ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн захирал, доктор, дэд профессор Д.Золбоотой ярилцлаа.
-Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д шинэ төрлийн коронавирус (Covid-19)-ийн тархалт гарсантай холбоотойгоор урд хөршийг зорьж, эмгэнэл илэрхийлэн тусалж дэмжихээ мэдэгдлээ. Энэ алхмыг та судлаач хүний хувьд юу гэж харж байна вэ?
-Юуны өмнө сүүлийн үеийн хамгийн сонирхолтой сэдвийн хүрээнд хувь судлаачийн байр суурийг сонирхож, ярилцах урилга ирүүлсэнд талархаж байна. Та бид бүгдээрээ таамаглаж болдоггүй тул амьдрал баян байдаг гэдгийн баталгаа болсон нэгэн сонирхолтой цаг үеийн гэрч болж байна даа. Хөрш орнуудын төрийн тэргүүн нар харилцан айлчлах явдал аль ч цаг үед тухайн улс орны гадаад, дотоод бодлогод чухал байр суурь эзэлсээр ирсэн. Манай улсын Ерөнхийлөгчийн энэ удаагийн айлчлалын хувьд үнэхээр тэр бүр тохиогоод байхааргүй онцлог нөхцөл байдал, цаг хугацаанд болж өнгөрлөө. Гэхдээ асуултын тань хувьд яг тэгж тодорхойлж болох эсэхэд эргэлзэж байна. Өнгөрсөн хоёр сарын хугацаанд дэлхий нийтийн анхаарлын төвд байсаар байгаа цар тахал зөвхөн Хятад улс гэлтгүй хөрш орнуудад нь томоохон сорилт болсоор байна. Гэхдээ бид нийтээрээ давж гарах нь цаг хугацааны л асуудал гэдэгт бол хувьдаа бат итгэлтэй байна. Хятад дахь өвчлөлийн нөхцөл байдал харьцангуйгаар намжиж эхэлж буй боловч өмнөх хэвэндээ ортлоо мөдгүй биз. Айлчлалын хувьд хөршийн өмнө тулгарсан асуудалд “Айл хүний амь нэг” сэтгэлээр хандаж байгаагийн илрэл гэж дүгнэж болохоор. Зарим нэг хүмүүс энэхүү айлчлалын үр дүнг бусад дипломат арга, хэлбэрээр хэрэгжүүлж болох байсан гэдэгтэй бол санал нийлэхгүй байна. Сэтгэл гаргаж байгаагийн энгийн нэг илрэл шүү дээ. Аливаа улс оронд тохиосон олон тооны хүн амь үрэгдсэн томоохон осол, албан ёсоор эмгэнэл илэрхийлэх нь дипломат харилцааны практикт байдаг жишиг.
-Ерөнхийлөгчийг тахлын голомт руу явах нь гэсэн шүүмжлэл ч дагасан. Гэхдээ иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны дээд түвшиндээ хүрсэн болохыг харуулах шиг боллоо.
-Тийм шүү. Түүнд л энэ айлчлалын зорилго, утга учир агуулагдаж байна. Шүүмжлэл бол байх нь зүйн хэрэг, тэр тусмаа төрийн тэргүүнээ эрсдэлд өртөх вий гэж сэтгэл зовнисон гэдэг талаас нь ойлгож болно. Гэхдээ яг тахлын голомт гэж нэрлэх нь хэтрүүлэг болох байх. Бидэнд олдож байгаа мэдээллээр Хятад улс нэг үеэ бодвол өвчлөлийн тархалтыг тодорхой хэмжээнд хяналтандаа авч чадлаа гэж үзэж болохоор байх шиг.
Төрийн тэргүүний айчлал гэдэг ямар ч үед ганц хувь хүний шийдэх хэрэг биш байдаг тул манай улсын яам, холбогдох байгууллагуудын дүгнэлт, зааврын дагуу зохион байгуулагдсан байж таарна. Ер нь төрийн өндөр хэмжээний айчлалд холбогдох мэдээлэл Төрийн нууцын тухай хуулийн хүрээнд тодорхой хугацаанд нууцлалын зэрэглэлтэй байдаг учраас тэр бүрийг олон нийтэд мэдээлээд байх албагүй л дээ. Гэхдээ сүүлийн үеийн олон улсын харилцааны чиглэлийн судалгаанд улс орны гадаад бодлогод шийдвэр гаргагч, удирдагч хувь хүний зан чанар болон бусад хүчин зүйлс тодорхой хэмжээнд нөлөөлдөг болохыг хүлээн зөвшөөрч байх шиг байна.
Ер нь бол манай хоёр улсын харилцаа урьд өмнө түүхэндээ байгаагүй хамгийн сайн үедээ байгаа гэдгийг судлаач, түүхчид хүлээн зөвшөөрдөг. Өнгөрсөн жил тэмдэглэн өнгөрүүлсэн дипломат харилцааны 70 жилийн хүрээнд хийсэн эрдэм шинжилгээний хурлын үеэр өнгөрсөн түүхээ нуршин ярилгүйгээр ирээдүйн харилцаагаа хөгжүүлэх талаар ярилцаж байлаа. Дараагийн 70 жилийн харилцаа өвөрмөц түүхээр эхэлж байна, цаашдаа ч яаж өөрчлөгдөхийг таашгүй.
-Энэ удаагийн айлчлалын хүрээнд Монголын ард түмнээс 30 мянган толгой хонь хандивласан нь урд хөршийн удирдлагууд болоод ард иргэдийн сэтгэлийг багагүй хөдөлгөлөө. Мөн иргэд, аж ахуйн нэгжүүдийн дунд хандивын аянууд ч зарлагдаад байгаа. Үүнд та ямар байр суурьтай байгаа вэ?
-Тийм ээ, үнэхээр л хоёр орны ард түмний сэтгэлийг хөдөлгөсөн сайхан үйл явдал болж түүхэнд бичигдэхээр боллоо. Энэ тооны сүргийг бүрдүүлэхэд ч манай нөхцөлд асуудал биш л дээ. Зарим хүмүүсийн шүүмжлээд байдаг шиг хөдөөгийн эгэл малчид маань зөвхөн бэлэн юм нэхдэг хүмүүс биш, харин ч энэ аянд хамгийн идэвхтэй оролцох хүсэл сэтгэлтэй байгаа гэдэг нь харагдаж байна. Гэхдээ айлчлалын үндсэн зорилго, үр дүнг гурван түмэн халуун хошуут мал байсан мэтээр дүгнэх нь өрөөсгөл болох байх. Тусгаар тогтносон Монгол Улсын ХХ зууны түүхэнд хүнд нөхцөл байдалд өртсөн улс орнуудад чадлынхаа хэрээр хандив, дэмжлэг үзүүлсээр ирсэн түүхэн уламжлал олон бий. Нүүдэлчин монголчуудын хувьд түүхэндээ тэр бүр өөрсдөө мэдэрч байгаагүй өлсгөлөнгийн гамшигт нэрвэгдсэн улс орнуудын ард түмэнд “Өгье гэвэл ганцаасаа, уйлъя гэвэл сохроосоо” гэдэг зарчмаар өөрсдийнхөө боломжоороо амьд мал, махаар тусалж ирсэн арвин түүхтэй. Хоёрдугаар дайны үед Зөвлөлтийн армид хувиасаа түмэн хонин хандивлаж “Фронт Бадам” гэх зэргээр түүхэнд үлдсэн сайхан сэтгэлт жирийн иргэдийн жишээ цөөнгүй бий. Энэ талаас нь аваад үзвэл жирийн монгол малчдын хувьд цоо шинэ үзэгдэл бол биш. Монгол орны бэлчээрийн малын махны амт чанарыг мэддэг хүмүүс нь эмтэй зүйрлэдэг юм билээ. Хөдөө аж ахуйн тэр дундаа мал аж ахуй салбарын ирээдүйн хөгжилд бидэнд хамгийн ойрын том зах зээлийн хэрэглэгчдэд бэлчээрийн монгол хонины махны амт, чанарыг таниулахад ч тус нэмэртэй ч байх.
-БНХАУ-ын Дарга Си Жиньпинтэй хийсэн уулзалтын үеэр “Дусал ус мэт ачлал үзүүлбээс дундаршгүй булаг мэт хариу барьюу” хэмээх Күнзийн сургаалыг эш татсан нь энэ удаагийн айлчлалын ач холбогдлыг илтгэлээ гэж харж болохоор байна. Энэ тухайд та юу хэлэх вэ?
-Дорнын ард түмэнд байдаг нийтлэг онцлог, соёл бол үгэн дотор үг бий хэмээдэг. Их гүрний удирдагчийн хувьд хэлсэн үг бүхэн цаанаа гүн гүнзгий утга агуулгатай байхаас аргагүй. Гэхдээ яг энэ эшлэлийн хувьд Күнзээс бүр хойно Мин улсын үеийн түүхэн зохиолд дурдагддаг сургаал хэмээн манай нангиад судлаачид бичсэн байна билээ. Бидний өвгөдийн “Аяганы хариу өдөртөө, агтны хариу жилдээ” хэмээх хэлцтэй дөхүү утгатай юм уу гэж хувьдаа харж байгаа. Гэхдээ бид нэг удаагийн дэмжлэгээ дахин дахин дурдаад байх нь жаахан тийм байж магадгүй. Харин мөнхийн хөршийн хувьд хүнд хэцүү цагт чинь сэтгэл санаа нэгтэй байгаа шүү гэдгээ илэрхийлэх боломж байлаа гэж харах нь зөв байх.
-Ер нь цаашдаа энэ айлчлалын үр дүнд хоёр орны харилцаа, эдийн засагт гарах өөрчлөлтүүдийг та хэрхэн харж байна вэ?
-Энэ нөхцөл байдал удахгүй сайжрах нь тодорхой. Тиймээс өнөөдрийн нийтлэг сорилтыг даван туулсны дараахь хоёр улсын харилцааны ирээдүйд алсыг харсан нүүдэл зайлшгүй чухал. Сүүлийн жилүүдэд Хятадын Засгийн газраас идэвхтэй ярьж, хэрэгжүүлэхийг зорьсоор ирсэн “Нэг бүс, нэг зам” санаачилгаа өнөөгийн өвчний нөхцөл байдал намжсаны дараагаар эрчимтэйгээр үргэлжлүүлэх байх. Монголын хувьд хоёр хөрштэйгөө хамтран хэрэгжүүлэхээр тохирсон Эдийн засгийн коридорын төслүүдийн хэрэгжилт ч үүнд хамаарч болно. Гэхдээ нэг үнэн зүйл гэвэл, монголчууд бол бусдад тусалсныхаа хариуг хараад, нэхээд суучихдаг ард түмэн биш л дээ. Цаашдын хамтын ажиллагаагаа хөгжүүлэх идэвхтэйгээр, харилцан ашигтай хөгжүүлэхэд урьдын адил зөвхөн өөрсдөөс маань шалтгаалах зүйл олон байх биз.
-Одоогоор коронавирусээс үүдэн БНХАУ-д үүсээд буй хүндрэлүүд юу байна вэ?
-Энэ удаагийн тахлын учруулах хохирол эрүүл мэнд, амь наснаас илүүтэйгээр эдийн засагт хохирол учруулахыг эдийн засагчид анхааруулсаар байгаа. Хятадын дарга ч гэсэн ирэх долоо хоногоос худалдаа, эдийн засаг, санхүүгийн салбараа хэвийн байдалд нь оруулахад төрийн зүгээс бүх талаар дэмжихээ илэрхийлж байна. Хятадын эдийн засгийн өсөлт бүх дэлхийд хамааралтай байдаг учраас бидэнд ч хамаатай. Өмнөх томоохон өвчлөл SARS-ийн дэлхийн эдийн засагт учруулсан хохирлоос энэ удаагийнх хамаагүй илүү даваад гарчихлаа. Тэр үеийн Хятадын эдийн засгийн дэлхийн эдийн засагт үзүүлэх хэмжээ одоогоос хамаагүй бага байсныг ч бодолцох хэрэгтэй. Төрийн зүгээс өвчлөл, нийгмийн бусад асуудалдаа төвлөрөөд одоохондоо эдийн засгаа сэргээх төлөвлөгөөгөө албан ёсоор танилцуулж амжаагүй байна. Уламжлалт арга нь мөнгөний нийлүүлэлтээ нэмэгдүүлж төсвийн хөрөнгө оруулалтыг өсгөдөг гэж манай эдийн засагчид бичсэн байна билээ, үнэн биз. Өвчлөлийн голомт болсон Ухань хот өөрөө улсынхаа эдийн засгийн хөдөлгөгч хүч гэдэг тодотголтой байлаа. Эргэн хэвэндээ ортол багагүй хугацаа шаардлагатай. Хөл хорионы уршгаар аж үйлдвэрлэлийн газруудын үйл ажиллагаа, тэр дундаа аялал жуулчлалын салбар мөд сэргэх боломжгүй байх шиг байна. Бидний өдөр тутмын амьдралд нөлөөлдөг нүүрсний экспорт зогссон нь тэдний нүүрсний нийт хэрэглээ 30 гаруй хувь буурсанд нөлөөлсөн л байх. Товчхондоо хөршийн маань эдийн засаг аль болох богино хугацаанд эргэн сэргэх нь монголчууд бидэнд ч амин чухал байх болно.