Categories
мэдээ нийгэм

Нэгдүгээр ангийн элсэгчдийн бүртгэл явагдаж байна

Ерөнхий Боловсролын сургуульд 2020-2021 оны хичээлийн жилд нэгдүгээр ангид элсэгчийг цахимаар бүртгэж эхэлсэн тухай Нийслэлийн боловсролын газраас өчигдөр мэдээлсэн.

Энэ оны хичээлийн жилд 2014 оны нэгдүгээр сарын 1-нээс, 12 дугаар сарын 31-ний хооронд төрсөн зургаан настангууд сургуульд элсэх бөгөөд хүн амын урьдчилсан статистик мэдээгээр, 39 439 хүүхэд элсэх төлөвтэй байна. Цахим бүртгэл наймдугаар сарын 03-наас 28 хүртэлх хугацаанд үргэлжилнэ. Ингэхдээ, эцэг эх асран хамгаалагчид parents.esis.edu.mn цахим хаягаар өөрийн и-мэйл хаягаараа нэвтрэн бүртгүүлнэ. Харин цахимаар бүртгүүлэх боломжгүй эцэг эх, асран хамгаалагч тухайн хамран сургах тойргийн сургууль дээрээ очиж бүртгүүлэх боломжтой гэдгийг НБГ-ын дарга Ж.Гантулга тэмдэглэв. Тэрбээр “Гурван өдөр танхимаар, хоёр өдөр цахимаар хичээллэх УОК, БШУЯ-ны шийдвэр гарсан. Энэ нь сургалтын үеэр халдвар хамгааллын дэглэмыг барих боломж нөхцөлийг бүрдүүлж байгаа. Нийслэл, орон нутагт ч мөн адил дээрх журам хэрэгжинэ. Хичээлийн хуваарийг энэ сарын 20-нд тодорхой гаргана. Теле хичээлээр танхимын сургалт бүрэн авч чаддаггүй учир сурагчдын дунд хоцрогдол гардаг. Боловсролын хүрээлэн ямар хэмжээний агуулгын алдагдал гарсан, үүнийг хэрхэн нөхөх асуудлаар долоодугаар сарын 15-нд хөтөлбөр гаргасан байгаа. Мөн сурагчдаас анги засварын мөнгө авахгүй” хэмээн дурьдсан юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *