Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ч.Бадрал: Ялалтын баяраар Мариинскийн театрт дуулна

Цэргийн дуу бүжгийн чуулгын дуучин, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Ч.Бадралтай ярилцлаа.

-Та аль нутгийн хүн бэ. Бага нас тань хаана өнгөрөв?

-Би Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд төрсөн. Аав, ээж минь одоо ч нутагтаа аж төрөн суугаа. Бага нас минь бусдын адилаар л өнгөрсөн. Хурдан морь унаж, хөдөөний хүүхдүүд яаж өсч торнидог тэр байдлаар л өссөн. Арван жилийг сумынхаа сургуульд төгсөөд 2006 онд дуучин болох гараа маань тавигдаж, Улаанбаатар хотод ирж байлаа.

-Хэзээнээс Цэргийн дуу бүжгийн чуулга гэх их айлд харьяалагдах болов?

-Цэргийн дуу бүжгийн чуулга гэж агуу түүхтэй энэ сайхан байгууллагыг Монголын ард түмэн сайн мэддэг. Маш олон сайхан түүхийг бүтээсэн чуулга. Энэ жил чөлөөлөх дайны 75 жилийн ой тохиож байгаа. Чөлөөлөх дайнд Цэргийн дуу бүжгийн чуулга урлагийн байгууллагыг төлөөлж, урлаг соёлоо түгээж явсан түүхтэй. Энэ бол бидний хувьд онцлох ойн жил байгаа. Чуулгадаа би 2008 онд орж уран бүтээлийн гараагаа эхэлсэн. Өнөөдрийг хүртэл 12 жил чуулгатайгаа, хамт олонтойгоо ажиллаж байна. 12 жилийн хугацаанд багагүй зүйлийг хийж бүтээжээ. Миний хувьд дуучин, уран бүтээлч болох хүмүүжлийг эндээс олж авсан. Цэргийн байгууллага учраас хувь хүнийг маш их төлөвшүүлж, хүмүүжүүлдэг сайхан газар. 2012 онд ОХУ-ын хөгжмийн академид суралцахаар явлаа. Тэр академид өөрийн мэргэжлийн дагуу дуурийн дуучнаар суралцаад 2018 онд дуурийн гоцлол дуучин, дуулах ур зүйн багш мэргэжлээр магистрын зэрэг хамгаалсан. Одоогоор чуулгадаа ажиллахын зэрэгцээ Европын орнуудад тэр дундаа Итали улсын олон театртай гэрээгээр ажиллаж, дэлхийн олон сайхан сонгодог дууриудад дүр бүтээгээд явж байна. Мөн 2019 оны арванхоёрдугаар сараас эхлээд ОХУ-ын алдарт Мариинскийн театрын гоцлол дуучнаар ажиллах гэрээ хийж, өдгөө Цэргийн дуу бүжгийн гоцлол дуучин, ОХУ-ын Мариинскийн театрын гоцлол дуучин хэмээн овоглох болоод байгаа.

-Таныг хүмүүс дэлхийд данстай хүн болсон гэж эхнээсээ хүлээн зөвшөөрч эхэллээ. Өөрийн тань хувьд дуурийн урлагт хэр байр сууриа олсон гэж бодож байна. Дэлхийн тайзан дээр дуулахад ямар сэтгэгдэл төрдөг вэ?

-Дэлхийд данстай гэдэг нь та бүхний маань л миний хийсэн бүтээсэн, миний хийж байгаа зүйлд өгөх үнэлэлт. Түүнээс би өөрөө дэлхийн хүн болчихлоо, дэлхийн дуучин болчихлоо гэж хэзээ ч бодож байгаагүй. Дэлхий гэдэг маш өргөн уудам. Миний хувьд энэ өрөөсгөл ойлголт. Дэлхийд алдартай театрт би уран бүтээлээ туурвиж, дэлхийн хамгийн том тайзан дээр ч гарч үзлээ. Тэгж яваа хүний хувьд бахархалтай сайхан. Дуурийн дуучин хүн мэргэжлээрээ ажиллаад тэр тайзан дээр гараад зогсоно гэдэг үгээр илэрхийлэхийн аргагүй сайхан зүйл. Дуурийн урлаг гэдэг өөрөө тэр чигээрээ хүний амьдрал, хүний дотоод сэтгэлийн мөн чанарыг харуулдаг, хөгжмөөр харуулдаг. Хэдэн зуун жилийн өмнө амьдарч ажиллаж байсан нөхцөлийг тэр чигээр нь өдийг хүртэл авч яваа том ертөнц юм даа. Бүх урлагийн оргил нь дуурь гэж ярьдаг. Тэр нь ч үнэн.


-Италийн олон театртай гэрээгээр ажиллаж байгаа гэж байна. Италийг сонгодог урлагийн өлгий гэдэг шүү дээ. Гоцлол дууг дуулаад тайзнаас буухад монгол хүн гэхээр таныг яаж хүлээж авдаг вэ?

-Италийн олон театртай гэрээ хийж ажиллаж байна. Энд бас зарим нэгийг нь дурдах нь зүйтэй гэж бодлоо. Сонгодог урлаг дэлхийн олон театруудын магнайд явдаг Италийн алдарт Ла Скала театртай гэрээ байгуулж ажилласан анхны монгол дуучин. Италийн Верона хотын алдарт Арена де Верона гэж дэлхийн хамгийн том задгай театр бий. Тэр театр 18 мянган хүний суудалтай. Тэнд уран бүтээлээ туурвих боломж олдсон. Мөн Италийн Палермо хотын Ла Симо хэмээх дэлхийд гуравт ордог театр байдаг. Тэнд дуулсан. Тэгээд Бари хотын Петруцелли гэж алдартай театрт дууллаа. Энэхүү театруудад монгол хүмүүс маш ховор очдог. Мэдээж хамгийн түрүүнд хаанаас ирснийг асуудаг. Монголоос ирсэн гэхээр Монголд дуурийн урлаг байдаг юм уу, театр байдаг уу, хэдэн жилийн түүхтэй вэ гэх мэтээр сонирхон асуудаг. Энэ бүхэнд улсынхаа нэрийг гаргаад явна гэдэг маш том бахархал, мөн хариуцлага. Мэдээж анх очиж байгаа хүмүүст хэл усны асуудал гарна. Анх очиж байгаа хүмүүст амаргүй байдаг. Тэр болгонд хичээнэ. Зөвхөн Бадрал гэхээсээ илүү Монгол гэдэг нэр давхар явж байдаг болохоор маш том үүрэг. Тэнд бас олон улсын уран бүтээлчид, дуурийн дуучид цуглана. Австри, оросууд их ирнэ. Сүүлийн үед Солонгосын дуучид сайхан дуулдаг болсон. Европ, дуурийн эх орон Италид гавьяат жүжигчин Э.Амартүвшин маань Монголыг төлөөлж салхийг нь хагалж анх явсан. Тэр хүний явсан зам, байгуулсан гавьяа, нэр хүнд дараа дараагийн үеийн д уучид болох бидэнд нөмөр нөөлөг болдог. Тиймээс энэ хүний замналаар явж байгаа уран бүтээлчид, дуучдын өмнөөс Э.Амартүвшиндээ баярлалаа гэж хэлмээр байна.

-Энэ оны төлөвлөгөөгөө гаргасан уу. Ойрын үеийн төлөвлөсөн ажлуудаасаа хуваалцаач?

-2021 оныг хүртэлх бүх төлөвлөгөө хуваариудаа гаргаад явж байгаа. Онцлох юм бол 2020 оны тавдугаар сарын 9-нд хойд хөршийн маань дэлхийн хоёрдугаар дайнд ялсны түүхт ой тохионо. Ялалтын баярын ойн хүрээнд Мариинский театрын баярын хөтөлбөрт Вердийн Айда дуурь орсон байгаа. Айда дуурьд Египетийн хаан Аманасагийн дүрд тавдугаар сарын 9-10- нд дуулна. Ирэх зун Унгарын Будапешт хотод зуны дуурийн фестивальд уригдсан. Түүнд оролцохоор яригдаж байна. Арваннэгдүгээр сард Германы төв театр Берлин Доч опера театрт Вердийн Абука дуурийн Абука хааны дүрд дуулна. 2021 он хүртэл олон театртай гэрээ хийсний дагуу ажиллаж байна. Мөн Оросын ард түмэн намайг багагүй таньдаг болсон. Сонсдог болсон. Тиймээс Оросын үзэгчдийн хүсэлтээр ирэх жилийн соёлын өдрүүдэд оролцож, Мариинскийн театрын концертын танхимд өөрийн бие даасан тоглолтоо хийхээр төлөвлөсөн.

-Эх орондоо хэдий хугацаагаар ирсэн бэ?

-Эх орондоо ирэлгүй нэг жил гаруй болсон байна. Саяхан ирлээ. Тэнд бол Бадрал гэдэг дуучин байдаг бол эх орондоо, нутагтаа очоод хорь гаруй жилийн өмнө байсан хүүхэд Бадрал хэвээрээ. Нутагтаа ээж, аавдаа очиж амрах хүсэл сонирхол ихтэй ч цаг зав бага гардаг л даа. Сая нутаг яваад ирэхэд маш сайхан байлаа. Ер нь хүн нутагтаа очоод ирлээ, маш сайхан тайвширлыг авдаг шүү дээ.

-Гадны үзэгчдийн сонгодог урлагийг хүлээж авах хандлага болон Монголын үзэгчдийнх хэр өөр байдаг вэ?

-Мэдээж хэрэг өөр. Үүссэн үүсэл гарлаасаа эхлээд. Манай монголчууд улсынхаа баяр наадам хүчит бөх, хурдан морио яаж үздэг билээ яг л түүнтэй адилхан. Монголчууд морин хуур, уртын дуугаа яаж сонсдог билээ яг л түүнтэй ижил. Баруун Европын урлаг гэдэг хэдэн зуун жилийн түүхтэй. Амартүвшин гавьяат бид хоёр Арена де Веронад ажиллаж байхдаа хоорондоо ярьж байсан юм. 18 мянган хүний суудал тоглолт эхлэхээс өмнө дүүрч байхад “яасан дуусдаггүй үзэгчид, яасан дуусдаггүй италиуд вэ” гэж толгой сэгсрэн ярьж байсан юм.

Гурван сарын турш өдөр болгон шахуу 18 мянган хүн пиг дүүрэн үздэг. Италийн үзэгч, сонсогчид маш том шүүмжлэгчид байдаг. Маш том шалгуур тавьдаг. Итали хэл дээр гадаад байна уу, итали дуучин байна уу хамаагүй, хэлээр нь яаж тод утга санаагаа илэрхийлж байна тэр болгоныг маш нарийн шүүлтүүрээр шүүдэг. Маш том шүүгчид сууж байдаг. Итали Европын үзэгчид энэ урлагийг маш сайхан ойлгож үздэг. Гэхдээ Монголын дуурийн урлаг ахицтай явж байна. Театр маань хэдэн жилийн түүхтэй билээ. Монголын хамгийн анхны дуурийн дуучин Хөдөлмөрийн баатар Г.Хайдав гуай гээд ойлгоход л манай улсад дуурийн урлаг хэдий үеэс эхэлсэн гэдэг нь ойлгомжтой. Энэ хугацаанд маш хурдацтай сайхан хөгжлөө.

-Жилдээ ганц нэг ирэхдээ Цэргийн дуу бүжгийн чуулгадаа уран бүтээлээ хийж амжиж байна уу?

-Би Алтан соёмбот дуучин гэдэг нэртэй. Би чинь цэргийн чуулгаас гарсан цэргийн дуучин. Дэлхийн сонгодог бүтээлүүдийг дуулаад явахад маш их асуудаг.

Алтан соёмбо гэж ийм юм байдаг юм гэдгийг үзүүлэхэд маш их сонирдог. Түүнийгээ тайлбарлан танилцуулж энэ бол Монголын цэрэг хүчний бахархал, манай төрийн далбаан дээр байдаг бэлгэ тэмдэг. Энэ дотор гал, нар, сар, эвийн загас гэж бий гээд бэлгэдлүүдийг тайлбарладаг. Түүнийг маш сонирхон хүлээж авна. Тэр утгаараа Оросын үзэгчид намайг алтан соёмботой дуучин гэдэг. Монголын ассамбелийн дуучин гэдгийг мэднэ. Тиймээс ч би энд тэнд ярьж явах дуртай. Мэдээж энэ их ажлын хажуугаар чуулгадаа ирээд Офицеруудын ордон гэж нэрлэдэг чуулгадаа орж ирэхээр цаанаасаа хийморь сэргэдэг. Сайхан мэдрэмжүүд төрнө. Анх энэ чуулгын хаалгаар орж ирж байсан тэр л мэдрэмж эргээд буудаг даа. Олон сайхан нөхөд, уран бүтээлчидтэйгээ уулзаж хол ойрын сонин дуулгаж, ярьж суух сайхан байдаг. Чуулгынхаа Монгол цэргийн өдөр, Ялалтын баяр ч гэдэг юмуу томоохон ойн тоглолтууддаа оролцоно. Сүүлийн үед цэргийн чуулга, батлан хамгаалах салбар, Монгол Улсын зэвсэгт хүчин, Монгол Улс гээд улс эх орныхоо өмнө хүлээсэн үүрэг чиглэл маш их байна. Тиймээс цаг зав маш бага болсон. Заримдаа хоногийн 24 цаг багадах үе бий. Аль болох ойр ойрхон нутагтаа ирэх, ирсэн үедээ чуулга хамт олноороо орно. Шаардлага гарвал яам тамгын газраар орно. Тэгээд нутаг усаараа ороод цаг зав маш бага л гарах юм даа.


-Цэргийн дуу бүжгийн чуулгын 75 жилийн ой энэ онд тохионо. Хамт олондоо хэлэх үг бий байх?

-Миний явж байгаа уран бүтээл, амьдралын зам мөр уралдаан тэмцээнд гаргаж байгаа амжилт бүхний минь ард байдаг баг хамт олон, найз нөхөд, уран бүтээлчиддээ баярлалаа гэж хэлье. Тэр дундаа хамт олон Цэргийн чуулгын удирдлагууд, Монгол Улсын зэвсэгт хүчинд талархаж явдгаа илэрхийлье. Хэдийгээр улс орондоо цөөхөн ирж байгаа ч гэсэн та бүгдийнхээ өгсөн үүрэг даалгаврыг амжилттай, нэр төртэй хамгаалж байгаа. Монголынхоо ард түмэн сонсогч та бүгдийнхээ итгэл найдварыг алдахгүй илүү амжилт гаргахыг хичээх болно. Цаашдаа та бүхнийхээ итгэл найдвар, сэтгэлийн их дэмийг дааж улам олон уран бүтээл, дэлхийн сонгодог бүтээл дуулж, Монгол гэдэг нэрийг чадлаараа гаргаж явахыг хичээнэ.

Мөн энэ жил чуулгын маань чөлөөлөх дайнд оролцсоны 75 жилийн ой болж байгаа учраас Цэргийн дуу бүжгийн чуулгыг үүсгэн байгуулсан үе үеийн уран бүтээлчид, дарга удирдлагууд, уран сайхны удирдлагууд, энэ чуулгаар дамжин гарсан уран бүтээлчиддээ ойн баярын мэндийг хүргэе. Ахмад дайчиддаа эрүүл энх, сайн сайхныг хүсье.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *