Өнгөрөгч хичээлийн жилд буюу 2019-2020 онд асрамж халамжийн төвөөс 18 насанд хүрсэн 75 хүүхэд амьдралд хөл тавьж, асрамжийн төвөөсөө гарчээ. Харин тэднээс хоёр хүүхэд боломжгүйн улмаас асрамжийн төвдөө үлдээд байсан нь. Л.Төрболд, Б.Батдорж нар юм.
Өнөөдөр “НОСК” ХК, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран санамж бичиг байгуулсны хүрээнд 18 нас хүрсэн ч асрамжаасаа гарах боломжгүй байсан Л.Төрболд, Б.Батдорж нарт түрээслээд өмчлөх боломжтой байрны батламжийг гардууллаа. Тэд нүдэндээ нулимстайгаар батламжаа гардан авч “Бидэнд ийм боломж олгоно гэж төсөөлж байсангүй. Тусалж дэмжсэн хүн бүрд баярлалаа” хэмээн талархлаа илэрхийлж байв.
Б.Батдорж, Өнөөдөр бид хоёрт алтан боломж олгосонд баяртай байна. Бидэнд өгсөн энэ боломжийг алдахгүй байрныхаа эзэн болох хүртлээ сайн ажиллана. Маш их баярлалаа гэдэг үгийг дахин, дахин хэлмээр байна. Бидний араас олон хүүхэд, залуус байртай болоосой гэж хүсэж байна.
Би бага байхаасаа асрамжийн газарт хүмүүжсэн. Саяхан цэргийн албаа хаагаад ирсэн. ОБЕГ-т ажилд орохоор бүртгүүлсэн байгаа. Хэрвээ тэнцвэл намайг дуудна гэсэн. Би гурван мэргэжилтэй гэлээ.
Түүнээс хамт амьдардаг “Манай гэр” асрамжийн газрынх нь хүүхдүүд байранд орох гэж байгааг нь мэдээд хэрхэн хүлээж авсан талаар асуухад “Бүгд маш их баяртай байгаа. Асрамжийн газрын дүү нар маань танайх руу очно шүү л гээд байсан” хэмээсэн юм.