Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай хийлээ.
ДЭМБ-ын мэдээгээр 24 цагийн хугацаанд шинээр 64 оронд 1800 шинэ тохиолдол бүртгэгдэж, 66 нас баралт бүртгэгджээ. БНСУ, Иран, Итали, Япон гэсэн дөрвөн орны тархалт анхаарал татаж байгаа аж. Одоогоор дэлхийн 130 улсад халдвар илрээгүй байна. Хэдийгээр вирусийн тархалт хурдацтай байгаа ч зөв арга хэмжээг эрт эхлүүлэх юм бол вирусийг хязгаарлах боломжтой. Мөн вирус өргөн хүрээнд тархаж эхлэхэд бэлтгэлээ хангах нь чухал байгааг ДЭМБ-аас анхаарууллаа.
ДЭМБ-ын зөвлөх баг Коронавируст халдвар (COVID-19)-ын эрчимт эмчилгээ, яаралтай түргэн тусламж, халдварын сэргийлэлт, хяналтын чиглэлээр энэ сарын 2-11 хооронд манай улсад ажиллаж байгаа юм.
Манай Улсад COVID-19 вирусийн халдвар илрээгүй хэвээр байна. Тусгаарлагдсан иргэдийн шинжилгээний хариуны талаар ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү “2020.03.01-нд ХӨСҮТ-д хоёр, Сэлэнгэ аймагт гурван тохиолдол тусгаарлагдсан. Эдгээрийн шинжилгээний хариу сөрөг гарсан. Одоогоор 2020.03.02-нд Сэлэнгэ аймагт нэг, “Бага баян” сувилалд 78, нийт 100 орчим хүнийг ажиглалтад аван хянаж байна” гэлээ.
Манай улсын иргэд вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээг үр дүнтэй хэрэгжүүлж буй тул сүрьеэ өвчин 69 тохиолдлоор гэдэсний халдварт өвчин цусан суулга 1.9 хувиар, эмнэлгийн орны ачаалал 2 хувиар тус тус буурсан эерэг үзүүлэлт гарчээ.
ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал “Манай Улсын хувьд нэгдүгээр сарын 9-нөөс хойш 812 хүнийг ажиглалтад авсан байна. Яг одоогоор 435 иргэнийг ажиглалтад аваад байгаа. Тусгаарлах байрнуудын ачаалал 50 орчим хувьтай байна. Өглөө гадаад улс орноос 111 зорчигч ирсэн. Эдгээрийн 16 зорчигчийг тусгаалан сэргийлэх арга хэмжээг авсан. Турк-Улаанбаатар чиглэлийн онгоцоор 32 зорчигч ирсэн. Урьдчилсан байдлаар долоон хүнийг ажиглалтад авах мэдээлэл ирээд байна. Хяналт, шалгалт дуусаагүй явагдаж байгаа. Мөн Дарханы чиглэлэд 21 хүнийг ажиглалтад авсан” гэв.
Хот хоорондын зорчигч тээврийн хөдөлгөөний хязгаарлалтыг өнөөдөр өглөө 06:00 цагаас нээсэн. Улаанбаатар хотыг зорьж буй болон хөдөө орон нутагт зорчиж буй иргэдийг 20 гаруй асуулттай “Асуумжийн хуудас” бөглүүлэн нэвтрүүлж байгаа. Энэ ажилд дадлагажигч эмч, анагаахын чиглэлээр сургалт явуулдаг сургуулийн төгсөх ангийн оюутнуудыг дайчлан ажиллуулж байгаа аж.
COVID-19 вирусийн халдварын өвчлөл гэр бүл, хамт олны хүрээнд өндөр тархаж байна. Мөн өндөр настнууд вирусийн халдвард өртөх магадлал өндөр байгааг Эрүүл мэндийн яамнаас анхаарлууллаа. Хэрэв танд сэжигтэй шинж тэмдэг илрэх юм бол 100, 103, 323002 болон аймаг, дүүргийн эрүүл мэндийн төвийн зөвлөгөө өгөх утсанд хандаарай.