Азийн олимпийн зөвлөлөөс 2030 оны Азийн зуны спортын наадмын төлөө өрсөлдөхөөр мэдүүлгээ ирүүлсэн хотыг саяхан зарлав. Энэхүү өрсөлдөөнд оролцох хүсэлтээ илэрхийлээд байсан Филиппин, Энэтхэг, Узбекистан улсууд нэрээ татаж, Катарын нийслэл Доха, Саудын Арабын нийслэл Рияд хотууд халз тулахаар болжээ.
Сонирхолтой нь Саудын Араб нь Катарыг терроризм санхүүжилдэг гэх шалтгаар 2017 оноос хойш хоорондын харилцаагаа тасалж, түүнийг нь тус бүс нутгийн Арабын Эмират, Бахрейн, Египет зэрэг орон дэмжсээр байгаа юм. Ийм улс төр, гадаад харилцаа хүйтэрсэн цаг үед тэд спортын тавцанд өрсөлдөхөөр үлдлээ. Доха хот спортыг улсынхаа имиж болгохоор зорьж, анх 2006 онд Азийн XV наадмыг зохион байгуулж байлаа. Улмаар бараг бүх спортоор дэлхий, тивийн түвшний тэмцээнийг хүлээн авч, хамгийн сүүлд 2019 онд хөнгөн атлетикийн ДАШТ, Дэлхийн элсний спортын наадмыг тус тус амжилттай явуулсан.
2022 оны хөлбөмбөгийн ДАШТ (FIFA World Cup)-ий эзнээр тодорч, бэлтгэл ажлаа хангасаар байгаа юм. Тэдний өрсөлдөгч Саудын Арабт шашны хууль дүрмээ хатуу баримталдаг, гадаадынханд төдий л нээлттэй биш учраас олон улсын уралдаан тэмцээн бараг хүлээж авдаггүй. Ноднингоос л ийм чиглэлд анхаарч, хүнд жингийн боксчин Энтони Жошуа-Энди Руиз нарын тулааныг нутагтаа явуулсан төдийгүй 2027 оны Азийн хөлбөмбөгийн АШТ-ий төлөө нэрээ дэвшүүлсэн юм. Улс орноо хөгжүүлэх “Saudi Vision 2030” хэмээх урт хугацааны хөтөлбөр дэвшүүлсний хүрээнд ийнхүү Ази тивийн спортын хамгийн том наадмыг зохион байгуулахаар тэд хүсэлтээ өргөн бариад байна. 2030 оны Азийн наадмын хотыг арваннэгдүгээр сарын 29-нд Хятадын Санья хотноо хуралдах Азийн олимпийн зөвлөлийн конгрессоос зарлах болно. Сонирхуулахад, манай тивийнхний наадам 2022 онд өмнөд хөршийн Ханжоү, 2026 онд Японы Аичи-Нагоя хотуудад явагдах билээ.