Categories
мэдээ цаг-үе

​“Насны намар”-ын Б.Магсаржавын амьдралын хавар

…Үсний сор минь мөнгөрөх тусмаа

Үгүйлэн санах юм төрсөн нутгаа

Уулзаж амжаагүй ээжээ бодохоор

Уугуул нутаг минь хагасраад байх юм аа

Насны намар гадаа ирэхэд

Нартын жамыг ухаарах л юм даа… эхний мөрийг нь л уншихад аялгуу нь орж ирдэг энэ дууны хөгжмийг “Морин хуур” наадмын тэргүүн байрын шагналт, хөгжмийн зохиолч Бадарчийн Магсаржав зохиосон билээ. Хэдийгээр ааваараа овоглодог ч түүнийг “Насны намар”-ын Магсаржав, “Зүрхний уяа”-гийн Магсаржав, “Зүүдэн бороо”-гийн Магсаржав зэргээр Монголын ард түмний дунд алдаршсан, олонд түгсэн дуунуудаар нь тодотгон дууддаг.

Гэргий Ж.Ганчимэг нь угтаж, аагтай шаргал цай барьж “Маагаа ах нь түр дугхийж байгаа. Харшил нь хөдлөөд түрүүхэн харшлын эм уучихсан. Ингэсхийгээд сэрчих байх аа” хэмээлээ.

МЗЭ-ийн гишүүн, Г.Сэр-Одын шагналт яруу найрагч Жалбуугийн Ганчимэг 2018 онд “Морин хуур” наадмаас “Бурхан эжий” дуугаараа гуравдугаар байрын шагнал хүртэж байсныг дуу хуурт дуртай Монголын ард түмэн мэдэх билээ. Гавьяат жүжигчин, уртын дуучин С.Цогтсайхан энэ сайхан дууг нь дуулдаг.

Ж.Ганчимэг хүний их эмч мэргэжилтэй, клиникийн профессор цолтой. Одоо “Апимон” зөгийн хатгуур, сэргээн засах сувиллын захирал, ерөнхий эмчээр нь ажилладаг юм байна. Гэрийн эзэгтэйн гарын хоол нь хөмүүлтэй, бор гурилтай бууз, банштай цай, гурилтай шөл. Мөн гэрийн боорцог, хайлмагаар тавгаа үргэлж дүүрэн байлгадаг ажээ. “Гараа гаргаж хийсэн хөмүүлтэй буузаараа дайлна аа” гэсээр уур нь савссан амттай бууз ширээнээ тавилаа. Хөгжмийн зохиолч Б.Магсаржав чихэр, амттанд их дуртай. “Молоко”-г дангаар нь уучихна. Чихэр, жимсэнд яг л хүүхэд шиг дурлана. Б.Магсаржав гуай Хятадад зургаан жил сурч, Хөх хотод 12 жил багшилсан болохоор Хятадын хоолны соёлыг нэвт мэднэ. Тийм ч болохоор хааяа хятад хоол хийж гэрийнхнээ дайлдаг гэнэ. Харин гэрийн эзэгтэй Ж.Ганчимэг Солонгост арваад ажил амьдарсан учир солонгос хоолыг мэргэжлийн тогооч аятай л хийнэ. “Манайх чинь интернэйшнл гэр бүл шүү. Орон орны хоол хийнэ. Хятад, солонгос, орос, англи хэлээр ярьцгаана” хэмээн хөгжилтэй инээх ажээ.

Гэрийн эзэн удсан ч үгүй сэрж, мэнд мэдэлцээд хөөрөг зөрүүллээ. Эднийх гурван сайхан охинтой. Охид нь цөм сургууль соёлоо төгсөж ажил төрөлтэй болж, эхнээсээ зээг нь тэврүүлээд байгаа юм байна. Б.Магсаржав гуай цайлж, бууз идэх зуураа бага насныхаа амьдралын тухай ярьж “Үлгэр шиг амьдрал тууллаа даа” гэхэд гэргий нь “Кино шиг амьдрал туулсан хүн дээ, манай хүн” гэж ханиа хайрлан харж, үсийг нь илбэв.

