Categories
мэдээ нийгэм

Дархан-Уул аймагт Алтанбулаг боомтоор орж ирсэн 10 гаруй хүнийг тусгаарлалаа

Корона вирусээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд манай улс өндөржүүлсэн бэлэн байдалд шилжээд байгаа билээ. Дархан-Уул аймгийн хувьд Монголын Улсын томоохон хотуудын нэгэнд тооцогддог, олон улсын транзит тээвэр болон төмөр замын зангилаа бүс нутгийн хувьд олон улсад дэгдэж буй халдварт өвчний эрсдэл өндөр орон нутгийн тоонд ороод байгаа. Дархан-Уул аймгийнхан халдварт өвчнөөс сэргийлэх өндөржүүлсэн бэлэн байдалд хэрхэн ажиллаж байгааг сурвалжиллаа.

Сүлийн өдрүүдэд БНСУ, Япон зэрэг орны нислэгийг цуцалснаар хилийн чанадад байгаа монгол иргэд ОХУ-аар дамжин Сэлэнгэ Алтанбулагийн боомтоор орж ирэх тохиолдол нэмэгдэж байгааг аймгийн Онцгой комиссын дарга С.Насанбат онцолж байв. Тус аймгийн хувьд өнгөрсөн хугацаанд корона вирусийн сэжигтэй зургаан тохиолдол бүртгэгдэж, ХӨСҮТ-ийн лабораторийн шинжилгээгээр сөрөг хариу гарчээ. Гэнэтийн нөхцөл байдалд бэлэн байх үүднээс аймгийн Онцгой комиссын зүгээс тусгаарлалтын байруудыг бэлдэж, аймгийн хэмжээнд хөл хорио тогтоон, ариутгал халдваргүйжилтийг цаг алдалгүй авч эхэлжээ.

Монгол түмний уламжлалт Сар шинийн баяр өнгөрсөн өдрүүдэд тохиосонтой холбогдуулан Улсын онцгой комиссын шийдвэрээр нийслэл, орон нутгийн иргэдийн болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглосон билээ. Тус аймгийн хувьд аймгаас орж гарах цэгүүд дээр 10 пост 24 цагаар ажиллуулж байна. Хөл хорио тогтоосон эхний хугацаанд орон нутгийнхан дуулгавартай байсан бол хугацааг хоёрдугаар сарын 27-ноос гуравдугаар сарын 3 хүртэл сунгасан шийдвэр гарснаар аймгаас гарах хүсэлтэй иргэд Шуурхай штабад олноор хандах болжээ. Харин постууд дээр очиж хүндрэл учруулах тохиолдол ховор байв.

Өчигдрийн /2020.03.02/ 20:00 цагийн байдлаар тус аймагт Алтанбулаг боомтоор орж ирсэн 10 гаруй хүнийг тусгаарлажээ.

Өндөржүүлсэн бэлэн байдлыг аймгийн хэмжээнд хэрхэн зохион байгуулж байгаа талаар Дархан-Уул аймгийн Засаг дарга буюу Онцгой комиссын дарга С.Насанбат, аймгийн Онцгой байдлын дарга буюу Шуурхай штабын дарга, хурандаа С.Пүрэвсамдан нартай ярилцлаа.


С.Насанбат: Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажилд 60.5 сая төгрөг зарцуулаад байна

-Корона вирусээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд аймгийн хэмжээнд нөхцөл байдал ямар байгаа талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Өнөөдрийн байдлаар Дархан-Уул аймагт өндөржүүлсэн бэлэн байдал бүрэн зарлагдаж хэвийн нөхцөлд манайхан ажиллаж байна. Аймгийн хэмжээнд хоёрдугаар сарын 12-нд БНСУ-руу зорчсон талийгаач О-той цуг явсан дөрвөн хүнийг бүрэн тусгаарлаж хяналтад аваад байсан. ХӨСҮТ-өөс ирсэн шинжилгээний хариу нь дөрвүүлээ сөрөг гарсан. Одоогоор ямар нэгэн халдвартай хүн илрээгүй. Түүнээс өмнө мөн хоёр иргэн БНХАУ-аар дамжиж ирсэн учраас тусгаарлан шинжилгээ авсан. Шинжилгээний хариу сөрөг гарсан. Урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд эхний ээлжинд бид Нэгдсэн эмнэлэгтээ 12 паладыг бэлдээд байгаа. Улсын онцгой комиссоос сүүлд өгсөн чиглэлээр тусгаарлах байруудыг аймгийн Засаг дарга орон нутагтаа бэлдэх даалгавар ирсэн. Тусгаарлах ажиглах байранд 300 хүн хүлээж авахаар бэлтгээд байна. Үүний дагуу хоёр обьектод 100 орчим иргэнийг хүлээн авахаар бэлтгэлээ. Цаашдаа нөхцөл байдал хүндэрсэн тохиолдолд 1866 хүн хүлээж авах орон байрны бүртгэл судалгааг хийгээд байна. Үүнээс гадна эхний ээлжинд 50 хүнд хүнсний нөөц, нэг удаагийн хэрэглээний аяга тавгийг бэлтгээд байна. Урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд ард иргэдэд амны хаалтны хүрэлцээ хомсдсон. Тиймээс бид ОХУ-ын Улаан-Үд хотоос хотуудын хоорондын харилцааны хүрээнд, мөн аймгийнхаа оёдлын үйлдвэрүүдээс 23 орчим сая төгрөгийн үнэтэй 10.000 амны хаалтыг бэлтгэж иргэдэд үнэ төлбөргүй тараалаа. Ариутгал, халдваргүйжилтийн ажлыг ч энэ хугацаанд идэвхтэй өрнүүлж байна.

-Орон нутгийн хувьд эдгээр ажлуудад санхүүжилтээ хэрхэн шийдвэрлэж байна вэ?

-Өндөржүүлсэн бэлэн байдал зарласантай холбоотой аймгийн Шуурхай штабыг 24 цагаар ажиллуулах чиглэл ирснээр Засаг даргын нөөц сангаас 10 сая төгрөгийг зарцууллаа. Сургууль, цэцэрлэгийн ариутгалд зориулж 20 орчим сая төгрөгийг шийдвэрлэсэн. Түүнээс гадна нэгдсэн эмнэлэгт 10 сая төгрөг, сумдын эмнэлгүүдэд тус бүр гурван сая төгрөг, өрхийн эмнэлгүүдэд нэг сая төгрөг нийт 26.5 сая төгрөгийгхуваарилж эм хангамж болон ариутгалын бодисыг татан хангуулах ажлыг гүйцэтгэсэн. Одоогийн байдлаар 60.5 сая төгрөг зарцуулагдаад байна. Хамгийн сүүлд УОК-ын шийдвэрээр аймаг, нийслэлийн Засаг дарга нарт өгсөн үүрэг чиглэлийн дагуу аймгийнхаа ИТХ-тай хамтраад халдварт өвчинтэй тэмцэх үед үүнээс урьдчилан сэргийлэх хүрээнд төрийн болон төрийн бус байгууллага, иргэний оролцоог хангуулах, тэднээс хүн хүч болон эд материал, мөнгөн хөрөнгө төвлөрүүлэх уриалга гаргалаа. Энэ хүрээнд иргэн аж ахуйн нэгж байгууллагуудаас хандив цуглуулах ажлыг эхлүүлж байна. Эхний ээлжинд “Монгол-Оюу” сургуулийн зургадугаар ангийн сурагчид сар бүр авдаг хүүхдийн 20.000 төгрөгөө цуглуулж 500.000 төгрөгийг хандив өглөө. Шарын гол сумын иргэд ч хандивын аянд нэгдсэн. Аймгийн Тамгын газрын ажилтнууд нэг өдрийнхөө цалинг өгье гэлээ. ИТХ-ын Ажлын алба ч энэ уриалгыг хэрэгжүүлэх замаар орлогыг төвлөрүүлж санхүүжилтийн асуудлыг шийдвэрлээд явж байна.

-Сэжигтэй иргэдээс авсан дээжээ аймагтаа шинжилж байна уу, ХӨСҮТ-д хүргүүлж байна уу?

-ХӨСҮТ-д хүргүүлж байгаа. Шинжилгээний хариу маш хурдан гарсан. Хамгийн гол нь Засгийн газар, Улсын онцгой комисс цаг үедээ тохирсон шийдвэрүүдийг гаргаж ажиллаж байгаа.

байна. Үүнийг орон нутагт аймгийн онцгой комисс шуурхай штаб 24 цагаар тасралтгйү хэрэгжүүлж байгаа энэ тохиолдолд ноцтой хэмжээнд яригдахгүй болов уу.

-Корона вирусээс урьдчилан сэргийлж улс даяар хөл хорио тогтоож, гадагшаа урсгалаа ч хумьж байгаа нь улс орны эдийн засагт сөрөг нөлөөтэй гэж байгаа. Орон нутгийн хувьд энэ байдал ямар байх юм?

-Сангийн сайд саяхан мэдээлэл хийсэн. Эдийн засаг агшсан энэ үед хөрөнгө оруулалтыг хасахгүй. Тендерээр хийх ажлуудаа Засгийн газраас хэвийн явуулах ёстой. Тэгж байж эдийн засгаа авч үлдэнэ гэдэг бодлого баримталж байгаагаа мэдэгдсэн. 2020 онд аймаг, улсын төсвөөр хийгдэх ажлуудаа холбогдох хуулийн хүрээнд ач холбогдлоор нь эрэмбэлж ажиллах ёстой гэсэн чиглэлийг өгсөн. Манай аймгийн хэмжээнд энэ жилд улсын төсвийн хөрөнгөөр 480 хүүхдийн сургуулийн барилга барих төсөл бий. Гэр хорооллын хүүхдүүдийн сурах орчныг сайжруулах ажлын хүрээнд хийгдэх томоохон ажил бол энэ яахын аргагүй мөн. Мөн Дархан сумын тав, зургаа, долоо, наймдугаар багийн нутаг дэвсгэрийг дамнан хоёр он дамжин хийгдэж байгаа инженерийн дэд бүтцийн ажил байгаа юм. Улсын төвсийн хөрөнгө оруулалтаар 19 тэрбум төгрөгийн хамгийн сүүлчийн санхүүжилт бүхий энэ ажил манай аймгийн хувьд маш чухал. Энэ ажил дууссан тохиолдолд Наран толгой, Манхан толгой орчмын гэр хорооллууд орчин үеийн шийдэл бүхий шинэ орон сууцны хорооллууд баригдах инженерийн дэд бүтэц бүхий шугам сүлжээтэй болох юм. Энэ мэтчилэн орон нутгийн хувьд томоохон бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилнэ.


С.Пүрэвсамдан: Шуурхай штабын зүгээс өдөр бүр 13:00 цагт иргэддээ цаг үеийн мэдээллийг өгч байна

-Аймгийн хэмжээнд ажиллаж байгаа постуудын үйл ажиллагаа ямар байна вэ?

-Хөдөлгөөнийг түр зогсоосонтой холбоотойгоор Дархан-Уул аймгийн хэжмээнд 10 постон дээр 24 цагаар 30 гаруй албан хаагч үүрэг гүйцэтгэж байна. УОК-ийн хуралдааны тэмдэглэл, аймгийн Засаг даргын захирамжуудаар тодорхой хэмжээнд аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагааг тусгай горимд шилжүүлсэн. Энэшийдвэрийн хэрэгжилт хэрхэн хангагдаж байгааг хянаж шалгаж, гарсан зөрчлийг арилгуулах иргэдэд анхааруулах, мэргэжлийн байгууллагуудын уялдаа холбоог хангах ажил тасралтгүй хийгдэж байгаа. ОУК-ын шйидвэрийн хэрэгжилтийг иргэд хэрхэн биелүүлж байгаа, хяналт шалгалтын үйл ажиллагааг өдөр тутамд Шуурхай штабын гишүүд өдөр бүр 13.00 цагт шууд бичлэгт оролцож иргэдэд шууд мэдээллийг өгч байгаа. Энэ үеэр иргэд санал хүсэлтээ ирүүлсээр байгаа. Эхний үед амны хаалтны олдоц муу байгаа талаар багагүй шүүмжлэл ирж байсан. Үүний дагуу аймгийн зүгээс 10.000 амны хаалтыг үнэ төлбөргзүй тараасан. Одоо сүүлийн үед яригдажбайгаа асуудал бол иргэд болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр зогсоосонтой холбоотой байна.

-Нийслэл, орон нутгийн зам хаасантай холбоотой гомдол хаа сайгүй байгаа бололтой?

-УОК-ийн шийдвэрээр иргэд болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хоёрдугаар сарын 23-ны 08:00 цагаас 27-ны 08.00 цаг хүртэл түр зогсоогоод байсан. Үүний дараа хугацааг сунгаж гуравдугаар сарын 3-ны 06:00 цаг хүртэл болгосон. УОК-ын тавдугаар хуралдаанаар постоор нэвтрэх хүндэтгэн үзэх шалтгааныг зааж өгсөн. Ар гэрийн гачигдал, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, албан томилолт, зайлшгүй шаардлагатай бусад ажлууд гэж. Эдгээрийн аль нэг шалтгаантай тохиолдолд холбогдох бичиг баримтыг үндэслэж аймгийн Шуурхай штабаас түр зөвшөөрөл олгож байгаа. Хөдөлгөөнийг зогсоох шийдвэрийг сунгаснаар хоёрдугаар сарын 27-ны өдөр аймгийн Онцгой байдлын газар дээр иргэд багагүй ачааллыг үүсгэсэн. Харин одоо бол иргэд тодорхой мэдээлэлтэй болж үйл ажиллагаа жигдэрч байна.

-Дархан-Уул аймаг бусад орон нутгийг бодвол онцлогтой. Олон улсын зам дайран өнгөрдөг, хойд хилтэй ойрхон гэх мэт. Ийм нөхцөлд та бүхэн өвчлөлийн эрсдэлийг хэрхэн үнэлж байгаа вэ?

-Эрсдэлийг аймгийн хэмжээнд тооцоолоод Улсын онцгой комисст хүргүүлсэн. Дархан-Уул аймаг бүсийн зангилаа цэг дээр төвлөрч байдаг, олон улсын транзит тээвэр дайран өнгөрдөг, олон улсын төмөр зам дайран өнгөрдөг онцлогтой бүс нутаг. Тухайлбал, Япон, Солонгос улсаас ирэх нислэгийг хаасантай холбоотойгоор иргэд ОХУ-аар дамжин Сэлэнгэ Алтанбулагийн боомтоор орж ирэх хөдөлөгөөн сүүлийн үед эрчимжиж байна. Энэ нь эрсдэлийг дагуулж байгаа. УОК-ын шуурхай штабаас өгсөн үүргээр эхний ээлжинд орж орж байгаа иргэдийг Сэлэнгэ аймаг дээр түр тусгаарлана. Хэрэв цаашид иргэдийн хөдөлгөөн ихсэх, сэжигтэй тохиолдол нэмэгдвэл Сэлэнгэ аймгийн Шуурхай штабаас зохион байгуулсан тусгаарлах орноос хэтэрсэн тохиолдолд дараагийн удаа Дархан-Уул аймагт сэжигтэй иргэдийг тусгаарлах арга хэмжээг явуулна гэдэг чиглэл өгөөд байна. Үүний дагуу холбогдох арга хэжмээг авч байна. Оюутны хоёр байранд 100 орчим иргэдийг эхний ээлжинд хүлээж авах боломжийг бүрдүүлж ариутгал халдваргүйтгэл хийж иргэд тусгаарлах үеийн нөхцөл байдлыг бүрдүүлсэн байгаа.

-Замын хөдөлгөөнийг түр зогсоосноор иргэд хулгайн замаар бусад аймаг орон нутаг, нийслэл рүү нэвтрэх оролдлого хийж байна. Танай аймгийн хэмжээнд энэ нөхцөл байдал ямар байна вэе

-Албан ёсоор батлагдсан улсын замаас гадна батлагдаагүй, иргэдийн хэлж заншсан хулгайн зам аль ч орон нутагт байдаг. Үүн дээр Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтэстэй Онцгой байдлын газраас хамтран ажиллаж зарим байнгын постуудыг хулгайн замыг хянахын тулд хөдөлгөөнт болгож байна. Нэг ёсоор батлагдаагүй замыг хяналтдаа бүрэн авсан гэлээ.

Б.ЭНХЗАЯА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *