Categories
мэдээ нийгэм

1101723 хүн В, С вирусний илрүүлэг шинжилгээнд хамрагджээ

ЭМДГ-аас 2020 оны 7 дугаар сарын 20-ны байдлаар “элэг бүтэн монгол” хөтөлбөрийн 2 дугаар шатны үзлэгт хамрагдсан иргэдийн тоог гаргасан байна. Тухайлбал, В, С вирусний илрүүлэг шинжилгээнд 1101723 хүн хамрагджээ.

Жил бүрийн 7 дугаар сарын 28-ны өдөр “вируст хепатиттэй тэмцэх дэлхийн өдөр”-ийг тэмдэглэдэг. Монгол улс энэ өдрийг 2010 оноос эхлэн тэмдэглэх болжээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын ассемблейгээс “вируст хепатитийн эрүүл мэндийн салбарын дэлхийн стратеги” (ВХЭМСДС)-ийг 2016 оны 5 дугаар сард баталсан. Тус стратегид вируст хепатитийн халдварыг арилгах (шинэ тохиолдлыг 90 хувь хүртэл, ХВВ (халдварт В вирус) болон ХСВ (халдварт С вирус) халдвартай холбоотой нас баралтыг 65 хувиар бууруулах) зорилт дэвшүүлсэн юм билээ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-аас дэлхий даяар 257 сая хүн архаг В вирусний халдвартай, 900,000 хүн В вирусний халдвараар үүссэн элэгний хатуурал болон элэгний хавдрын улмаас нас барж байна гэж тооцоолсон (2015 он) аж.

В вирусний шалтгаантай нас баралтын ихэнхи нь эхээс хүүхдэд дамжсан халдвараас үүдэлтэй гэсэн дүгнэлтэд хүрсэн аж. Ийм учраас энэ стратегийн гол зорилтын нэг нь шинэ төрсөн нярайн дундах В вирусний халдварыг бууруулахад оршиж байгаа юм. Ингэхдээ 2030 он гэхэд 5 хүртлэх насны хүүхдүүдийн дундах В вирусийн гадаргуугийн эсрэгч төрөгч (HBsAg)-ийн тархалтыг 0.1 хувиас доогуур болговол энэ халдварыг бүрэн зогсоосон гэж үзэж болно хэмээн онцолжээ.

Шинэ төрсөн хүүхдэд тарих В вирусний эсрэг нэг тун вакцин болон бусад цуврал вакцинд бүрэн хамруулснаар уг вирусний халдварыг эхээс хүүхдэд дамжих үзэгдлийг зогсоож чадна гэж үздэг аж. Шинэ нярай бүрт В вирусний эсрэг вакцины эхний тунг төрсний дараа богино хугацаанд буюу төрснөөс хойш 24 цагийн дотор тарихийг ДЭМБ зөвлөсөн байна. Тус зөвлөмжид хүүхдэд тарих дараагийн тун хоорондын зай 4 долоо хоног байхаар тооцон 2-3 тунг тарих боломжтой гэж дурджээ.

Ер нь дэлхий нийтэд өнөө үед хэрэглэж байгаа вируст хепатитийн эсрэг эмчилгээгээр С вирусний халдвар авсан хүмүүсийн 95 хувь нь эдгэрэх боломжтой болсон юм. Ингэснээр энэ вирусний гаралтай элэгний хатуурал, хавдрын нас баралтыг бууруулах боломжтой гэж үздэг юм байна. Гэвч В, С вирусний оношилгоо, эмчилгээний хамралтын хүрээ дэлхийн хүн амын дотор нэмэгдэхгүй байгаа нь аюулын гол цөм нь болжээ.

ДЭМБ-аас С вирусний халдвартай амьдарч байгаа 3 сая, В вирусний халдвартай 5 сая хүн шинжилгээ, эмчилгээнд хамрагдсан гэсэн (2015 оноос хойш) тооцоог 2019 онд хийжээ. Энэ бол олон улсын хэмжээнд байгаа тоон үзүүлэлтүүд юм.

Монгол улсын хувьд Засгийн газрын 112 дугаар тогтоолоор (2017 он) “Элэг бүтэн монгол” хөтөлбөр баталсан. Хүн амын дунд зонхилон тохиолдож буй элэгний өвчлөл, хавдар, нас баралтыг бууруулах зорилго бүхий хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулиар эрүүл мэндийн даатгалын сан (ЭМДС)-ийн зардалд 23.4 тэрбум төгрөгийг баталсан байна. Түүнээс 18,4 тэрбум төгрөг нь элэгний С вирусний эсрэг эмийн үнийн хөнгөлөлтөд, 4,9 тэрбум төгрөгийг оношилгоо шинжилгээний зардалд зарцуулахаар тогтоожээ. Эмийн хөнгөлөлтийн хувьд Харвони, Вирпас, Ледвир, Ледифос, Хепсинат Эл Пи зэрэг 5 эмийн үнэд даатгалын сангаас хөнгөлөлт үзүүлэхээр тухайн үед шийдвэрлэж байжээ.

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл (НДҮЗ)-ийн 2017 оны 09 дүгээр тогтоолоор элэгний С вирусний идэвхжил тодорхойлох шинжилгээнд ЭМДС-гаас төлөх нэг удаагийн зардлын төлбөрийн дээд хязгаарыг нэг даатгуулагчид хагас автомат оношлуулаар 80,0 мянга, бүрэн автомат оношлуулаар тоолоход 120,0 мянган төгрөг байхаар тогтоож байсан байна. Улсын болон хувийн хэвшлийн 22 лаборатори элэгний С вирусний идэвхжилийг тодорхойлж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *