Categories
мэдээ нийгэм

Давтлага тавдугаар сарын 11-нээс эхлэн нэг сарын хугацаанд үргэлжилнэ

Засгийн газрын хуралдаанаар ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн сурагчдад давтлага өгөх шийдвэрийг гаргасан. Уг шийдвэрийг хэрхэн хэрэгжүүлэх талаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас мэдээлж байна.

БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очир: “Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр ЕБС-ийн төгсөх ангийн сурагчдад ЭЕШ-д бэлтгэх зорилгоор сургууль дээр нь давтлага өгөхийг зөвшөөрсөн.

Давтлага тавдугаар сарын 11-нээс эхлэн нэг сарын хугацаанд үргэлжилнэ.

Үүнтэй холбогдуулж, ямар заавраар зохион байгуулах тухай зааврыг БСШУСЯ-наас гаргаад байна. Улсын хэмжээнд 596 сургууль дээр давтлага хичээлийг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж эхэлсэн.

Нэг ангид 10-15 хүүхэд давтлага хичээлд хамрагдана. Хүүхдийн суудал хоорондын зайг 1.5 метр байлгах гэх зэргээр мэргэжлийн байгууллагаас гаргасан эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэмийг сахина. Сурагчдын орох, гарах урсгалыг мөн тооцоолсон.

Түүнчлэн давтлага хичээлийг зохион байгуулах хуваарийг гаргаж, ерөнхий боловсролын сургуульд хүргүүллээ.

Хүүхдүүд зөвхөн хуваарилагдсан суудалдаа сууж, давтлага хичээлээ авна.

Энэ онд 31 мянга орчим хүүхэд ЭЕШ өгнө. Нэг хүүхэд дунджаар гурван хичээлээр шалгалт өгөх тооцоолол байна. Тиймээс гурваас дээш тооны хичээлээр шалгалт өгөх бол сонголтоор 3 хичээлийн давтлаганд суух боломжтой.

Давтлага хичээлд сурагчдыг заавал хамрагдахыг шаардахгүй” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *