Categories
мэдээ эдийн-засаг

Дэлхийн Банкны Зүүн ази, Номхон далайн бүс нутаг хариуцсан дэд ерөнхийлөгч Монголд хийсэн айлчлалаа өндөрлөлөө

Нэгдүгээр сарын 13-14-ний өдрүүдэд Дэлхийн Банкны Зүүн ази, Номхон далайн бүс нутаг хариуцсан дэд ерөнхийлөгч Викториа Кваква Монгол Улсад албан айлчлал хийлээ. Тэрээр айлчлалынхаа хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Х. Баттулга, Сангийн сайд Ч. Хүрэлбаатар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан, Монгол Банкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн нартай албан уулзалт хийжээ. Хатагтай Кваква төсвийн сахилга бат улсын хэмжээнд сайжирсан нь дараагийн зорилго, зорилтыг хэрэгжүүлэхэд түлхэц болж өгөхийг онцолсон.

“Макро эдийн засгийг тогтворжуулах, эдийн засгийг төрөлжүүлэх, засаглалыг бэхжүүлэх замаар дундаас дээш орлоготой орон болох зорилтын хэрэгжилтийг эрчимжүүлэхэд нь Монгол улсад дэмжлэг үзүүлэхэд Дэлхийн Банк ямагт бэлэн байх болно,” хэмээн Дэлхийн Банкны дэд ерөнхийлөгч хатагтай Кваква хэлсэн юм.


Дэлхийн Банкнаас Монгол Улстай хамтран хэрэгжүүлж буй зээл, тусламжийн хэмжээ одоогийн байдлаар 349 сая гаруй ам.долларыг даваад байгаа бөгөөд уг төсөл, хөтөлбөрүүд нь уул уурхайн бус салбарын экспортыг дэмжих, ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх, санхүүгийн тогтвортой байдлыг хангах, эрчим хүч, боловсрол, мэдээлэл харилцаа холбооны салбарыг хөгжүүлэх, төв болон орон нутгийн засаглалын чиглэлээр хэрэгжиж байна.

Хамгийн сүүлд Дэлхийн Банкнаас Монгол улсын өрийн тогтвортой байдлыг сэргээх, нийгмийн хамгааллын тогтолцоог бэхжүүлэх, өрсөлдөх чадварыг сайжруулахад чиглэгдсэн Монгол улсын бодлогын шинэчлэлийг дэмжин “Монгол Улсын Эдийн засгийн удирдлагыг дэмжих хөтөлбөр”-ийн 2 дахь шатны санхүүжилт болох 100 сая ам. долларын зээлийг батлаад байна.

Дэлхийн Банкнаас Монгол улстай цаашид хамтран ажиллах Түншлэлийн стратегийг 2020 онд багтаан боловсруулна.

Эх сурвалж: Дэлхийн банк

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *