль руугаа ирэхэд амар болжээ. 2008 онд гэхэд л “Шувуун Фабрик”-аас наахна Таван толгойн гүүрний цаад уулын энгэрт байдаг малчин айлын хүүхэд сургуульдаа алхаж ирдэг байжээ. Энэ талаар тэрээр “Аав ээж нь малчин учраас ажил ихтэй хүүхдээ тоохгүй, том болчихлоо л гэж боддог юм шиг байгаа юм. Өвөл болохоор бүр цан хүүрэг болж ирнэ. Нэг өдөр орж ирээд “нохойнд хөөгдөөд, айж зугтаагаад ирлээ” гэчихсэн орж ирсэн. Үнэн л ярьсан байгаа даа гэж бодсон доо. Гэхдээ нэгдүгээр ангийнхныг “Гараас гарт” хөтөлбөр хэрэгжээд эцэг эхчүүд нь ирж авдаг болчихсон. Тэрнээс дээш ангиуд нь сургуулийн автобусаар явдаг. Гэхдээ зарим эцэг эхчүүд “Манай хүүхэд ганцаараа явчихдаг юм, явуулчих” гэнэ. Зургаан настай хүүхдийг би явуулчихаад юу бодож суух билээ. Манай нэгдүгээр ангийн зургаан настанг хоёрдугаар ангийн ах нь ирж авна. Харин хичээлийн хэрэгсэл хангамж талдаа гэвэл хүмүүс амьдралын бололцоогоороо л байна. Дэвтэр номоор дутагдаж байгаа хүүхэд байлгүй яахав. Хүмүүнлэгийн байгууллагууд ирж цүнх, хувцас өгдөг л дөө” гэж хуучилсаар хичээл орох цаг болж бид сургууль руу нь очихоор болов. Тосгоноос томхондуу энэ газар үнэхээр ус, агаар сайтай нар ээсэн дулаахан газар юм. Хатан туулын хөвөөнд нар тусаж, аав ээжийнхээ гараас хөтөлсөн бяцхан жаалууд сургуулийн зүг явж харагдах нь хичээлийн цаг эхлэх гэж буйг илтгэнэ. Өглөө хичээллэсэн ахлах ангийнхан тарж гэрийн зүг хоёр, гурваараа хөтлөлцөн элдвийг хөөрөлдөн замын хажуугаар алхана.

“ЦАХИМ ХИЧЭЭЛ ОРВОЛ МАНАЙХ ШИГ АЛСЛАГДМАЛ СУРГУУЛЬД БЭРХШЭЭЛ НЭЛЭЭН БИЙ. ЭНД ИНТЕРНЭТ БАЙТУГАЙ ТЕЛЕВИЗ, УТАС Ч ҮГҮЙ ХҮН ОЛОН”

Биокомбинатын дэнжээс уруудан С.Эрдэнэцэцэг багш бид хоёр элдвийг хуучлан алхлаа. Хоёр давхар шар өнгөтэй сургууль харагдана. Гэвч Аравдугаар сургуулийн барилга хэдэн жилийн өмнө актлагдаж хүүхдүүд сурах боломжгүй болсон тул бага ангийнхнаа сургуулийн хойно байрлах зургаан давхар орон сууцны нэг давхарт, түрээсийн байранд хичээллүүлж байгаа гэнэ. Түрээсийн байрны гадаа ирэхэд эцэг эхчүүд хүүхдээ сургуульд нь зөөж ирээд хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Түрээсийн байр л болсон хойно хичээллэхэд стандартын бус байр харагдана. Үүдний коридор гэхэд хэтэрхий жижигхэн хэсэгт хянагч багш сурагчдын маскыг шалган анги бүрт нь оруулж харагдана. Хотын төвийн сургуулийн гудамж урт, бас зай талбай өргөн. Гэтэл энд хүүхдүүд хоорондоо хөөцөлдөж тоглох нь битгий хэл жагсаад зогсоход ч давчуу юм. Тийм учраас сурагчид мөргөлдөх нь холгүй алхацгаана. Тоглох талбай үгүй учраас шууд анги руугаа орж байлаа. 1Б анги руу ороход зургаан настнууд аль хэдийнэ ирчихсэн ширээн дээрээ томоотой суух нь сууж, зарим нь энэ тэрүүгээр хөөцөлдөн тоглож харагдлаа. Багш нарын баярын өдөр учраас эцэг эхчүүд хүүхдээ хүргэж ирэхийн сацуу С.Эрдэнэцэцэг багшид баяр хүргэж “сайхан баярлаарай” хэмээнэ. Хичээл эхлэхэд зургаан настнуудын томоогүй зан хөдөлж, шуугилдахад багш “За хүүхдүүдээ хотоос сэтгүүлч ирсэн байна. Та нарыг томоотой сайн суулгавал энэ эгч нь сонин дээр гаргана” шүү гэхэд бяцхан хүүхдүүд бүгд л дор бүрнээ чимээгүй болсноо эргэж харан гайхацгаах нь өхөөрдөм. Эхний цаг монгол хэлний хичээл, дараагийн цаг дүрслэх урлагийн хичээл орлоо. Энэ дашрамд бяцхан охин бидэн рүү “багш аа, та хаанаас ирсэн юм бэ” гэхэд нь хаанаас, ямар учиртай яваагаа хэлээд сургуульд сурах ямар байгааг асуулаа. “Намайг Энхтөрийн Мишээл гэдэг. Сургуульд сурах гоё байна. Олон найзуудтай болоод, эрдэм ном сураад том болоод, ээж аавдаа ач тустай хүн болно. Бас би цэцэрлэгт явсан. Цэцэрлэгт тоглоом авч ирж болдог, харин сургуульд болдоггүй юм билээ. Зураг зурна, усан будгаар будна. Сургууль дээр бол юм бичнэ. Хааяа нэг зургийн хичээл орно. Бас тоо бичнэ, үсэг үзнэ. Тийм болохоор арай л жаахан ялгаатай байна лээ” гэж нүдээрээ инээн жуумалзав. Аль нь илүү таалагдаж байна гэхэд “Эрдэм ном сурвал ирээдүйд мундаг хүн болно. Би А,Б,В,Г,Д,Е,Ё,Ж,З гэсэн үсэгнүүдийг бичиж чадна. Манай анги үсэг үзээгүй байгаа. Гэхдээ би ийм л үсэгнүүд мэднэ” гэлээ. Багшийнх нь тухай асуухад “Багш бол хүүхдүүдэд хичээл заадаг мундаг хүн. Хэрвээ багш гэдэг хүн байхгүй байсан бол бид нар эрдэм ном сурч чадахгүй. Тэгэхээр багш хүн сургууль цэцэрлэгт тустай, хэрэгтэй. Тийм болохоор багшдаа би лав хайртай. Өнөөдөр чинь багш нарын баярын өдөр шүү дээ. Би өглөө багшдаа “Багш нарын баярын мэнд хүргэе гээд хэлчихсээн. Эмээ маань дэлгүүрт ажилладаг. Набор авч өгье гэсэн, эмээгийн бараа нь бүүр муу байна лээ” гээд инээмсэглэлээ.

Удалгүй сурагчид үдийн цайгаа уух зуур С.Эрдэнэцэцэг багш “Заасан хичээлийг минь сурагчид маань ойлгочихвол сэтгэл өндөр харина шүү дээ. Жаахан ойлгоогүй, сэтгэл дундуур санагдвал их шаналдаг. Суурь боловсрол гэдэг чухал. Хүүхдүүддээ юм сургах ёстой, ямар хүмүүс болох бол доо гэж бодох үе гарна шүү дээ” гээд сурагчид руугаа хайр бялхсан харцаар хараад инээмсэглэнэ. Тэрээр бичиг цаасны ажлаа цэгцлэнгээ “Багш нарт тулгамддаг асуудал гэвэл бичиг цаасны ажил их байдаг шүү дээ. Цалин мөнгөний хувьд айхавтар илүү гараад байсан зүйл байхгүй. Нялх хүүхэдтэй хүмүүс ч орой үдэш хүртэл сууж л байна шүү дээ” гэж ярилаа. Тэрбээр үргэлжлүүлэн “Сая нэг хэсэгтээ л цахим хичээл орлоо шүү дээ. Манайх хотоос хол сургууль. Интернэт байтугай, телевиз, утас ч үгүй хүн байна. Нэгдүгээр ангийн хүүхдүүд энэ манай ангийн багш биш байна гээд хичээлээ үздэггүй тохиолдол бий” гэлээ.

А.ТУЯАСАЙХАН: ШИНЭ СУРГУУЛЬ МААНЬ ГУРВАН ДАВХАР, 640 ХҮҮХДИЙН БАГТААМЖТАЙ БАЙХААР ТӨЛӨВЛӨГДӨЖ БАЙГАА

Шинэ сургуулийн ажлаа яаралтай эхлүүлэх хэрэгтэй байна гэж тус сургуулийн багш нар ярьж байлаа. Энэ ажил нэлээд асуудалтай байгааг ч учирлав. Тиймээс бид Нийслэлийн Хан-Уул дүүргийн Аравдугаар сургуулийн захирал А.Туяасайханаас энэ талаар тодруулав. “Манай сургууль 2019 оноос эхлэн түрээсийн байранд хичээллэж эхэлсэн. Шинэ сургуулийн байр хэрэгтэй байна гэсэн албан бичгээ 2019 онд холбогдох хүмүүст өгсөн учраас тухайн оныхоо төсөвт барих сургуулийн төсөв батлагдаж чадаагүй. 2020-2021 оны улсын төсөвт 4.5 тэрбум төгрөг батлагдсан. Энэ жил Яам Тамгын газар болон Нийслэлийн боловсролын газар, Дүүргийн боловсролын хэлтэс зэрэг газрууд шат дараалан бидний асуудлыг шийдэж өгсөн. Үүн дээр мөн манай тойргоос сонгогдсон Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайд Д.Сарангэрэл гишүүн манайд их сайн дэмжлэг үзүүлсэн. Өнгөрсөн пүрэв гаригт сургуулийн тендер зарлагдаад ямар нэгэн санал гомдол гараагүй компани шалгарч шинэ сургуулийг маань барьж өгөхөөр болсон. Одоогоор бага ангийн хүүхдүүд маань зургаан давхар бүхий орон сууцны нэгдүгээр давхрын түрээсийн байранд хичээллэж байгаа. Барилгын хувьд сургуулийн хүүхдүүдэд зориулагдаагүй боловч доторх засал чимэглэл, орчныг зориулалтын дагуу шийдээд хичээл орж байгаа. Энэ түрээсийн байранд 14 анги бүхий 484 хүүхэд хичээллэж байна. Үлдсэн нэг бага анги болон дунд ахлах анги нь хуучин өргөтгөлийн барилгад хичээллэж байгаа. Шинэ сургууль маань гурван давхар, 640 хүүхдийн багтаамжтай байхаар төлөвлөгдөсөн. Биеийн тамир урлагийн заал, номын сан, мэргэжлийн кабинетүүдтэй ийм сайхан сургууль баригдана. Харин хуучин сургуулийг нураасанаар бид нэмж өрөө тасалгаа түрээслэх шаардлагатай болж байгаа” гэсэн юм.

Нэг мэдэхэд үд өнгөрч эцэг эхчүүд хүүхдүүдээ авч, нэг давхраар хэсэг бужигналдлаа. Дэлхийн багш нарын 26 дахь, Монголын багш нарын 54 дэх өдөр тохиож буй энэ мөчид “Багын багш” С.Эрдэнэцэцэг болон Аравдугаар сургуулийн хамт олон, цагаан цаас шиг гэгээхэн аав ээжийн бяцхан үрстэй нэгэн өдрийг баяртай өнгөрүүллээ.

С.ЛХАМСҮРЭН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *