Categories
мэдээ цаг-үе

Арматурын үнэ тонн нь нэг сая 600 мянган төгрөгийн ханштай байна

Дулааны улирал эхэлж, хаа сайгүй бүтээн байгуулалт, засварын ажил өрнөж байна. Тиймээс барилга барихад чухал нөлөөтэй арматур төмрийн үнэ ханш, чанар, борлуулалтын талаар сурвалжлахаар хуучнаар Гурвалжингийн гүүрний баруун талд байрлах барилгын материалын худалдааны төвийг зорилоо. Урьд нь энэ захад ирэхэд хөл хөдөлгөөнтэй байсан бол одоо машин тэрэг, хүмүүс ч харьцангуй цөөрчээ. Бид тус худалдааны төвд арав гаруй жил ченж хийсэн Б.Баатараас арматур төмрөө хаанаас татдаг, үнэ ханшийн талаар тодруулсан юм.

Тэрбээр “Манайх БНХаУ-аас арматураа татдаг. Ер нь манай Монголд арматур үйлдвэрлэдэг газар цөөхөн шүү дээ. Үйлдвэрлэдэг ч гэсэн Монголынхоо хэрэгцээг хараахан хангаж чадахгүй байна. Тийм учраас бид арматураа Хятадаас оруулж ирэхээс өөр аргагүй. Чанар хийцийн хувьд мэдээж Хятадын компани стандартад нийцүүлсэн гэсэн бичиг баримтын үндсэн дээр нийлүүлдэг. Одоогоор “Бугат”-ын арматур нэг тонн үнэ нэг сая 630 мянган төгрөг. Харин “Таншань”-ий арматур нэг тонн нь нэг сая 600 мянган төгрөгийн ханштай байна. Яахав, арматурын үнээс шалтгаалаад байрны үнэ өсч буурч байна гэж хүмүүс ярьдаг.

Хамгийн чухал нь Монголд арматур оруулж ирдэг хувийн компаниуд олон бий. Компаниуд ямар хийц, чанартай арматур оруулж ирдгийг сайн мэдэхгүй байна. Ер нь арматурын үнэ бол хийц, материал, орц найрлага, даацаас их хамаардаг. Өмнө жил арматурын үнэ нэг сая 750 мянгатай байсан бол энэ жил үнэ нь буугаад нэг сая 600 мянга болсон. Мөн үеийн худалдан авалтыг бодоход энэ жил тэгж их сайжирсан зүйл мэдэгдэхгүй байна.

Коронавирус гарснаас хойш худалдан авалт бүр муудлаа. Одоо ингээд харахад л талбай дүүрэн пижигнэж байдаг шүү дээ. Одоо бол эл хуль байна” гэсэн юм.

Монголын барилгачдын нэгдсэн холбооны ерөнхийлөгч М.Батбаатартай уулзаж, ярилцлаа.


-Дэлхий дахинд цар тахал гарсантай холбоотойгоор барилгын салбар зогсонги байдалд ороод байсан. Харин саяхнаас үйл ажиллагаагаа хэвийн явуулж эхлэх гэж байх шиг байна?

-Барилгын материал үйлдвэрлэлийнхэн, тэр дундаа цемент үйлдвэрлэдэг хоёр гурван үйлдвэрийн үйл ажиллагаа доголдсон. Өнөөдрөөс эхлээд “Хөтөл”, “Мак” зэрэг үйлдвэрүүд доголдлоо арилгаж үйл ажиллагаа нь жигдрэх шинжтэй байна. Үйлдвэрүүд доголдож цементний хомсдол үүссэн хугацаанд жижиглэн худалдаалагч нар үнээ нэмж иргэдийн дунд бухимдал үүсгэж байна.

Судалгаа хийхэд 22-ын товчоо, Орбит, 44 гэсэн газруудад шуудайтай цементийг арван таван мянгаар зарах жишээтэй. Энэ чинь хоёр гурав нугалчихаж байна шүү дээ. ашиглалтад ороод үйл ажиллагаагаа эхлүүлчихсэн “Хөтөл”, “Мак”, “Мон цемент” зэрэг үйлдвэрүүд том бүтээн байгуулалтад шууд үйлдвэрээсээ нийлүүлэх гэрээ хэлэлцээр хийгдчихсэн учраас би цементийн үнийн хөөрөгдөл бол түр зуурынх болов уу гэж бодож байна. Одоо үйлдвэрүүд жигд ажиллагаандаа орохоор томоохон бүтээн байгуулалтад нийлүүлж байгаа үнээрээ буюу үйлдвэрийн үнээр ард иргэдэд нийлүүлэх боломж гарах байх.

-Монголд арматурын яг хэдэн үйлдвэр үйл ажиллагаа явуулдаг юм бэ?

– “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” хэвийн ажиллаж байгаа. Үүнээс гадна жижиг ганц хоёр үйлдвэрүүд бий. Архангайд нэг арматурын үйлдвэр ашиглалтад орно.Гэхдээ эдгээр үйлдвэрүүд хүчин чадлаараа нийлээд Монгол Улсын арматурын хэрэгцээг бүрэн хангаж хүрэхгүй. Учир нь бид 80-90 хувийн арматурын хэрэгцээгээ гаднаас хангадаг.

-Яг ямар үйлдвэрээс арматур импортолж байгаа вэ?

-Өнөөдрийн байдлаар Хятадын Бугат аймгийн “Бугат” гангийн үйлдвэр мөн Оросын холбооны улсын үйлдвэрүүдээс арматурын төмөр нийлүүлдэг. Одоо энэ хуучны уламжлалт нийлүүлэлт сэргэж ажиллаж эхэлнэ.

-Арматурыг гаалийн татвараас чөлөөлөх боломжтой юу?

-Одоо арматурын үйлдвэрүүд жигд ажиллаад эхэлчихвэл бид энэ талаар дахин хөндөнө. Ер нь бол Барилга хот байгуулалтын яаманд санал тавьсан. Энэ дагуу тус яамнаас хил гаалийн татвараас чөлөөлөх асуудлыг судалж байгаа. Монголын барилгачдын нэгдсэн холбооноос “150 мянган айлын орон сууц үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд зорилтот бүлэгт нь хямд өртөгтэйгөөр хүргэх, хамруулах талаар судалгаа хийсэн. Судалгааны дүнд арматур, цементийнхээ үнийг л тогтвортой байлгаж, бууруулж чадвал энэ орон сууцыг зорилтот бүлэгт нь хямдаар хүртээх боломж байгаа гэдэг нь нотлогдсон.

-Арматур, цементнийхээ үнийг тогтвортой байлгахын тулд ямар арга хэмжээ авбал зохистой юм бэ?

– Үүнийг ярихын өмнө “150 мянган айлын орон сууц үндэсний хөтөлбөр”-ийн талаар цухас дурдах хэрэгтэй байх. Энэ төсөл, хөтөлбөрт дөрвөн тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт зургаан жилийн хугацаанд хэрэгтэй байгаа юм. Энэ чиглэлээр Монголын барилгачдын нэгдсэн холбоо, төслийнхөнтэйгөө ярилцаад эхний ээлжинд 500 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг энэ ондоо багтааж Монголд оруулж ирэх асуудлыг хөөцөлдөж байна. Харин үүн дээр нэг асуудал үүсч байгаа. Гаднаас 100 хувийн хөрөнгө оруулалт оруулахад 20 орчим хувьд нь Монгол Улсын Засгийн газар, банк, барилгын аж ахуйн нэгжүүд хамтран баталгаа гаргадаг журамтай. Тэгэхээр 500 сая ам.долларын 20 хувь гэхээр 100 сая ам.долларын баталгаа гаргах ёстой. Түүнийг Монголын барилгачдын нэгдсэн холбоо гадны түншүүдтэй ярьсан. Үүгээр 500 сая ам.долларын 20 хувьд бус хоёр хувьд баталгаа гаргах, түүнийг нь тодорхой дундын дансанд 60 хоног байршуулаад мөнгөө оруулах асуудлыг ярьсан. Нэг ёсондоо хэлэлцээр хийсний дүнд 20 хувийг хоёрхон сая ам.доллар болгочихсон. Ийм түвшинд хүргэчихсэн байхад Монгол Улсын Засгийн газар, Хөгжлийн банк, Сангийн яам энэ асуудал дээр жаахан дэмжлэг үзүүлэх нь чухал. Товчхондоо, 500 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг оруулж ирэх нөхцөл бүрдчихээд байна. Энэ 500 сая ам.долларын хөрөнгө оруулалтад нөгөө арматурын үнийг БНХАУ-ын Бугат хотын үйлдвэрээс үйлдвэрийнх нь үнээр нь нийлүүлэх хөрөнгө оруулалт багтчихсан байгаа. Энэ ажил бүтчих юм бол арматурын Монгол дахь нийлүүлэлтийн сүлжээнд тохиргоо хийгдэнэ гэсэн үг. Мөн хил, гаалийн татвараас нь чөлөөлчихвөл яг барилгынханд хэрэгтэй дундаж үнээр нь нийлүүлэх боломжтой. Тэр нь цаашлаад орон сууцны өртөг зарлагад сайнаар нөлөөлөөд худалдан авах чадварт нь тохирсон орон сууц баригдаж эхэлнэ гэсэн үг. Эдгээр нь хоорондоо уялдаатай байгаа биз. Энэ асуудлыг нэгдсэн журмаар хөөцөлдөж байна. Үүний цаана та бүхний хөндөж байгаа арматурын үнэ, дотоодын цементний нийлүүлэлт яригдаж байгаа шүү дээ. Ер нь бид барилгын материалыг хэт үнийг өсөлт бий болгохгүйгээр “150 мянган айлын орон сууц хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх нөхцөл бололцоог хайж ажиллаж байна.

-Манайх арматураа ихэвчлэн БНХАУ-аас экспортолдог. Энэ нийлүүлж байгаа арматурын чанар хийцийн талаар ярихгүй юу?

-”150 мянган айлын орон сууц төсөл хөтөлбөр”-ийн хүрээнд Монголын барилгачдын нэгдсэн холбоонд түшиглэж арматурын чанар, хийцийг сайтар судалсан. Жишээ нь, БНХАУ-ын “Бугат”-ын улсын чанартай гурван үйлдвэрийг тойроод 30-40 хувийн үйлдвэрүүд байдаг юм байна. Тэр нөхдүүдийн арматурын чанарын асуудал их яригдсан. Тэгэхээр бид улсын чанартай үйл ажиллагаа явуулдаг үйлдвэрээс нь арматураа үйлдвэрийн үнээр нь авах талаар нарийвчлан судалж байна. Юуны түрүүнд Засгийн газрын хэмжээнд БНХАУ-ын буцалтгүй тусламжаар 1008 айлын орон сууц ногоон нуурт баригдах гэж байна. Энэ барилгын бүх арматур Хятадын засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд улсын үйлдвэрээс нь нийлүүлэгдэх судалгаа явагдаж байна. Нэг ёсондоо улсын үйлдвэрийн чанартай арматурын үнэ ханшаар Монголд арматурын зах зээл бий болно гэсэн урьдчилсан төлөв байна. Болж өгвөл бид хувийн үйлдвэрийн чанар муутай арматур биш, улсын үйлдвэрээс нь авах нь зүйтэй. Зорилтынхоо хүрээнд хямд өртөгтэй байх ёстой шүү дээ. Үүн дээр Монгол Улсын Засгийн газраас хил гаалийн татвараас чөлөөлж өгвөл бүр сайн байна.

-Монголд үйл ажиллагаагаа явуулдаг арматурын үйлдвэрүүд арматурын хэрэгцээний 15 хувийг нь л хангадаг гэж байна шүү дээ. Ер нь цаашлаад энэ үйлдвэрүүдийг сайжруулах бололцоо бий юү?

-Дарханы үйлдвэр зөвхөн бүрэн хүчин чадлаараа арматур үйлдвэрлэх хэрэгтэй. Одоо Эрдэнэтийн бөмбөлөг үйлдвэрлээд байгаа. Өөр ашигтай үйлдвэрлэл хийгээд байна шүү дээ. Ер нь бол Дарханы төмөрлөгийн үйлдвэр бүрэн хэмжээгээрээ ажиллаад эхлэх юм бол гангийн үйлдвэрлэлийн 50-60 хувийг хангах боломжтой. Үүнээс гадна Төв аймгийн Борнуур суманд, Хятадын Алтанбулагт жижиг үйлдвэрүүд бий. Эдгээр үйлдвэрүүд бага хэмжээгээр ч гэсэн чадан ядан үйлдвэрлэж байна. Өнгөрсөн хугацаанд коронавирустэй холбоотой үйл ажиллагаа нь түр зогсоод байсан. Энэ нь мөн адил хятад технологитой мэргэжилтэн ирж ажиллах асуудлаас үүдсэн байна. Технологийн инженерүүд нь ороод ирвэл одоо жигдэрчихнэ. Ер нь бид энэ чиглэл рүү нэлээн хүч тавьж байгаа. 50-60 хувиар хангах хэмжээний үйлдвэрлэлийн хүчин чадлаа бий болгочихвол болох болов уу гэж найдаж байна гэлээ.

С.ЛХАМСҮРЭН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *