Categories
мэдээ цаг-үе

Говийн ганц бүрдээр гайхагдсан Адаацаг нутаг

Оройн дээд оргилоос сүү нь ундарч бялхдаг орчлонд ганцхан Их Адаацаг хайрханаараа овоглосон нутаг минь байгуулагдсанаас хойш 60 гаруй жилийг өнгөрөөжээ.

Түүхийг сөхвөл Түшээт Хан аймгийн Дайчин бэйсийн хошуу “Тавин жас” хэмээх газар 1959 оны наймдугаар сарын 5-нд БНМАУ-ын АИХ-ын тэргүүлэгчдийн 129 дүгээр зарлигаар одоогийн Төв аймгийн харьяа Өнжүүл сумаас тасран Адаацаг сум байгуулагдаж сумын анхны даргаар Дугарын Доржсүрэнг томилж байсан түүхтэй. Өнөр эртнээс улбаатай энэ нутаг Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Ардын болон гавьяат цолтон, улс, аймгийн олон аварга, сайн малчид төрөн гарсан. Нутгийн ард түмэндээ гайхагдаж аймаг, сумдын наадмуудаас 20 гаруй түрүү авч байсан Адаацаг сумын уяач Д.Гунгаагийн хүрэн морины хөшөөг 1968 онд сумынхаа төвд өнгө нэмж уран барималч Д.Дугар бүтээж байжээ.

Адаацаг сум нь далайн түвшнээс дээш 1768-1803м өндөрт өргөгдсөн Бага газрын чулуу, Их, бага Адаацагийн уул, Ширгүүнэ, Хар толгой, Хашаатын говь, Жаран, Борын хөндий зэрэг тал хээр, говь хосолсон 285780 га хавтгай дөрвөлжин километр нутагтай. Ар, Өвөр урт, Элгэн, Хонгор, Зүүн, Баруун булаг зэрэг гол горхитойгоос гадна Хадна усны рашаан, Уулын булаг, Зайдангийн ам, Сүм Хөх бүрд, Их бага агуй зэрэг байгалийн үзэсгэлэнт газруудтай. Монгол Улсын төв хэсэгтээ Төв аймгийн Бүрэн, Баян-Өнжүүл, өөрийн аймгийн Дэлгэрцогт, Сайнцагаан, Эрдэнэдалай, Луус сумдтай хил залган орших бөгөөд Улаанбаатар хотоос 210 км, Дундговь аймгаас 110 км зайд оршдог.

Төрөлх сумандаа төр, засгийн байгууллагыг олон жил удирдаж, идэвх зүтгэл, санаачилга гарган хөдөлмөрлөж байсан ажилч хичээнгүй, ард түмнийхээ төлөө зүтгэж байсан Хургаагийн Өвгөн, Ардын их хурлын хошой депутат Цэндийн Пүрэвжав, С.Энх-Амгалан, Ж.Тувааннайдан нар нутгийн зон олны дундаасаа эрдэм ухаан, авьяас чадал, ажил үйлсээрээ шалгаран олон түмний итгэл хүндэтгэлийг хүлээж БНМАУ-ын Ардын их хурлын анхны депутатаар сонгогдон Монгол Улсын ардчилсан шинэ үндсэн хуулийг батлалцаж байсан аж.

Манай сумаас нэр алдар нь улс даяар түгсэн олон арван хөдөлмөрийн баатар гавьяатнууд эрдэмтэн мэргэд ч цөөнгүй төрөн гарсан билээ. Хөдөлмөрийн баатар Ёндонгийн Норовсүрэн, Бямбын Дашзэвгэ, Хүний гавьяат их эмч, төрийн сайд, Гүржавын Туваан, Монгол Улсын ардын жүжигчин Тувааны Цолмон, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Дэлэгийн Дашдорж, Хөгжмийн зохиолч, урлагийн гавьяат зүтгэлтэн Дамбийнямын Жанчив, гавьяат багш Намжилын Өлзий, Доржийн Дамдинжав, Сумъяагийн Сугир, гавьяат жүжигчин Галсангийн Цээдорж, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Сүрэнжавын Дорждамба, гавьяат малчин Жамбын Дашзэвгэ нарыг дурдахгүй өнгөрч болохгүй.

Түүхийг бичилцсэн, бүтээсэн гээд дурдаад дуусамгүй гайхам хүмүүсээр дүүрэн нутаг юм.

Алдартан хүмүүн хийгээд энгийн малчин ард нь нутгаа дээдлэн, хайрлаж байгалийн үзэсгэлэнг бишрэн, хаана ч явсан бахархаж явдаг. Адуугаараа алдартай “Адуун цэг” гэх түүх нэр томьёоноос Адаацаг гэх нэр бүтсэн ч гэж ярьдаг. Уул тал, говь хосолсон нутагт баргажамба, баргачин, цагаан төмс, лидэр, дэгд, алтан гагнуур, чихэр өвс, цагаан мөөг, таван салаа, лантанз, сөд, халгай, царван гэх мэт эмийн ургамлууд ч их бий.

Дундговь аймгийн есөн гайхамшгийн нэг Сүм хөх бүрд

Мөн суманд усан болон утаат болор, жонш, занар, хүрэн нүүрс зэрэг байгалийн ховор чулуу элбэг тохиолддогоос гадна зос хужир марз, шар шавар гэх мэтийн өнгө бүрийн шороон будаг байдаг нь тогтоогдсон.

Хэдийгээр говийн нэгэн сум ч гэлээ зүйл зүйлийн хун, тоодог, тогоруу, ангир, галуу, ногтруу, элээ, хэрээ, тас, аргал, янгир, саарал чоно, үнэг, хярс, туулай, мануул, дорго зэрэг дархан цаазат болон ан агнуурын олон төрлийн араатан жигүүртэн, ан амьтнаар элбэг нь нутгийн зон олны минь бахархал нь болдог.

Адаацаг нь хүн ам болон мал сүргийнхээ тоогоор аймагтаа эхний 3 дугаарт ордог томоохон сумын нэг. 1968-1969 онд аймагтаа “Мэнд сүрэгтэн-100 хувьтан” сумаар шалгарч байсан бөгөөд ажилч, хичээнгүй хөдөлмөр бүтээлээрээ эх орныхоо хөгжил, цэцэглэлт бүтээн байгуулалтад нутгийнхан идэвх зүтгэлтэй оролцож, улс, аймгийнхаа өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж ирсэн уламжлалтай. Одоогийн байдлаар тус суманд 821 өрхийн 2909 хүн амьдарч байна. Сумын эдийн засгийн гол салбар нь мал аж ахуй юм.

Тавин, Ар-Урт, Өвөр-Урт, Сүм, Хашаат гэсэн таван багтай. 60 гаруй аж ахуйн нэгж үйлдвэрлэл үйлчилгээний байгууллагууд үйл ажиллагаагаа явуулан иргэдийн эрэлт хэрэгцээг хангахын зэрэгцээ эрт үеэс уламжлагдсан арга технологиор гүүний айраг, эмээлийн мод, ямааны түүхий сүүний бяслаг зэрэг бүтээгдэхүүн нь цагаан идээгээ амт чанар, удаан хадгалагдах онцлог, уран сайхан бат бөх хийц зэрэг шинжүүдээр улс, аймагтаа шалгарч “Брэнд бүтээгдэхүүн”-ий гэрчилгээ авч байсан удаатай.

Говийн ганц бүрд гэгдэх түүх соёлын үнэт өвийн дурсгал болсон байгалийн нэгэн үзэсгэлэнтэй газар Сүм хөх бүрдийг энд гайхуулахгүй байхын аргагүй юм. Энэхүү үзэсгэлэнт газар нь Дундговь аймгийн төвөөс баруун хойш 70 километрт, Бага газрын чулуу хэмээх байгалийн үзэсгэлэнт газраас 18 километрт оршдог. Тус бүрдийн нуурын зэгсэнд орсон бод мал үзэгддэггүй, зундаа хун, галуу, ангир ирдэг байсан гэдэг. Нутгийн хөгшид нуурыг хөлгүй нуур ч гэж ярьдаг. Нуурын дунд орших жижиг арал дээр XVI-XVII зууны үед баригдсан чулуун цайзын туурь байдаг нь хол ойрын айлчин гийчид түүхч эрдэмтдийн сонирхлыг ихээхэн татдаг онцлогтой. Энэхүү туурийн өндөр нь 7-8 метр, өргөн нь 10 метр, урт нь 25 метр. 150 сантиметрийн зузаан ханатай дөрвөн хэсэг бүхий том цайз юм. Хамгийн сонирхолтой нь энэхүү барилгыг барьсан материал нь байгалиасаа хэвлэчихсэн гэмээр өөгүй, тэгшхэн хавтгай чулуу байдаг. Энэ чулуун цайзад хэрэглэсэн чулууг өмнө зүгээс 200 гаруй км алсаас тэмээн хөсгөөр тээж ирсэн гэж хууччуул хөөрөлддөг. Нуурын шавар нь маш сайн барьцалдуулах чанартай учир шаврыг тэндээс авчээ. Эрт цагт XVI зууны үед Төвдийн нэг ноёны хүү ирж, монголчуудаар бариулсан боловч барилгын нурууг нь барьж амжилгүй баривчлагдан эх орондоо буцжээ. Ийнхүү оройгүй сүм үлдэж, хожим хэд хэдэн удаа засвар хийсэн боловч тухай бүр нь аянга бууж эвдэрсэн учир дээвэргүй үлдсэн гэх домог буй. 1990 оноос өмнө буюу социализмын үед Сүм хөх бүрд нуурын дэргэд амралтын газар, “Бүрдийн уянга” хүүхдийн зуслан барьж одоог хүртэл үйл ажиллагаагаа явуулж хөл хөдөлгөөн ихтэй байдаг. Байгалийн энэ л сайхныг үзэж сонирхохоор жилдээ 3000 орчим гадаад, дотоодын жуулчид, аялагчид ирдэг бөгөөд энд хурал, ангийн, найзуудын уулзалт, зөвлөгөөн зохион байгуулах нь нэн элбэг. Туурийн барилгын урдуур 40 метр урт давхар чулуун хэрэм байжээ. Эдгээрээс гадна бас нэгэн том барилга байсныг нутгийн ардууд буулгаж, малын хашаа барьсан гэх цуу яриа ч бий.

Энэхүү барилгын тууринд ноён хутагт Д.Данзанравжаа “Саран хөхөө” жүжгээ тоглуулж байжээ. Энэ чулуун цайзын туурийг 1998 оноос улсын тусгай хамгаалалтад авсан байдаг. Нуурын усыг гурван горхи сэлбэж байсан бөгөөд сүүлийн жилүүдэд ганц нь л үлдэж усны түвшин ихэд доошлон жил ирэх тутам ширгэсээр байгаа аж. Нуурын урд талд Үүдэн булгийн рашаан ундардаг байна.. Дундговь аймаг Сүм хөх бүрдийн нуурыг сэргээх зорилгоор 2015 онд “Сүм хөх бүрдийн эртний түүх дурсгалт газрын экологийг сэргээж, аялал жуулчлалын бүс болгох” төслийг хэрэгжүүлэн, гадна талаар нь хашаажуулан хамгаалж, цэвэр бохир усны хоолой, гүний худгууд, хиймэл нуур, түүхийн музей, задгай шилэн тайз, 80 автомашины зогсоол, дөрвөн метр хүрхрээ, волейбол, сагсан бөмбөгийн талбай, амралтын гэр, явган хүний зам зэрэг олон бүтээн байгуулалтыг үе шаттай хийснээр нуурын өнгө үзэмж, усны түвшин сайжирсан билээ. Сүмийн чулуун туурины дэргэд Музейн барилга, нуурын эрэгт Сүмэн орой бүхий ресторан, үйлчилгээний барилга барьж, хажууд нь жуулчдад зориулан долоон бурхан одны байршлаар долоон гэрийн шал цутгажээ. Ийнхүү түүх дурсгалын зүйлээ үргэлжлүүлэн бичээд байвал барагдахгүй биз.

Өнгөрсөн онд Адаацаг сумын түүхт 60 жилийн ойн баяр наадмыг зохион байгуулсан билээ.

Түүхэн замнал, амжилтаа дүгнэх баярын хурал, хүндэтгэлийн тоглолт, шагайн харваа, бөхийн барилдаан, сур харваа, зургаан насны морьдын уралдаанаас гадна ижил морьтой, сайхан эмээл хазаартай хос шалгаруулж олноо баясгаж байсан юм.

Дундговь аймгийн Төв халхын дуулалт жүжгийн театр, Дуу бүжгийн эрдмийн чуулгын жүжигчид бүрэн бүрэлдэхүүнээрээ ирж оролцон, наадамчдад уран бүтээлээ хүргэж өргөн дэлгэр тэмдэглэсэн. Түүнчлэн сумынхаа ойд зориулан “Адуут нутгийн эгшиглэн” дууг бүтээсэн нь ойдоо зориулан хийсэн хамгийн том үйл ажиллагаа байсан аж. Дууны үгийг Ц.Эрдэнэбаатар, аяыг Г.Төвшинтөр зохиож, Дундговь аймгийн “Дуурьсал” хамтлаг дуулж, олны хүртээл болгожээ.

Сүүлийн үед манай сумаас жүжигчин, бизнесмэнүүд, мэргэн харваач алдартнууд олноор төрөн гарсаар байна. Тэдний дотроос Пауэрлифтингийн Дэлхийн зургаан удаагийн аварга, дэлхийн цомын аварга, Азийн аварга цэргийн арслан Ц.Маамчулуун, морины зураач Ч.Дорждэрэм, Шагайн харвааны улсын үлэмж дархан мэргэн Л.Хадамдарам, бурхан урлаач н.Очирбүд, Дундговь аймгийн төв халхын дуулалт жүжгийн театрын жүжигчин “Гэгээн муза” олон улсын театрын наадмын туслах эрэгтэй дүрийн шагналт Д.Очирпүрэв, сумогийн дэлхийн аваргын алтан медалт Б.Төрболд, ШУА-ийн Түүх археологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Ц.Цэлхагарав нарыг онцлох нь зүйтэй байх.

Түүхийн жимээр өртөөлөн ирсэн энэ л нутгаас олон алдартан төрж нутгийнхаа нэрийг өндөрт өргөсөөр явна. Өдгөөг хүртэл эх нутгаа дээдлэн, хайрлан хамгаалахын сацуу энэ л нутгийнхаа нэрийг улс орондоо төдийгүй тив дэлхийд цуурайтуулах ирээдүй хойчийн залуус хүүхэд багачууддаа бага балчираас нь сурган хүмүүжүүлж бэлтгэсээр байгаа юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *