Categories
мэдээ цаг-үе

Буйд суманд өнгөрөөсөн романтик хоёр жил

Лондон, Лос Анжелос, Японд амьдарч байгаад Монголдоо ирэхдээ Дорнодын Матад суманд суурьшиж, холын буйд сумыг бяцхан Токио болгоно гэж хоёр жил зүтгэсэн хосын тухай танилаасаа сонсоод гэрт нь өнжих хүсэлт тавьсан юм, өнгөрсөн долоо хоногт. Эхэндээ “Бидний мундаг гэж юу байхав дээ” гэж даруу загнаад хавьтуулсангүй. “Их гүрнээс яагаад заавал буйд суманд суурьших шийдвэр гаргасан юм бол. Тэгээд бүр Монголын жишиг цэцэрлэгийг Матад суманд байгуулна гэж зүтгэсэн хоёр. Цаана нь ямар нэг сайхан түүх нуугдаж л байгаа” гэсэн сониурчирхалдаа хөтлөгдчихсөн нөхөр яаж зүгээр суухав. Хэдэнтээ холбогдсоны эцэст гэрт нь өнжих “виза”-тай болоод авав. Ингээд өнгөрсөн долоо хоногийн сүүлээр “Номун виллаж” хотхоныг зорилоо. Эргэлдсэн нүдтэй дөч гаруй насны бүсгүй хаалга тайлж өгөв. Зочин ирнэ гээд зорьж бэлдсэн нь илт. Том өрөөний буйдангийн өмнөх бор шаргал ширээнээ салат, зууш, цагаан идээ, чихэр, жимс, ундаа, ус, чамин загвартай сууриа чимж гэрэлтэх гоёмсог лаа, таваг, сэрээ, халбага, аяга сэлтийг янз донжыг нь тохируулан өржээ. Гэрийн эзэгтэй шалмаг гэж жигтэйхэн юм. Гараа угаагаад буйдангийн эсрэг талын Бурхан багшийг дүрсэлсэн уран зургуудыг тогтож харах зуур л уур савссан бууз таваглаад өрчихөв.

Эзэгтэйтэй мэнд мэдэлцэн ойр зуурыг ярилцах зуур гэрийн эзэн орж ирлээ. Ажлаасаа тараад яаран ирсэн нь энэ гэнэ. Гэрийн эзэн “Манай хүн чинь гялалзуулчихжээ. За би одоохон” гээд гэрийн хувцсаа сольж өмсөөд ширээнээ суулаа. Д.Дэмчигсүрэн НҮБ-ийн хөгжлийн хөтөлбөрийн “Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь” төслийн багт ажилладаг аж. Гэргий нь Адиймаа. Гурван хүүхэд нь гадаадад суралцдаг гэнэ. Дэмчигсүрэн, Адиймаа хоёр бүр багадаа “Найрамдал” зусланд танилцаж байж. Дорнодын Матад сумын дунд сургуулийн онц сурлагатан хүү хотын гоё охинтой “Найрамдал” зусланд танилцчихаад тээр хойно дахин учирчээ. Адиймаа нөхөртөө бууз таваглаж өгөх зуураа “Би бүүр сүүлд гэрчилгээг нь хараад бүх хичээлдээ онц сурч байсныг нь мэдсэн.

Хөөх чи бүх хичээлдээ онц сурч байжээ гэж шагширтал манай хүн өөр дүн байдаг юм уу гэдэг байгаа” хэмээгээд хөгжилтэй инээв. Дэмчигсүрэн эхнэрийнхээ үгийг өлгөж аваад “Гэхдээ би онц сурахаас өөрийг мэддэггүй хэнхэг сурагч байгаагүй юм аа, хамтлагт гитар дардаг, спортод дуртай, бүх л зүйлд оролцож явдаг хүү байсан шүү” гээд жуумалзав.

Бидний яриа удам судрын тухай амттай хуучаар үргэлжиллээ. Адиймаагийн ээж орос хэлний багш байж. Ээжийнх нь аавын аав Балдан тайж гэж нутаг усандаа нэртэй хүмүүн байсан гэнэ. Адиймаа “Баянхонгорын Бууцагааны хүн л дээ, миний өвөг. Ээжийг дүү нартайгаа нутагтаа очиход Балдан тайжийн үр удам гээд сүйд байсан гэдэг юм. Өвөө минь Балдангийн Ядамсүрэн гэж хүн байлаа. Цэргийн анхны гавьяат тээвэрчин. Дайны үеийн цэргийн жолооч нарыг бэлтгэж байсан хүн юм билээ. Аавыг минь Майдаржав гэдэг. Хөвсгөлийн хүн. Хар нялхад нь аав, ээжийг нь хэлмэгдүүлээд хороочихсон гэдэг юм. Өвөө, эмээ минь бичгийн хүн байсан гэсэн тойм үгнээс өөр зүйл алга даа. Ер нь аавын талын түүх тун бүдэг” хэмээн уг удмаа дурссан юм. Гэрийн эзний удам судрыг сонирхуулахаас өмнө нэг түүх сонирхуулъя. Мань эр хорь гаруйхан настай шижигнэсэн залуу үедээ Соёлын яаманд ажиллаж байжээ. Соёлын тухай хууль, төрөөс соёлын талаар баримтлах бодлого дээр анх ажилласан хүмүүсийн нэг гэнэ. Тэр үед угийн бичиг хөтлөх, удмын овогтой болох санаа анх соёолж байж. Гэрийн эзэн “Одоо эргээд бодоход бидний ажиллагаа дутсан л даа. Тухайн үед Ж.Гүррагчаа гуай Сансар гэдэг овог авсан шиг санагдаж байна. Овгийн тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр боломжийнхоо хэрээр цацсан. Гэхдээ амьдрал дээр хүн бүр боржигон, хиад, хатиган гэсэн овогтой болчихсон. Ингээд овог сэргээн хэрэглэсний утга жаахан алдагдсан тал бий. Миний хувьд нутаг усаараа бол Хатагин гэж явах учиртай. Маш эртний, сонин түүхтэй овог аймаг гэдгийг монголчууд андахгүй. Гэхдээ бид ургийн овгоо өөрөөр, өөрсдөдөө илүү хамаатайгаар сонгосон” хэмээн дурсав.

Гэрийн эзний аав, ээж Дорнодын баруун, зүүн Матадын хүмүүс гэнэ. Залуудаа уулзаж учрах гэж 300 гаруй км газрыг морьтой туулдаг байснаа дурсан ярьдаг байж. Дэмчигсүрэн “Мэнэнгийн талаар тэр олон км газрыг туулна гэдэг амар биш. Мориор нэг цагт 20 гаруй км явна гээд бодоход л тасралтгүй 10 гаруй цаг явах газар шүү дээ. Миний аавыг Дорж гэдэг. Багш мэргэжилтэй, олон жил багш, захирлаар ажилласан хүн. Ид залуудаа айлын ганц охиныг аваад суучихсан байдаг” гээд хөгжилтэй инээв. Нутгийнхаа тухай ярихаар л нүд нь сэргээд ирэх юм. Бидэнд зургийн цомог сонирхуулах зуураа “Дорнын талд нар мандах, жаргах шиг гайхамшигтай агшин ховор байх шүү. Гэнэтхэн ургаад, гэнэтхэн жаргана. Шөнийн оддынх нь сүрлэг, өнгөлгийг зүйрлэж хэлэхэд үг дутаад байна. Хөдөө талд энд тэнд прожектор тавьчихсан юм шиг. Манай хүргэн ах одон орны хүн. Хүрэл тогоотод олон жил ажилласан. Ховдын хүн л дээ. Манай нутагт очихоороо ийм од байдаг аа гээд толгой сэгсэрч шагширдаг. Жуулчид цэцэг, навч, шувуу гэх мэт төрөлжсөн сонирхолтой байдаг даа. Миний нутгийн од гайхалтай. Та нар заавал очиж үзээрэй” гэж байна.

Матад суманд болсон марафоны үеэр

Аав нь Дэмчигсүрэнг дөрвөн настайд нутгийн ном бичигтэй хөгшинд шавь оруулж, монгол бичиг, төвд бичиг заалгуулжээ. Жаахан хүү таван настайдаа кириллээр дармалдан бичиж, дуржигнатал уншчихдаг болж. Гэхдээ яг насандаа буюу наймтайдаа нэгдүгээр ангид орж байжээ. Уншиж бичдэг хүү нэгдүгээр ангидаа удаан суусангүй, хоёрдугаар анги руу шууд дэвшсэн гэнэ. Гэрийн эзэн “Аав намайг ямар бодолтойгоор төвд, монгол бичиг сургахаар нутгийн хөгшинд шавь оруулсныг мэдэхгүй. Ээж минь шашин шүтлэгтэй. Ээжийн ээж хуучин нийгмийн үед бурхан тахилтай, ёс жаягтай сүрхий хөгшин байсан юм. Би төвд бичигтээ гавиагүй. Монгол бичгийн хувьд багш өвөө маань маш сайхан заадаг байлаа. Одоо бодох нь ээ заах арга нь мундаг байжээ. Монгол бичиг бүр хойно дэлгэрэхэд монголчууд бид заах арга дээр жаахан алдсан байж магадгүй гэж боддог шүү” гэв.

Дэмчигсүрэн соёл судлалын мэргэжилтэй, бүр сүүлд антропологи руу оржээ. Дэмчигсүрэнгийн соёл судлалаас хүн судлал руу орох болсон үе нь Боловсролын яаманд найман жил ажилласных нь дараа тохиожээ. Докторын сэдэв нь бас л сонин түүхтэй юм. Дэмчигсүрэнгийн Английг зорьсон 2000-аад оны эхэн үед Европын холбоо ид хүчээ авч байж. Зүүн Европын орнууд энэ аварга холбоонд элсч эхлэх үед нэг үзэгдэл ажиглагджээ. Европын холбоон дотроо баруун Европ руу их нүүдэл явагдсан аж. Баруун Европ дундаа Англи “моод”нд орж, Британи руу их нүүдэл чиглэжээ. Багш, инженер гээд салбар бүртээ гялалзсан залуус Англид очоод рестораны үйлчлэгч гэх мэт хар бор ажил хийгээд эхэлж. Цалин хөлс нь эх орондоо авдгаас нь илүү ч ингэж ажиллахаар сэтгэл гутралд орох энүүхэнд болжээ. Сэтгэл гутралд орсон хүмүүс гэмт хэргийн гаралт өсөхөд нөлөөлөх гэх мэт сөрөг үзэгдэл Английн нийгэмд ажиглагдаад эхэлсэн гэнэ. Английн засаг их нүүдлээс улбаатай ийм сөрөг үзэгдлийг яаж эерэгээр шийдэх вэ, ямар бодлого явуулбал үр дүн өгөх вэ гэсэн асуултуудад хариу хайж эхэлж л дээ. Товчхондоо Английн засаг Европын холбоон дотор зүүнээс баруун руу нүүдэллэж буй хүмүүсийн нийгэм сэтгэл зүйн дасан зохицох чадварыг судалж, судалгааны үр дүнд үндэслэж хөгжиж урагшлах гарц шийдлүүдээ гаргаж авъя гэж зориод зүтгэжээ. Дэмчигсүрэнгийн багтсан эрдэм шинжилгээний баг энэ том ажлын жижигхэн хэсгийг хариуцаж авсан юм байна. Гэрийн эзнээс судалгааны ажлынх нь талаар сонирхоход “Манай баг маш жижиг хэсгийг нь л хариуцаж авсан. Олон зүйлийг нэгтгэж байж том бодлого тодорхойлдог. Тэр жишгээр явсан ажил байгаа юм. Нэг сонин юм хэлэхэд, Англи Европын холбооноос гарах тухай өнөөдрийн яриа тэртээ 2005, 2006 онд яригдаж байсан. Гарах нь тодорхой гэсэн яриа. Европын холбоо ид хүчирхэгжсэн үед тэр том холбооны хоёр гол баганы нэг нь болох Англи ингэж ярьж байсан юм. Ирээдүйг зөгнөсөн яриа гэж харах нь утга учир багатай л даа. Маш олон зүйлийг судалж, харж, шинжилж судалсны эцэст л гарсан яриа гэж хэлэх нь үнэнд илүү ойртоно. Уг гүнээс нь шинжлэх ухааны үндэслэлтэй судлаад явахаар олон жилийн дараах байдал төлөв тодроод ирдэг хэрэг” гэсэн хариу өгөв. Бидний яриа сүүлдээ судалгаа шинжилгээний үндсэн дээр олон талаас нь бодож харж, гаргасан бодлого Монгол Улсад ч хэрэгтэй гэх мэт албаны хэрнээ амин хэрэгтэй сэдэв рүү гулгалаа. Гэхдээ Дэмчигсүрэнгийн гэрт энэ сэдвээр өрнөсөн яриаг тоймлож бичье гэвэл цаг, цаас их орох учир ингэсгээд зогсъё.

Уг удам, ажил мэргэжлийн яриа хөөрөө гурван цаг хэртэй өрнөсний эцэст удтал хүлээсэн асуултаа тавихаар шийдлээ. Яриа хөөрөөний дундуур сэдэв хазайлгах гэж оролдоод амжилт олоогүй сэдэв болохоор шуудхан л “Англи, Америк, Япон гээд хөгжингүй гүрэнд арав хол давсан жил амьдарсан хоёр эх орондоо ирэнгүүтээ яагаад алсын буйд суманд хоёр жил амьдарсан юм бэ. Дорнодын Матад таны төрж өссөн сум болохоор эхнэрээ ятгаад явчихсан уу” гээд асуучихав. Гэрийн эзэн жижиглэж хэрчсэн тарвас амтархангаа “Монголдоо ирье гэсэн бодолтой байсан. Би хүн судлалын зах зухаас үнэртсэн хүн гэж танд ярьсан даа. Хүн 50 наснаас хойш шинэ орчинд цэцэглэж хөгжөөд явахад хэцүү гэсэн ойлголт байдаг. Угаасаа л эх орондоо суурьших нь тодорхой юм чинь цаг алдаад яахав гэж бодсон л доо. Гадны улсад ажиллаж амьдрахад тав тух, цалин хөлс гээд бүх талаараа дажгүй ч төрж өссөн эх орныг минь яаж гүйцэхэв. Гэхдээ би эхнэрээ хөдөө явъя гэж ятгаагүй шүү” гээд гэргий рүүгээ инээмсэглэн харав. Адиймаа ингэж хэлэхийг нь хүлээж байсан мэт хөгжилтэй инээгээд “Сая манай хүн хэллээ, шинэ орчинд хөлөө олох ёстой учраас цаг алдахгүйгээр шийдвэрээ гаргасан гэж. Тийм л дээ. Монголд ирсэн мөч бид хоёрын амьдралын цоо шинэ үе байсан. Тэгээд хөдөө явахыг хүссэн. Тэгэхдээ бүр нөхрийнхөө төрж өссөн суманд очмоор санагдсан. Хөдөө явж үзээгүй хотын хүүхэд болохоор шинэ орчинд амьдралынхаа шинэ үеийг эхэлмээр санагдсан юм. Би бүр нөхөртөө яаманд орж болохгүй шүү, гадаад явдаг ажил огт хийхгүй гэж захиж хэлсэн. Хоёулаа сумаа л хөгжүүлье гээд зүтгэчихсэн” гэлээ.

Дэмчигсүрэн эхнэр рүүгээ өнөө л дулаан харцаараа инээмсэглэн ширтээд “Ханийнхаа саналыг дуун дээр зөвшөөрөлгүй хаачихав. Энэ маань хөдөө амьдрах чин хүсэлтэй. Би болохоор жорлон энэ тэрд дуртай. Яг л тохирох юм шиг санагдсан” гэж байна. “Жорлон гэдэг нь ямар учиртай юм бэ” гэж сониучирхахад гэрийн эзэгтэй “Миний хань чинь 2010 онд жорлонгийн хувьсгал хийнэ гээд явж байсан хүн. Одоо энэ Оюунгэрэлийн яриад явааг сэдээд бодоод явсан хүн л дээ” гэлээ. Дэмчигсүрэн ярианд оролцож “Яг ч хийчихэж амжаагүй юм аа. Тухайн үед сошиал медиа гэж байсангүй. Миний нэр хүнд ч гэж юу байхав. Жорлонгоо хөгжүүлье, сум суурин хороо, баг бүр жорлонгийн элчингийн сайдтай болох ёстой гэж ярьж явдаг байлаа. Японд байдаг жишиг л дээ. Жорлонгийн соёл талд ажил хийе. Жижиг сум сууринг жишиг болгож тохижуулах ямар арга чарга байна, хөдөө хаа сайгүй таарах нүхэн жорлонг яаж өөрчлөх вэ гэх мэт санаа оноог хамт ажилладаг, ойр тойрныхонтойгоо ярилцдаг байсан юм. Сумандаа амьдрах тухай яриад хоёр талаасаа шийдэх үед эртний санаа маань ажил болох нь гэж баярласан. Гэтэл манай хүн бүр дүрдээ итгэчихсэн” гээд тас тас хөхрөв.

Гэргийгээ “дүрдээ итгэсэн” гэж өхөөрдсөн нь цаанаа учиртай байж. За тэгээд нөхөр нь сумандаа жорлонгийн соёл түгээнэ, эхнэр нь нөхрийнхөө суманд амьдарна гэсэн бодолтойгоор Дорнын талыг зорьж дээ. Очингуут орон нутгийнхан нь уриалгахан угтаж, Матадын дунд сургуулийг онц төгссөн Дэмчигсүрэнг сумын дарга болгоодохож. Очингуутаа, дүн өвлөөр сумын захиргааны модон жорлон руу цахилгааны утас татуулж, жорлон тохижуулаад эхэлсэн Дэмчигсүрэнд нутгийнхан нь тэр дорхноо л хоч өгсөн тухай яриад бөөн инээдэм болов. “Жорлон Дээмээ” гээд хочилчихож. Гэрийн эзэн “Миний энэ насандаа сонссон хамгийн эрхэм алдар” гээд жигтэйхэн баяртай инээд тодруулна.

Адиймаа гэртээ

Адиймаа суманд очсон даруйдаа хүүхдийн тоглоомын талбай хаана байгааг асуужээ. Тоглоомын талбайгүй гэсэн хариулт сонсоод уйлснаа ярив. Гэрийн эзэгтэй бидэнд бялуу таваглангаа “Бид чинь хорин нэгдүгээр зуунд амьдарч байгаа шүү дээ. Гэтэл хүүхдүүд тоглоомын талбайгүй. Үнэхээр харамсалтай санагдсан. Нөхөртөө хэлтэл намайг багад ийм байсан гэж байна. Болохгүй шүү дээ. Тэгээд цэцэрлэг нь хаана байдгийг асуулаа. Тусдаа байргүй гэж сонсоод бүр цочирдсон. Дотуур байрны хэдхэн өрөөг цэцэрлэг болгоод тохижуулчихсан. Ингээд л эхний хийх том ажил маань цэцэрлэг юм байна гээд зүтгэчихсэн. Бид нийлээд сумын хөгжлийн асуудлаар Матад түншлэл гээд форумыг Блюскайд хийсэн. Гадаад, дотоодын олон байгууллагын төлөөлөл, нийтлэлч Баабар, миний найз дуучин Наран гээд олны танил хүмүүс ч олноороо ирсэн” гэж хэлээд инээмсэглэв. Матад суманд улсын хэмжээнд жишиг болохуйц цэцэрлэг барих ажил тэр үеэс эрчтэй эхэлжээ. Адиймаа “Матадад Монголд жишиг болохоор цэцэрлэг баригдвал алсын тэр сумыг улс даяараа андахгүй болно. Тэр цэцэрлэгийг үзэх гэж энд тэндээс очвол хэчнээн сайхан нөлөө болох билээ. Би тэгж л бодож зүтгэсэн” хэмээв. Гэрийн эзэгтэй “Гадны одод нийгэмдээ нөлөөллийн олон гоё ажил санаачилж, хийдэг. Нийгмийн өчнөөн хэрэгтэй төсөлд оролцдог. Тэр хэрээрээ нийгэмдээ үнэлэгддэг. Миний найз дуучин Наран Матадад улсад жишиг болох цэцэрлэг барих санаачлагад маш идэвхтэй оролцсон. Нэг ажил бариад авахаараа дуусгаж байж ард нь гардаг мундаг чанартай хүн л дээ. Нарангийн нүүрээр маш олон ажил бүтсэн. Жинхэнэ од хүн” гэж хэлээд кофе чанахаар гал тогооныхоо өрөө рүү зүглэв.

Буйд сумын Засаг дарга Улаанбаатарт хөгжлийн чуулган хийсний дараахан “Ротари” клуб гэхэд л цэцэрлэг барих ажилд дэмжлэг болгож мөнгө хандивлахаа илэрхийлжээ. Гадаадад олон жил ажилласан хоёр дэлхийн олон улсад амьдарч байгаа монголчууд, олон улсын байгууллагынхан гээд гаднаас мөнгө, дэмжлэг татах тал дээр борви бохисхийлгүй ажилласан аж. Дэмчигсүрэнтэй олон жилийн ойрын харилцаатай “Ротари” клубийнхэн Матадыг бяцхан Токио болгоё гэдэг дээр санал нэгдэж, Ази руу хандсан хөрөнгө оруулалтынхаа багагүй хэсгийг Матад суманд төвлөрүүлье гэцгээж. Гэрийн эзэн “Хүүхдийн төлөө гээд зүтгэхэд гадна, дотны ямар ч газар, хүмүүс нааштай сайхан ханддаг юм билээ. Япон найз нөхөд түншүүд маань бяцхан Токио байгуулна гээд сэтгэл өндөр байсан шүү. Бяцхан Токио гэдэг нь ухаандаа манайхаар бол шинэ сум л даа. Тийм л юм төсөөлж байлаа” гэж байна. Зураг төслийн ажлаа дуусгаж, Монполимет компаниас цементийг нь хандивлахаар болж, барилгын ажлаа эхэлдгийн даваан дээр Дэмчигсүрэн сумын даргын албанаас буужээ.

Адиймаа халуун кофе аягалж, сүү, сахар дөхүүлээд “Зураг төслийн компанитай хамтарч ажиллаж эхэлснээс хойш нойр хүрэхээ байсан. Би нэг л юманд харамсдаг. Нөхрийгөө ажлаа өгсөнд биш цэцэрлэг барина гэсэн зорилгодоо хүрээгүйд харамсаад байдаг юм. Гэхдээ тийм ажлыг зориглож эхлүүлсэндээ үнэхээр баяртай байдаг. Матад суманд өнгөрүүлсэн хоёр жил бид хоёрын амьдралын хамгийн гэрэлтэй, утга учиртай өдрүүд. Үнэхээр ихийг хийе гэж зорьж зүтгэсэн романтик хоёр жил байсан. Очоод Засаг дарга нарын амьдардаг жижигхэн өрөөг тохижуулсан чинь сумын айлууд орж ирж сонирхоод. Хүн чинь гоё сайханд мөнхөд тэмүүлж амьдардаг. Үе үеийн Засаг дарга нарын амьдардаг жижигхэн өрөөг дөрвөн хэсэг болгоод, жорлон ванн, ажлын, унтлагын зочны өрөө болгочихоор сумынхан маань шагшиж магтаад, гэр орноо тохижуулаад эхэлсэн. Тэр хандлагад нь урамшаад би хувиасаа шагналын мөнгийг нь даагаад Гоё айл гэдэг уралдаан зарлаж шинэ жилээр урамшуулж байлаа. Манай хүн сумын сайн малчдыг шагнахдаа талархлын бичигт эхнэрийнх нь нэрийг давхар бичиж, эхнэрүүдийг нь урамшуулдаг болсон. Тэгж хандахаар ар гэрийнхээ хамаг ачааг нугалдаг бүсгүйчүүд маань их баярладаг юм билээ. Ер нь аль ч газрын хүмүүс сайхан. Систем нь сайн муу гэсэн ялгаа л хөгжлийг тодорхойлдог байх. Сэтгэл байхад сумдыг хөгжүүлэх амархан гэж би боддог” хэмээв. Дэмчигсүрэн ууж байсан кофеныхоо аяганы хээг сүрхий ажиглаж сууснаа “Манай хүн заримдаа ажил хийлгэхгүй шүү дээ. Хуралтай байхад л сум тойруулж тарьсан модны усалгаа хийгдэхгүй байна гээд өөрөө услаад гүйчихнэ. Хүмүүсийн эрүүл мэндийг анхаарна гээд явган аяллын клуб хүртэл байгуулсан хүн шүү дээ” гэж байна. Сонирхуулж хэлэхэд, тэд Матад сумандаа олон улсын марафон хүртэл зохиож байж. Марафоны үеэр сумын халуун ус жилийнхээ орлогыг хийчихсэн гэж байгаа. Марафонд оролцсон нэг тамирчин нэг ам.доллараар усанд орж үйлчлүүлсэн гэнэ.

Гэрийн эзэгтэй Адиймаа загвар зохион бүтээгч мэргэжилтэй аж. Төгсөнгүүтээ “Тахь ко”-д хэсэг зуур ажилласан, Америкт амьдрах үедээ Холливудын ододтой хамтарч ажиллаж байсан, хорь шахам жилийн дараа Монголдоо ирэнгүүтээ алслагдсан сумыг бяцхан Токио болгох гэж зүтгэсэн бүсгүй Матад суманд өнгөрүүлсэн хоёр жилээ “Амьдралаа эргээд дурсахад хамгийн сайхан, хэзээ ч харамсахааргүй өдрүүд” гэсэн юм.

Матад суманд ийм цэцэрлэг босох байжээ. Цэцэрлэг босгох санаачилгад тусалсан гол хүмүүсийн нэг нь дуучин Наран.

Дэмчигсүрэнгийнхээс гараад явах замдаа бодолд дарагдаж баахан алхав. “Бяцхан Токиог Матадад байгуулна гээд зүтгэхгүй яасан юм бэ. Яагаад ажлаа өгсөн юм бэ. Өнөө гоё цэцэрлэгээ барьж дуустлаа ажиллах боломж байгаагүй юм уу” гэх мэт өчнөөн асуултдаа хариу авч чадаагүйдээ бодол болсон хэрэг л дээ. Дэмчигсүрэн, Адиймаа хоёрын хэн нь ч энэ асуултад хариулаагүй юм. “Аль ч газрын хүмүүс нь сайхан. Манай Матадынхан чинь” гэж ирээд дотночлон ярих тэд лав л өөрсдийнхөө хүслээрээ эхлүүлсэн ажлаа орхиод ирээгүй байх аа.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *