Өнжихөөр товлосон айлдаа очихоор хотын төвөөс цэцэрлэгт хүрээлэнгийн зүг алхлаа. Жиндүү ч гэлээ урь ирснийг илтгэсэн зөөлөн салхитай өдөр таарсан болохоор үүнийг харж, түүнийг сонирхож явсаар нэг л мэдэхэд зорьсон айлынхаа гадаа ирчихэв. Хаалганы хонх дарахад хорь гаруй насны мэнд устай бүсгүй үүдээ нээж өгч байна. Гутлаа тайлах зуур цаад өрөөнөөс гарч ирсэн эзэгтэй “Өө ямар хурдан хүрээд ирэв ээ. Олоход амархан байгаа биз дээ” гэсээр угтав. Бидний өнжихөөр сонгосон айлын эзнийг Т.Хүүхэнээ гэдэг. Авто инженер мэргэжилтэй, “Таван богд” группт мэргэжлээрээ ажилладаг энэ залуугийн эхнэр нь Дэрэмийн Эрдэнэсувд гэж эмч бүсгүй.
Гэрийн эзэгтэй биднийг самар жимс, ааруул хурууд өрсөн ширээнээ урьснаар яриа хөөрөө эхэллээ. “Аав маань хүүхдийн эмчээр 37 жил ажилласан, Төв аймгийнхан Дэрэм эмч гэхээр андахгүй дээ. Аав минь бурхан болоод удаж байна. Ээж минь Дэмбэрэлийн Булга гэж хүн бий. Ээж манайд амьдардаг юм. Миний ээж бага ангийн багшаар 42 жил ажилласан хүн. Төв аймгийнхан мөн л андахгүй. Ижий, аав хоёр минь амьдралаа хүүхдийн төлөө зориулсан буянтай хүмүүс. Манай хадмын талынхан их өндөр настай, буянтай сайхан улс. Миний хань чинь гурван хүүхэдтэй болтлоо хоёр эмээ, нэг өвөөтэй байсан. Өвөө нь 87 насандаа өөд болсон. Хоёр эмээ нь 92, 97-той сайхан буурлууд бий. Хадам ээж маань аймагтаа гайхагдсан сувилагч. Судсыг харахгүйгээр мэдэрч олдог гэдгээр нь мэдэхгүй хүн гэж үгүй. Хүний амьдрал, хувь тохиол гэж сонин шүү. Саяхан нэг зураг олж харлаа, Төв аймгийн “Анхдугаар таван жил” сониноос. Аав хүүхдийн эмч, хадам ээж маань хүүхдийн сувилагч л даа. Хадам ээж маань аавын үзэж байгаа хүүхдийг тэвэрчихсэн суугаа зураг. Бас нэг үйл явдал санаанаас гардаггүй юм. Нөхөртэйгөө ханилаад шинэ бэр болоод очиход манай хүний өвөө намайг “Манай хоолыг идэх хувьтай хүн байжээ” гэж билээ. Миний сүүг буурал эмээ минь зөөж өгч байсан юм билээ” хэмээн хууч дэлгэв. Гэрийн эзэн, эзэгтэй хоёр зургадугаар ангиасаа үерхэж, сургуулиа төгссөн хойноо гэр бүл болжээ. Гэрийн эзний эмээ нь хүүхдийнхээ сүүг зөөх далимдаа ирээдүйн бэрийнхээ сүүг дөхүүлж өгч явж.
Эзэгтэйн эмээ Бөмбөгөр ногоон теарт сүүдэр шийний хувцас урлаж явсан бол ээж нь Н.Багабандийг Монгол Улсын Ерөнхийлөгч байх үед гавьяат багш цол хүртэж байжээ. Эзэгтэй бидэнд сүүтэй цай аягалах зуураа “Аав минь хүүхдийн эмч байсан ч хүүхэд, томгүй үзэж эмчилдэг байлаа. Ээж минь Монголд ховор хүмүүсийн нэг. 42 жил багшилсан. Сургуулийнхаа урилга заллагаар 67, 68 нас хүртлээ бага ангийн багшаар ажилласан” хэмээн сонирхуулав. Гурван үедээ зургаан эрүүл мэндийн ажилтантай нь эдний удмын том бахархал гэнэ. Эзэгтэйг таван настай байхад нь л аав нь эмч болгоно гээд шийдчихэж. Ямар сайндаа 12 настай жаахан охин математикийн олимпиадад орох эрхтэй болчихоод “Багшаа математик миний амьдралд нэмэр болохгүй. Амьдралд хэрэгтэйгээр нь биологийн олимпиадад оръё” гэж хэвлүүлэх дуржигнуулж байхав.
Шөнө оройгүй дуудлаганд явдаг эмч аав, хичээлээ хийгээгүй сурагчдаа гэртээ авчирч хооллож ундлаад суулгачихдаг ээжийнхээ тухай дотно дурсамж хөврүүлэх бүсгүй “Миний ээж аав хоёр тэр их ажлынхаа хажуугаар хүүхдүүдийнхээ хүүхдийг харч хүмүүжүүлсээр ирсэн мундаг хүмүүс дээ. Хамгийн нялх нь 20 хоногтой, хамгийн том нь нэг сар 15 хоногтой ээж, аав хоёрын гар дээр ирээд сургуульд орохдоо л эмээ, өвөөгийнхөөсөө явж байсан. Хүүхдүүдээсээ гадна найман ач, зээгээ өсгөж торниулсан буянтнууд. Одоо эргээд бодох нь ээ асар өндөр зохион байгуулалттай амьдарч байжээ, аав ээж хоёр минь” гэж хэлээд инээмсэглэв. Байсхийгээд л тас тас хийтэл инээх бүсгүйн гурван хүү харин их дуу зөөлөнтэй юм. Гэрийн эзэн ч гэсэн барагтай бол яриа дэлгэхгүй. Асуулт асуухаар хариулж, эзэгтэйтэй яриа өрнүүлэх үеэр өрөөндөө орж компьютер шагайж, ном сонин эргүүлж харагдана. Хөл хорионы үеэр ажлаа амжуулж байгаа бололтой.
Удсан ч үгүй дунд хүү нь тавагласан хоол ширээнээ өрөв. Биднийг очдог өдөр эзэгтэйн төрсөн өдөр таарсан юм. Хөвгүүд ээжийнхээ төрсөн өдрөөр гарынхаа хоолоор бэлэг барьдаг гэнэ. Эрдэнэсувд хөвгүүдийнхээ хийсэн тефтелийг амтлах зуураа “Манайх 2005 оноос хойш орой махан хоол идэхээ больсон. Гэхдээ өнөөдөр миний төрсөн өдөр учраас арай өөр дэглэм үйлчилж байна л даа. Зочид ирэх гэх мэт онцгой цөөхөн өдрүүдэд л дэгээсээ хазайдаг” гээд инээмсэглэв. Эдний хөвгүүд багаасаа хоол унд хийгээд сурчихсан гэнэ. Гэрийн эзэгтэй нэг удаа долоо хоногоор гадагшаа явахаар болж л дээ. Явахынхаа өмнө арван настай хүүдээ “Миний хүү аавдаа хоол хийж өгөхдөө давхардуулж болохгүй шүү” гэж захихад хүү нь “Долоохон хоногт давхардуулна гэж юу байх вэ дээ” гэсэн хэвлүүлхэн хариу өгч байж. Тэр үед аравтай байсан дунд хүү нь одоо ШУТИС-ийн нэгдүгээр курсийн оюутан болжээ.
Гэрийн эзэн хаа нэг хууч дэлгэхээрээ гэргийнхээ тухай л их ярих юм. Хооллох үеэр ширээнээ суусан Хүүхэнээ “Гэр бүлийн үнэ цэнэ бол итгэлцэл. Итгэлцэлээс бат бөх амьдрал цогцолдог гэж боддог юм. Эхнэртээ эргэлзэж байсан үе надад байхгүй. Манай хүн чинь их дайчин. Ямар ч ажлыг чин сэтгэлээсээ хийнэ. Нэг эхэлсэн л бол заавал ард нь гарч байж сална шүү дээ. Шударга гэж жигтэйхэн. Хүүхэд, настай хүнд бүр онцгой хандана. Манай тал олон настайчуултай. Тэдэндээ эхнэр шигээ хандаж чадахгүй л байгаа юм” гээд инээмсэглэв. Эрдэнэсувд хажуунаас нь “Залуусын хувьд бие бүтэн эрүүл саруул бол сайхан амьдрах бүрэн боломжтой гэж боддог юм. Залуу хүн муу амьдарч байвал залхуугаасаа л болсон хэрэг” гэж байна.
Хооллож дууссаны дараа зочны өрөөний буйдан дээр яриа өрнөв. Зочны өрөөнд хүндэтгэлтэйгээр байрлуулсан хуучны гурван ч авдар харагдана. Нэг нь эзэгтэйн аавын хүнсээ хийдэг авдар байж. Нөгөө нь эзэгтэйн эмээгийн бурханы авдар байж. Ганц ч төмөр ороогүй модоор урласан хуучны тэр жижигхэн авдар дээр бурханаа залжээ. Зочны өрөөний зүүн урд талынх нь гэрийн эзний буурай эмээгийн авдар юм байна. Зочны өрөөний хоймор хэсэгт, телевизорын дээхнэ дөрвөн хүчтэний зураг өлгөсөн нь нарийн утгатай гэнэ. Гэрийн эзэгтэй өнөө зургийн учрыг “Дөрвөн хүчтэний хайранд умбаж суугаа хүн дээ би. Боломж нь гарвал сайн ээж байхыг хичээдэг. Цаг нар бага гардаг болохоор тэр бүр хоол хийж, гэрийн ажилд оролцоод явж амждаггүй юм. Хайрлана гэхээс илүү хайрлуулж амьдардаг” хэмээн хэлээд инээмсэглэлээ. Зочны өрөөний нэг талд гүйлтийн зам байрлуулжээ. Эзэгтэй зураг сонирхуулах зуураа “Хүн эрүүл аж төрөхөд хөдөлгөөн их чухал. Фитнест явахаар цаг зав их авах учраас гэртээ дасгал хийж, гүйх төхөөрөмж авч тавьсан юм. Ер нь сунаж мөргөх ч юм уу, суниагаад байхад л хөдөлгөөнтэй эрүүл аж төрөх бүрэн боломжтой” гэж бодлоо хуваалцлаа. Хагас сайн болгонд ууланд алхдаг, гэр бүлээрээ аялахыг илүүд үздэг, хүү нь сагс тоглодог гэж ирээд яривал эдний гэр бүл спорт, хөдөлгөөнд дурлагчид аж.
Гэрийн эзэгтэй “Би та нарт дуртай өрөөгөө үзүүлье” гээд унтлагын өрөөгөө сонирхууллаа. Орны дээд талд гэрийн эзэн, эзэгтэй хоёрын сурагч ахуйдаа хамтдаа татуулсан зураг харагдана. “Бид хоёрын наймдугаар ангийн зураг. Би нөхөртэйгөө санал зөрөлдөх ч юм уу гомдох, муудах үедээ энэ өрөөндөө орж ирэхээрээ тайвширчихдаг юм. Ийм хар нялхаараа ханилчихаад ингээд яахав гэж бодоод зөөлөрчихдөг. Манай нэг найз бид хоёрыг нэг удаа, та хоёр чинь яслиасаа ярилцаад, цэцэрлэгтээ цэгцрээд, сургуульдаа суусан хоёр юм биш үү гэж билээ” гээд хөгжилтэй инээв. Эрдэнэсувд байх дуртай өрөөндөө баахан дурсамж хөврүүлэв. Долдугаар анги төгсдөг жилээ жинсэн өмд авах гэж цэвэрлэгч хийж эхлээд арваа төгстлөө аймгийн төвийнхөө гуанзанд ажиллаж хөдөлмөрийн амтыг мэдэрсэн, нэг жилийн наадмаар ажлын хөлсөөрөө ээждээ хайрцаг банка авч өгч баярлуулсан, дунд сургуульд байхдаа ямар ч бэлтгэлгүйгээр аймгийн аварга шалгаруулах тэмцээнд ороод аварга болсон, анхны хүүгээ олоод жирэмсний хордлоготой байхад оюутан нөхөр нь автобусны мөнгөө хэмнээд том алим барьчихсан ирж хордлогогыг нь тайлсан гээд бичвэл олон гоё дурсамж байна аа, эдний гэр бүлд. Эцэст нь хөгжилтэй нэг дурсамжийг нь сийрүүлье. Шинэхэн бэр нөхрийнхөө талын настнуудтай уулзаж дээ, дөнгөж гэрлээд байхдаа. Гэрийн эзний эмээ “Эмээ нь ч хадан гэр рүүгээ дөхөж байна даа” гэтэл хуучны хэллэг, хөдөө ахуй мэдэхгүй төв суурингийн охин “Яамай даа” гэж хэлээд бөөн инээдэм болж байж. Гэрийн эзэгтэй тэр тухайгаа “Эмээгийн яриа ингэж эхэлсэн юм аа. Өвөлжөөндөө буухаар сайхан тухтай болно. Төрснийхөө дараа эмээгийндээ ирж салхинд гараарай энэ тэр гээд ярьж байснаа саяын үгийг хэлсэн юм. Тэгэхээр нь өвөлжөөнд л хадан гэр байдаг юм байлгүй гэж бодоод тэгээд хэлчихгүй юу” гээд өнөө л хөгжилтэй инээдээ цангинуулав.
Унтлагын өрөөний хананаас тааз хүрсэн цэлгэр цонхоор Богд уул дүнхийн харагдах нь сүртэй, сайхан гэж. Цонхны наахна дулаахан өнгийн дэвсгэр зулж, дүүжин сандал байрлуулжээ. “Уул, байгаль жигтэйхэн тод харагдах цонхны наахна энэ сандал дээр суугаад кофе ууж өглөөг угтвал” гэсэншүү бодолд ээрүүлэн цонхоор харж зогстол эзэгтэй миний бодлыг таасан мэт “Хааяа зав чөлөө гарсан үедээ хайрханаа хараад нам жим суух ямар сайхан гээ. Энэ сандал нь манай хүний бэлэг. Бид хоёулаа Төв аймгийнх. Хайрхандаа өглөө бүр дээжээ өргөж, сүсэлдэг юм” гэв.
Эзэгтэйн ээжийн өрөөнд орлоо. Шаргал өнгийн тэрлэг өмссөн ануухан буурал инээмсэглэсээр угтав. Булга гуай орныхоо дээхэн үр, ач, зээтэйгээ авахуулсан зургаа өлгөжээ. Эрдэнэсувд “Бид ээжийнхээ 70 насны ойгоор энэ зургийг татуулсан юм. Тэр үед 33-уулаа байсан, одоо 38-уулаа болсон” гэлээ. Булга гуай “Манай хүргэн их халамжтай. Маш сайн хүн дээ. Миний охин чинь их дайчин, олон нийтийн ажилд сүрхий, хойшоо сууна гэж байхгүй шүү дээ. сурлага сайтай гэж жигтэйхэн байсан шүү” гэж хүргэн, охин хоёроо магтаж байна. Эзэгтэйн ээж хорт хавдар гэж айхавтар өвчнийг хоёр ч удаа ялжээ. 11 удаагийн төгсөлт хийж, 430 гаруй хүүхдэд бага боловсрол олгосон гэнэ. “Тэр сайхан хүүхдүүдийн буянд л өдий дайтай сайхан амьдарч байна. Хувьтай хүн хулгана жил үзнэ гэдэг дээ. Хэд хэд явчихаа дөхсөн. Түмнийхээ буянаар эрүүл саруул энх тунх гялалзаж явна аа” хэмээн нулимс цийлэгнүүлэх Булга гуай багшаар ажиллаж байхдаа гэрийн даалгавраа хийгээгүй сурагчдаа гэртээ дагуулаад ирдэг байж. Ангиар нь шахуу дагуулж ирчихээд хоол, цай, боов боорцог болж, хичээлийг нь давтуулдаг байсан тэр өдрүүдийг Эрдэнэсувд “Аав хагас сайн өдөр бүр 15, 20-ын хоёр гурван түмпэн дүүрэн боорцог хийчихнэ. Аав хоолыг янзтай хийнэ. Боорцог нь салахын аргагүй амттай. Сүүлд ээжийн шавь нар манай аавын хийсэн боорцгийг идэх гэж албаар гэрийн даалгавраа хийхгүй ирдэг байсан тухайгаа инээлдэж дурсдаг байж билээ. Ээжийн нэг шавь манайд бүр хоёр сар болж билээ. Эгч нь өвдсөн болохоор манайд байсан юм. Хичээлийг нь зааж өгөх гэж гэрээрээ хөдөлнө. Сүүлд тэр шавь нь төгссөн хойноо их олон жил цагаан сараар ирж золгодог байсан. Багш нарын баяраар гэрийн гадаа ээжийг хүлээж зогсч байгааг цэцэг, шоколад өгнө. Сюрприз барих гэж тэр. Одоо эргээд бодох нь ээ сэтгэлд нь хамгийн их хүрсэн багшаа хүн мартдаггүйн үлгэрлэл байж дээ, ээжийн тэр шавь” гэж дурслаа. Охиныхоо дурсамжийг сонссон Булга “Нээрээ тийм шүү, их сайн хүү байсан” гээд догдлон мишилзэв.
Эзэгтэйн ээж, аав хоёр
Эрдэнэсувд ээжийнхээ баярласан царайг өхөөрдөнгүй хараад “Ээж ээ та санаж байна уу. Танай ангийнхан багт наадамдаа бэлдэх гэж манайд цугласан үеэр та нэг их чанга ульж билээ. Би эхэндээ хаанаас юу дуугарав гэж сандраад бөөн юм болж билээ” гэхэд Булга гуай “Өө бас тэгсэн үү” гээд хөгжилтэй инээв. Гэрийн эзэгтэй жаахандаа “Ээж ангийнхнаа авчрахаа болихгүй юм байх даа. Сайхан хоёрдугаар хоол идэхсэн” гэж мөрөөддөг байснаа ярьж инээдэм боллоо. Эзэгтэйн ээж, аав хоёр биенээ “найз аа” гэж дууддаг байж. Сүүлд бэр гуйхаар ирсэн худынх нь талын нэг жаахан хүү ааваасаа “Аав аа, хүн хэдэн нас хүртлээ бие биенээ найзаа гэж дууддаг юм бэ” гэж асууж байж. Гэрийн эзэн, эзэгтэй хоёр ч биенээ найз гэцгээх юм. Аав, ээжийн үлгэрлэл болсон ийм жишээ эдний гэр бүлд их юм аа.
Эмээгийн хажуугийн өрөөнд эдний том хүү Тэнгисболд эхнэр, охинтойгоо төвхнөжээ. Тэнгисболд Хятадад магистрт сурдаг, амралт нь таарч хөл хорионы өмнө Монголдоо ирсэн гэнэ. Бэр нь МУИС-ийг бизнесийн удирдлагын чиглэлээр төгсчээ. ШУТИС-ийн оюутан дунд хүүгийнхээ тухай гэрийн эзэгтэй “Би хүүгээ сагсан бөмбөгийн лигт бүртгүүлэхээр болов оо. 13 настайд нь. Дасгалжуулагчтай холбогдоод хүүгээ маш өндөр, сагс сайн тоглодог гээд магтаж гарлаа. Зөндөө медаль авчихсан нэг метр 82 см өндөртэй хүүгээ ингэж магталгүй яахав. Тэгээд дагуулаад очдог юм. Тэгсэн өнөө дасгалжуулагч миний хүү рүү харснаа энэ жоохон хүү юу гэдэг байгаа. 14 нас хүртлээ метр 90-ээс дээш гарвал хоёр метр хүртэл өсч дундаж өндөр рүү нь очдог юм билээ л дээ” гээд хөгжилтэй инээв. Хоёр багынхаа өрөөг галт тогоотой хамт байсныг нь өөрчилж, ханаар тусгаарлажээ. Гал тогооны шүүгээн дээр зэс, мөнгөн аягануудыг гэр бүлийн гишүүдийн тоогоор эгнүүлжээ. Эзэгтэй орой бүр энэ аягануудад ус хийж, таглаад хонуулдаг гэнэ. Гэр бүлийн бүх гишүүн эзэгтэйн бэлдэж тавьсан усыг өглөө бүр уух “үүрэг”-тэй аж. Эрдэнэсувд “Монголчууд дээхэн үед мөнгөн аяга их хэрэглэдэг байсан учраасхеликорбактераар бага өвддөг байсан. Ходоодын үрэвсэл хавдар бага байсан нь ийм учиртай. Өглөө бүр ийм ус уухад нэгд ходоодын хүчил багасгана. Хоёрдугаарт өтгөн гадагшлуулахад тустай. Шөнөжин унтахаар ходоод болон цөсний хүчил биед хуримтлагддаг. Үүнийг доош нь явуулах ёстой. Доош гарах ёстой зүйлс дээшээ яваад байгаа гулгих, цээж хорсох зэрэг шинж тэмдэг илэрдэг. Өөрөөр хэлбэл сөргөө болдог гэсэн үг. Өглөө ус уусан хүн өглөөний цай, өдрийн хоолоо заавал иддэг. Ходоодны хүчлийг доошлуулчихаар өлсөх мэдрэмж төрдөг учраас тэр л дээ” гэж сонирхуулав. Гэрийн эзэгтэй хэчнээн завгүй байлаа ч гэр бүлийнхэндээ эрүүл мэндийн ус зэхэж, өглөөний цайг нь бэлддэг зуршилтай аж. Эднийх цагаан будаа, ургамлын тосыг хоолны цэснээсээ хасчээ. Ургамлын тосны оронд ясны шөл буцалгаж авсан тос хэрэглэдэг гэнэ. Таван цулаар эрдэс витаминаа нөхөх хэрэгтэй гэсэн зөвлөгөөг Эрдэнэсувдаас сонслоо. Гэрийн эзэгтэй “Удам дагасан хөрөнгөтэй айл байхаас илүү удам дагасан зөв хэрэглээтэй айл байхсан гэж хичээдэг” гэж байна.
Эрдэнэсувд сургуулиа төгсөөд Эх нялхасын төвд резиндэнтээр сурч, нарийн мэргэшил эзэмшээд Төв аймгийн Зуунмод суманд томилогдож 27 сум хариуцсан тасгийн эрхлэгчээр ажиллаж байж. 27 сумаас тусламж хүсвэл зөвлөх статустай энэ албыг авсан шинэхэн эмчид эхэндээ сүрдмээр байсан гэнэ. Тухайн үед Төв аймагт жил бүр хүйн халдвар гардаг байжээ. Гурван дөрвөн жил хичээж ажилласны эцэст 2003, 2004 онд хариуцсан эмнэлэгт нь эхийн эндэгдэл гараагүй, хүйн халдваргүй гэсэн амжилтад хүрсэн аж. Тэр жилдээ эх барьж байгаа зураг нь UNICEF-ээс жил бүр гардаг “Хүний хөгжлийн илтгэл”-д тавигдаж байж. Хүйн халдвар гараагүй сайн жишиг болсон эмнэлгийг зорьж авсан зураг учраас Эрдэнэсувд тэр жилийн “Хүний хөгжилийн илтгэл”-ийг нандигнан хадгалжээ. “Амьдралдаа авсан хамгийн том шагнал минь тэр” гэж даруухан ярих бүсгүйн гол үлгэрлэл нь аав нь байж.
Хоолыг эм гэж үзэх ёстой, эмгүй эмчилдэг асар том анагаах ухааныг Европын анагаахын хойно тавьж болохгүй, зөв хооллоно гэдэг хоёр дахь асуудал, эрүүл байхын тулд эхлээд зөв хэвшилтэй амьдрах хэрэгтэй гэх мэт санаж сэрмээр олон зөвлөгөөг Эрдэнэсувд эмчээс сонслоо. Эрдэнэсувд эмчийн “Зөв хэвшил гэдэг нь зөв цагтаа сайн нойр авч, өтгөнөө зөв гадагшлуулахыг хэлээд байгаа юм. Өтгөнөө зөв гаргаж чадахгүй хүн эрүүл хооллолт яриад үр дүнгүй. Манайхан оройтож унтаад хэрэггүй шахуу унталт хийгээд байна. 16-34 насны хүн 7-8 цаг унтах ёстой. Өглөө долоод босно гэж бодоход 10.30-11.00 цагийн хооронд унтчихсан байх хэрэгтэй. Тэгж байж өсөлтийн гормон ялгарч, хөгшрөлт багасч эрүүл амьдарна. Чанартай нойр авахын тулд хоёр цагийн өмнө унтахдаа бэлдэх хэрэгтэй. Зөв унтаж сурахгүй тохиолдолд эрүүл байх хэцүү. Аав ээжүүд буруу унтахаар хүүхдүүд нь яг тийм дадалтай болдог. Удмын тарган, удмын цус багадалттай гэх удмын өвчний гол шалтгаан, үндэс суурь нь нь энэ” гэсэн зөвлөгөөгөөр сурвалжлагаа өндөрлөе.