Коронавирусийн эсрэг өвөрмөц эмийн олон судалгаа дэлхийн улс орнуудад хийгдэж байна. Одоогийн байдлаар өмнө нь бүтээсэн вирусийн эсрэг эмийг эмчилгээнд хэрэглэж байна.
Вирусийн үржлийг зогсоох эм: (Remdesivir, Favipiravir, Lopinavir/ Ritonavir, Hydroxychloroquine, Ivermectin)
– Remdesivir (Veklury): АНУ-ын Хүнс, эмийн агентлаг энэ оны 5-р сарын 1-нд Remdesivir эмийг хэрэглэх зөвшөөрөл олгосон байна. Мөн Япон улсын Эрүүл мэндийн яам 3 хоногийн хугацаанд яаралтай горимоор Ковид-19-ийн эсрэг хэрэглэх албан ёсны эмийн зөвшөөрөл өгсөн байна. Уг эмийг Ковид-19-ийн улмаас хүндэрсэн өвчтөнд 5-10 өдөр хэрэглэхийг зөвшөөрсөн байна.
– Favipiravir (Avigan): Favipiravir нь Фүжифилм Тоямасайэнсү компанийн үйлдвэрлэсэн томуугийн эсрэг үйлчилгээтэй эм, анх 2014 онд Япон улсын холбогдох байгууллагаас тодорхой хязгаарлалттай нөхцөлд хэрэглэх зөвшөөрөл авсан байна. Ковид-19-ийн эхний үед хэрэглэснээр үр дүнтэй нь тогтоогдсон байна. Ургийн өсөлт, хөгжилтөд нөлөөлөх магадлалтай тул жирэмсэн өвчтөнд хэрэглэхийг хязгаарласан байна.
– Ciclesonide: /Тейжин фаам компани/ Ciclesonide нь амьсгалын замын үрэвсэл болон харшлын эсрэг үйлчилгээтэй. Уг эмийг Японы олон улсын анагаах ухааны судалгааны үндэсний төв Ковид-19-ийн эсрэг үйлчилгээтэй эсэх талаар судалгаа хийж байна.
– Lopinavir/Ritonavir: ХДХВ/ДОХ-ын эсрэг үйлчилгээтэй эм. БНХАУ-д хийсэн судалгаагаар Ковид-19-ийн эмчилгээнд үр дүнтэй эсэх нь батлагдаагүй байна.
– Hydroxychloroquine: Халуун орны хумхаа өвчинд үр дүнтэй эм бөгөөд Ковид-19-ийн эсрэг үйлчилгээтэй гэж Европ, АНУ-ын судлаачид үзсэн хэдий ч 671 эмнэлэг хамруулсан судалгаагаар зүрхний хэм алдагдал 2 дахин, нас баралт 35% нэмэгдсэн тул сайн нягтлах шаардлагатай гэж АНУ-ын Хүнс, эмийн агентлагаас мэдэгдээд байна.
– Ivermectin: Уг эмийг Ковид-19-ийн эсрэг үр дүнтэй эсэх талаар 5-р сараас эхлэн Японы Китасато их сургуульд судалж байна. Паразит устгах үйлчилгээтэй Ivermectin эмийг 1974 онд Японы эрдэмтэн Сатоши Оомура анх нээсэн. Уг эрдэмтэн 2015 онд Нобелийн шагнал хүртжээ.
Шинээр судалгаа шинжилгээ хийгдэж байгаа эм.
1. Японы Такеда эмийн үйлдвэр Ковид-19-ийн эсрэг шинэ төрлийн эм гаргаж авах судалгааг Америкийн болон 10 гаруй эмийн компанитай хамтран хийх тухай энэ оны 4-р сарын 6-ны мэдэгдсэн байна.
2. АНУ-ын Pfizer компани Ковид-19-ийн эсрэг эм бүтээж байгаа бөгөөд энэ оны 7-9-р сард эмнэлзүйн туршилт хийхээр төлөвлөж байна.
3. Английн GSK компани АНУ-ын Vir biotechnology-тэй хамтран 2 төрлийн вирусийн эсрэг биетийг /VIR-7831, VIR-7832/ нээж холбогдох судалгааг эхлүүлээд байна.
4. Японы Шионоги эмийн үйлдвэр Хоккайдогийн Их сургуультай хамтран вирусийн эсрэг биетийг тодорхойлсон бөгөөд энэ ондоо багтаж анхан шатны туршилт хийх төлөвлөгөөтэй байна.