Багш таны гэгээн дурсгалд
“Нэр төртэй сайхан амьдар.
Тэгвэл нас ахиж эргэж бодохын цагт
Хоёр дахь удаагаа амьдарч буй мэт
Сэтгэл ханах болно”
IY ДАЛАЙ ЛАМ
Энэ агуу үгийн биелэл дээрх эрхэм дүрээрээ мэт санагдсан юм. Түүний 1970-аад оны гарынх нь олон шавь нарын нэг МУБИС-ийн багш, ардын аман зохиол судлаач, профессор Р.Чүлтэмсүрэн Нийгэм, Хүмүүнлэгийн ухааны сургууль, Утга зохиолын тэнхимтэйгээ хамтран Д.Дашдорж багшийнхаа 90 жилийн ойд зориулан “АРДЫН БИЛИГЗҮЙЧ ДАВААСАМБУУГИЙН ДАШДОРЖ” УБ 2019 анхдугаар хэвлэл номыг хэвлүүлж эл эрхэмд зориулсан даруухан арга хэмжээг энэ цагийн утга зохиол, эх хэл, бичгийн салбарын эрдэмтэн, мэргэдийн хамт гүн хүндэтгэл дүүрэн, элэгсэг дотно, найрсаг дулаан уур амьсгал дор тэмдэглэсэн нь нэн содон байсан төдийгүй анх удаа нэрийг нь сонсон /гэхэд хилсдэхгүй/ байгаа ч 90 жилийн ойн арга хэмжээнд нь оролцох завшаан тохиосон надад ихэд дотно, сайхан санагдан тэдний дунд уусан орсон ажгу.
Өршөөгөөрэй намайг, хаа хамаагүй математик-физикийн салбарын мэргэжлийнх атал утга зохиол судлаач дээрх эрхмийн тухай ийнхүү аймшиггүйгээр дур мэдэн бичиж байгаад…
Шулуухан хэлэхэд, миний бие МУБИС-даа багагүй хугацаанд ажиллахдаа МХУЗ-ын салбарын Д.Дашдорж гэж багш байсныг харах нь байтугай сонсоо ч үгүй явсан гэхэд хилсдэхгүй. Миний мэдэхээр дээд сургуульд Дашдорж гэж нэр алдартай багш нараас МУИС-ийн багш, математикийн ухааны нэрт эрдэмтэн МУГБ Ц.Дашдорж багш, манай Биеийн тамирын сургуулийн ахмад багш асан спортын гимнастикийн Спортын мастер С.Дашдорж гэдэг хоёр мундаг багш нар байсныг сайн мэдэх төдийгүй багш нартайгаа зөндөө хууч хөөрч /өөрийнхөө хувьд шүү кк/ явав. Ний нуугүй хэлэхэд Д.Дашдорж багшийн 90 насны ойн арга хэмжээний урилгыг аваад манай МХУЗ-д ийм нэртэй багш байсан юм байх даа гэж бодож алдас болох шахсанаа нуух юун.
Дээрх эрхэм хүмүүн болох нийгмийн зүтгэлтэн, сэтгүүлч, зохиолч, утга зохиолын нэрт судлаач, жинхэнэ сурган хүмүүжүүлэгч (миний үг), багш Д.Дашдорж (1929-1990) асан нь МУБИС-д тухайн үеийн УБДС-д 1962-1990 он хүртэл багшилсан яах аргагүй манай нэртэй олон ахмад эрдэмтэн багш нарын минь нэг байсныг түүний 90 насны ойд зориулсан арга хэмжээнд ирээд мэдсэн төдийгүй, намтар түүх, бүтээл туурвилыг нь сонсоод бүр бахархах сэтгэл төрж бас л олон зүйлийг анзааран харж, сэтгэл хөдлөн ийнхүү бичихээр шийдсэн болой. Түүний тухай би “Хүн гэдэг сэтгэлийн амьтан, хүнд сайхан сэтгэгдэл төрүүлнэ гэдэг гайхамшигтай бус уу …” хэмээн бодсон юм. Ахмад багш Д.Дашдорж агсны 90 жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээнд миний мэдэх энэ цагийн утга зохиол, бичиг соёл, түүх болон бусад салбарын олон алдартнууд хүрэлцэн ирсэн байсан нь эхлээд ихэд анхаарал татав.
Тухайлбал, Ардын уран зохиолч, Болор цомын эзэн, МУСГЗ Тангадын Галсан, Ардын багш, МУБИС-ийн Монгол судлалын төвиййн эрхлэгч Хэл бичгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор Ц.Өнөрбаян, Хэл шинжлэлийн ухааны нэрт эрдэмтэн академич ШУГЗ Д.Төмөртогоо багш, Нэрт соён гэгээрүүлэгч, яруу найрагч, үргэлжилсэн үгийн зохиолч, Болор цомын эзэн Д.Урианхай гуай, Нэрт сэтгүүлч, зохиолч, яруу найрагч МУСГЗ Г.Жамъян гуай, Утга зохиол судлаач, эрдэмтэн МУГБ Цэнд-Аюуш багш, МУИС-ийн ахмад багш, Хэл бичгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор ШУГЗ М.Базаррагчаа, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн захирал доктор (Sc.D), профессор Г.Билгүүдэй, нэрт яруу найрагч, сэтгүүлч эрдэмтэн МУСГЗ Ү.Хүрэлбаатар ах, зураач, зохиолч, эрдэмтэн МУСГЗ Ж.Саруулбуян ах, эрдэмтэн зохиолч, профессор МУСГЗ Л.Дашням багш, Доктор, профессор С.Жачин багш, зурхайч, түүхч эрдэмтэн Д.Мөнх-Очир ах, Математикийн ухааны доктор, профессор, Ховд ИС-ийн анхны ректор МУГБ Н.Жадамба багш, Боловсрол судлалын шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор Чагнаагийн Пүрэвдорж багш, яруу найрагч МУБИС-ийн НХУС-ийн захирал доктор, профессор Ж.Батбаатар, УЗТ-ийн багш Хэл бичгийн ухааны доктор (Sc.D), профессор С.Хөвсгөл багш, УЗТ-ийн эрхлэгч утга зохиолын судлаач шүүмжлэгч доктор, профессор С.Энхбаяр багш, Ардын аман зохиол судлаач эрдэмтэн Р.Нарантуяа гуай, МУБИС-ийн ахмад багш дэд профессор Ц.Цэвэлмаа, Д.Дашдорж багшийн гарын шавь эл номыг бүтээгч УЗТ-ийн багш, ардын аман зохиол судлаач, доктор профессор Р.Чүлтэмсүрэн багш … нарын зэрэг олон эрхмүүд иржээ. Энэ эрхмүүдийн ихэнх нь миний сайн танилууд бас олон жил хамт ажиллан ихэд хүндлэн биширч явдаг эрдэмтэн багш нар, зохиолчид, судлаачид байсан нь мөн сайхан санагдаж байв. Тэд судлаач багш Д.Дашдорж агсны найз нөхөд, нэгэн үед хамт ажиллаж явсан болон ихэнх нь хайртай шавь нарын нь төлөөлөл төдийгүй тэдний дурсамж, яриа, сэтгэгдлүүд ихэд хүндэтгэлтэй, элэгсэг, дотно, энгийн … төсөөлөхийн бол хамаатныхаа маш дотно хүний найранд ирээд түүнийгээ дурсан магтаж байгаа юм шиг л байсан нь сонин бас содон байсан юм. Тухайлбал, МУИС-д оюутан болж ирээд Д.Дашдорж багшийн удирдах Утга зохиолын дугуйланд байсан өнөө цагийн нэрт сэтгүүлч МУСГЗ Г.Жамъян гуай алд цэнхэр хадгаа барин ирж, халуун дотно дурсамж сэтгэгдлээ хүндэтгэлтэйгээр хуваалцан байх зэрэг нь нэн сэтгэл догдлом байлаа.
Ингээд Ардын билиг зүйч, их багштан Д.Дашдоржийн талаар сэтгэгдлээ хуваалцсан эрхмүүдийн зарим дурсамжаас хэсэгхэнийг хуваалцъя:
АУЗ Т.Галсан:- “… Д.Дашдорж биднийг оюутан байхад МУИС-ийн Утга зохиолын нэгдлийн дарга байв. Тэр ихэд нэр хүндтэй, бид бол зүгээр л дагалдан баясагчид байсан.
– Түүнийг МЗЭ-ийн гишүүн болгодоггүй байв. Учир нь Ри багш, Гаадамба багш, Дамдинсүрэн нарын шавь учир. Мөн миний нөгөө “Арвайхээр” найраглалд шүүмж бичиж, зохиомж, дүр, уран сайхны байдалд онолын задлан хийсэн…, …тэрээр авьяастныг олж харсангүй, миний Монголд Пушкин төрж болдоггүй юм уу… гэх мэт хэлсэн шударга үгийнхээ төлөө хавчигдаж явсан.
– Д.Дашдорж сайн багш байсан, түүний үе үеийн шавь нар Хэл, утга зохиолын нэртэй зүтгэлтэн, эрдэмтэд болцгоосон.
– Тэр утга зохиолын хайгуулч байв.
– Жаахан шаргыг сувдан аялгуу харгиатуулан, шүрэн аялгуу даргиатуулан дуулна.
– Гудиггүй, хэнэггүй … сайхан эр хүн байсаан, хэзээ ч нэг аашаараа…” гэсэн бол,
Акад.Д.Төмөртогоо:
– “… Д.Дашдорж офицерийн сургуулиас татан буугдахад нь МУИС-д ирж байсан.
– Миний найз. Тэр сэтгүүлч, зохиолч, багш хүн юм.
– Нөхөрсөг, энгийн, алиа хошин гэмээр… Би гэрээр нь орж, гарч явлаа..” гэсэн бол,
МУАБ Ц.Өнөрбаян:
– “…1967 онд оюутан болж ирэхэд миний ангийн багш байсан.
– Нэг удаа Хар Дорж (Унгарын нэрт Монголч эрдэмтэн Дьердь Кара) багштайгаа уулзахад тэрээр Д.Дашдорж багшийн биеийг асуугаад “Ганцхан хувь гайхамшигтай ном байдаг. Тэр ном үхчихвэл хэцүү шүү” гэж Д.Дашдорж багшид хэлүүлж билээ.
– Багш минь агуу эрдэмтэн, эгэл даруу, энгийн хүн байлаа…” гэсэн бол,
МУСГЗ Г.Жамъян:
– “… Д.Дашдорж багш шавь нарынхаа төлөө үнэнхүү зүтгэдэг. Бүтээлийг нь хэвлүүлэх гээд их гүйдэгсэн…”
МУГБ Н.Жадамба:
– “ Намайг Ховдод БДС-ийн ректораар ажиллаж байхад нөхөр Д.Дашдорж багш манай сургуульд ирж гурван сар ажиллахдаа маш үр дүнтэй ажилласан гэж би боддог юм. Тэр үед оюутан байсан түүгээр Ардын аман зохиолын ном заалгасан сэтгүүлч Бадамсамбуу, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт яруу найрагч Баянсан, “Утгын чимэг” шагналт Радиогийн Лхагвасүрэн нарын болон тэр үед залуухан багш байсан Дашлхүмбийн Галбаатар, Ринчиний Батаахүү, Балчингийн Катуу нарын цаашдын ажил үйлс, уран бүтээлд нь үлгэр дууриалал болж байсан гэж боддог юм” хэмээн дурссан юм.
Булган аймгийн Хутаг-Өндөр сумын харьяат Ардын уран зохиол судлаач хайртай багшийнхаа 90 жилийн ойд зориулан бүтээсэн доктор, профессор Р.Чүлтэмсүрэн “АРДЫН БИЛИГЗҮЙЧ ДАВААСАМБУУГИЙН ДАШДОРЖ” УБ2019 номоо:
– Ардын билигзүйч
– Өв соёл, аман билгийн эрэл олз
– Монголын уран зохиолыг судлан шинжээч
– Сэтгүүлч Д.Дашдорж
– Багшийн багшийн нэр хүнд гэсэн бүлгүүдээр түүний бүтээл туурвилууд болон багшилж байсан үеийн нөр их хөдөлмөрийн талаарх дурсамж, бусад материалуудыг эмхэтгэн хэвлүүлсэн бөгөөд өмнөтгөл үгэндээ:
“ … Д.Дашдорж багш маань 1943 оноос ажлын гараагаа нутагтаа ХЗЭ-ийн зааварлагчаар эхэлж, “Залуучуудын үнэн”, “Эдийн засаг” сонин, “Шинжлэх ухааны академийн мэдээ” сэтгүүлд утга зохиолын ажилтан, хариуцлагатай нарийн бичгийн даргаар 1962 он хүртэл ажилласан туршлагатай сэтгүүлч хүн байлаа…, Д.Дашдорж багш 1962 онд МУБИС-д багшаар ирж ажиллахдаа Монголын аман зохиолын сургалтын эх суурийг тавьж, хөтөлбөр агуулгыг боловсруулан, хэдэн мянган оюутанд Монгол биет бус соёлын өвийг уламжлан өвлүүлэгч эрдэмтэн байсан юм…, 28 жил Уран зохиолын дугуйланг сургууль дээрээ удирдаж, олон арван зохиолч сэтгүүлчийг сурган хүмүүжүүлсэн бөгөөд шавь нар нь одоо улсдаа нэр хүндтэй, гавьяат цолтой, эрдмийн зэрэг цол өндөр хүмүүс болон өсөж дэвжин эх орныхоо соёл, боловсролд үнэтэй хувь нэмэрээ оруулж байна…” гэжээ.
Түүний авьяаслаг олон шавь нарын нэг МУСГЗ Ж.Саруулбуян номонд өгсөн “Д.Дашдорж багшийн тухай бодол” дурсамж нийтлэлээ:
“Энтэйхэн шиг найруулаад байвал
Эрх биш зохиолч болоход дөт шүү” Д.Дашдорж багшийн үг.” хэмээн эхлүүлээд:
“…Дашдорж багш даруу эрдэмлэг байхыг бидэнд үргэлж хэлж, ардын аман зохиол, ардын дууны гүн гүнзгий утгатай шүлэглэл, түүх домгийг судалж байх нь зохиолч болох хүний эрхэм үндэс суурь болно гэж шууд бус тойруугаар хэлнэ…
… Миний байсан үеийнхнээс гэвэл Г.Мэнд-Ооёо, Ш.Гүрбазар, Я.Баатар, Ү.Хүрэлбаатар, До.Цэнджав, Б.Катуу, Ч.Жачин, Д.Баттогтох, Н.Сүхдорж, А.Даваасамбуу, Р.Батаахүү нар бүгд Дашдорж багшийн гол шавь нар болно. Тэдэн дундаас багшийнхаа ачлалыг ихэд бахдаж, өөрийн эрдмийн судалгаагаараа үргэлжлүүлсэн хүн бол доктор Р.Чүлтэмсүрэн. Тэр багшийн тухай нэг биш сайхан өгүүлэл дурсамж бичиж, ардын аман билигийн судалгааг нь үргэлжлүүлж яваа нь бахтай…” гэжээ гэх мэтчилэн бахдам, дотно дурсамжууд маш их ээ. “Багш хүн гэж ийм байх нь ямар гайхамшигтай вэ?” гэсэн бодлыг их л төрүүлсэн дээ.
Ном дотор олон сайхан зүйлүүд үнэхээр их шүү. Миний хувьд:
– “Хатанбаатар Магсаржавын хөрөгийг бүтээгч”
– “Хар Дорж, Дашдорж хоёрын нөхөрлөл”
– “Д.Нацагдоржийн намтар судлалд холбогдох аман сурвалжууд”
– 1971 онд нэрт дууч С.Цоодолтой хамт хэвлүүлсэн “Ардын дуу хөгжмийн суу билигтнүүд” /I дэвтэр/ ном .. зэрэг хэсгүүд нь маш их анхаарал татаж байгаа бөгөөд ЧҮ багшаасаа зөвшөөрөл авч та бүхэнтэй хуваалцах юмсан гэж бодож байгаа.
Ялангуяа Хатанбаатар Магсаржавын тухайд: миний буурал аав Лодойн Далантай нь Хатанбаатарын тугч цэрэг, мэргэн буудагч, партизан нь явсан бөгөөд дээрх хөрөгт бүтээлийн гол баатар Д.Дашдорж багшийн аав Даваасамбуу нь Хатанбаатарын морин жолооч нь явсан, монгол үсэг сайтай, Барон жанжин Вандоновын цэргийг гэнэдүүлэн цохисон болон устгалцахад хамт байсан зэрэг нь миний буурал аавын дурдатгалтай нийцэж байгаа зэрэг нь их гүн сэтгэгдэл төрүүлсэн болой. Бас Их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн тухай түүнтэй нэг үед харийн оронд хамт суралцаж явсан МУБИС-ийн багш асан, газар зүйч, Монголын анхны “Ардын багш” цолтон Г.Батсүхтэй уулзан Их зохиолчийн талаар аман яриа, дурсамж авч байсан зэрэг нь үнэхээр гайхалтай үйл явдал мэт.
Бас нэгэн зүйл Ардын билиг зүйч хэмээн хүндэтгэлтэйгээр нэрлэгдэх эл эрхэм багштан Д.Дашдоржийн нөр их хөдөлмөр, цаг хугацаагаа шингээн байж бүтээж, цуглуулсан ардын их өв соёлын бүтээлүүд нь даяаршлын өнөө цагт, сүүлийн үед Монголчууд бид чамлахааргүй ардын их өв соёлоосоо суралцан, мэдэхийг тэмүүлж байгаа энэ цаг үед судалгааны томоохон эх сурвалж болох мэт. Энэ талаар номонд дурдагдсан профессор. Р.Чүлтэмсүрэн багшийн маань “Багшийнхаа цуглуулсан олон эх хэрэглэгдэхүүнийг бид бүрэн судалж амжаагүй байна” хэмээн дуу алдсан нь нэгийг хэлэх шиг…
Судлаач, эрдэмтэн багш Д.Дашдорж Халхын олон аман билиг аялгуу, эх сурвалж болон ардын аман зохиолыг судлахаар судалгаа- шинжилгээний ангиар эх орныхоо хаа сайгүй явж тэдгээрийг сурвалжлан тэмдэглэж, хэвлүүлэн хадгалж, уламжлуулсан нь нэн гайхамшигтай. Нэгэн жишээ дурдахад: дээрх номны “ Хар Дорж, Дашдорж хоёрын нөхөрлөл” хэсэгт /х18-20/
Унгарын эрдэмтэн, Дэлхийн нэрт монголч эрдэмтэн профессор Дьёрдь Кара -ийн тухай анх сурвалжилсан нийтлэлээ цэл залуухан оюутан, ирээдүйн нэрт ардын билиг зүй судлаач Д.Дашдорж төвийн хэвлэлд нийтлүүлсэн байдаг бөгөөд тэрээр дурдахдаа: “Одоо Хар Дорж (Дьёрдь Кара -ийг монголчууд Хар Дорж хэмээн дууддаг байж) Унгарын ШУА-ийн Дорно дахины судлалын ЭША болсон байна … Хар Дорж анх удаагийн ирэлтээр Ардын аман зохиол, Эртний бичгийн дурсгалын зүйлийг нэлээд цуглуулсны дотор Торгууд ардын найрагт дуу “Дархадын хартай сарлаг”, “Жаран цагаан хонь”, Баяд ардын “Хавар”, Халх ардын “Сэрүүн сайхан хангай” гэх мэтийн Монголын олон ястнуудын дуу, “Тэмцэлт мэргэн баатар” гэх мэтийн үлгэр туульсыг хуучин үсгээр тэмдэглэж авсан байна. Залуу судлаач Хар Дорж анхныхаа ирэлтээр Говь-Алтай аймгийн орон нутгийг судлах танхимаас хэвтээ дөрвөлжин үсгийн цагаан толгой олсон бөгөөд энэ тухай судалгаа хийж байгаа ажээ. Монголын Соёмбо үсгийн тухай мөн баруун аймгийн нутгийн аялгууны тухай Эрдэм шинжилгээний бүтээл хийж Франц хэлээр хэвлүүлсэн байна. Мөн өнгөрөгч оны намар дахин Монголд ирж зүүн аймгуудаар аялж буриад, үзэмчин зэрэг ястнуудын дотор очиж тэдгээрийн одоо цагийн ярианы хэл, аман зохиолын талаар цуглуулга хийсэн бөгөөд Монгол ардын домогт дууны тухай нэлээд материал цуглуулж, энэ талаар шинжилгээний бүтээл хийхэд бэлтгэж байна. Говь-Алтай аймагт голдуу дуулагддаг бөгөөд нийт Монголчуудад тархсан “Шалзат баахан шарга” дууны талаар холбогдох цуглуулга хийжээ., … Монгол ардын дууг нийтэд нь ажиглаж судалсан явдал байвч домогт дууг тодорхой шинжилсэн эрдэмтэд ховор юм” хэмээн бичиж байсан нь мөнөө цагт ч нэн сонирхолтой, ховор эх сурвалж шигээ. Эдүгээ мэнд сэрүүн байгаа Дэлхийн хамгийн ахмад нэрт монголч эрдэмтэн Дьёрдь Кара (Хар Дорж)- нь АНУ-ын Индиан Их сургуульд багшилж, бүтээн туурвисаар яваа бөгөөд энэ эрхэм хүмүүнд монголчууд бид гүн хүндэтгэл даруй үзүүлмээрээ. Ёстой нэгэн цагт Хар Дорж багш номын шавь өнөө Ардын багш хэмээн эрхэм цолын эзэн болсон Хэл шинжлэлийн ухааны нэрт эрдэмтэн Ц.Өнөрбаянгаараа дамжуулан номын нөхөр Д.Дашдорждоо хандан “Ганцхан хувь гайхамшигтай ном байдаг. Тэр ном үхчихвэл хэцүү шүү” хэмээн аминчлан хэлүүлж байсан үгийг энэ цагт монголчууд бид хүндэт монголч эрдэмтэн Хар Дорж багшдаа эргүүлэн хэлж түүний их өв, үүцээс, өөрөөс нь мэдэж авууштай зүйл маш их мэт сэтгэгдэл төрснөө нуумааргүй байна. Миний мэдэхийн хэдхэн жилийн өмнө шавь Ц.Өнөрбаян тэргүүтэй эрхмүүд Хар Дорж багшийнхаа 80 насны ойг Олон улсын хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлэх үеэр бас л Хар Дорж багшаар нь маш их бахархаж хайрлан хүндлэх сэтгэл төрж байснаа бичихгүй байж бас чадахгүй нээ. Зарим монголчууд Хар Дорж багшийг Билгүүн их номч Бямбын Ренчин гуайн хүргэн гэдгээр нь анддаггүй юм билээ. За гэх мэтчилэн цаашаа бичээд л байвал бичих зүйл маш ихээ …
Ингээд улиран одох гэж буй Шороон гахай жилд /2019-XI-29/ багшийнхаа 90 жилийн ойг төрөлх МУБИС дээр нь хүндэтгэлтэйгээр тэмдэглэн Д.Дашдорж багшдаа зориулан мөнхийн зул мэт сайхан номон хөшөө босгосон, энэ сайхан эгэлгүй даруу багшийн шавь нь явсан азтай хүмүүн доктор, профессор Р.Чүлтэмсүрэн багшдаа гүн талархан бахархаж байгаагаа илэрхийлье. Түүнчлэн түүний эрхэм шавь нарын нэг МУСГЗ Ж.Саруулбуян ахдаа “Бидний багшийн тухай их сэтгэл гаргаж биднээс ч илүү бичсэн Дуламрагчаадаа баярлалаа. Сайхан багшийн минь гэгээн дүрийг нь нэг болтугай хараагүй мөртлөө ийм халуун сэтгэл гарган бичсэнд баярлалаа. Түүний мянга мянган шавь нар байгаа даа. Хорвоогоос явсан хүнд ч сайхан халуун үг хэрэгтэй тэр халуун үгэнд үр хүүхдүүд, шавь нарынх нь сэтгэл дулаацаж явдаг юм” /2019-12-10 / хэмээн бичиж өчүүхэн надад маш том урам хайрласан нь зориг гарган бичсэн айдсыг минь багахан ч болов алга болгосон төдийгүй мэдсэн зүйлээ цаашид бусадтай хуваалцан бичих их урам өгөв.
Эрдмийн гэгээ, сайн үйлс бүхэн үргэлж дэлгэрч байх болтугай.
Т.Дуламрагчаа 2020-02-20