Categories
мэдээ цаг-үе

Б.Жаргалсайхан: Ноолуураар яагаад улс төр хийгээд байна, Ч.Улаан сайд аа

Бүгд найрамдах намын дарга Б.Жаргалсайхантай ярилцлаа.


-ШИНЭ эвсэлд танай нам орсон. Энэ эвсэл улс оронд ямар хэрэгтэй вэ?

-Бидэнд хоёрхон зам байгаа. Нэг нь коммунизмын хөгжлийн замаар явж, төрийн мэдэлд өмчүүдээ татаж аваад, төр бүх юмыг шийдэх. Нөгөө нь зах зээлийн эдийн засаг, чөлөөт ардчилсан нийгмийн байгуулах. Энэ хоёрын алийг нь сонгох вэ. Би бол зах зээлийг нь сонгож байна. Гэхдээ зах зээлийн нийгэм нь илүү социалист тал руугаа байх хэрэгтэй. Том том ордууд бидэнд бий. Үүнийг хэн нэгэн Дорж авч болохгүй. Энэ ордуудын олсон ашгийг бүгдээрээ хүртэх ёстой. Харин энүүгээр мөнгө босгоё гэж байгаа бол олон улсын бирж дээр хувьцаа гарга. Тэгээд хөгжлийн том сан байгуул. Тэрнээс би Эрдэнэбилэгтэй нийлж хуйвалдаад Эрдэнэтийг аваад явъя гэсэн бол болох л байсан. Эрдэнэбилэг үхчихвэл яах юм. Энэ ордуудаа зараад гадагшаа банкинд хийчихээд нас барчихвал яах вэ. Энэ олон ажилгүй залуучууд яах юм. Би нээх коммунизм хүсээд байгаа даа биш шүү дээ. Энэ том төслүүдийг олон хүний нийгмийн асуудлыг шийдэх замаар эргэлтэд оруулъя гэж яриад байгаа. ШИНЭ эвсэл олигтой суудал аваад засаг барилцах хэмжээнд очих хэрэгтэй байна. Би ганцаараа сонгогдоод яах юм. С.Жавхлан шиг л юм болно шүү дээ.

-“ШИНЭ” намын дарга Ж.Батзанданг сүүлийн үед олон нийт “попрогч” гэж хардаг, үнэлдэг болчих шиг. Та түүнийг яаж үнэлдэг вэ?

-ШИНЭ” намын дарга Ж.Батзандан улс төрд орж ирээд арав гаруй жил болчихлоо. Хөдөлгөөн байгуулахаас эхлээд маш их тэмцэж ирсэн. Өнөөдрийг хүртэл тэмцэж байна. Хоёрдугаарт, тэр элдэв эрүүгийн гэмт хэрэг, хууль бус юманд оролцож байсангүй. Үүгээр нь хүндэлж, үнэлж байгаа хэрэг л дээ.

-Та Чингэлтэй дүүргээс нэр дэвших гэж байна уу?

-Чингэлтэй, Сүхбаатар, Баянгол гурвын нэг дээр нь нэр дэвшинэ. Хуралдаж байгаад л шийднэ дээ. Энэ тойргууд дээр өрсөлдөх сонирхолтой хүмүүс манай эвсэлд их байна шүү дээ.

-Сонгуульдаа хэр бэлдэж байна вэ?

-Сурталчилгааны материалаа л өгнө дөө. Намайг сонгох эсэхээ ард түмэн өөрсдөө мэдэг. Ер нь эцсийн бүлэгт улс төр гэж юу юм бэ.

Би өнөөдөр өөрийгөө бодоод зовлонгүй л амьдармаар байна. Их хуралд ороод юу ч хожихгүй шүү дээ.

-Тэгээд яагаад нэр дэвшихээр болов?

-Төрийн бодлогыг нь өөрчлөөд зөв болгоод өгчих юмсан гэж бодож байна. Яаж зөв болгохыг нь мэдэж байгаа. Хүмүүстээ мөнгө өгч, хүмүүсээ мөнгөтэй болго. Тэгэх юм бол зах зээл бий болж хөгжинө. Мөнгөгүй бол мянган байшин бариад, мянган машин авчирч зарах гээд нэмэргүй. Хүмүүсийг яаж мөнгөтэй болгохов. Ажил хийлгэж.

-Яаж ажил хийлгэх вэ?

-Би намынхаа мөрийн хөтөлбөртөө нөөцийн агуулах барих талаар оруулахад Аудитынхан хасчихаж байна шүү дээ. Хүнсний агуулах барина гэхээр хасчихаж байгааг юу гэж ойлгох уу. Дайн болбол яах уу. Ирэх жилээс дайн болж магадгүй. Яагаад гэвэл Хятадыг Европ болон АНУ дарамталж байна. Хятадаас Америкчууд триллион 500 миллиард доллар нэхэмжилж байна. Европууд мөн коронавирусийн алдагдал гээд нэхэмжлэх гэж байгаа. Энэ асуудал улам хурцдана. Оросын ард түмэн босоход бэлэн болчихсон. Эргэн тойрон Хятадыг хянахаар дотроо хөдөлж эхэлнэ. Тэгэхээр бид нар хаачих вэ. Хүнсний нөөцөө бэлдэхгүй бол алуулах байхгүй юу. Тиймээс хүнсний нөөцөө бэлдэх хэрэгтэй. Жилд хэдэн сая төгрөгөөр хүнсний ногоо худалдаж авдаг юм, тэр мөнгөө иргэддээ өгөөд ногоогоо таримаар байна.

-Сүүлийн үед сошиал сүлжээгээр Бүгд найрамдах намын улстөрч гэхээр ганцхан Б.Жаргалсайхан л байна. Ер нь ганц хүний нам гэх зүйлс их яригдаж байна. Шинэ боловсон хүчнээр хүчээ зузаатгах бодол байна уу?

-Манай намаас 180 хүн сонгуульд орох гээд бэлдээд байж байна. Доктор, профессор, сэхээтэн хүмүүсийн төлөөлөл манай намд бий.

-Ноолуурын үнийг 100 мянган төгрөгт хүргэх талаар Засгийн газар ярьж байна. Таны хувьд энэ салбартай нэлээд ойрхон хүн. Ямар санаа бодолтой байна?

-Өнгөрсөн жил ноолуур 60-70 мянган төгрөгийн ханштай байсан шүү дээ. Дэлхийн эдийн засаг хямарчхаад байхад яагаад заавал 100 мянган төгрөгөөр авна, авахгүй гэж яриад байгаа юм бэ. Хөдөө аж ахуйн салбараа ерөөсөө ярихгүй зөвхөн малчны тухай яриад байх юм. Үйлдвэрлэгчид бид нар хүн биш юм уу. Тэгвэл хөрөнгө оруулахаа больчихъё л доо. Үйлдвэрлэгч бид нар өрөнд орон байж яаж 100 мянган төгрөгөөр ноолуур авах юм бэ. Ч.Улаан сайд коронавирусийн энэ хэцүү үед 100 мянгаар үйлдвэрлэл эрхлэгчид биднийг ноолуур ав гэж шахаж байна. Бид нар тэр ноолуурыг аваад яах юм. Одоо хэн ноолууран цамц аваад байгаа юм. Манай компани лав ямар ч орлогогүй зогсчихсон байгаа. Орлого зогсчихсон ч муу ч сайн ч компанийнхаа 500 ажилтанд цалин өгөөд л байж байна. Олон жил хамт ажиллаад ах дүү шиг болчихсон болохоор ажилтнууд маань “Үгүй ээ захирал аа, талхны мөнгө алга, хоолны мөнгө алга” гээд байгаа. Тэгээд энэ хүмүүстээ цалин өгөхгүй гэх юм уу. Энэ дайтай бариад байж байна. Сая ажлын хэсэг дээр энэ талаар ярилаа.

-УИХ-аас ноолуурын үнийн асуудлаар байгуулсан ажлын хэсэгт орж ажиллаж байгаа байх. Тэнд юу гэж ярив?

-Та нар одоо больж үз л гэсэн дээ. Энүүгээр битгий улс төр хий. Коронаг далимдуулж ашиг хонжоо битгий хайгаад бай. Манай улс тийм ч баян орон биш. Жижиг эдийн засагтай, өр зээлтэй хэцүү байгаа. Зөвхөн 2020 оноос гадна 2021 он бидэнд маш хүнд тусна. Одоогийнхоос гурав дахин хүнд тусна. 2023 он хүртэл энэ байдал үргэлжилнэ. Миний харж байгаагаар ноолуур 50 мянган төгрөг байхад болно. 50 мянган төгрөгөөр зарвал бид нар тэр 10 мянган тонныг чинь бүгдийг нь авъя. Гэхдээ та нар 20 мянгыг нь гарга. Бид нар 30 мянгыг нь гаргая. Ингээд бүх ноолуурыг нь авъя. Энэ жил ноолуур авчих юм бол угааж цэвэрлээд складанд л хураана гэсэн үг. Одоо нэг ч гэрээ хэлэлцээр алга. Бүх юм таг зогсчихоод байна. Зургаа, долоо, наймдугаар сард гэрээ хийж чадахгүй бол цаашаа байхгүй. Дараагийн оны гэрээ хэлэлцээр гарна. Энэ жил ноолуураа аваад аятайхан зөв янзлахгүй бол ирэх жилийн ноолууртай нийлээд хоёр оны ноолуур бүгд шалан дээр. Ноолуураар яагаад улс төр хийгээд байна, Ч.Улаан сайд аа. Сонгуулиар гарахын тулд л ийм юм ярьж байна шүү дээ. Ингэж болохгүй биз дээ. Хятадуудыг оруулж ирнэ гээд байх юм. Ч.Улаанаас болоод гурван сая иргэн бүгдээрээ коронавирус тусах ёстой юм уу.

-Ноолуур авахуулах гэж Хятадуудыг оруулж ирэх талаар яриад байгаа юм уу?

-Тийм. Ноолуур зарах гэж хятадуудыг оруулж ирснээс замаа тавиулсан нь дээр биз дээ. Дарханыхаа замыг тавь л даа. Ажлын хэсгийн хуралдаанаар энийг нь хэллээ. Эдийн засаг, коронавирусийг улстөржүүлэхээ болимоор байгаа юм. Үүнийг бодит зүйл гэж авч үзэх хэрэгтэй. Бид нар бүгдээрээ хохирно. Тиймээс энэ асуудалд эвтэй байя. Тэр сонгууль бол тусдаа. Ч.Улаан Сүхбаатараас өөрөө гарахын тулд үнийг нь сагсагнуулаад байна шүү дээ.

-Архангайн ноолуур хэзээ 100 мянган төгрөг хүрч байсан юм гээд л эхэлсэн дээ?

-Хэрвээ ноолуурыг 100 мянган төгрөгөөр бодох юм бол 300 миллиард төгрөгөөр зүүн аймгийн ноолуурыг аваад баруун аймгийг нь хаях юм гэнэ. Баруун аймгийн малчид хүн биш юм уу.

-Зүүн аймгийн ноолуур ер нь сайн уу?

-Үгүй. Сайн муудаа биш. Баруун тийшээгээ малчид ямаагаа тавдугаар сар гаргаж самнадаг байхгүй юу. Тэгэхээр ноолуур шороо тоос ихтэй болдог. Одоо шуурганы цаг шүү дээ. Уг нь ноолуураа бодох юм бол гуравдугаар сар гаргаад самнах ёстой юм. Тэгээд ямаандаа нэмнээ углах хэрэгтэй. Хуучин соц үед тэгж байсан. Одоо тэгдэг малчин алга байна. Хуучин хувцасны хогоор л нэмнээгээ хийчихнэ шүү дээ. Зүүн аймгийн ноолуурын гарц нь 60 хувьтай, баруун аймгийн ноолуур 50 хувьтай гарч байгаа. Яагаад гэвэл орой самнаж байгаа учраас. Ялгаа нь ерөөсөө л энэ.

-Гадны ноолуурууд манайхаас илүү хямд гэдэг яриа байдаг?

-Европын бүх дэлгүүр дотор хэний ноолуур байна вэ гэхээр Хятадынх. Ноолууран цамц Европт хийхээ больж, зах зээлийг нь хятадууд авчихсан шүү дээ. Хятад юанийг ам.доллартай тэнцвэржүүлэх зорилгоор валют болгож, экспортоо нэмэх зорилгоор ноолуурыг хийгээд байгаа байхгүй юу. Юанийг өөрсдөө хэвлэж байгаа. Жишээ нь, Монголбанкинд жилд 10 миллиард ам.доллар цуглардаг болж гэж бодъё. Тэгвэл 10 миллиард ам.долларыг 2700-гаар үржүүлэхээр хоёр их наяд 700 сая болно. Нэгэнтээ арван сая ам.доллартай учраас бид нар гүйлгээндээ таван их наяд төгрөг оруулах боломжтой болж байгаа юм. Өөрөөр хэлбэл, тэр 10 сая ам.долларыг монголчууд төгрөгөөрөө сольж аваад ч тийм их мөнгө авч чадахгүй. Тэгэхээр эдийн засаг өсч, цалин нэмэгдэнэ гэсэн үг. Одоо эд нар гүйлгээнд мөнгө оруулчих юм бол инфляци болчихно гэж айгаад хүмүүст мөнгө өгөхгүй байна. Гүйлгээнд байгаа 12 их наяд төгрөгийг жилийн 18 хувийн өндөр хүүтэйгээр барьж байгаа байхгүй юу. Ингэвэл яаж энэ эдийн засаг цаашаагаа явах юм. Миний буруу байж магадгүй, би тэнэг байж магадгүй. Гэхдээ би энэ хүмүүсийг ойлгохгүй байна. Яг энэ талаас үзэх юм бол Монголбанк, Сангийн яам дээр үүрлэсэн маш том мафийн сүлжээ тогтчихоод байна шүү дээ. Тэнд чинь. Сангийн яам дээр дандаа төсөл, тендерийг хулгайлдаг сүлжээ үүсгэчихсэн. Монголбанк дээр мөнгө хүүлдэг тогтолцоо бий болчихсон. Бүгдээрээ санхүү, зээлийн хоршоо ажиллуулдаг. Өөрсдөө ханш тогтоодоггүй учраас ханшны зөрүүгээр аймар мөнгө хийдэг. Эндээс энэ улс гарч чадахгүй байна шүү дээ. Ингэхээр чинь яаж явах вэ дээ. Бид нар ер нь яах ёстой юм. Үйлдвэр барихаар барьсан гээд унана. Тэгээд би Их хуралд хэлсэн. Өнөөдөр та нар Их хурлаас нэг юм шийдчих ээ. Ерөөсөө Монголд битгий үйлдвэр бариа. Битгий үйлдвэр ажиллуул. Энийгээ тодорхой болгочих гэж хэлсэн. Гадаадынхан 100 сая ам.доллар оруулаад ирэхээр Засгийн газар баталгаа гаргаж өгөөд, хамгаалж хууль гаргаж өгдөг юм билээ. Би монгол иргэн хүн. Монголдоо 100 сая ам.доллар оруулаад гурван үйлдвэр барьчихлаа. Нэг ч төгрөг танай улсаас гараагүй. Одоо та нар хохино гэж байгаа юм уу. Тэгвэл бид нар маргаашнаас эхлээд үйлдвэрээ зарлаа гэж олон улсын бирж дээр албан ёсоор зарлана. Тэгээд л болоо. Заавал эрх баригчидтай хэрэлдээд тэр муу хялгасыг нь авах гээд байгаа юм ерөөсөө байхгүй. Бид нар бас хүн шүү дээ.

-Эдийн засаг 2021 онд их хүндэрнэ дээ. Ёроолдоо хүрэх үү?

-Хүрнэ.

-Сангийн сайд бол ёроолдоо хүрнэ гээд байгаа шүү дээ. Ёроол гэж юу вэ?

-Зэсийн үнэ эрчимтэй унаж байна. Удахгүй нүүрс унана. Төмрийн хүдэр унаж байна. Ноолуур бол 20-30 мянган төгрөг л болчихсон шүү дээ. Эд нар 100 мянга болгоно гээд улс төр хийгээд байгаа болохоос. Ингэхээр манай орлого шууд тав дахин уначихаж байгаа байхгүй юу. Дээрээс нь төсвийн орлого 500 сая ам.доллар дээр буучихаж байна. 1990 онд манай төсвийн орлого 500 сая ам.доллар байсан. Одоо бидэнд дөрвөн миллиард ам.долларын нөөц байгаа. Тэр нь барьцаанд байгаа. Бид нар авч чадахгүй. Юу гэхээр өрийн барьцаанд байгаа байхгүй юу. Бид нар Чингис бондын өрийг энэ жил, бас хойтон жил төлж дуусгах ёстой. Тэгээд дээрээс нь Самурай бонд гээд зүгээр сөнөж байгаа байхгүй юу.

-Ирэх жил зээлээ төлнө. Алт хөтөлбөр яах бол?

-Алт жаахан явна. Гэхдээ алтаа олигтой авч чадахгүй л дээ. Уг нь алтаа авбал боломжтой. Одоо нэг арга байна. Нефтийн үнэ уначихлаа. Яг энэ чигээр нь битгий хөдөлгө. Харин нефтийн компаниудын онцгой татварыг 200 хувиар нэм. Яагаад гэвэл нефть гурав дахин уначихаад байгаа учраас. Тэгээд тэр мөнгөөрөө ажил нь уначихсан хүмүүсээ санхүүжүүл. Хий дэмий бензиний үнийг нэмж, хассанаар юу өөрчлөгдөхгүй шүү дээ.

-Коронавирус бол нэг асуудал. Коронавирусийн дараа нэг том вирус ирж яваа. Энэ бол эдийн засгийн хямрал гэдэг вирус. Тэгэхээр үүнээс улбаалж дэлхийн эдийг засаг шинэ хуваарилалтад орж, өөр системд шилжих талаар зарим судлаачид үзэж байгаа?

-Дэлхий нийтээрээ нийгэм улс төр эдийн засгийн шинэчлэлтийг хийх гэж байна. Загварчлалуудыг өөрчлөх гэж байна. Дэлхий глобалчлагдаад байна гэсэн явж явж Хятад, Орос, Арабууд хожжээ. Нөгөө технологи үйлдвэрлэгч, ертөнцийн хөгжлийг бий болгоод байгаа айлууд нь маш их хохирч. Одоо европууд харамсаж байна. Маш олон үйлдвэрүүдээ Хятад руу нүүлгэснээс болж залуучууд нь тэр чигээрээ ажилгүй болчихсон байна. АНУ асар олон үйлдвэрүүд нь хаагдаж иргэд нь ажилгүй болчихсон. Глобалчлал гэдэг энэ загвар биш юм байна. Үүний оронд ямар загвар бий болгох вэ гэдэг коронавирусийн дараа явагдах нь байна.

-Таны харж байгаагаар эдийн засгийн ямар загвар руу дэлхий шилжих вэ?

-Ер нь амь амиа бодоцгооё. Чаддаг нь чаддагаараа амьдаръя гэдэг загвар руу илүү явах болов уу даа. Тэрнээс Монгол ардчилсан улс болсон Монголын ардчиллыг дэмжье гээд мөнгө өгдөг энэ систем дуусгавар болох юм шиг байна. Дээр нь эдийн засгийг тогтворжуулж, тэнцвэржүүлж явах асуудал байна. Импорт, экспорт хоёр тэнцэж явж байх тогтолцоо руу шилжих байх. Жишээ нь, Хятад асар их бараа үйлдвэрлэчихээд зээлээр ч болтугай өгөөд байдаг. Гэтэл нөгөө айл нь тэрнээс болж аж үйлдвэр, эдийн засаг нь унаад байгаа юм. Тэгвэл Хятад арван төгрөгийн экспорт АНУ-руу хийсэн бол зөрүүлээд 10 төгрөгийн импорт хийх ийм тогтолцоо руу шилжих байх. Мөн дэлхий нийтээрээ бэлэн мөнгө гэдэг зүйлийг гүйлгээнээсээ авч хаяна. Дижитал мөнгө рүү шилжихэд бэлэн болсон. Ингэснээр мөнгөнд хяналт бий болгох, буюу хүн болгоны мөнгө дээр хяналт тавих боломжийг бий болгох гэж байна. Энэ нөхцөлд хар мөнгө, хар эдийн засаг арчигдана гэсэн үг. Хятадын дарга нар асар их мөнгө хулгай хийсэн. Тэр мөнгөө Монголд оруулж ирж маш их угаалаа шүү дээ. Ноос, ноолуур, мах шөл худалдаж авч мөнгө угаасан. Энэ байдал үгүй болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *