Categories
мэдээ цаг-үе

65 -тай шинэ үеийн залуус

Саяхан Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хүний насны үечлэлийг шинэчлэхдээ өмнөхөөс хамаагүй өндрөөр тогтоосон. Өмнөх ангиллаар буюу хүний дундаж наслалтыг 50 хэмээн тодорхойлдог байснаар бол ахмад настайд тооцогддог байсан хүмүүс одоо залуу насны ангилалд багтсан гэсэн үг юм. Хөгшрөлтийг тодорхойлох тогтсон заалт байхгүй боловч дэлхийн хүн амын дундаж наслалтыг эрүүл мэнд болон нийгмийн байдлыг нь харгалзсан судалгаан дээр үндэслэн гаргадаг байна.

ДЭМБ-аас гаргасан насжилтын судалгаа (хамгийн сүүлийн үеийнхээр):

• 0-17 нас- насанд хүрээгүй

• 18-65 нас- залуучууд

• 66-79 нас- дунд насныхан

• 80-99 нас- өндөр настан /ахмад

• 100-гаас дээш нас-урт насалж буй ахмад настан

Мөн судалгааны дүнд дараахь прогнозыг гаргажээ:

-2015-2050 оны хооронд 60-аас дээш насны хүмүүс 12-22 хувиар нэмэгдэнэ

-2020 он гэхэд 60 ба түүнээс дээш насны хүмүүсийн тоо 5-аас доош насны хүүхдүүдийн тооноос давж гарна

-2020 он гэхэд өндөр настай хүмүүсийн 80% нь бага, дунд орлоготой орнуудад амьдарна

-Хүн амын хөгшрөлтийн хурд өмнөхөөс хурдацтай явагдана

-Бүх улс орон эрүүл мэнд, нийгмийн тогтолцоогоо хүн ам зүйн энэхүү өөрчлөлтөд бэлдэхийн тулд томоохон сорилтуудтай тулгарах болно.

Дээрх судалгаанаас харахад хүмүүс илүү урт насалдаг болсон гэж анзаарагдаж байна. Та ажил хөдөлмөр хийж чадахааргүй боллоо, одоо болсон гээд тэтгэвэрт суулгадаг байсан 60 насыг ахмад биш, харин ч ид хав нь жигдэрсэн нас юм байна аа хэмээн хүлээн зөвшөөрөх цаг иржээ. Гэхдээ хамгийн гол нь эрүүл мэндийн байдал нь ямар байна, нийгэмдээ ямар байр суурь эзэлж байна, хэр идэвхтэй амьдарч байна вэ гэдгийг маш нарийн судалдаг гэж ДЭМБ-аас онцолсон байналээ. Өндөр хөгжилтэй, нэг хүнд ногдох ДНБ ихтэй орнууд бол насжилт өндөр байх нь аргагүй.

Тэдэнд нийгмийн янз бүрийн хангамж, туслалцаа элбэг, эрүүл мэндийн үйлчилгээ ч сайтай учраас настайчууд санаа зовох зүйл багатай, өөрийн дуртай юмаа хийгээд эрүүл саруул амьдраад байх бүрэн боломжтой. Эндээс нийгмийн зүгээс анхаарал халамж хэр тавьдгаас хүн амынх нь насжилт шалтгаална гэж ойлгочиход ер нь болохоор харагдаж байна. Эдийн засаг томтой орнуудын ахмад настнууд хэрэглээ өндөртэй, нийгэмд эзлэх байр суурь ихтэй, туршлагатай, боловсролтой хүмүүс байдаг. Нийгмийн элит давхаргыг тэдний цөөнгүй хувь бүрдүүлж байдаг. Насаараа ажиллахаа ажиллаад, хийхээ хийчихсэн хүмүүс ийм байх нь арга ч үгүй биз. Гэтэл манайд эсрэгээрээ, хамгийн эмзэг, сул дорой, амьдралын баталгаагүй хүмүүс нь ахмадууд байдаг. Адаглаад эрүүл мэнд, нийгмийн даатгалын зөв тогтолцоотой бол манай улсад ч гэсэн наслалт өндөр байж болох шүү дээ.

Бас нэг анзаарах зүйл энд бий. Хөгшрөлт хурдтай нэмэгдэж байгаа гэдэг нь хүмүүс илүү хурдан хөгширч байна гэсэн үг биш, харин илүү удаан амьдарч өндөр насалдаг болж байна аа гэсэн үг байх нь. Өндөр настнууд олширно гэдэг маань хүн амын хөгшрөлт хурдасч байгаа хэлбэр. Ийм хувьсалд улс орон бүр дасан зохицох гэж багагүй хугацааг зарцуулдаг гэнэ шүү. Жишээлбэл, 150 жилийн өмнө Франц улсын хүн амын 10% нь 60-аас дээш насныхан байжээ. Энэ үзүүлэлт одоо 20%-д хүрсэн. Францчууд ахмад настнууд нэмэгдэж буй энэ өөрчлөлттэй дасан зохиоцох гэж бүхэл бүтэн 150 жилийг зарцуулсан байна. Нийгмийн шилжилт, хувьсал хийх гэж тэр шүү дээ. Дэлхийд өндөр наслалтаараа тэргүүлдэг Япон улсын хүн амын 30% нь 60-аас дээш насныхан байдаг. Гэтэл ОХУ, БНХАУ, Исламын Бүгд Найрамдах улс, Чили, Иран зэрэг орнууд энэ үзүүлэлтээр Японы хойноос мөр даран явж байгаа сонирхолтой статистик ч байна.

“ЭрүүлЭЭр хөгшрөхүй” буюу идэвхтэй хөгшрөлт

Биологийн түвшинд хөгшрөлт гэж бие махбодын болон оюун ухааны чадавх аажмаар буурч, өвчин тусах эрсдэл нэмэгдэж, эцэст нь үхэлд хүргэдэг процессыг хэлдэг. Гэхдээ энэ өөрчлөлтүүд нь тогтсон шугаман зүйл биш бөгөөд зарим 70 настнууд бие эрүүл ухаан саруул байхад зарим нь өвчинд баригдаж “хүний гарт орсон” байдаг шүү дээ. Тэгвэл хүн амын насжилт ийнхүү уртасч буйтай холбоотойгоор “Эрүүлээр хөгшрөхүй” гэх үзэгдэл дэлхий даяар эрчээ авч байгаа юм байна. Энэ нь аливаа улс орны зүгээс ахмадууддаа зохиулсан эрүүл мэнд болон нийгмийн тусгай хөтөлбөр, цогц арга хэмжээ юм. Улс болгон өөрийн нийгэм, эдийн засгийн онцлогт тааруулан уг хөтөлбөрийг боловсруулдаг байна. ДЭМБ-ын 2020-2030 оны ажлын төлөвлөгөөнд дэлхийн хүн амын насжилт дээр явуулах ажлын гол чиглэл нь “Эрүүлээр хөгшрөхүй” хөтөлбөр хэмээн тусгагджээ. Тэдний зүгээс хүн хөгшрөх явцдаа сайн сайхан амьдарч, өөрийн чадавх болоод нөөц бололцоог алдахгүй байхыг хангахад туслалцаа үзүүлэх нь гол зорилго гэж дүгнэжээ. Мөн эрүүл хөгшрөлт нь эв нэгдэлтэй, энх тайван, шударга, ауюлгүй, тогтвортой нийгмийг бүтээхэд тусална гэж үздэг юм байна. Хөгшрөлт гэдэг харьцангуй ойлголтыг шинэчлэх, хүн хэд л бол хэд наслах боломжтой. Чадавхиа алдаагүй л бол тэр хүн хэдэн ч настай байсан хөгшин хүн биш. Харин төр, засгийн зүгээс энэ бүгдээ хадгалж үлдэхэд туслалцаа шаардлагатай хэмээн уриалж байгаа аж. Үүнд тэтгэврийн уян хатан тогтолцоо, эрүүл мэндийн болон боловсролын системд ахмадуудад тусгасан зорилтот ажлуудыг нэмэх, хүмүүнлэгийн янз бүрийн ажил гэх мэт олон арга зам байна. Тэгээд мэдээж ахмадуудын өөрсдийн зүгээс шалтгаалах хүчин зүйлүүд буюу идэвхтэй амьдрах арга ухаануудыг судалж хэрэгжүүлэх нь зүй.

Нэгэнт л 65 нас залуу нас юм бол залуу хүний амьдралаар амьдрах нь зүйн хэрэг. Тэтгэвэрт гарсан хүмүүсийн ихэнх нь бие болон сэтгэл санаагаар унаж, улам хурдтайгаар хөгширдөг гэсэн судалгаа хүртэл бий. Судалгаа ч гэлтгүй бидний хажууханд байгаа аав ээж, эмээ өвөө нар маань ингэж ярьдаг шүү дээ. Хөгшин гээд хүний тооноос хаслаа хэмээн гомдоллодог.

Бид амьдралаа жилийн дөрвөн улирал гэж бодвол хүүхэд балчир нас маань хаврын улирал болох нь ээ. Модны навч гөлөглөж, ургамал цэцэг газрын хөрснөөс цухуйдгийг нь бодоод ийнхүү төлөөлүүлж байгаа юм. Залуу идэр нас маань зуны улирал бөгөөд бид ёстой ид хийж бүтээж, ургаж цэцэглэдэг шүү дээ. Намрын улирал нь ахмад нас буюу одоогийнхоор бол 65-аас дээш насныхан болж таарч байна. Энэ насанд үхэж, үгүй болохыг биш харин ч намбайж, налайж, амарч, дуртай зүйлээ хийж, өөрийгөө тойглох цаг хэмээн сэтгэхэд болж байна. 65 хүртэлх насныхан бол залуус, түүнээс дээш насныхан ахмад настандаа орохоор болчихож. 100 гараад явчихвал бүүр ч гайхалтай, урт удаан насалж буй ахмад настан гэсэн бэлгэшээлтэй ангилалд багтаад явахчих нь ээ. Тэгэхээр 100 наслахаас нааш хорвоог орхих тухай ярьж болохгүй нь байна шүү, ЗАЛУУС АА!!! Тэгээд ч тун удахгүй хүн төрөлхтөн гадны механик гэмтэл л авахаас нааш үхэхгүй, өвчнөөр нас бардаггүй болно оо гэсэн өөдрөг ирээдүй зурагдчихсан байгаа.

А.МӨНХЗУЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *