Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн 116 дугаар сургуулийн багш нар ажил хаяж, өлсгөлөн зарлана гэв

Харааны бэрхшээлтэй хүүхдийн 116 дугаар сургуулийн захирлын хууль бус үйлдлийн талаар багш, ажилтнууд өнөөдөр /2020.10.06/мэдээлэл хийлээ. Тодруулбал, Боловсрол, шинжлэх ухааны яамнаас /БШУЯ/ өнгөрсөн наймдугаар сарын 28-нд 116 дугаар сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгчээр н.Мөнхбаатар гэх хүнийг томилсон байна.

116 дугаар сургуулийн хөгжмийн багш Л.Эрдэнэбилэг “Манай сургууль улсын хэмжээнд харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд боловсрол олгодог ганц сургууль юм. БШУЯ-наас удаа дараа тусгай хэрэгцээт боловсролын талаар ямар ч мэдлэггүй, туршлагагүй хүнийг авчирч томилоод байгааг эсэргүүцэж байна. Хамгийн сүүлд томилогдон ирсэн үүрэг гүйцэтгэгч ч мөн адил ямар ч туршлагагүй хүн байсан. ЕБС-д сайн захирал байсан байж болох ч тусгай сургуулийн онцлогийг мэдэхгүйгээс болоод хүндрэл үүсдэг. Бид БШУЯ-наас захирал болохыг хүсдэг хүмүүсийг манай сургууль дээр авч дадлага хийлгэхээ болиоч ээ гэж шаардаж байна.

Багш нарын зүгээс хурдан захиралтай болгоод өгөөч ээ гэж хүсээгүй. Харин мэргэжлийн хүн тавиад өгөөч ээ гэж хүсэж байгаа. Зургаахан жилийн хугацаанд 9 захирал солигдсон нь үнэхээр хүндрэлтэй байна” хэмээн ярилаа.

БШУЯ-ны холбогдох мэргэжилтнүүд хоорондоо хуйвалдах замаар ёс зүй болон төлөвшлийн хувьд учир дутагдалтай хүмүүсийг үүрэг гүйцэтгэгчээр томилж байгаа хэмээн багш нар үзэж байгаа ажээ.

116-р сургуулийн хөгжмийн багш Б.БАТБОЛД “Яам манай 28 багшийг ур чадваргүй гэж хэвлэлээр гүтгэснийг бид эрс эсэргүүцэж байгаа. Наймдугаар сараас хойш бид үүрэг гүйцэтгэгч томилдог асуудлаа шийдэж өгөөч ээ гэж хандсаар байсан. Одоо болтол ямар ч ахиц дэвшил алга. Бид зүгээр л ажлаа хиймээр байна. Сургуулийг маань ус, цахилгаангүй, дотуур байрыг хүнсгүй болгоод байна.

Манай багш нарыг худлаа хэлж захирлуудыг “зайлуулдаг” гэх ойлголтыг Боловсролын яамнаас нийгэмд түгээж ирсэн. Тиймээс хамгийн сүүлийн үүрэг гүйцэтгэгчийн ёс зүйгүй байдлыг илтгэх бичлэгийг Та бүхэнд сонсгоё”

Бичлэгт бичигдсэн яриа:

Г*л*г минь, Чи Батболдоо н*х*й минь, Би зөөлөн тонноор ярилаа. Л*л*р минь би наана чинь очно…

Багш нар эдгээр мэдээллээ цагдаагийн байгууллага, ХЭҮК, БШУЯ болон Ерөнхий сайдад хүргүүлсэн гэдгээ хэлсэн юм.

116 дугаар сургуулийн хоёр багш есдүгээр сарын 21-23-нд хоёр хоногийн турш БШУЯ-ны гадаа өлсгөлөн зарлаж байсан бөгөөд энэ сарын 2-нд мөн яамандаа шаардлага хүргүүлж, ажлын тав хоног хариу хүлээж байгаа ажээ. БШУЯ багш нарын шаардлагыг биелүүлэхгүй бол ажил хаялт, өлсгөлөнг давхар зарлана хэмээв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *