УИХ, улсын 2020 оны нэгдсэн төсөвт тодотгол хийж байна. Улсын төсөвт тодотгол хийх хууль эрх зүйн зохицуулалт бий. Тэр хүрээнд энэ тодотголыг хийж байгаа нь ойлгомжтой. Гэхдээ төсвийн тодотголын үндсэн суурь нь дэлхий нийтэд тархсан цар тахал гэж ойлгож болно. Улсын 2020 оны нэгдсэн төсвийн төслийг хэлэлцэж баталсан 2019 оны 11 дүгээр сард дэлхий нийт цар тахлын талаар ямар ч ойлголт байсангүй. Энэ оны эхээр цар тахал гарч ирсэн. Түүний тархалтыг хязгаарлах гэж өнөөдрийг хүртэл улс орон бүр өөрийн онцлог, зан байдлаа харгалзан хорио цээр тогтоосоор ирлээ. Монгол Улс ч өөрийн онцлогт тохирсон “өндөржүүлсэн бэлэн байдал” зарлаад байгаа билээ. Ийм хязгаарлагдмал хүрээнд бүх төрлийн үйл ажиллагаа явсан. Энэ нь төсөв баталсан байдлаар бүрдэх боломжийг хязгаарлажээ. Үүнээс гадна төсвөлсөн зардалд тодорхой өөрчлөлт орсон ньулсын төсвийг тодотгох нөхцөлийг бүрдүүлжээ.
“ХӨСҮТ-ийн лабораторийн барилгыг дуусгаж, тоног төхөөрөмжөөр хангах, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих төсөл, арга хэмжээний техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөвт 16.0 тэрбум төгрөгийг төсөвлөсөн. Ингэснээр санхүүжих дүн 497.6 тэрбум төгрөгөөр өөрчлөгдөн буурахаар байна” гэж төсвийн тодотголын төсөлд онцолжээ. Энэ бол цар тахал тарсан байгаа нөхцөлд зайлшгүй хийх ёстой төсвийн хөрөнгө оруулалт байж таарна. Энэ үүднээс төсвийн тодотголын төсөлд шинэ заалт болгон оруулж ирсэн болов уу.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2020 онд шинээр хэрэгжүүлэх нийт 916 төсөл, арга хэмжээнээс 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар 663 төсөл, арга хэмжээний гүйцэтгэгч шалгарч гэрээ байгуулжээ. Гэрээ байгуулсан 663 шинэ төсөл, арга хэмжээнд нийт 117.5 тэрбум төгрөгийн санхүүжилт хийсэн байна. Гэрээ байгуулаагүй төслүүд, мөн тэвчиж болох санхүүжилтийг хасах талаар төсвийн тодотголын төсөлд тусгажээ. Энэ хүрээнд тэвчиж болох нийт 122 төсөл, арга хэмжээний 54.0 тэрбум төгрөгийг хасах бололтой. Мөн 380 шинэ болон шилжих төсөл, Төсвийн ерөнхийлөн захирагчийн саналыг үндэслэн бууруулж, 169 төсөл, арга хэмжээний тендерийн зардлыг хэмнэх талаар улсын төсвийн тодотголын төсөлд дурджээ.
Улсын төсвийн тодтголын төсөлд туссан зарим нэг төсвийн хөрөнгө оруулалтын талаар авч үзэхэд ийм байна. Гэхдээ төсвийн тодотголын төсөл зөвхөн хөрөнгө оруулалтыг өөрчлөх, тэвчиж болох зардлыг, бууруулах, хойшлуулах хэлбэрийг агуулаагүй гэж хэлэх хэрэгтэй болов уу? Төсвийн тодотголын төсөлд зардал өссөн байдал бас байна. Тухайлбал, эрүүл мэндийн салбарын эмч ажилтнуудын цалин, илүү цагийн хөлсийг өсгөн тусгажээ. Энэ бол 2020 оны төсөв баталж байх үед зөвхөн төрийн албан хаагч болон багш, эмч нарын цалин нэмэх хүрээнд хэлцэгдэн шийдвэрлэсэнтэй холбоотой. Цар тахал дэлхий нийтээр тархсантай холбогдон эмч эмнэлгийн ажилтнуудын ажлын ачаалал нэмэгдэх болсон нь тэдний цалин илүү цагийн хөлс, нийгмийн хамгааллын талаар багц арга хэмжээ авч төсөв мөнгийг нь нэмэх шаардлагатай болсон бололтой.
Улсын төсвийн зардал өссөн өөр нэг зүйл нь онцгой тохиолдолд иргэдийн орлогыг бууруулахгүй байх талаар авч хэрэгжүүлсэн, цааш нь үргэлжлүүлэх төсөл хөтөлбөр байна. Цар тахлын улмаас “өндөржүүлсэн бэдэл байдал” зарласантай холбоотой энэ 4 дүгээр сарын 1-нээс 10 дугаар сарын 1 хүүхэд бүрт олгох мөнгийг 100 000 төгрөг болгосон. Энэ бол өрхийн орлогыг хүүхдээр дамжуулан өсгөх арга хэмжээ байсан юм.
Түүнтэй зэрэгцүүлээд сонгогдсон зорилтот бүлгийн өрхийн гишүүдэд сарын хэрэгцээнд нь зориулан хүнс худалдан авах эрхийн (Нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан босго онооноос доогуур байгаа өрхийн гишүүн-иргэн хамрагдана) бичиг олгодог. Хүнс худалдан авах эрхийн бичиг том хүн 16 000, хүүхэд 8000 төгрөг байсан. Энэ мөнгөн дүнг 2 дахин нэмсэн. Энэ үйлчилгээнд 124 000 иргэн хамрагддаг. Түүнийг 3 сарын хугацаатай 2020 он дуустал үргэлжлүүлэхэд 6 тэрбум төгрөг шаардлагатай болжээ. Түүнээс гадна халамжийн тэтгэмжийн мөнгийг 288 000 болгон нэмсэн юм. Ийм халамжийн тэтгэмжийг 73 300 иргэн авдаг. Тэдэнд он дуустал 22 тэрбум төгрөг шаардлагатай гэж тооцжээ. Эдгээр нь улсын төсвийн тодотголын төслийн зардлын өсөлт болон орж ирсэн байна. Дээрх өсөлтүүд нэр хаягтай зорилтод бүлгийнхэнд чиглэжээ.