Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Будзаан: Ар гэрийн таарамжгүй харилцаа, хүчирхийлэл даамжирвал хүүхэд амиа егүүтгэх эрсдэлтэй


ЦЕГ-ын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга, цагдаагийн хошууч Д.Будзаантай ярилцлаа.


-Өсвөр насны хүүхдүүд амиа егүүтгэх, оролдлого хийх тохиолдол олширчээ. Үүнд юу нөлөөлж байна вэ?

-Өсвөр насны хүүхдүүд амиа егүүтгэх тохиолдол 2000 оноос хойш бүртгэгдэж эхэлсэн байдаг. Шалтгаан нөхцөлийг судлаад үзэхэд ар гэрийн таарамжгүй харилцаа, өсвөр насны хүүхдүүдийн хоорондын харилцаа хандлага, гэр бүлийн төлөвшил хүмүүжилтэй холбоотой байдаг. Жилд дунджаар 15-20 хүүхэд амиа егүүтгэсэн тохиолдол бүртгэгддэг.

-Өсвөр насны хүүхэд амиа егүүтгэх нь нэг талаараа гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой юм шиг…

-Ар гэрийн таарамжгүй харилцаа, хүчирхийлэл даамжирвал таны хүүхэд амиа егүүтгэх эрсдэлтэй. Хүчирхийлэл бол ээж аавын хүүхэдтэйгээ харилцах харилцаа хандлагатай холбоотой. Эцэг эхчүүд жижигхэн асуудал гарахад л зоддог, аливаа ялихгүй зөрчил маргааныг хүчирхийллийн замаар шийддэг. Гурав дөрвөн хүүхэдтэй болчихсон, 30-40 гаруй насны эцэг эхчүүд хүүхэд хүмүүжлийн талаар мэдлэггүй хэрнээ уншиж судлахгүй байна. Бүхнийг мэддэг юм шиг аашлах юм. Монголчуудын уламжлалт хүүхэд хүмүүжүүлэх арга ухаанд ч, орчин үеийн хүүхэд хүмүүжүүлэх арга барилд ч суралцаагүй байна.

Ер нь бага насандаа эцэг эхтэйгээ ойлголцоогүй хүүхэд өсвөр насандаа бүр л хөндийрдөг. Ингээд эцэг эх хүүхдийн харилцаанд ан цав үүснэ. Улмаар хүүхэд бусдын нөлөөнд автна. Хорт зуршилд татагдана гэж ойлгож болно. Халуун дулаан уур амьсгалд өссөн хүүхэд бол тэр бусдын нөлөөнд автаад байдаггүй. Хүүхдээ хүмүүжүүлэхэд иргэд цаг зав хангалттай гаргах хэрэгтэй.

-Эцэг эхчүүд хүүхэдтэй харилцахдаа гаргаж байгаа гол алдаа нь юу байна вэ. Хэрэгцээг нь хангаж өгчихөөд л орхидог дутагдал манайд нийтлэг ажиглагддаг. Энэ талаар та юу зөвлөх вэ?

-Анзаараарахад эцэг эхчүүд хүүхдийнхээ биет

хэрэгцээг нь хангаж өгчихөөд ярилцахгүй хаячихдаг. Дэвтэр үзгийг нь авч өгөөд л “сур” гээд орхичиж байна. Таны хүүхэд ганцаардсан байна уу, сэтгэл зүйн тал дээр ямар нэгэн асуудал гарч байгаа эсэхийг анхаарч байх нь чухал. Хүүхдэдээ цаг гаргаж ойрхон ярилцаж байж л ойлголцоно. Таны гэрт халуун дулаан уур амьгал бүрдэнэ. Аливаа бэрхшээлийг даван туулах сэтгэлийн хатыг хүүхэд гэр бүлийн хүрээнд олж авдаг. Энэ талаар эцэг эхчүүд асар бага мэдлэгтэй байх юм. Биет хэрэгцээнээс илүү хүүхдийг ойлгож ярилцах нь чухал.

Бага насандаа эцэг эхтэйгээ ойлголцоогүй хүүхэд өсвөр насандаа бүр л хөндийрдөг гэдгийг дахиад онцолъё. Хүүхэдтэйгээ ярилцахгүй, ойлголцохгүй байснаар ан цав үүснэ.

Нөгөө талаар хүүхэдтэйгээ ойлголцож ярилцаагүйн улмаас таны хүүхэд насанд хүрсэн хүмүүстэй танилцана. Зөвлөгөө авна. Тухайн этгээд хэн ч байж болно. Улмаар бэлгийн хүчирхийллийн хохирогч болох эрсдэл хажууханд нь байдаг. Өсвөр насны хүүхдүүд амиа хорлоход хүргэдэг нэг шалтгаан нь энэ гэж ойлгож болно.

-Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой дуудлага мэдээлэл өссөн үзүүлэлт гарсан байна лээ. Хүүхдүүдэд хэрхэн нөлөөлж байна вэ?

-Хүчирхийлэл нэмэгдсэн дөрвөн том шалтгаан нөлөөлсөн. Коронавирусийн халдварын тархалттай холбоотойгоор хүний энгийн амьдралын хэв маяг өөрчлөгдөж байна. Үүнтэй холбоотойгоор стресттэж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдэхэд хүргэж байна.

Мөн үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор айл өрхүүдэд санхүүгийн асуудал үүсч байна. Хүчирхийллийн дуудлага мэдээлэл нэмэгдэхэд нөлөөлсөн нэг шалтгаан нь энэ.

Иргэд гэрийн хорионд байхаар ахуйн хүрээний архидалт нэмэгдэж гэр бүлийн эсрэг гэмт хэрэг үйлддэг асуудал гарч байгаа юм.

2019 оны мөн үетэй харьцуулаад харахад гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээлэл 50 орчим хувиар өссөн ч нөгөө талаараа энэ төрлийн гэмт хэрэг буурсан үзүүлэлт харагдаж байна.

Манайд гэр бүлд үүсч байгаа жижиг маргааныг эвийн аргаар шийддэг соёл нийгмийн хандлагыг бий болгох хэрэгтэй байна.

Гэр бүлд өдөр бүр л асуудал үүсдэг. Тэр болгонд л уурлаад сөрөг харилцаа үүсгээд байж болохгүй. Үг болгоныг өлгөж аваад хэрүүл болгоод байх хэрэггүй. Манайд хоолны давс бага байна гээд л эхнэрийнхээ хөмсөгийг сэтэртэл нь аягаар шидсэн хэрэг шалгагдаж байна. Хоолны давс бага байна гэдэг уурлахаар асуудал огт биш. Давсыг нь нэмээд идчихэж болно шүү дээ.

-Хүүхэдтэйгээ хөндлий харилцаатай, таарамж муутай байгаа бол хаана хандах нь илүү үр дүнтэй вэ?

-Гэр бүлийн зөрчилтэй, ойлголцохгүй байгаа асуудлаар сэтгэл зүйчид хандах нь зөв. Үл ойлголцол даамжирсан, удаа дараагийн давтамжтай, бие биедээ гэмтэл учруулсан бол цагдаагийн байгууллагад хандах хэрэгтэй.

Зөрчил маргаанаа эвийн аргаар шийдээд сурчихвал таныг харж буй хүүхэд ч таныг л дуурайна. Харин гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгддэг орчинд өссөн хүүхэд ирээдүйд хүчирхийлэгч болох магадлал өндөр.

Хүн хоёр том боловсролыг эзэмшдэг. Нэг нь боловсролын системээр олж авч байгаа боловсрол. Нөгөө нь гэр бүлийн хүмүүжил. Хүмүүжил бол тэр хүүхдийн нэрийн хуудас байдаг. Та хүүхдээ ирээдүйд сайн хүн болоосой, баялаг бүтээгээсэй гэж хүсэж байгаа бол англи хэл сур, энийг хий, тэрийг хий гэхээс илүү зөв хүн болгох, зөв сэтгэлтэй болгох, хүнийг хүндэлдэг, сэтгэл зүйн хаттай, аливаа бэрхшээлийг даван туулах чадвартай, өрсөлдөх чадвартай хүн болгож хүмүүжүүлээрэй. Аяндаа тийм хүн болгож төлөвшсөн хүн гэмт хэрэг үйлдэхгүй, буруу зүйлд татагдахгүй, өөртөө итгэлтэй, сурахыг эрмэлздэг, мөрөөддөг, амьдралаа төлөвлөхийг зорьдог.

Харин нэгэнт хохирогч болчихсон, ийм хүмүүжлийг авч чадаагүй хүүхэд бусдад уруу татагддаг, улмаар гэмт хэрэг үйлддэг, хохирдог, холбогддог. Хүүхдийн гэр бүлийн боловсрол олгох тал дээр өөрөө үлгэр жишээ байгаач, хүүхдээ хамгаалаач гэдгийг онцолъё.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *