Categories
мэдээ нийгэм

Цэргийн төв эмнэлэгт нүүрний хаалт хандивлав

ТИКА-гаас коронавирусний цар тахалтай тэмцэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор өнөөдөр Батлан хамгаалах яамны харьяа Цэргийн төв эмнэлэгт 500 ширхэг нүүрний хаалт хандивлав.

Бүгд Найрамдах Турк улсын Соёл, аялал жуулчлалын яамны харьяа ТИКА буюу Туркийн хамтын ажиллагааг зохицуулах агентлаг нь Төв Ази, Зүүн Европ, Кавказ болон шинээр тусгаар тогтносон Балканы орнуудын хөгжилд хувь нэмэр оруулах зорилгоор 1992 онд байгуулсан.

Эдгээр нүүрний хаалтыг ТИКА-гийн хөтөлбөр зохицуулагч Эмрах Устаөмэр Цэргийн төв эмнэлгийн дарга, хурандаа С.Батболдод хүлээлгэн өгөв. Мөн БНТУ-ын Элчин сайдын яамны цэргийн атташе, хурандаа Тамэр Аккан болон албаны бусад хүмүүс байлцсан юм.

Хандиваар ирсэн нүүрний хаалтыг ТИКА-гийн буцалтгүй тусламжаар ШУТИС, МУИС-д байгуулсан 3D хэвлэлийн танхимуудад үйлдвэрлэсэн юм. Энэ үеэр яамны Гадаад хамтын ажиллагааны газрын ахлах мэргэжилтэн, хурандаа Б.Батбаяр, Үндэсний батлан хамгаалах их сургуулийн эрдэм шинжилгээ, нийгмийн түншлэл хариуцсан дэд захирал, хурандаа Б.Өлзийхуяг нар ТИКА-гийн хөтөлбөр зохицуулагч Эмрах Устаөмэр болон хурандаа Тамер Аккан нартай уулзаж цаашдын хамтын ажиллагаа, хамтран хэрэгжүүлэх боломжтой төсөл, хөтөлбөрүүдийн талаар санал солилцжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *