Коронавирус илрүүлэх шинжилгээ хийлгэсэн иргэд шаардлагатай бол шинжилгээнийхээ хариуг бичгээр авч болно гэдгийг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр онцлов.
Тэрээр хэлэхдээ “Шинжилгээний хариугаа бичгээр авах гээд авч чадахгүй байгаа тухай иргэд цахим орчинд бичиж байна. Зарим иргэд буруу газраас шинжилгээнийхээ хариуг авах гэж очоод мэдэх, мэдэхгүй хүнтэй уулзсан байж болно.
Ер нь бол бид хоногтоо 300-400 сорьцод, зарим үед 800-900 хүний сорьцод шинжилгээ хийж байгаа. Өнөөдрийг хүртэл 20,000 гаруй хүнд коронавирус илрүүлэх шинжилгээ хийжээ.
Тиймээс хүн бүрийн шинжилгээний хариуг бичгээр өгөх боломжгүй бөгөөд өдөр бүрийн 11:00 цагт нийтэд зарлаж буй.
Гэхдээ эрүүл мэнд, бусад ажил хэргийн шаардлагаар, зайлшгүй хэрэгтэй гэж үзээд шинжилгээнийхээ хариуг авахаар ирсэн хүмүүст бид хариуг нь бичгээр гаргаж өгч байгаа.
Өөрөөр хэлбэл, шинжилгээнийхээ хариуг зөв газраасаа авах гээд очиход татгалзаад, хариуг нь өгөхгүй байгаа асуудал байхгүй.
Шинжилгээнийхээ хариуг авах хүсэлтэй, шаардлагатай хүмүүс ХӨСҮТ-ийн хойд хаалгаар ороод, 1-ийн А байрны 4 давхарт очиж шинжилгээнийхээ хариуг авах боломжтой.
Харин гадагшаа явах хүсэлтээ гаргасан хүмүүсийн шинжилгээний хариуг тухай бүрт нь өөрсдөд нь бичгээр өгч буй” гэсэн юм.