Соёлын сайд С.Чулуунтай ярилцлаа.
-Соёлын яам шинээр байгуулагдаад удаагүй байна. Яамны зүгээс соёлын салбарт ямар бодлого барьж ажиллах чигтэй байгаа талаар ярилцлагаа эхэлье?
-Шинээр байгуулагдсан УИХ-аас Засгийн газрыг байгуулахдаа Соёлын яамыг шинээр байгууллаа. Ерөнхий сайд өмнөх Засгийн газрын үед Соёлын яамыг байгуулах бүхий л ажлыг хангасан байсан. Соёлын яам үндсэндээ 24 жилийн дараа бие дааж байгуулагдлаа. Монгол Улсын оршин тогтнох үндэсний дархлаа, өв соёл, соён гэгээрэл урлаг уран бүтээлийг төрийн бодлогын түвшинд бодлого болгон тодорхойлж хэрэгжүүлэх, ард түмэндээ үйлчлэх зорилго бүхий төрийн төв байгууллага.
Манай яамны үндсэн бодлого бол эрх зүйн орчнуудыг баримтлах, эрх зүйн орчныг бий болгох шинээр хууль журам дүрмүүдийг цэгцлэх ажил хийгдэж байна. Намрын чуулганаар гурван хууль хэлэлцэгдэнэ. Соёлын талаар төрөөс баримтлах бодлогоо шинэчлэхээр ажиллаж байна. Соёл урлагийн байгууллагуудын томоохон бүтээн байгуулалт болох Чингис хааны музей, Байгалийн түүхийн музей, үндэсний урлагийн их театр, Үндэсний номын сангийн ажлыг өрнүүлж байна. Энэ жилдээ багтаж 11 давхар Үндэсний номын сангийн барилга ашиглалтад орно. Одоогийн улсын номын сангийн чадамжаас гурав дахин том, олон улсын стандартад нийцсэн номын сан байгуулагдах юм. Ирэх жил Монголын хаад язгууртнуудын музей байгуулагдана. Энэ музей 100 жил Монгол Улсын түүхэнд хийгдээгүй томоохон соёл урлагийн бүтээн байгуулалтын нэг илэрхийлэл. Чингис хааны музей байгуулагдсанаар олон асуудлыг шийдвэрлэнэ.
Нэгдүгээрт, аялал жуулчлалын том төв болно. Хоёрдугаарт, шаардлага хангасан нөхцөлд байдаггүй олон соёлын өвийг стандарт нөхцөлд хадгалах боломж бий болж байгаа. Гуравдугаарт, монголчуудын өв соёл, үүх түүхээрээ бахархаж үндэсний үзлийг төлөвшүүлэх том төв болно. Дөрөвдүгээрт, Чингис хааны музей олон улсын стандартад нийцсэн үзэсгэлэн, үйл ажиллагаа явуулах боломжтой газар болно. Түүнчлэн Байгалийн түүхийн музейн зураг төсөл нь хийгдээд дууссан. Ирэх жилийн хавраас үйл ажиллагаа нь эхэлнэ. Монгол Улс байгаль, түүхийн гайхамшигтай өвт газар. Энэ бүхнийг үзүүлэх боломж Байгалийн түүхийн музейг байгуулснаар бүрдэнэ. Хүмүүсийн амралт чөлөөт цагаа өнгөрөөх нэг том газар болохоос гадна соён гэгээрлийн төв болох боломжтой. Үндэсний урлагийн их театрын газрын асуудлыг нийслэлийн Засаг даргын Тамгын газар шийдэж, 10 га газрыг чөлөөлж өгсөн.
Зураг төсөл нь хийгдээд дуусчихсан. Зарим тоног төхөөрөмж олон улсын дэмжлэг туслалцаа нь шийдвэрлэгдсэн. Барилгын ажил ирэх хавраас эхлэх төлөвлөгөөтэй. Дөрвөн их бүтээн байгуулалт дуусахаас гадна Төв аймагт археологи угсаатны зүй үндэсний музей лаборатори байгуулагдана. Хөвсгөл нуур дээр Хөвсгөл нуур музей байгуулагдана. Аялал жуулчлалын томоохон төвүүдийг дагасан өв соёлт газруудад энэ ажлууд хийгдэнэ. Мөн урлаг уран бүтээлийн хувьд бид дэлхийн болон бүс нутгийн хэмжээнд сонгодог урлаг, үндэсний урлагаараа өрсөлдөх чадамжийг бий болгоно. Соёл, урлагийн байгууллагуудын боловсон хүчний чадамжийг дээшлүүлэх ажлууд дээр голлож анхаарна. Түүнчлэн хүүхэд багачуудад зориулсан хүүхэлдэйн театр барих, циркээ засах, хүүхдийн үндэсний номын сан байгуулах зэрэг ажил шат дараатайгаар хэрэгжих юм.
-Цар тахлын үед аялал жуулчлалын салбар хүндхэн байна. Бусад улс орнууд цар тахлын аюул намжаад ирэхээр өөр өөрийн улс руугаа аялагчдыг татах арга хэмжээ авч эхэлж байна. Бидний хувьд өв, соёл түүхээ дэлхийд таниулахын тулд ямар арга хэмжээ авах шаардлагатай байна вэ?
-Бид зөвхөн аялал жуулчлалын нүдээр өв соёлоо харахгүй байна. Монгол Улс оршин тогтнох дархлаа болгож харж байгаа юм. Мөн соёлын бүтээлч үйлдвэрлэл инновацийг бий болгож болно. Эдийн засгийг солонгоруулахад манай яам оролцох ёстой. Соёл урлаг гэдэг заавал бүтээгдэхүүн, үр дүн гэхээсээ илүү оюун санааны соён гэгээрлийн гол цэнэг нь байдаг. Дэлхийд болон бүс нутаг дээр бид өв соёлоо хэрхэн таниулах вэ гэхээр эхлээд өөрийн хадгалалт, хамгаалалтыг бий болгох хэрэгтэй. Өв соёлынхоо бүрэн бүртгэлжүүлэлтийг хийж цахимжуулах хэрэгтэй. Жишээ нь, Өмнөговь аймгийн Ханбогд суманд очоод гар утсандаа татсан аппликэйшнээсээ хайлт хийхэд тэр нутагт байгаа бүх дурсгал таны гар утсан дээр гарч ирэх юм. Монгол Улсын бүх дурсгалуудыг системд оруулна. Бид цахим соёлын өв гэдэг хөтөлбөрийг эхлүүлсэн. Emongolia хөтөлбөрийн хүрээнд цахим соёлын өв хэрэгжинэ. Түүнчлэн соёл урлагийн бүх байгууллагуудыг цахимжуулна. Гэртээ байхдаа цахимаар урлагийн тоглолт үзэх, тасалбар захиалах системийг бий болгож өгнө. Музей, уран зургийн галерей бусад зүйлсийг виртуал музейгээр олон улсын түвшинд хэрэглэгдэж байгаа системийг ашиглана. Мэдээж бид олон улсын томоохон нөлөө бүхий газруудад түүх соёлын дурсгалаараа үзэсгэлэн гаргах хэрэгтэй. Ингэснээр Монгол Улсаа сурталчилж байна. Нөгөө талаас дэлхийд өв соёлоо таниулахаас гадна үүнийг дагаад хөрөнгө санхүү босгох бусад сэргээн засварлалт, боловсон хүчнээ бэлтгэх бололцоо бий болж байгаа. Бид дэлхийд урлаг уран бүтээлчдээ, өв соёлын үнэт зүйлээ гаргах хэрэгтэй. Монгол нутагтаа энэ бүх дата бааз сан хөмрөг үндсэн сууриа системтэй тавьж өгөх нь зүйтэй. Өмнө нь би хүрээлэнгийн захирал байхдаа соёлын өвийн бүртгэл, дата баазын тухай 70,80 хувьтай хийчихсэн ажил бий. Үүнийг цааш нь үргэлжлүүлэн явуулна гэж бодож байна.
-Та түүхч хүн. Ер нь Чингисийн үеийн биет соёлоос манайд байдаг юм уу?
-Чингис хааны музей баригдахад олон хүн энэ асуудал дээр эргэлзэж байгаа юм. Монгол Улс бол Чингис хааны өлгий нутаг. Чингис хааны унасан газар, угаасан ус Монгол нутагт байна. Бурхан халдун уул гэх өв соёл бидэнд байна. Эзэнт гүрний үеийн хаад язгууртны үеийн булш илрээгүй. Би битгий илрээсэй гэж боддог хүн. Энэ цаг үед илэрч алдагдах вий дээ гэж бодож байна. Эцэг өвгөд маань нээх цагийг нь хүлээлгэж байгаа. Судлаачид язгууртнуудын булш хаана байгааг бараг барагцаална. Янз бүрийн судалгаа явуулаад хадгалж хамгаалж чадахгүй болж магадгүй. Дээрээс нь хууль бус археологийн малтлага судалгаа хийж хулгайчдын гарт алдах аюултай. Эзэнт гүрэн Юань улс, Монголын Чингис хааны үе болон түүний дараах удам хойчийнх нь дурсгал хангалттай бий. Бид дурсгалуудаасаа дөнгөж 30-хан хувийг нь тавина. Чингис болон Монголын эзэнт гүрний үеийн 5000 орчим дурсгал бодитой биетээр тавигдана. Одоо фонд зориулалтын бус газар асар олон Монголын архелогичдын хагас зуун жил малтаж судалсан судалгаанууд ч бий. Бидний олж цуглуулсан, сэргээн засварласан дурсгалууд ч байна. Тэр бүх зүйл маань ард түмний нүдэн дээр тавигдах нь зүйтэй. Чингис хаан Монголын төдийгүй дэлхийн хаан. Дэлхийн улс орнуудын номын санд хадгалагдаж байгаа албан ёсны зөвшөөрөлтэй зүйлсийг ч Монголд тавих хэрэгтэй. Энэ бол нийт музейн үзмэрийн 16 хувьд багтаж байна. Монгол Улсын газар нутаг анхны төрт улсаасаа хойш бидний өвөг дээдэс бидэнд үлдээхдээ ямар замаар, ямар хаад язгууртнуудын үйл хэргээр өнөөдөр Монголд ирснийг харуулж байгаа юм. Түүнчлэн орчин үеийн техник технологийн контентуудыг хэрэглэнэ. Музейд хүүхдэд зориулсан 250 хүний суудалтай кино театр баригдана. Энэ музейд хүүхэд залуучууд, эцэг эхчүүд, ахмад настнууд бүгд чөлөөт цагаа өнгөрүүлдэг газар болно. Тийм ч учраас би есдүгээр сарын 1-нд бүх музейг хүүхдүүдэд үнэгүй болгосон. Өв соёлдоо чөлөөтэй орж гардаг, чөлөөт цагаа өнгөрүүлдэг,танин мэддэг газар байх ёстой. Үүнийг эсэргүүцээд байгаа хүмүүсийг гайхаад байгаа юм. Музей гэдэг хадгалдаг газар биш. Танин мэдүүлдэг, сургадаг, хүмүүсийн чөлөөт цагаа өнгөрөөдөг газар байх ёстой. Хүүхдийнхээ тархинд бид хөрөнгө оруулалт хийх ёстой. Ингэж байж хожим өнөөгийн гэмтсэн сэтгэлгээтэй хүмүүсээс тэс өөр хүмүүс болно.
-Архангай аймгийн Өлзийт сумын нутаг дэвсгэрээс Хүннү гүрний нийслэл Луут хотыг нээн илрүүлсэн. Соёлын өвд Луут хот хамаарна биз дээ.Энэ хот бидний дэлхийд гайхуулах өв соёл болох уу?
-Монгол олон эзэнт гүрэнг байгуулсан улс. Хүннү, Сяньби, Жужан зэрэг дандаа эзэнт гүрэн. Хүн төрөлхтөнд нөлөө үзүүлж, газар нутаг, үлдээсэн түүхэн ач холбогдол зэргээрээ Монголын эзэнт гүрэн дотор Хүннү, Монголын эзэнт гүрэн хоёр хамгийн хүчтэй. Хүннүг монголчуудын дээдэс гэж үзэж байгаа. 2000 жилийн тэртээ хүннүчүүд энэ газар нутаг дээр төрт улсаа эмхэлж, тэр төрт улс тасралтгүй явсаар эзэн Чингис хааны үед хүрсэн. Чингис хаан Хүннүгийн үеэс төрт улсаа авч яваа гэдгээ хэлсэн байдаг. Хүннүг зөвхөн нүүдэллэдэг ард түмэн байсан гэж үзэхээсээ илүү төрт улсынхаа хэв шинжийг бүрэн хадгалсан байсан гэдгийг илэрхийлж байгаа нь нийслэл хотууд байгаа юм. Хүннүгийн хотууд шинээр олдож байгаа юу гэвэл үгүй. Өмнө нь олон хот олдсон. Хэрлэн голын савд өвөл, хавар,намар, зуны хотууд илрээд малтаад судлаад явчихсан. Луут хот Орхон Хануйн хөндийн цогцолборт байна. Энд хүннүгийн олон дурсгал байна. Язгууртнуудаас эхлээд жирийн иргэдийн булш, тахилгын газар, одоо хот нь олдож байгаа юм. Энэ хотын онцлог эхний туршиц судалгаагаар хотоос олдсон барилгын материал дээр Тэнгэрийн хүү Шаньюй гэсэн үг байгаа юм. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт орсон чиглэлд сав нутгийг түшиглэсэн Төв Азийн нүүдэлчдийн голомт цогцолборуудыг байгуулна гэж байгаа. Үүнийгээ хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй байна.
Бид асар олон зүйлийг судалдаг. Судлаад харин дараагийн ажлаа хийдэггүй. Тэгэхээр энэ бүх зүйлээ амьд харилцаанд оруулах ёстой. Саяхан бид түүхэн дурсгалт газруудтай танилцлаа. Судлаачдын үр дүн ч гарлаа. Харин хэрхэн инноваци бүтээгдэхүүн аялал жуулчлалын цогцолбор байгуулах вэ гэдэг манай яамны нэг л чиглэл. Урлаг, соёл, түүх гэдэг салшгүй уялдаатай.
Хэрвээ монгол хүн энэ бүхнийг бүрэн ойлгож, танин мэдэж эхлэх юм бол оюун санааны хувьд бүрэн дархлаатай болно. Оюун санааны хувьд дархлаатай хүн хулгай хийхгүй, худлаа хэлэхгүй. Үндэстний оршин тогтнох цөм нь Соёлын яамтай бодлого болж явна.
-Соёлын яам соён гэгээрэл, урлаг, уран бүтээл, соёлын өвийн асуудал гэсэн үндсэн гурван чиглэлд анхаарч ажиллана гэсэн. Соён гэгээрлийн нэгээхэн хэсэг нь үндэсний контент болов уу. Үнэн зөв үндэсний контент хиймээр байна гэж байна.Сүүлийн үеийн контентууд дээр шүүмжлэл их анзаарагддаг. Манай сүүлийн үеийн контентуудыг та хэрхэн үнэлж дүгнэж сууна вэ?
-Хэвлэл мэдээллийн яам нь манай яам гэж боддог. Та бүхний үндсэн зорилго бол хэвлэл мэдээллийн гол контентууд өв соёл өөрсдийн онцлог амьдралын хэв маяг өөрсдийн урлаг соёлоо сурталчилах. Үндэсний контентуудыг их системтэйгээр явуулмаар байгаа юм. Солонгос, Хятад шиг яагаад нэгдсэн системтэй явахгүй байна гэхээр нэгдсэн бодлого байхгүй. Одоо контентууд дээр тусгай бие даасан мэргэжилтэн гаргаад нүүдлийн соёл иргэншил дээр ямар контентууд явуулах юм, ардын урлаг өв соёл дээр ямар контент явуулах юм гэдгээ системтэй болгох ёстой. Тэр контентуудаа Монголдоо цацах, бүс нутагт цацах, дэлхийд цацах гээд өөр өөр байна. Япон, Солонгос, Польш улсууд дэлхийд чиглэсэн үндэсний контентуудыг маш сайн явуулдаг. Узбекүүд пловоо ЮНЕСКО-д бүртгүүлээд тэр нь дэлхийд брэнд болж харагдаж байгаа биз дээ.
-Манайх үүнтэй адил дэлхийд брэндтэй болох хэрэгтэй юм биш үү?
-Манайх дэлхийн брэндтэй болох ёстой. Түүнийгээ бүртгүүлэх хэрэгтэй. Бүртгүүлээд орхидог үхмэл байдлаасаа салах ёстой. Бүртгүүлснийхээ дараа жинхэнэ ажил хийх ёстой юм. Бурхан халдун, Орхоны хөндий, Алтай хадны зургийг ЮНЕСКО-д бүртгүүлчихээд одоо л захиргаагаа байгуулж байна гэхээр харамсалтай. Хадгалах, хамгаалах, танин мэдэх, түгээн дэлгэрүүлэх, үр дүнг нь хүртэх гээд бүхэл бүтэн системээр нь явах ёстой. Судлах бол нэг асуудал. Хамгийн гол нь түгээн дэлгэрүүлж хүмүүст хүргэх шаардлагатай.
-Манай улс 2025 оноос монгол бичигийг хос бичиг болгож хэрэглэж эхэлнэ. Өмнөд Монголд болж байгаа эх хэлний төлөөх тэмцлийн талаарх байр суурийг тань сонирхмоор байна?
-Монгол бичиг үндэстний нэгдлийн толь. Монгол бичгийн талаар манай яаманд хариуцсан тусгай мэргэжилтэн ажиллаж байна.Бид үндэсний хэлний зөвлөлтэй хамтарч ажиллана. Монголчууд бичиг үсгээ сэргээх, монгол бичиг рүүгээ орох, хос бичигтэн болох зам руу явна. Монгол бичгийг хэрэглээ болгох шаардлага үүссэн. Хэрэглээ болгож чадахгүй байгаа учраас бид их хол хөндий байгаа юм.
-“Монголын нууц товчоо”-ны эх хувь хаана байдаг вэ?
-“Монголын нууц товчоо”-ны эх хувь нь Тайваньд байдаг. Монголын нууц товчооны 280 зүйлийн 200 гаруй зүйлийг нь багтаасан алдарт “Алтан тов”ч Монгол Улсад байгаа. “Алтан товч” илэрч олдсоноор “Монголын нууц товчоо” монголоор байсан нь тодорхой болсон. Түүнчлэн “Монголын нууц товчоо”-ны 780 жилийн ой энэ жил тохиож байна. Үүнд зориулж томоохон арга хэмжээнүүд хийхээр төлөвлөсөн. “Монголын нууц товчоо” дэлхийн 30 гаруй хэл дээр хэвлэгдлээ. Ер нь Монголын нууц товчоо бол Монголын дэлхий дахинд түгээсэн библь гэсэн үг.