Categories
гадаад мэдээ нийгэм

“Diamond Princess” хөлөг дээр корона вирусын халдвартай хүний тоо 65-аар өсч 135 болжээ

Японы Токио хотын ойролцоо хөл хорионд ороод буй “Diamond Princess” аяллын хөлөг онгоц дээрх ахин 65 хүнээс коронавирусийн халдвар илэрсэн нь өчигдөр /2020.02.10/ тогтоогджээ. Өмнө нь вирус илэрсэн 70 өвчтөнтэй нийлээд тус хөлөгт 135 хүн халдвартай болох болоод байна. Хятадаас өөр улсад коронавирусээр өвчилсөн хамгийн олон тохиолдол ийнхүү Японд бүртгэгдлээ.

Тус хөлөгт нийт 56 улсын 3711 хүн байгаагаас 2666 нь зорчигч, 1045 нь хөлгийн багийн гишүүд юм. Нийт зорчигчдын хагас нь 70 болон түүнээс дээш настай тул халдвар авах өндөр эрсдэлтэйд тооцогдож байгаа аж. Онгоцыг ямартай ч хоёр долоо хоног буюу хоёрдугаар сарын 19-нийг хүртэл хөл хорионд байлгахаар болоод буй.

Зорчигчдыг өрөөнөөсөө ч гарахгүй байхыг шаардаж байгаа аж. Хөлөг дээр байгаа 60 настай эрэгтэй NHK-д ярихдаа “Мэдээлэл хомс байгаа. Хэзээ эндээс гарахаа мэдэхгүй байна. Маш их санаа зовж байна” гэсэн бол өөр нэгэн зорчигч “Нөхцөл байдал улам хэцүү болж байна. Хөлгийн багийн гишүүд өрөөнүүдийг цэвэрлэх боломжгүй болсон. Компьютер хэрэглэж ч болохгүй байгаа. Зөвлөгөөгөө зөвхөн англи хэл дээр өгдөг” хэмээн ярьжээ.

Анх уг хөлгөөр зорчоод Хонконгт буусан 80 настай иргэнээс коронавирусийн халдвар илэрсэн юм. Тиймээс уг онгоцыг Японы эрэгт ирэхэд нь хөл хорионд оруулсан билээ. Японы эрх баригчид шаардлагатай бол хөл хорионы дэглэмийн хугацааг сунгаж болзошгүйг анхааруулсан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *