Ихэнх хүмүүс АШУҮИС-д зөвхөн эмч нар бэлтгэдэг гэж ойлгодог. Гэтэл эмчээс гадна 19 төрлийн мэргэжлээр бэлтгэдэг юм байна. Өнөөдөр тэдгээрийн нэг болох Эрүүл мэндийн нийгмийн ажилтан мэргэжлийн талаар АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн Эрүүл мэндийн нийгмийн ажил, нийгмийн ухааны тэнхимийн дэд профессор М.Сугармаатай ярилцав.
-Яриагаа эрүүл мэндийн нийгмийн ажилтан гэх хэн болох, хэзээнээс бэлтгэж эхэлсэн талаар эхэлье.
-Эрүүл мэндийн нийгмийн ажилтнууд нь эрүүл мэндийн байгууллагуудад ажилладаг нийгмийн ажилтнууд юм. Гэхдээ эмч, сувилагчдаас ялгаатай нь өвчин эмгэгтэй холбоотой нийгмийн харилцаа, сэтгэл санааны асуудал, бэрхшээлийг даван туулах, зөв шийдвэр гаргахад тусалдаг хүн гэж ойлгож болно. Хүн нэг өвчин туслаа гэхэд дагалдаад амьдралд зохицуулахад хүндрэлтэй олон асуудал гардаг шүү дээ. Жишээ нь, оношоо сонсоод хямрах, үгүй байлгүй дээ гэж үгүйсгэх, ямар нэгэн ярилцах хүн дутах, эсвэл ар гэрийнхнийгээ зовоохгүй гэсэндээ бүүр дотогшоо хямрах, мөн эмнэлгээс гарсны дараа бие даахын тулд хаашаа хандахаа мэдэхгүй байх, ялангуяа халамж, даатгалаа яаж зохицуулахаа мэдэхгүй байх гэх мэт олон асуудлууд бий. Ийм үед шийдвэр гаргахад туслах, тохирох байгууллага, үйлчилгээтэй холбож өгөх, мэдээлэл өгөх, түүний эрхийг хамгаалах зэргээр мэргэжлийн тусламж үзүүлдэг нийгмийн ажилтан юм. Эрүүл мэндийн нийгмийн ажилтныг бид бакалаврын түвшинд 2003 оноос бэлтгэж, 2007 оноос эхлэн анхны төгсөгчид маань ажиллаж эхэлсэн. 2020 оны байдлаар бид 240 гаруй эрүүл мэндийн нийгмийн ажилтныг төгсгөөд байна.
-Тэгвэл эрүүл мэндийн нийгмийн ажилтнууд эмнэлэг бүрт бий гэсэн үг үү?
-Хараахан бүрэн биш байна. Манайхаас жил бүр 20-25 оюутан төгсөж байна. Төгсөгчдийн 80 гаруй хувь нь эрүүл мэндийн салбартаа буюу өрхийн эрүүл мэндийн төв, дүүргийн эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлэг, аймгийн эрүүл мэндийн газар, төрөлжсөн мэргэшлийн төв, клиникийн төв эмнэлэг зэрэгт ажиллаж байна. Мөн олон улсын байгууллага, судалгааны байгууллага, хүүхэд хамгаалал, төрийн бус байгууллагад ажиллаж байна.
-Хөрвөх чадвар гэж бид ярьдаг. Энэ талаар дурдвал?
-Мэргэжлийн хөрвөх чадварын хувьд эрүүл мэндийн салбартаа нийгмийн эрүүл мэндийн тусламж болон эмнэлгийн тусламж үйлчилгээний аль ч хүрээнд ажиллахаас гадна нийгмийн ажлын аль ч талбарт ажиллах боломжтой. Тухайлбал, хүүхэд хамгаалал, нийгмийн халамж үйлчилгээ гэх мэт нийгмийн ажилтны ажиллах талбарт ажиллах боломжтой гэсэн үг.
-Эрүүл мэндийн нийгмийн ажилтнууд гадаадад ямар ажил үүрэг гүйцэтгдэг вэ. Манайхтай ижил үү?
-Жишээ нь, АНУ-д 1905 оноос эмнэлэгт анх нийгмийн ажилтан ажиллаж эхэлсэн гэж үздэг. Тухайн үед эмчид онош тавихад эмчлүүлэгчийн нийгмийн талаас буюу гэр бүл, ажил төрөл, амьдарч байгаа орчныг нь таньж мэдээд мэдээлэл өгч, хамтарч ажилладаг, эмч, эмчлүүлэгч хоёрын гүүр болж ажиллаж байсан гэдэг. Одоогийн байдлаар АНУ-д нийгмийн ажилтнуудын гуравны нэг нь эрүүл мэндийн салбарт ажиллаж байна . Ер нь төстэй шүү дээ. Бид хүний биеийн өвчин эмгэгийг эмчилчихээд сэтгэлийн гэмтлийг эмчлэх тал дээр дутагдалтай байна. Тиймээс энэ хэсэгт хүрч ажилласаар л байдаг гэхүү дээ. Тэгээд ч хүн амын нас баралт өвчлөлийн тэргүүлж байгаа төрөл амьдралын хэв маяг, дадал зуршил, сэтгэл санаатай холбоотой хавдар, зүрх судас, үе мөч гээд л байдаг даа. Мөн төрөл бүрийн сэтгэцийн эмгэгүүд байна. Тэрнээс гадна, орлого багатай, амьжиргааны түвшин доогуур, эмнэлгийн тусламж авч чадахгүй, хаана хандахаа мэдэхгүй, эрүүл мэндийн боловсрол багатай, ойр дотны хүмүүсийн дэмжлэг туслалцаа багатай, хүчирхийлэлд өртсөн гэх олон асуудалтай хүмүүс нь эмнэлгийн тусламж авч чадахгүй, мэдээлэлгүй, өөрт хэрэгтэй үйлчилгээг олж авч чадахгүй, өөрийгөө эмчид ойлгуулж чадахгүй явдал байдаг. Энэ тохиолдолд эмнэлгийн нийгмийн ажилтнууд өмнөөс нь төлөөлөн бичиг баримт бүрдүүлэх, эмчтэй ойлголцох, ар гэрт нь мэдээлэл өгөх ажлуудыг ч хийнэ.
-Тэгэхээр сэтгэл зүйчээс юугаар ялгаатай вэ?
-Тийм ээ, нэг талаар сэтгэл зүйчтэй ижил, гэхдээ сэтгэл зүйч бол илүү хувь хүний дотоод сэтгэл зүйн асуудалтай ажилладаг бол нийгмийн ажилтны хувьд тухайн хүний амьдарч байгаа орчин, гэр бүл, нийгмийн харилцаа, үйл ажиллагааны орчинтой холбоотойгоор асуудлыг шийдвэрлэж ажилладаг учраас ялгаатай юм.
-АШУҮИС-т ЭМНА мэргэжлээр хэн суралцах боломжтой вэ. Ямар шалгууртай байдаг юм бол?
-Хэн ч суралцаж болно. Элсэлтийн шалгалтын нийт босго оноо 480, Биологи, Нийгмийн тухай мэдлэг хичээлээр шалгалт өгнө. Одоогоор бид өдрийн ангитай, бакалаврт дөрвөн жилээр бэлтгэж байна. Манай сургуулийн www.burtgel.mnums.edu.mn цахим бүртгэлийн холбоосоор орж бүртгүүлнэ. Сонирхож байгаа залуус фэйсбүүкийн АШҮУИС-д элсэлт гэх хуудаснаас ч мэдээлэл авч болно.
-Дөрвөн жил бэлтгэгдэхдээ юу юу сурдаг вэ?
-Дээд боловсролын стандартын дагуу дөрвөн жил суралцдаг. Манай сургуульд хэрэгжиж байгаа Эрүүл мэндийн нийгмийн ажилтны хөтөлбөр нь энэ чиглэлээрх Монгол Улсын анхны хөтөлбөр бөгөөд 2018 онд дээд боловсролын магадлан итгэмжлэл хийгдсэн.
Оюутнууд маань олон улс, үндэсний хэмжээнд нийгмийн ажлын боловсролын стандартын дагуу ерөнхий нийгмийн ажлын мэргэжлийн суурь хичээлүүдийг эхний хоёр жилд судална. Энэ агуулгаараа төгсөгчид маань бүх төрлийн нийгмийн ажлын болон нийгмийн халамж үйлчилгээ, хүүхэд хамгаалал зэрэг чиглэлээрээ ажиллах боломжтой. Харин гурав дахь жилээс илүү эрүүл мэндийн агуулгатай хичээлийг судалдаг учраас эрүүл мэндийн салбарт ажиллахад дөхөм болдог. Тухайлбал, анхан шатны эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, сэтгэцийн эрүүл мэнд, хөнгөвчлөх тусламж үйлчилгээ, халдварт бус өвчин гэх мэт төрөлжсөн хичээлүүдийг судалдаг. Мөн нийт гурван үе шатат байгууллагад кредитийн багтаамжтай дадлагыг өрх, дүүрэг, төрөлжсөн мэргэжлийн эмнэлэгүүд, нийгмийн үйлчилгээний байгууллага дээр хийдэг. Бид жилдээ 22-30 оюутан элсүүлдэг. Харин энэ жилээс ажлын байрны эрэлт хэрэгцээнээс шалтгаалж тоог нь нэмж байна.
-Танд өөр нэмж хэлэх зүйл байна уу?
-Хэрвээ хүнд туслах дуртай, бусдын асуудал бэрхшээлийг шийдвэрлэхдээ сайн, эсвэл дуртай хүүхдүүд нийгмийн ажилтан мэргэжлээр суралцаад байгаа харагддаг. Энэ мэргэжил нь яг нэг сэтгэл зүйч шиг хувь хүн, гэр бүлийн дотоод сэтгэл санааны эмгэг асуудлыг шийдэхээсээ илүү эрхээ, өөрийнхөө хэрэгцээг илэрхийлж ч чадахгүй байгаа эмзэг бүлгийн хүн ам, тэдний төлөөх эрүүл мэндийн үйлчилгээг хүргэж буй холбоос болж ажилладаг. Товчхондоо гараас гарах бүтээгдэхүүн нь хүний сэтгэл санааны сайжирсан байдал, шийдвэр, зан үйл, дадал зуршлын өөрчлөлтүүд байдаг. Хэрвээ ийм ажил хийх хүсэлтэй, хүнтэй ажиллах дуртай бол эрүүл мэндийн нийгмийн ажилтнаар сураарай гэж хэлье.