Б.Магсаржав 1963 онд Увс аймгийн Тэс суманд Юмжаагийн Цэдэнбал даргын мэндэлсэн бууцан дээр Ө.Батбаярын хоёр дахь хүүхэд болж хорвоод иржээ. Түүнийг нэг настай байхад нь Давст сумын Д.Бадарч гэдэг айл өргөж авчээ. Хүүг нь өргөж авах хүсэлтэй байгаагаа ээж Г.Хорлоод нь олон дахин илэрхийлж, зохих зан үйлийг гүйцэлдүүлж, нэг ой хүрэхэд нь өргөж авчээ. Хоёр сум дамнасан найр шахуу юм болж, Давст сумынхан арав гаруй гэр барьж, идээ шүүс бэлдэж, хоёр талын ахан дүүс нийлж өргөн дэлгэр найрлаж, хүүг нь алган дээрээ өргөж авчээ. Гэгээнтэн залж буйтай адил л нүсэр юм болжээ. Төрсөн аав ээжийнх нь хоёр тал хоёулаа мэргэн түргэн, эрдэм номтой хүмүүстэй байж. Арван баядын хошууны Гүнчин Иж, Улаан Дэдээ сахиус буюу Дэдээ лам гэхээр увсынхан андахгүй. Тэд Б.Магсаржавыг “Энгийн хүүхэд биш. Эгэлгүй авьяастай, ер бусын хүүхэд” гэж хэлдэг байжээ. Б.Магсаржав гуай ийнхүү Д.Бадарч, Д.Ширнэн хоёрт үр нь болж ирж, гэр дүүрэн хайр бялхуулж, аз жаргал бэлэглэжээ. Төрөлхийн гайхамшигтай сонсголтой, хөгжмийн асар өндөр мэдрэмжтэй гэдгийг өргөж авчирсан анхны шөнөө л мэдэрчээ. Ээжийнхээ сүүнээс салж, зэргэлдээ сумын айлдаа ирсэн Б.Магсаржав ирсэн оройноо унтахгүй, уйлагнав. Тэгтэл радиогоор Төрийн дуулал явахын өмнөхөн сонгодог хөгжмийн бүтээлүүд эгшиглэхэд бяцхан хүү тайвширч, хоёр хөлөө хөгжмийн хэмнэлээр хөдөлгөж байхыг нь анзаарчээ. Төрийн дууллын хэмнэлээр хөлөө хөдөлгөсөөр байгаад унтжээ. Өглөө радио 06 цагаас эхлэхэд унтаж байсан хүү Төрийн дуулал болон бусад хөгжим эгшиглэхэд хөгжмийн хөг хэмнэлээр хөлөө хөдөлгөсөөр байжээ. Ингэж хүүгээ ер бусын авьяастай, сонсголтой гэдгийг мэдэрсэн ээж, аав нь хоёр настайгаас нь баян хуур хөгжимтэй “найзлуулж” шүү. Хөгжмөө даахгүй жаахан хүүгийн хуруунууд баян хуурын товчлуур дээр бүждэг байжээ. Дөрвөн настайдаа Бүх ард түмний Урлагийн үзлэгээс алтан медаль хүртэж түүний урлагийн зам мөр нээгджээ. Увс аймгийн Тэс сумын дунд сургуулийнхаа нэрийг улс, аймагтаа олон удаа цуурайтуулж, 15 настайдаа нийтдээ таван алтан медалийн эзэн болсон байв. Нутаг орныхон нь авьяастай сурагчаа улам хөгжүүлэхийн тулд аймгийнх нь Боловсролын хэлтсээс түүнд Багшийн сургуулийн Хөгжмийн ангид сурах урилга өгчээ. Ингэж 15-хан настай Б.Магсаржав эрдэм ном өвөртлөхөөр аав, ээжийгээ орхин Улаанбаатар хотод иржээ. Энэ тухайгаа “Л.Мөрдорж, Д.Мяасүрэн, С.Гончигсумлаа гэсэн алдарт хөгжмийн зохиолчдоор хичээл заалгадаг байлаа. Нэрийг нь сонсоход л сүрдмээр хүмүүс байгаа биз. Залуу багш нар гэсэн хэдэн багш хичээл ордог байлаа. Тэр нь хэн гээч, Н.Жанцанноров, Ц.Чинзориг гэсэн суут хүмүүс байлаа даа. Би ийм хүмүүсээр эрдэм заалгасан азтай хүн шүү” хэмээлээ. Багшийн сургуулийн нэгдүгээр курст байхдаа буюу 1979 онд Ц.Гайтав гуайн шүлгээр “Сүүн далай ээж” дуугаа зохиожээ.

Балчир цагаас нь өөрийн үрээ хэмээн элгэндээ тэвэрч, амттаны дээдийг идүүлж, өнгөний дээдийг өмсүүлж, алгандаа бөмбөрүүлж, 15 нас хүртэл нь өвөртөлж унтсан ээжийгээ бодон бодон санан санасаар зохиосон дуу нь “Сүүн далай ээж”.

Наран гэрлийн илчтэй

Сарангоо ээжий минь

Дэлгэр сайхан хараагаар

Дэлхий ертөнц мишээж байна

Бүүвэйн сайхан дуугаараа

Бүх дэлхийг уяраасан

Чин ариун сэтгэлтэй

Сүүн далай ээжий минь…Төрүүлсэн ээж Г.Хорлоо нь хүүгээ хүүхэдгүй айлд өргүүлж, буян хийсэн бол өсгөсөн эжий Д.Ширнэн нь Б.Магсаржав гуайг нүдний цөцгий мэт хайрлаж, нандин бүхнийхээ оройд залж өсгөжээ. Б.Магсаржав гуайн хүүхэд насны амьдрал тэр чигээрээ хайранд умбажээ. Ингээд дөрвөн жил сураад Багшийн сургуулийг төгсөж, Увс аймагтаа очиж дуу хөгжмийн багшаар ажиллажээ. Тэр үед Соёлын яамнаас Б.Магсаржавын нэр дээр цохолттой Германы Хөгжмийн дээд сургуульд явуулах бичиг ирэхэд нутгийнхан нь “Сайн багшаа алдахгүй” гээд тэр урилгыг нь нууцаар буцаачихаж. Тэгж байтал 1985 онд цэрэгт татагдаж, тэндээсээ Цэргийн ансамбльд концертмейстрээр очсон байна.

1988 онд “Морин хуур” наадамд Бавуугийн Лхагвасүрэнгийн шүлэг “Зүүдэн бороо” дуугаараа оролцож тэргүүн байрыг нь эзэлжээ. Дуучин С.Цэрэнчимэд энэ дууг ард түмэнд хүргэсэн билээ. Дараа жил нь тус наадамд дуучин Н.Төмөрхуяг “Насны намар”-аар оролцож Үзэгчдийн шагнал хүртсэн бол түүний дараа жил нь мөн дуучин Н.Төмөрхуяг “Зүрхний уяа” дуугаар нь дахин Үзэгчдийн шагнал хүртжээ. Энэ үе бол түүний хувьд уран бүтээлийн ургац арвинтай он жилүүд байжээ. Тэгтэл нийгэм солигдож, соёл урлагийн байгууллагууд үүдээ барьж, уран бүтээлчид нь чөлөөт уран бүтээлч гэх нэр зүүж, Монголын урлагийн салбар бүхэлдээ унаж эхэлсэн билээ. Энэ үед Б.Магсаржав Н.Жанцанноров багшийнхаа даалгавраар Бээжин хотын Дорно дахины дээд сургуульд хөгжмийн чиглэлээр суралцахаар харийн нутгийг зорьжээ. Тэндээ зургаан жил сураад буцаад эх орондоо иртэл нөхцөл байдал өмнөхөөсөө улам дордож, гадаадад бэлтгэгдээд ирсэн чадварлаг хөгжмийн зохиолчид ажлын байр гаргаад өгчих албан байгууллага байсангүй. Ингээд 1996-2000 оны хооронд чөлөөт уран бүтээлч гэгдэж хэсэг ажиллаж байгаад Өмнөд Монголын Хөх хотод хөгжмийн зохиолч, хөгжмийн багшаар 12 жилийн турш гэрээгээр ажиллажээ. Б.Магсаржав “Би Хятадад зургаан жил сураад дараа нь Хөх хотод гэрээгээр 12 жил ажилласан. Гэтэл намайг тухайн үед шар сонинууд “Насны намар”-ын Магсаржав нартыг орхижээ” гэх мэтээр бичсэн байсан. Надад галт тэрэгний үйлчлэгч тэр сонинуудыг авчирч өгөөд “Ийм юм бичээд байх юм” гэлээ. Би үнэхээр гайхаж билээ” хэмээгээд инээлээ. Б.Магсаржав гуай Хөх хотод 12 жил ажиллахдаа 10 мянга гаруй шавьтай болжээ. Өмнөд монголчуудын хөгжмийн боловсрол илт дээшилж, нийтийн дуу болон урлаг соёлын арга хэмжээнүүдийн чанар нь дээшилж байсан нь энэ хүнтэй шууд холбоотой ажээ. Ингээд гэрээний хугацаа нь дуусч 2012 онд эх орондоо ирж “Хайранд мансуурсан аялгуу” уран бүтээлийн тоглолтоо хийсэн байна. Энэ тоглолт дээр дуучин С.Жавхлан өөрийнхөө гавьяатын тэмдгээ түүнд зүүж өгч байсныг та бүхэн санаж байгаа байх. Тэр үйл явдалд Б.Магсаржав гуай тийм ч таатай ханддаггүй ажээ. “Цагийн юм цагтаа. Төр гэдэг чинь нүдтэй. Цаг нь болохоор бүх юм болдог юм” хэмээн энгүүн өгүүллээ. Багш, сурган хүмүүжүүлэгчийн ажлаа тасралтгүй 30-аад жил хийж монголчуудыг ар, өвөргүй хөгжмөөр гэгээрүүлэхийн зэрэгцээ “Сүүн далай ээж”, “Зүүдэн бороо”, “Насны намар”, “Сүслэн хайрлаж яваарай”, “Зүрхний уяа”, “Монгол омогшил”, “Ээжийн чанасан цай”, “Тэсийн голын унага”, “Би хөдөөний хүн”, “Хуарангийн шөнө”, “Хилийн заставын хар нүдэн бүсгүй” зэрэг 400 гаруй дуу зохиогоод байгаа хөгжмийн зохиолч Б.Магсаржав гуай одоо ч дуу, симфони, хөгжмийн томоохон бүтээлүүдээ чимээгүйхэн зохиосоор байна. Тэрээр “Эр хүн заяаны ханьтайгаа учрах хүртлээ их зүйлийг туулдаг юм байна гэдгийг биеэрээ мэдэрлээ. Гоонь эрийн амьдралаар олон жил явахдаа эмэгтэй хүнийг хайрлаж явсангүй шүү. Ганцаардсан сэтгэлээ сархдаар дайлж явсан он жилүүд бий, бий. Гэвч би Тэнгэрийн дагинатайгаа учирсаан” хэмээн хань руугаа харж “Би чинь Ганаагаа Дагина минь гэдэг юм. Миний амьдралд яг л Дагина шиг тэнгэрээс бууж ирсэн бүсгүй дээ. Маш хүнд цаг үед минь намайг түшиж авсан сайн хань. Ханьтайгаа нийлж нэг гэрт орсноор миний хувьд амьдрал минь өөрчлөгдсөөн. Хүнээр хайрлуулахын жаргалыг би ээжээсээ хойш мартсан байсан. Одоо би Ганаадаа эрхэлж, хайрлуулж явна. Ийм сайхан хань илгээсэн бурхандаа талархаад баршгүй” гэлээ. Ж.Ганчимэг эмчийг Солонгост ажлаар яваад эзгүй байхад нь Б.Магсаржав гуай “Апимон” сувилалд нь эмчлүүлж таарчээ. Тэгтэл Б.Ганчимэг эмчийн эгч Ж.Оюунчимэг түүнийг тосон авч үйлчилж, сэтгэлийн дээдээр ачилж, ихэд хүндэлжээ. Маш найрсаг хамт олонтой, хүний төлөө гэсэн сэтгэлтэй сувилалд ирсэндээ хязгааргүй баярлаж, бие нь ч дээрджээ. “Намайг гэсэн сэтгэлтэй, надад тусалдаг хүмүүс маш олон байдаг юм. Би хэцүү амьдралыг туулж ирсэн ч хэдэн дууны минь буян намайг гудманд гаргаагүй шүү. Захын л айл гэртээ урьж, залж дайлдаг байлаа. Асар их хүндлэл дунд явсаар ирсэн. Гэвч хүнд хань л хэрэгтэй юм билээ” хэмээснээ “Ж.Оюунчимэг эмч маань Ганаа гэж миний дүү юм аа. Одоо Солонгост байгаа. Яруу найрагч, дуу нь “Морин хуур” наадмаас шагнал авч байсан” гэж ярихаар нь нэг ч их тоосонгүй. Хүмүүс “Ганаа эмч, Ганаа эмч” гэж яриад л магтацгаагаад байдаг байлаа. Сувиллын хананд хүмүүсийн магтаад байдаг өнөө Ж.Ганчимэг эмчийн зураг өлгөөтэй байна аа. Нүдэнд их дулаахан бүсгүй. Хүний л хань ийм байдаг байх гэсэн дотно мэдрэмж төрлөө. Тэгээд Ганаа эмчийн фэйсбүүк хаягийг оллоо. Чатаар харьцлаа. Эхэндээ ажил хэргийн харилцаатай байлаа. Надад “Хаврын дуу” гэсэн шүлгээ илгээдэг юм байна. Тэр шүлгийг нэг уншаад л аялгууг нь зохиосон доо. 12-хон минутын дотор дуу болсон юм. Биднийг учруулсан хүн бол миний ханийн эгч Ж.Оюунчимэг. Надад миний хадмууд ямар сайхан ханддаг гээч. Би ханийхаа эгчийг Жээжээ гэж хүндэтгэн дууддаг юм” хэмээн ханьтайгаа анх учирсан тухайгаа ярьж “Бид хоёр ивээл жилтэй юм шүү дээ” гэлээ.

…Халин халин нисээд ирсэн шувууд

Харзны усанд элгээ жиндээн ганганах юм

Харын хар нүдэн чамайгаа

Харж л суух минь хэзээ юм бол доо

…Нойрон дунд зүсрэх зүүдэн бороонд

Норсон дэр хацрыг минь хайран өнчрөөх юм

Тооныг нь элбэж өргөсөн гэртээ

Тормойн суух чинь хэзээ л юм бол доо гэж “Зүүдэн бороо” дуунд гардаг. Гэтэл яг л энэ дуу шиг Б.Магсаржав гуай ганцаардал, хүнд бэрхийн дунд элгээ жиндээн зүдэрч, норсон дэрэнд хацраа хайруулан байхад нь яруу найрагч Ж.Ганчимэг түшин босгоод тооныг нь элбэж өргөсөн гэртээ хамтдаа жаргаж, дэргэд нь тормойн аз жаргалаа ярьж сууна. Ж.Ганчимэг “Авьяастай хүнийг хайрлах ёстой. Харсаар байж энэ их авьяасыг би түлхэж чадахгүй. Хэрвээ би энэ хүнийг түшээгүй бол энэ хүний дуунд дуртай монголчууд надад гомдох байсан биз ээ. Энэ хүний авьяасыг хайрласан. Би өөрөө уран бүтээлч хүн. Маагаагийнхаа дотоод сэтгэлийг мэдэрсэн. Айлын өргөмөл байхын зовлон жаргалыг мэддэг болохоор энэ хүнийг яаж зүдэрч, ямар зовлон туулж ирснийг сонссон учир зүрх сэтгэлээ нээсэн юм. Бидний анхны болзоо маш дурсамжтай байсан. Бид анх удаа уулзаж байгаа хэрнээ хэзээний л таньдаг хүмүүс шиг, дотно мэдрэмж төрөөд энгэрт нь аавдаа тэврүүлж буй мэт л наалдаж билээ” гэж ярилаа.

Аригхан цагаан бороо нь

Анхны дуслаа өгөөд

Амрагийн заяа тэр минь

Аашинд минь дасаа юу даа

Тунгалагхан хаврын нар нь

Туяатайхан байна аа

Гэрэлтэйхэн хүний үр

Гэгээтэйхэн байна… Б.Магсаржав, Б.Ганчимэг нарын анхны хамтарч хийсэн энэ “Хаврын дуу” өөрсдийнх нь хувь тавиланг зуржээ.

…Зүдэрч ирсэн ангирс

Зүрхэнд минь нургиад л байна

Зүс дулаахан тэр минь

Зүүдэнд минь ургаад л байна…

“Насны намар”-ын Б.Магсаржав ийн “Зүүдэн бороо”-нд дуулдаг шиг харын хар нүднээ дэргэдээ суулгаад “Хаврын дуу”-ндаа мансуурч сууна. Хамтдаа дуулж, хамтдаа дуу бүтээж, нэг нэгнээ түшиж, дутуугаа нөхөж, дундуураа дүүргэж, “Хийж, бүтээх юм их байна аа” хэмээцгээнэ.

Хөгжмийн зохиолч Б.Магсаржавынд ийн өнжихөд гайхалтай хайрын оргилуун түүх, туулж өнгөрүүлсэн хачирхмаар он жилүүдийн тухай халуун яриа өрнөж, дуу хуур, төгөлдөр хуурын аялгуу түгээд наран жаргахыг ч анзаарсангүй.

“Насны намар”-ын Б.Магсаржавын амьдралд хавар айлчилж, дахин нахиалж байна.

Насны намар гадаа ирэхэд

Нартын жамыг ухаарч

Насны ханьтайгаа учирч

Амьдралын хавраа эхлүүлжээ, хөгжмийн зохиолч Б.Магсаржав маань.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *