Хэнтий аймгийн төв Хэрлэн сумын нутаг дэвсгэрт орсон борооны улмаас гамшиг нүүрлээд байгаа бөгөөд эрсдэлийн үнэлгээг хийж байна.
Тодруулбал 2020 оны 6 дугаар сарын 24-ний өдөр 18:34 минутаас эхлэн орсон ширүүн аадар бороо 44.0 мм, 23-28 мм-ийн голчтой мөндөр орж, борооны үеэр салхины хурд түр зуур зүүн хойноос секундэд 24-28 метр хүрч, байгалийн аюулт болон гамшигт үзэгдэл болсон. Аадар бороо 5 цаг, мөндөр 1 цаг, нөөлөг салхи 18 минут үргэлжилсний улмаас Хэрлэн сумын нийт нутгийн 80 хувь нь усанд автаж, Чингис хотын үерийн усны далан 8-9 газар сэтэрч, 149 айл өрх, 15 аж ахуйн нэгж, албан байгууллага, 9 орон сууцны подвал усанд автаж, 7 автомашин шаварт сууж, 3548 айл өрх гэрэл цахилгаангүй болсон юм. Чингис хотын 1000 өрхийн 4000 гаруй иргэн усанд автсан, 293 өрх маш хүнд нөхцөлд амьдарч байна. Үүссэн нөхцөл байдлыг арилгах, усанд автсан айл өрхийн иргэдийг нүүлгэн шилжүүлэх, авран хамгаалах зорилгоор Онцгой байдлын газраас 93 алба хаагч 7 автомашин, Хэрлэн сумын ЗДТГ-аас 13 иргэн, 1 автомашин, Эрүүл мэндийн газраас 2 иргэн 2 автомашин, Харгуй ТӨХК-аас 4 иргэн, 4 ковш нийт 110 алба хаагч, 14 автомашин тeхник ажиллаж байна.
Хэрлэн сумын eрөнхий боловсролын 1, 4 дүгээр сургуулийн сурагчдын дотуур байрыг 180 хүний түр хорогдох байр болгон бэлдэж, гэр нь усанд автсан нийт 7 өрхийн 13 том хүн 6 хүүхдийг түр хорогдох байранд нүүлгэн шилжүүлж байршуулжээ.
Монгол Улсын Ерөнхий сайдын өгсөн үүрэг даалгаврын дагуу ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал Хэнтий аймагт ажиллалаа. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан 10 тн ариутгалын бодис, 3 бохирын машин, ариутгалын 2 машин, шуурхай албаны пургон автомашин, завийг Хэнтий аймагт ажиллуулж байна. Мөн ОБЕГ-ын Гамшгийн эрсдэлийн удирдлагын газрын дарга, дэд хурандаа Д.Баасансүрэнгээр ахлуулсан ажлын баг Хэнтий аймагт ажиллаж байна.
Түүнчлэн Үндэсний аврах бригад, Багануур дүүрэг, Бэрх, Бор-Өндөр Аврах ангийн онцгой байдлын алба хаагчдын 100 гаруй хүний бүрэлдэхүүн ажиллаж байгаа юм. Мөн Хэрлэн сумын хэмжээнд Цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн 11 бригад тасралтгүй ажиллаж, нийт 3200 хэрэглэгчийн ЦЭХ-ийг залгасан ба подвалын усаа бүрэн шавхаагүй зарим байр, эрсдэлтэй гэр хорооллын нийт 300 гаруй хэрэглэгч гэрэл цахилгаангүй байна.
Аймгийн Онцгой комисс Чингис хотын гэр хорооллын усанд автсан өрхүүдийн нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцан, шаардлагатай өрхүүдэд тусламж үзүүлэх, хорогдох байр болон цаашид авч хэрэгжүүлж буй арга хэмжээг танилцуулж, зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэлээ. Чингис хотын бохирын өргөх 1 дүгээр насосны гэмтэл гарч хотын хэмжээнд цэвэр,бохир усны хангалт зогссон бөгөөд гэмтлийг арилгахаар “Хэнтий ус” ХХК болон “Өндөрхаан хот тохижил”-ын ОНТҮГ-ын хамт олон ажиллаж байна. Мөн Чингис хотын үерийн даланг засварлах, сэргээн босгох, нийтийн ариутгал халдваргүйтгэлийн ажлуудыг үргэлжлүүлэн хийж байгаа бөгөөд багийн Засаг дарга нар усанд автсан өрх, иргэдийн мэдээллийг нягтлан, нарийвчилсан судалгааг гаргаж байна.
Чингис хотын төвд үүсээд байгаа үерийн усыг зайлуулж ус шингээх зорилгоор Хэрлэн 1-р цэцэрлэгийн баруун талд, МХГ-ын зүүн урд талд, Гурилын үйлдвэрийн хойд талд түр цөөрөм үүсгэн 4.3 метр гүн нүх ухаад байна.
Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чингис хотын захирагч Ц.Идэрбат үерийн гамшигт өртсөн гэр хорооллын өрхүүдээр явж нөхцөл байдалтай танилцав. Тэрээр Улаан загалмай нийгэмлэгт хүсэлт тавьж, нэн яаралтай тусламж шаардлагатай, хүнд нөхцөлд байгаа 5 багийн 40 өрхөд тусламжийн багц гардууллаа. Уг тусламжийн багцад хүнсний болон эрүүл ахуй, ариутгалын иж бүрдэл багтжээ. “Lead Khentii” клубын залуусын давалгаа үерийн гамшигт өртсөн айл өрхүүдэд туслах Сайн үйлсийн аяныг эхлүүлж, багийн дарга нараас авсан судалгааны дагуу эхний 50 айлд ариутгалын бодис, хүнсний зүйлс өглөө. Мөн Бэрх тосгоны Захирагчийн ажлын албанаас Хэрлэн сумын Онцгой комисст 500 мянган төгрөгийн хандиваар сэтгэлийн дэмжлэг үзүүллээ.
Хэрлэн сумын ЗДТГ, ХХҮГ, СХГ, ГХБХГ, Уламжлалт анагаах ухааны эмнэлэг зэрэг байгууллага усанд автсан. Үүний улмаас Уламжлалт анагаах ухааны эмнэлэг 51 хэвтэн эмчлүүлэгчийг эмнэлгээс гаргаж, нүүлгэн шилжүүлсэн байна. Тодруулбал, тус эмнэлэгт таазнаасаа ус гоожиж, гэрэл цахилгаангүй болжээ.
Энэ сарын 28-нд нутгийн хойд хэсгээр, 29, 30-нд зарим газраар, 7 дугаар сарын 1-нд ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орж, салхи ихэнх хугацаанд секундэд 7-12 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 27-32 градус дулаан байна. 1-нээс өдөртөө нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүсэхийг Хэнтий аймгийн УЦУОШГ-аас анхааруулж байна.