Гурав дахь хорт хавдартайгаа тэмцэж буй баатарлаг эмэгтэй Б.Мөнхтуяатай ярилцлаа. Тэрээр “Хорт хавдар нуруу нугасанд үсэрхийлж мэдрэл дарснаас үүдэн ташаанаас доош мэдээгүй болсон” оноштойгоор Солонгос улсад хорт хавдрын эмчилгээнд орох гэж буй юм. Б.Мөнхтуяагийн бичсэн “Шидэт хуудас” номны эхний хэвлэлт нь борлуулагдан дуусч, уншигчдын дунд эрэлтийг бий болгоод байгаа билээ.
-Таны эмчилгээ ямар шатандаа явж байна вэ?
-Солонгост ирээд эхний шатныхаа шинжилгээнүүдийг өгч байна. Өнгөрсөн долоо хоногийн мягмар гаригт анх удаа эмчтэйгээ уулзсан. Уг нь тэр өдөр эмнэлэгтээ хэвтэх байсан боловч ор сулраагүй. Тиймээс гормоны тариа хийлгээд гэр лүүгээ явсан. Харин лхагва гаригт өглөөнөөс эхэлж гурван шинжилгээ өгөөд эмчлүүлэх тасагтаа хэвтээд байна. Нарийвчлан шинжилсний дараа эмчилгээг маань эхэлнэ гэсэн. Лхагва гаригт эмч надад “Туяаны болон биохимийн эмчилгээ, химийн эмчилгээ, гормоны эмчилгээ, мөн зовиур намсгаж нугас дарсан байгаа хавдрыг барих эмчилгээ хийж, хөдөлгөж мэдээ оруулах гэх мэт эмчилгээг шат дараалалтайгаар хийнэ” хэмээн хэлсэн.
-PET CT гэдэг шинжилгээ өгч байгаа гэсэн. Энэ ямар учиртай шинжилгээ байдаг вэ?
-Энэ шинжилгээ Монголд хийгддэггүй. Хөлийн улаас толгойн үзүүр хүртэл бүтэн биеийг шинжлээд тухайн агшинд хавдрын эс байгаа хэсгийг тогтоодог.
-Таны эмчилгээний зардалд шаардлагатай мөнгөнөөс одоогийн байдлаар хичнээн төгрөг цуглаад байгаа вэ?
-Урьдчилсан байдлаар, шинжилгээ болоод эхний курс эмчилгээний төлбөр нь ойролцоогоор 150-иас 170 сая вон болно байх хэмээн таамаглаж байна. Нэмж ямар эмчилгээ хийлгэхээ мэдэхгүй байгаа учраас эмнэлгээс урьдчилсан байдлаар хэлсэн дүнгээр нь багцаалж хандив цуглуулж байгаа. Одоогоор Монгол мөнгөөр 100 гаруй сая төгрөг цуглаад байна. Хүмүүсийн сэтгэлийн хандиваас гадна “Шидэт хуудас” ном маань маш сайн борлуулагдаж байгаа. Айл болгон хүүхдэдээ номыг маань авч өгвөл номын цагаан буян ивээж эмчилгээний зардалд минь том нэмэр болно.
-“Шидэт хуудас” номыг бичих сэдэл хэрхэн төрсөн бэ?
-Найзууд болоод дүү нарынхаа хүүхдүүдийг ажиглаж байгаад ихэнхдээ гадаадын баатруудтай ном уншдаг болохыг нь мэдсэн. Тухайн үед Монгол ардын үлгэрийн баатрууд мартагдсан юм уу даа гэх бодол төрсөн л дөө. Хуучин цагийн Монгол ардын үлгэрүүдийг өнөө цагийн хүүхдүүд сонирхохгүй болчихсон мэт санагдсан. Тэгээд л өнөө цагийн хүүхдүүдийн сонирхдог гурван дүрийг бүтээгээд эдгээр дүрүүдээрээ өртөөлөн багачуудыг үлгэрийн ертөнцөөр аялуулж, тэд үлгэрийн баатруудтай хамт шинэ адал явдлуудыг бүтээж байхаар “Шидэт хуудас” номоо баринтагласан. Хүүхдүүд миний номыг уншаад цаашид гарах үйл явдлыг нь өөрөө үргэлжлүүлэн бичих сэдэл төрдөг байхаар төлөвлөсөн л дөө. “Шидэт хуудас” номоороо дэлхийн хэмжээний том контент бүтээх санаа, төлөвлөгөө надад бий. Уг номныхоо дараагийн цувралыг нь бичээд дуусчихсан байгаа. “Шидэт хуудас” номны маань дараагийн цуврал зургадугаар сарын 1-нд уншигчдынхаа гарт очно.
-Хүүхдийн ном бүтээнэ гэдэг хүүхдийг сайн мэдэрдэг хүний л ажил л даа. Хамгийн шударга, үнэн үнэлгээг хүүхэд л өгдөг шүү дээ?
-Тийм шүү. Намайг хүүхэд төрүүлэхээс өмнө дүү нарын маань хүүхдүүд байнга тойрон хүрээлж байдаг байлаа. Надад ер нь л хүүхдүүд их сайн байсан даа. Би өөрөө охинтой, тиймдээ ч хүүхдэд их хайртай. Мөн би хүүхэд сэтгэлгээнээс гарах дургүй. Байнга л хүүхэлдэйн кино үзэж, хүүхдийн ном уншдаг. Багадаа Орос үлгэрийн номнуудыг уншаад “Би яг ийм ном бичнэ” гэж гэрийнхэндээ ярьдаг байсан гэсэн. Нүдээ аниад хэвтэхээрээ янз бүрийн зүйлс төсөөөлж үлгэрийн ертөнцөөр аялдаг. Тэгж аялахдаа өөрөө гол дүрүүдийнх нь нэг болно. Аливаа зүйлийг ургуулан бодоход сэтгэхүйн чадвар болоод төсөөлөн бодох чадвар сайжирдаг.
-Таны номны бяцхан уншигчид эхнээсээ сэтгэгдлээ илгээж байгаа байх аа. Тэд танд ямар үнэлгээг өгч, хэр их урам зоригийг бэлэглэж байгаа вэ?
-Маш олон сэтгэгдлүүд ирж байгаа. Уншигчид маань өөрсдийн зургаа аав ээжээрээ илгээлгэж байна. Тэд “Шидэт хуудас” номыг уншлаа. Дараагийн цувралыг тань тэсэн ядан хүлээж байна. Орой болгон унтахынхаа өмнө “Шидэт хуудас” номон доторх нэг сэдвийг нь уншихаар шөнөжингөө зүүдэлдэг. Гол дүрийн гурван хүүхдийн тус бүрийнх нь цувралыг хүлээж байгаа шүү” гэсэн сэтгэгдлүүдийг ирүүлсэн. Уншигчдаас маань ирсэн эдгээр үгс надад маш их урам өгч байна. Би заавал хөл дээрээ босох ёстой гэсэн итгэлийг надад төрүүлж байгаа.
-Та сэтгэлийн тэнхээгээ юугаар цэнэглэж байна вэ?
-Би сэтгэлийн тэнхээгээ бодлоороо, итгэл найдвараараа, өөрийнхөө охиноор, хүсэл мөрөөдлөөрөө, хайртай хүмүүсээрээ, Монголынхоо ард түмний намайг гэсэн сэтгэлээр, миний төлөө залбирч буй зүрх болгоноор цэнэглэж байна.
-Та аз жаргалыг юунаас мэдэрдэг вэ?
-Надад тохиолдож буй хором бүрээс мэдэрдэг. Хүмүүс маш том өндөрлөгөөс аз жаргалыг хайгаад байдаг. Гэвч бидний алхам тутамд аз жаргал оршдог. Өчүүхэн жижиг зүйлээс ч аз жаргалыг мэдэрч болно. Өглөө босоод наранд залбирахдаа түүний цацрагаас аз жаргалыг мэдэрдэг. Тэнд агуу их аз жаргал бий. Өглөөнийхөө цайг чанахдаа нөхөр, охин хоёрынхоо инээмсэглэл, надаар бахархсан харцнаас би аз жаргалыг мэдэрдэг. Хүмүүстэй уулзахдаа тэдний хандлага, хэлж буй үгнээс аз жаргалыг мэдэрдэг.
-Таны амьдралын төлөө хийж буй тэмцэл маш олон хүмүүст урам зориг өгч, тэдэнд амьдралын үнэ цэнийг мэдрүүлж байгаа шүү дээ. Та амьдралын үнэ цэнийг хэзээ хамгийн ихээр мэдэрдэг вэ?
-Яг үнэндээ, би амьдралын үнэ цэнийг ямар нэгэн саад бэрхшээлтэй тулгарахдаа л мэдэрдэг. Үхэлтэй ойртоод ирэх үедээ илүү ихээр мэдэрсэн.
-Та эмчилгээгээ дуусахаар юу хийх төлөвлөгөөтэй байгаа вэ?
-Эмчилгээ дуусахаар маш олон зүйлийг хийхээр төлөвлөсөн байгаа. Хамгийн түрүүнд хөл дээрээ босоод онгоцны буудал дээр очиж маш олон хүнийг баярлуулмаар байна. Намайг хүлээж буй хүүхдүүдийн оюун ухааныг нь мялаах, өмнө нь зориулж чадаагүй цаг хугацаагаа охин, нөхөр хоёртоо гаргах, ээждээ очиж үнсүүлэх гэхчлэн зөндөө л зүйлс бодогдож байна.
-“Амьд явбал Улсын наадам үзнэ” хэмээн Их зохиолч Д.Нацагдорж шүлэглэсэн байдаг. Амьдрал гэдэг тэмцэхийн нэр юм даа?
-Тийм шүү. Их зохиолч маань их гоёор хэлсэн байдаг. Ёстой л ирэх жилийнхээ Улсын наадмыг үзнэ дээ. Амьд явахад учир байна, амьд явахад хийх зүйл маш их байна. Амьдрал үнэхээр амттай юм аа.
-Та охинтойгоо хэр их утсаар ярьж байгаа вэ?
-Би хүүхэдтэйгээ өдөрт хоёроос гурван удаа ярьж байгаа. Намайг утасны цаанаас үнсээд л, тэврээд л хөөрхөн шүү дээ миний охин. Охинтойгоо ярихад маш их хүч авч байгаа.
-Хүнд хэцүү үеэ даван туулахад тань юу тулах цэг болдог вэ?
-Итгэл найдвар минь тулах цэг болдог. Харин хүсэл мөрөөдөл минь тэмүүлэл, эрч хүч болдог доо. Хорт хавдрыг хүнд тулгарч болох бэрхшээл гэж үзээд зоригтойгоор нүүр тулах хэрэгтэй санагдсан. Түүнчлэн бууж өгөлгүй, тэмцэх сэтгэл зүйг өөртөө бий болговол илүү хүчирхэгждэг юм шиг. Үнэнтэй нүүр тулснаас хойш гарцыг нь олох хүч бидэнд байгаа гэж итгэх хэрэгтэй. Би хорт хавдрыг хоёр удаа ялаад л гарсан. Гурав дахиа ч ялна.
-Таныг сайн үйлсийн аян олон удаа зохион байгуулж байсан гэсэн. Одоогийн байдлаар сайн үйлсийн ямар ажлуудыг хийгээд байна вэ?
-ХӨСҮТ-д хамаатны маань долоон сартай хүүхэд улаанбурхан тусаад хэвтчихсэн байхад нь очиж эргэсэн юм. ХӨСҮТ дээр очоод улаанбурхнаар олон хүүхэд нас барж байгаа тухай эцэг эхчүүдийнх нь амнаас сонссон. Улсын эмнэлэгт тоног төхөөрөмж болон ариутгалын зүйлсээс эхлээд амьсгалын болон утлагын аппарат, гуурс гэхчлэн маш олон зүйлс дутуу байсан. Тэгээд шаардлагатай зүйлсийг нь шат дараатайгаар авч өгч байсан. “Бидний гар-Бяцхан зүрхэнд” хэмээх аян эхлүүлээд Солонгост анагаах ухааны чиглэлээр сурдаг найзтайгаа тухайн үед танилцаж байлаа. Тэр найз маань Солонгост байгаа монголчуудаас хандив босгож, бид хамтдаа 18 сая төгрөгийн багаж ХӨСҮТ-д авч өгсөн. Мөн хавдартай хүүхдүүдэд шинэ жилээр бэлэг өгч тэднийг баярлуулан, хүсэл мөрөөдлийг нь ярилцаж урам зориг өгсөн ажлуудыг хийж байлаа. Хүүхэд баярлуулах гоё байдаг. Хорт хавдартай хүүхдүүдийг жаахан ч гэсэн баярлуулахад хэсэгхэн хугацаанд ч болов өвчнөө мартдаг байх аа гэж би боддог. Хоёрдугаар сарын 8-нд “Мөөм” эвент хийхээр төлөвлөсөн байсан ч хөл хорио тогтоосонтой холбоотойгоор түр хугацаагаар хойшлогдоод байгаа. Corporate зочид буудлын 350 хүний багтаамжтай танхимд ХӨСҮТ-ийн цээжний хөндийн бүх залуу эмч нар 100 эмэгтэйг хөхний үзлэгт үнэгүй хамруулж, тухайн өдрөө хүмүүсийн өвчнөө ялан дийлсэн түүх яриулах, мэргэжлийн эмч нар зөвлөгөө өгөх гэхчлэн үйл ажиллагаанууд бүхий эвент зохион байгуулахаар төлөвлөөд байна. Хэдийгээр би Монголд байхгүй ч гэсэн “Мөөм” эвент маань явагдана.
Эрхэм уншигч та бүхэн гурав дахь хорт хавдартайгаа тэмцэж буй Б.Мөнхтуяагийн эмчилгээний зардалд сэтгэлийн хандив өгөх бол түүний төрсөн дүү Б.Мөнхчимэгийн 5133099922 тоот данс руу шилжүүлээрэй. Мөн түүний бичсэн “Шидэт хуудас” номыг 88024457, 88018046, 99800668 утас руу залгаж худалдан авах боломжтой. Таны худалдан авсан ном бүрийн үнэ Б.Мөнхтуяагийн эмчилгээний зардалд бүрэн зарцуулагдана.
У.ЧИНЗОРИГ