“Танайд өнжье” булангийнхаа энэ удаагийн дугаарт сайн үйлсийн аян, хүмүүнлэгийн ажлаараа олны дунд “Халуун сэтгэл”-ийн Сараа хэмээн нэрлэгддэг З.Сарантуяагийнд өнжлөө. Тэрээр “Хамтын халуун сэтгэл” төрийн бус байгууллагын тэргүүнээр ажилладаг билээ. Ингээд товлосон цагтаа хаалгыг нь тогшиход “Сайн байна уу. Өө бид хэд зуслан гарчихаад сая орж ирлээ. Араас хамаатнууд маань ирнэ гээд хоол унд бэлдээд гоё хувцсаа ч өмсөж амжсангүй” хэмээн хошигнон угтав. Дөрөв орчим настай охин нөгөө өрөөнөөс ном барьсаар гүйж ирээд “Ээж ээ, багшийн өгсөн номыг будаад дуусчихлаа. Одоо юу хийх вэ. Би найзуудтайгаа хамт цэцэрлэгтээ очиж болохгүй юм уу” гэхэд ээж нь “Миний охин хайчилбартай номоо аваад аавдаа оч. Ээж нь зочинтой байна” гээд духан дээр нь үнсээд явуулав. Зочны өрөөнд ой хүрээгүй бололтой бас нэг жаал хүү аавтайгаа тоглож харагдана. Гэрийн эзэгтэй Сарантуяа буюу Сараа “Карантинтай болохоор хүүхдүүд гэртээ бүр уйдаад байх боллоо.
Цэцэрлэгээс нь хайчилбартай, тооны мэдэгдэхүүнтэй, хүндлэх, мэндлэх ёсны талаар гурван ном өгсөн. Энэ номнуудыг л охин бид хоёр дуусгаж хаврын уртыг давж байна даа” гэсээр цааш оров. Бидний яриа түүний нутаг уснаас эхэллээ. Сарантуяагийн аав Ч.Зоригтсайхан Архангай аймгийнх, ээж Б.Оюунчимэг Говь-Алтай аймгийнх. Харин өөрөө Сэлэнгэ аймгийн Ерөөө сумын Бугант тосгонд төрж өссөн байна. Эцэг, эх нь эгэл уурхайчин хүмүүс.
БУГАНТ ТОСГОНООС ДАРХАН ХОТЫГ ЗОРЬСОН ШИЛЭН ТИРКОТОЙ ГАНГАН ОХИН
Тухайн үед Бугант хамгийн их оросуудтай, алтны уурхай тосгон байжээ. Орос сургууль, цэцэрлэг ч их байсан аж. Дүү нь орос цэцэрлэгт явдаг байж. Бага насныхаа талаар Сараа “Би орос цэцэрлэгт яваагүй ч сонирхолтой амьдралыг багадаа туулж өнгөрүүлсэн. VII ангиа төгсдөг жил алтны уурхайнуудын нөөц дуусаад хаагдсан учраас сум ч эл хуль болж эхэлсэн. Тиймээс дүү бид хоёрыг эцэг, эх маань Дарханы сургууль руу шилжүүлсэн. Дарханд дунд сургуулиа төгссөн дөө. Хэдийгээр гурван жил сурсан ч гэсэн хүний амьралд хэзээ ч мартагдахааргүй дурсамжтай үе юм шиг санагддаг. Дарханд анх ирээд сургуульд явсан чинь ганцаараа шилэн тиркотой, туфльтэй ирж билээ. Хүүхдүүд их гайхаад хаанаас ирсэн юм, гадаадаас ирсэн юм уу гэж ирээд л их шалгааж билээ. Уг нь сумын бүр тосгоны охин хот бараадаж ирсэн ухаантай. Харин Дарханы хүүхдүүд дүрэмт хувцас дээрээ трапизан өмдтэй, пүүзтэй байсан. Яахав, манай тосгонд оросууд их байсан учраас бараа бүтээгдэхүүн элбэг, илүү хөгжилтэй байсан санагддаг” хэмээн дурсамжаа хуваалцав. Ингээд Сараа дунд сургуулиа төгсөөд МУИС-д Гадаад харилцаагаар сурахаар шалгалт өгөөд тэнцсэн боловч аав нь түүнд арай өөр санал тавьж. Түүний аав “Миний охин хятад хэл ирээдүйд англи хэлний дараа орох чухал хэлд тооцогдох болно. Тиймээс охин минь Хятад руу явж сурах уу” гэж асуусан байна. Сонголтоо хийчихсэн Сараагийн хувьд сонин сонон санагдсан учраас аавынхаа саналыг ч төл удалгүй эрдэм сурахаар Хятадыг зорьжээ. Тэрээр Хятадад Улс төр судлалаар дөрвөн жил мэргэжил эзэмшээд эх орондоо ирсэн байна. 2009 онд сургуулиа төгсөж ирээд дахин Америкт улс төр судлалаар хоёр жил мэргэжил дээшлүүлжээ. Хятадад амралтаа эх орондоо ээж аавдаа хааяадаа ирчихдэг байсан бол Америкт бол жинхэнэ биеэ дааж хар бор ажил хийж сурсан тухайгаа ярилаа. Тэрээр “Америкт ээж, аав араас очих боломжгүй. Тиймээс ёстой л биеэ дааж сурсан. Олон ч ажил хийж үзэж, их ч юм сурсан. Америкт хоёр жил сурсан хугацаандаа хийж буй ажилдаа хэрхэн чин сэтгэлээсээ хандах, цалин олгож байгаа хүнд талархаж сурах гэдгийг ойлгосон доо” гэв. Тэрээр багадаа орос хэл сурсан бол одоо хятад, англи хэлтэй. Нийгмийг түүчээлж яваа залуу эмэгтэйчүүдийн нэг ажээ.
УЛС ТӨРӨӨС ХҮМҮҮНЛЭГИЙН САЛБАРТ ДУРЛАСАН ТҮҮХ
Гадаадаас эрдэм өвөртлөж ирээд гадны хөрөнгө оруулалттай компанид ажилд орсон хэдий ч хүсэл сонирхолтой нийцээгүй учир өөр сонголт хийхээр шийдэж. Ингээд улс төрийн чиглэлээр хэсэг ажиллаж байгаад 2012 онд “Лантуун дохио” ТББ-ын Ч.Ганжавхлантай танилцаж хамтарч хүмүүнлэгийн чиглэлээр ажиллах гараагаа тавьж байсан түүхтэй. Тэд нийгэм рүү чиглэсэн юу хийх үү гэж ярилцаж байгаад анх эмзэг бүлгийн хүмүүст хувцас тараах ажил зохион байгуулсан нь цаашид ажиллах урам зориг, итгэлийг өдөөсэн гэнэ. Ингэж л улс төрөөс илүү хүмүүнлэгийн ажлыг сонирхох болжээ. Ганцхан өдрийн дотор иргэдээс 1500 хүний багц хувцас цугларчээ. Арванхоёрдугаар сард гадаа ид жавар тачигнаж байсан ч сэтгэлдээ халуун сэтгэл, баяр хөөр тээсээр хотын дөрвөн чиглэлд зорилго нэгтэй нөхдийн хамт өдөржин явж хандиваа тараажээ. Нийгэмд хамгийн өргөн хүрээг хамарсан анхны хандивыг ингэж зохион байгуулж түүнээс хойш хэдэн мянган ажил зохион байгуулж нийгэмд сайн үйлсийн аян, хандив, хүмүүнлэгийн ажил гэдэг ойлголтыг өгсөн нэгэн билээ. Шавилхан биетэй ч сайхан сэтгэлээр олон мянган айлыг гэрэлтүүлж чадсан хэмээн найз нөхөд нь ихэд хүндэлнэ.
Сайн дурын багийнхантай
САЙХАН СЭТГЭЛТ САРАА НӨХӨДТЭЙГӨӨ 400 ОРЧИМ АЙЛЫГ ГЭРТЭЙ БОЛГОЖ, 30 МЯНГАН ХҮҮХДЭДБЭЛЭГ ТАРААЖЭЭ
Сонгинохайрхан дүүрэгт нэгэн эмээг баярлуулсан нь бас л сонирхолтой түүх. Уг эмээ хүнд өвчтэй охиноо асрахын хажуугаар бяцхан зээгээ харна. Гэр нь хэзээ мөдгүй нурж унахын туйлд хүрч. Харин эмээ өөрөө өглөө гараад шил, лааз түүж орой орж ирнэ. Ингэхдээ 90 мянган төгрөгөөс дээш мөнгө олсон байх ёстой. Учир нь охиндоо өдөрт 90 мянган төгрөгөөр эм тариа авч өгдөг байж. Хөндлөнгийн хүн харахад энэ өндөр настай хүн яаж тэр их мөнгийг олдог байсан гэмээр хэмээн Сараа хоолой зангируулав. Түүний ачааг хөнгөлөхийн тулд “Лантуун дохио” ТББ-ын Ч.Ганжавхлантай хамт гэр босгож өгөхөөр аян зохион байгуулж. Эмээд амлаагүй ч тав хоногийн дотор шинэ гэр авч өгч чаджээ. Үүнээс би ганц л зүйлийг ойлгосон. Хэрвээ хүн хүсээд сэтгэл л байх юм бол хэнд ч тусалж, юу ч бүтээж чаддаг юм байна гэдгийг ойлгож авсан” хэмээн яриад одоо болтол тэр эмээтэй холбоотой байгаа гэдгээ хэлэв. Энэ эмээгээс гадна тав, зургаан эмээг жилийн дөрвөн улирал “Хамтын халуун сэтгэл”-ийн залуус эргэж тойрдог байна. Ер нь өнгөрсөн хугацаанд шинэ жил, хүүхдийн баяр, хичээлийн баяр зэрэг баяруудад 30.000 гаруй хүүхдэд бэлэг тарааж өгсөн бол 400 орчим айлыг өөрийн гэсэн орох оронтой болгожээ.
Түүний ярьснаар тусламж нүдээ олох чухал. Анх сайн үйлсийн аян эхлүүлж байхдаа туршлагагүй байсан. Хүнд амьдралтай айлд очиж уулзчихаад сэтгэл их өвдөж юм л бол уйлчихдаг байсан хэмээн хөгтэй ч гэсэн гашуун үнэнээ тэр хуваалцлаа. Анхны тусалж байсан арваад айлд хүнийг нь бус хүүхдүүдийг нь бодож тусалж. Тодорхой хугацааны дараа яваад очиход бахь байдаг хэвээрээ, босгож өгсөн гэрийг нь архинд зараад уучихсан тохиолдол гардаг гэнэ. Ялангуяа ганц бие өвөө нар хэцүү. Ганц бие эмээ нарт жаахан туслаад дэмжээд өгчихөд цаашаа өөрсдийгөө болгоод явах нь ч байна. Харин өвөө нараас эрэгтэй хүн арай л сэтгэлийн хат муутай юм уу даа гэх зүйл ажиглагддаг. Авч өгсөн гэрийг нь архинд тавиад уучихна. Эсвэл үр хүүхэдгүй гээд гэр орон авахуулчихдаг. Дараа нь очиход хүүхэд нь гарч ирээд гэрийг нь зараад үрэн таран хийгээд гудамжинд гаргачихсан байх жишээтэй. Өрх толгойлсон олон зуун ээж, эмзэг бүлгийн олон зуун айлд туслаад хоёр жилийн дараа эргээд очиход яг л өмнө угтсан шигээ байж байдаг нь бишгүй гэнэ.
М.Цэцэнгоо охин буурал өвөө Дархан аварга Х.Баянмөнхийн хамт
ДАРХАН АВАРГУУДЫН ДАРХЛАГДСАН БЭР
З.Сарантуяагийн ханийг Б.Магнай гэдэг. Хоёр хүүхэдтэй. Том охин Цэцэнгоо гурван нас найман сартай бол хүү Түшиг есөн сартай юм байна. Хэдий залуу хүмүүс ч хүүхдийнхээ бүхий л зүйлд ярилцаж, анхаарал хандуулдаг байна. Хүний нэр хувь заяаг тодорхойлдог гэдэг утгаараа цэцэн цэлмэг ухаантай, гоо үзэсгэлэнтэй байхыг бэлгэдэж Цэцэнгоо гэдэг нэрийг аав нь түүнд хайрлажээ. Харин ганц эгчдээ, ирээдүйд эхнэр хүүхдэдээ, цаашлаа олон түмэнд түшигтэй нөмөр нөөлөгтэй яваасай гэсэн үүднээс Түшиг гэдэг нэрийг хүүдээ ээж нь хайрлажээ. Харин нөхөр Магнай Бизнесийн удирдлагаар АНУ-д төгссөн. Багаасаа гадаадад амьдарсан болоод ч тэр үү их чөлөөт сэтгэлгээтэй. Одоо бизнесийн салбарт ажилладаг. Тэрээр гэргийнхээ нийгмийн идэвхийг дэмждэг учраас “Хийж буй зүйлийнхээ төлөө хэзээ ч шантрахгүй биз дээ” гэсэн ганц л зүйлийг захидаг байна. Харин Сараа “Ингэж хэлэхэд нь би ханийгаа миний хийж буй ажлыг дэмждэг учраас намайг улам хурцалж байна гэж ойлгодог ш дээ” хэмээн нөхөр рүүгээ инээмсэглэн харав. Нийгмийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж явахын хажуугаар нэртэй хүний зүстэй хүүгийн эхнэр гэх үүргийг чамгүй сайн биелүүлж яваа нэгэн. Гэрийн эзэн Магнай нь Монгол Улсын дархан аварга Хорлоогийн Баянмөнхийн зээ хүү, дархан аварга Агваансамдангийн Сүхбатын ууган хүү билээ. Хэдийгээр Магнай аав, өвөө шигээ барилдаж бэлтгэл хийгээд байдаггүй бизнесийн салбарт ажиллаж яваа ч хүссэн хүсээгүй бөхийн спорттой салшгүй холбоотой аж. Наадам, Цагаан сарын бэлтгэл гээд хаана ч бөхийн гал гарна тэнд очихоос ч аргагүй байдаг бололтой. Эхнэр Сараа “Манай нөхөр учиргүй зодог шуудаг өмсч барилддаггүй. Сонирхол бага ч гэсэн сая хүүгээ төрсөн чинь чихийг нь харчихаад бөх болох нь, аав нь хүүгээ бөх болгоно гэж ярьдаг байгаа” хэмээн гэрээр дүүрэн инээд болов. Биерхүү, хулгар чихтэй, шөрмөстэй гээд яах аргагүй бөхийн шинжтэй хэмээн ээж, аав нь хүүгээ өхөөрдөх. Тэд Баянмөнх аваргыг “Буурал аав” гэж хүндэлдэг байна. Буурал аав эрүүл мэндийн шалтгаанаас болоод ойрын хэдэн жил гадаадад байсан болохоор гэртээ золголт хийгээгүй. Ард түмний хүн их аварга болохоор Цагаан сараар золгохоор очиход зөндөө хүн зочилдог. Олны хөлд дарагдаад тэр ядаргааг нь гаргах гэж бид бараг хоёр сар эмчилгээ сувилгаа хийлгэдэг хэмээн ярив. Гэтэл дээр нь энэ жил цар тахал гээд гэрээсээ ч гараагүй уйтгартай, бууз салатаа хийж идээд гэртээ өнгөрөөсөн нь их сонин байсан шүү хэмээн гэрийн эзэгтэй хэлэв.
“Хамтын халуун сэтгэл”-ийн тусалдаг эмээ нар
УЛААНЧУЛУУТЫН 60 ГАРУЙ ИРГЭНИЙГ БИЧИГ БАРИМТТАЙ БОЛГОСОН Ч ХОЁР ЖИЛИЙН ДАРАА ОЧИХОДЭНЭ ТОО 200 БОЛСОН БАЙЖЭЭ
Тэрбээр эмзэглэж явдаг зүйлийнхээ талаар нэлээд яриа дэлгэв. “Төр нь иргэнээ хаячихсан. Уг нь иргэдийнхээ амьдрах чадварыг бүрдүүлж өгөх хэрэгтэй. Улаанчулуут дээр хэд хэдэн удаа хоол хийж аваачиж өгөхдөө ямар сэтгэгдэл төрсөн гэхээр төр тэр иргэдийг зүгээр хаячихсан санагдсан. Бичиг баримтгүй хүн маш их. Хэдэн малаа алдаад хот бараадаж ирээд хогийн цэг дээр амьдарч байгаа иргэд ч их. Монгол Улсын иргэд шүү дээ. Гэтэл иргэний үнэмлэхгүй, ямар ч бичиг баримтгүй, бүртгэлгүй байх жишээтэй. Тиймээс би 60 гаруй хүний бичиг баримтыг хөөцөлдөөд иргэний үнэмлэхтэй болгож, хэд хэдэн хүүхдүүдийг төрсний гэрчилгээтэй болгосон. Ингэхийн тулд нэлээд явсан. Цайныхаа цагаар л бичиг баримт хөөцөлддөг ажилтай. Гэтэл төрийн байгууллагынхан юу гэж хүлээж авсан бэ гэхээр “Чи энэ хүмүүсийн төлөө яваад юу нь юм. Энэ хүмүүс чинь өөрсдөө гартай хөлтэй биз дээ” гэдэг. Үнэндээ нөгөө хүмүүс нь өөрсдөө хөөцөлдөх гээд явахаар тэр үнэр танараас нь болоод бараг хог хаягдал хайж явж байна гэсэн нүдээр харж хөөж туудаг. Ерөөсөө л ийм. Бүр 60 хүний иргэний үнэмлэхийг авчихаад бөөн баяр болоод явж байхад “Наад хүмүүстээ юунд нь тусалдаг юм. Тэр хүмүүсийн тавилан нь тэр. Тэндээ л дуусна” гэж УИХ-ын гишүүн ч хэлж унтрааж байсан. Иргэдийнхээ төлөө хийх ёстой хүн нь тийм үг хэлсэн. Түүнээс хойш би төрөөс дэмжлэг хүсэхийн ч хэрэггүй юм байна гэдгийг ойлгосон. Энэ олон жилийн хугацаанд мэдэрч байна. Хоёр жилийн дараа нь би дахиад Улаанчулуут дээр очиход бичиг баримтгүй хүний тоо 200 гаруй болсон байсан. Үнэхээр харамсалтай. Мэдээж хүмүүс хотыг нэг л сайхан гээд зориод байна. Гэвч хот гэдэг утгаараа энд өртөг өндөр, хөлөө олох гэж удна. Энэ хооронд сэтгэл санаагаар унаж архинд орно. Бүр амьдрал дордоно. Тийм болохоор иргэд маань ч гэсэн энэ тал дээр сайн бодолцож, шийдвэрээ гаргах хэрэгтэй. Манайхан хот гэдэг үгийг төрийн ордноос урагшаа зайсан чиглэл рүү хэрэгжлүүлж хамруулж яриад байна. Гэтэл бусад хотын зах, хотын бусад бүсийн хөгжил цэцэглэлтийг хаячихаад байх шиг. Хотын захад амьдарч байгаа хүн нийслэлийн үйлчилгээг адилхан л авдаг байх ёстой. Халамжийн бодлого нь хүнээ олохгүй. Хэрвээ энэ цэгцэрчихвэл бид заавал ингэж яваад байх шаардлагагүй. Үүнийг найм, есөн жил ажиллахдаа харлаа. За мянга олон айлд гэр өгөөд, бичиг баримттай болгоод, ямар ч байдлаар туслаад нэмэргүй юм байна. Эргээд очиход яг хэвээрээ. Төр иргэнээ харахаа больчихсон учраас мянга сайхан хүмүүнлэгийн ажил хийгээд нэмэргүй байгаа байхгүй. Одоо хэн дуртай нь хүмүүнлэгийн ажил хийдэг болчихсон. Нүдээ олсон ч харагдаж байна. Гэхдээ залуу хүмүүсийг илүү бэлэнчилэх сэтгэлгээтэй болгож байна. За ажилтай, ажилгүй, нөхөртэй нөхөргүй хүмүүсээс тусламж гуйгаад болчих юм байна гэсэн хандлага сүүлийн үед их ажиглагдах болсон. Тиймээс төр иргэнээ хардаг нийгмийг л бий болгочих юмсан гэж бодох болж байна. Төрийн хийх ажлыг ард иргэд нь нөхөж хийгээд яваад байх юм бол хэзээ ч дуусашгүй” хэмээн ярив. Та улс төр судлалаар мэргэжил эзэмшсэн. Улс төрд орох бодол бий юү гэхэд “Одоо бол үгүй. Магадгүй одоо арван жилд сурч буй бидний ирээдүй санал өгөх насанд хүрэхэд найман жилийн дараа ч юм уу болох юм. Энэ хүүхдүүд арай өөр сэтгэхүйтэй гарч ирнэ гэдэгт би итгэдэг.
Зургадугаар сарын 1-нд алиалагч нарын парад гэж хийдэг байсан. Тухайн үед хэдэн дуу яваад л дуусдаг байсан. Манай “Хамтын халуун сэтгэл” ТББ түүнийг эхний жил 100 хүнтэй болгоод дараа нь 500, 1000 хүний бүрэлдэхүүнтэй парад зохион байгуулаад ирэхээр зарим хүмүүс ирээд “Та нар тэр даргыг ирээд үг хэлтэл хүлээж бай” гэхчлэн өөрсдийн ажилдаа ашиглах зүйл ажиглагдсан байна. Төр бол санаа авахдаа сайн. Эргээд сайн хийж чаддагтай нь хамтрах дургүй. Өөрсдөө төрийн бус байгууллага байгуулаад болсон болоогүй хийдэг гэдгийг их харсан даа” гэв.
Энэ хооронд утас дуугарч Сараа айлчин тосохоор гарах болж бид ч хамт гарав. Харин араас нь охин Цэцэнгоо “Ээж ээ орж ирэхдээ шоколад авч ирээрэй” хэмээн захиас дайгаад амжив. Тэрээр “Карантин гээд гэртээ суугаа хүүхдүүд ийм болж байна даа. Гарах ч эрхгүй. Удахгүй эрх дураараа гарч, орж тоглодог үе ирэх байлгүй дээ” гэсээр бидний зам саллаа.