Categories
мэдээ цаг-үе

​Д.Батзаяа: Манай хамтлаг уран бүтээлээрээ хүмүүст үргэлж зөв мессэж өгөхийг зорьдог​


“Татар” хамтлагийн ахлагч Д.Батзаяатай ярилцлаа.


-“Татар” хамтлагийнхан арван жилийн нэг ангийн найзууд гэж сонссон. Бага насны дурсамжийнх нь тухай яриагаа эхэлье?

-Бид нийслэлийн 39дүгээр сургуулийг төгссөн. Манай хамтлагийн түүх тэр үеэс эхтэй. Сургуулийн ширээнд тохой мөрлөсөн үеэсээ хамтлаг байгуулахыг мөрөөддөг байлаа. Бид мөрөөдөлдөө хүрсэн. Одоо бол байгаагаасаа илүү ихийг хүсч, тэмүүлж явна. Дурсамж гэвэл манай Жагаа, Мөөгий хоёр тавдугаар сарын 8-нд төрсөн. Би дөрөвдүгээр сарын 8-нд төрсөн. Сонин учрал шүү. Хамтдаа өнгөрүүлсэн сайхан дурсамж олон бий. Манай Жагаа сурлага сайтай хүүхэд байсан. Шалгалтан дээр бид хоёртоо тусалдаг. Найзынхаа хүчээр олон ч шалгалтад онц авсан шүү /инээв/.

-“Татар” хамтлаг бүжгийн хамтлаг байхдаа тэмцээнд түрүүлж байсан гэдэг. Яагаад дууны хамтлаг болохоор шийдсэн юм бэ?

-Тэр үед хүүхдүүд “London Beat” хамтлагийн дуунууд, “Without you” дууны аян дээр ихэвчлэн бүжиглэдэг байсан. Хип хоп, рэп бүжиг гэсэн хэрнээ яагаад өөр урсгалын дуун дээр бүжиглээд байдаг юм бол гэж боддог байлаа. Бид харин “Cypress Hill”, “House of pain” зэрэг хамтлагийн хөгжим дээр бүжиглэдэг. Даанч амжилт олоогүй л дээ. /инээв/ Яахав сайн бүжиглэдэг байсан. Тухайн үед брейк бүжиглэдэг хүн ховор байлаа. Би толгой дээрээ эргэж байгаад “Ирээдүйн мангас” гээд хөөрхөн нэртэй нэвтрүүлгээр гарч байсан. Хүн зурагтаар дээшээ хараад гардаг байтал би доошоо хараад гарч байсан. Тэрийгээ үзэхээр их гоё санагддаг. Бид хэд үг бичиж өөрсдийгөө сорих дуртай байсан. Ингээд дууны замнал руу хөл нийлүүлсэн гэх үү дээ.

-Гурвуулаа дуулдаг болоод бэлтгэлээ хаана яаж хийж байсан бэ. Дуу хэрхэн бүтдэг байв?

-Жагаагийнд цуглаж бэлтгэлээ хийдэг байлаа. Жагаагийнх хөгжимтэй, компьютертэй байсан болохоор бид хамтраад аяа хийнэ. Ингээд л техник, мэдрэмжээ нэгтгээд “Татар” хамтлагийн дууны аяыг хийж байсан. Ер нь бид гурав их яриа хүүхдүүд байсан шүү. Байнга л хамт явж биендээ мөрөөдлөө ярина. Хүмүүс тэгж бааранд ороод, тэр охинтой танилцаад гэж ярьдаг байсан бол бид гурав тэнд тэс өөр зүйл бодож, ярьж явсан. Ер нь Жагаа, Мөөгий хоёр хичээлдээ сайн. Харин би бол “Ардын багш” дуун дээр гардаг шиг л байлаа. Хичээлдээ сонирхолгүй мөртлөө шалгалт болох дөхөхөд долоо хоногийн өмнө хичээгээд яаж ийж байгаад давчихна. Сургууль дээрээ очиж хүн инээлгэх л хоббитой. Хичээлээ тараад Мөөгий, Жагаа хоёртой уулзаж, хип хоп амьдралаа ярьдаг.


-Тухайн үед та гурав ирээдүйнхээ талаар төсөөлж ярьдаг байв уу?

-Тэгэлгүй яахав. Бид яг үнэнийг хэлэхэд их тооцоотой байсан юм шиг санагддаг. Хэрэгтэй хэрэггүй хүмүүстэй нийлэхгүй. Мөнгө багатай бол хоолоо хуваагаад идчихнэ. Гурвуулаа байхад хэн нэг хүн ороод ирвэл чив чимээгүй болчихно. Их хүмүүжилтэй хамтлаг. Амьдрал дээр ч, дуунууддаа ч хараал хэлдэггүй. Хамтлагаасаа хамгийн сахилгагүй нь би. Сахилгагүй гэхээр тийм муу хүн бол биш л дээ. Манай дуунуудын утга санаа нь ч шууд утгаараа биш. Ер нь би сонсогч нараа их ухаантай гэж боддог. Бид архины эсрэг дуулахдаа “архи битгий уу” гэхийн оронд “айргаа тааваараа уу” гээд далд санаагаар аливаа зүйлийг илэрхийлдэг. Анхны дуунууд маань бүхэлдээ ямар нэгэн түүхтэй, ном шиг шүү дээ.

-Хамтлаг бүхэн л нийгэмд өөрийн гэсэн байр суурийг эзэлдэг шүү дээ. Танайхамтлаг тухайн үед хип хоп урсгалд ямар өөрчлөлт авчирсан гэж боддог вэ?

-Бид өөрсдийнхөө бодсоныг яривал өөр л дөө. Сонсогчид тухайн дууны 30 хувийг л анзаардаг гэсэн судалгаа байдаг юм билээ. Дуундаа бид сүүл холболтыг түлхүү хэрэглэдэг. Түүнээс гадна хүмүүс манайхамтлагийг сайн үгтэй, уран бүтээл нь олон хүнд хүрдэг гэж байсан. Ер нь манай хамтлаг уран бүтээлээрээ үргэлж хүмүүст зөв мессэж хүргэхийг зорьдог. Тэгэхээр магадгүй бидний яриагаар биш үзэгч сонсогч нийгэмд ямар өөрчлөлт гаргасан гэдгийг хэлэх байх л даа.

-Хамтлаг байгуулагдах үеийн мэдрэмж ямар байсан бол?

-Миний хувьд хамтлаг болоод их удаан явна гэж бодоогүй. 2003 онд “Сонор” рекордстой гурван жилийн гэрээ хийгээд дуусах хүртэлх хугацаанд бид ажилласаар л байсан. Гэрээний хугацаа дууссаны дараа эргээд бид юу хийснээ харахад одоо л яг хамтлаг болчихсон юм байна гэдгийг ойлгосон. “Сонор”-т байх хугацаандаа хамтлаг болчихлоо гэж бодоогүй, дуугаа хийгээд л яваад байсан.

-“Татар” хамтлаг тэр дундаа та бүхний нөхөрлөл бат бөх байгаагийн нууц нь юу юм бэ?

-Хамтлаг ганц нэг дуу хийгээд тарах тохиолдол байдаг. Харин бид ёс журмаараа явсан. Тавуулаа байж байгаад зарим нь амьдралын шаардлага, хичээл ном, цэрэгт явсан шалтгаанаар гарсан. Бид тавуулаа байхдаа дуу хийж, тэдгээрээс хит болсон нь ч бий. Гэхдээ “Татар” хамтлаг албан ёсоор 2003 оноос үүсэн байгуулагдсан гэж ярьдаг. Учир нь эндээс хэн хэн нь ч урвахааргүй, зорилго нэгтэй, баттай болчихоод “Сонор” рекордстой гэрээ хийсэн юм. Хамтлагийн бүрэлдэх хугацааг их сайн төлөвлөж чадсан байх. “Татар” хамтлаг завсарлаад доод тал нь хоёроос гурван жил болж байсан. Тэр хугацаанд би бие даасан дуу хийвэл хийчихээр. Гэхдээ Мөөгий, Жагаа хоёр хамт байж л намайг “хөглөдөг” юм билээ. Хамтлагаасаа гоцгойрох сонирхол надад байхгүй.

-Бөхийн өргөөнд “Бусдын хайрыг хүндэл” хэмээх анхны бие даасан тоглолтоо хийж байсныг санаж байна?

-2003 оны дөрөвдүгээр сарын 23,24-нд энэ тоглолтоо хийж байлаа. Тухайн үед залуучууд “Бусдын хайрыг хүндэл” дуугаар манай хамтлагийг мэддэг болоод байсан үе. Энэ дуугаараа хүмүүс нэгнээ хүндлэн, хайрлах гэж хорвоод мэндэлдэг болохыг харуулах гэж зорьсон. Ер нь чи хэн нэгнийг хайрлахад эргээд тэр их сэтгэл, хайр чамд ирнэ гэж боддог. Манай хамтлагийн одоог хүртэл баримталдаг философи нь бусдын хайрыг хүндлэх.

-“Татар” хамтлаг таван дууны цомог гаргаж байсан. Энэ цомгуудаасаа онцолбол?

-Хамтлагийнхаа нэрээр гаргасан цомог маань анхны дотроо хөдөлгөөнтэй хальс CD болж гарч байсан. 17000 ширхэг зарагдаж борлуулалтаараа тэргүүлж байсан. Энэ цомогт бүх дуу маань багтсан учраас “Татар”-ын “Татар цомог” гэж нэрлэсэн. Мөн бид дүр төрх, хэв маягаа өөрчилж гаргасан цөөхөн дуутай “Бороонд ганцаараа” гэдэг цомог бий. Энэ цомогт бороо сэтгэлд, дурсамжинд нь хоногшиж үлддэг талаар дуулдаг. Хамтлагийнхаа 10 жилийн ойд зориулсан тав дахь “Нөлөөллөөс дээгүүр” цомгийг “Хүн бүр нөлөөллөөс дээгүүр амьдарцгаая” уриатайгаар гаргаж байсан. Тэр үед нийслэлийн есөн дүүрэгт тоглож, цомгоо борлуулж олсон ашгаа хүчирхийллийн эсрэг төвд хандивлаж байсан гэх мэт олон сайхан дурсамж бий.

-Хамгийн дурсамжтай мартагдахааргүй тоглолтоо дурсаач. Залуусыг доргиож байсан олон тоглолтууд байдаг?

-“UB palace”-ийн Open air задгай талбайд 2006 оны зургадугаар сарын 16-нд хийж байсан “Бороонд ганцаараа” тоглолт. Манай хамтлагийн гурав дахь бие даасан тоглолтыг 25000 залуучууд ирж үзсэн нь Монголдоо рекорд эвдсэн шуугиан тарьж, урам зоригоор дүүргэсэн тоглолт байсан юм. Тухайн үед хүмүүс багтахгүй ханыг нь нураагаад гал команд, цагдаагийнхан ирж хамгаалалтад авч байсан шүү. Тоглолтыг үзэхээр ирсэн хүмүүсийн тасалбар нь манай хамтлагийн дуунаас бүрдсэн цомог байсан.

-Танай хамтлагийн залуус кинонд дүрээ мөнхөлж байсан шүү дээ?

-“Сонор” рекордсын санаачилснаар “Аз жаргал Bad boy” кино 2008 онд хийгдсэн. “Big” энтертайнментийн Болдоо ахын зохиолоор бүтсэн энэ кино тухайн үедээ борлуулалтаараа тэргүүлсэн гоё кино болж байсан. Аз жаргал гэж яг хаана байдаг, муу зүйл хийвэл ямар үр дагавар авчирдгийг харуулсан кино юм. Гол дүрд нь би, туслах дүрд нь манай хамтлагийн хоёр найз тоглосон.

С.СҮРЭН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *