Categories
мэдээ цаг-үе

Хятадууд НБА-г ч нахилзуулна, “Арсенал”-ыг ч айлгана

Английн Премьер Лигийн топ баг болох Лондонгийн “Арсенал” гэж бий. Энэ жил амжилт нь жаахан гавьдаггүй, дотоодынхоо тэмцээнд хүснэгтийн дундуур бичигдэж улирал дуусах яагаа ч үгүй байхад ахлах дасгалжуулагчаа солиод базаахгүй л байгаа. Муу дээр муухай, муухай дээр улцан гэгчээр ядаж байхад нь тус багийн цагтаа лидер нь байсан одоо сэлгээний сандлын зай бөглөгч болчихоод буй Месут Озил хэмээх турк гаралтай герман хөлбөмбөгч гэнэт улс төрийн идэвх нь хөдлөн Хятадын дотоод бодлогын талаар твиттертээ үзэл бодлоо илэрхийлээд баахан шуугиан тарьчихлаа. Лал шашинтай Озил өнгөрөгч долоо хоногийн эхээр өөрийнхөө твиттерт үлдээсэн сэтгэгдэлдээ “Дорнод Туркестан хэмээх лалын нийгмийн гүн шархалсан газар байна. Тэнд коран судрыг шатааж, сүм, сургуулийг нураан шашин нэгт ах дүүсийг маань хавчин гадуурхаж байхад лалын нийгэм чимээгүй л байх юм,..” гээд хятадуудыг нэлээн муулсан зүйлс бичжээ. Бага зэрэг тодруулахад Уйгар Шинжааны өөртөө засах орон нь Хятад улсын баруун хойд хэсэгт оршдог, ихэвчлэн лал шашинтангуудаас бүрдсэн үе үе тусгаар улс болно хэмээн эсэргүүцэл үзүүлж зарим тохиолдолд олныг хамарсан дэлбэрэлт, тэслэлт гарч үймээн самуун дэгдчихдэг нутаг бөлгөө. Маргааш нь “Арсенал”-“Ман Сити” гэсэн тэр тойргийнхоо хамгийн том тоглолт хүлээгдэж байхад ийм мэдээ нийтэлж хятадуудыг “загатнууллаа”. Хятадын Гадаад хэргийн яамны төлөөлөгч Гэн Шуан “Эрхэм Озил худал хуурмаг мэдээлэлд итгэн буруу мэдээлэл нийтийн сүлжээнд цацсанд харамсаж байна. Хэрвээ танд боломж олдвол Шинжаан мужийг өөрийн биеэр ирж үзээд бодит байдалтай газар дээр нь танилцвал бүрэн таатай байх болно” гэж хэлсэн ч асуудал хаагдсангүй.Тэгээд хятадууд хариуг удаан хүлээлгэлгүй өгч уг тоглолтын шууд нэвтрүүлгийг цуцалж, удирдлага нь албан ёсны уучлал гуйтал тодорхойгүй хугацаагаар “Арсенал”-тай холбоотой ямар ч мэдээ, мэдээллийг төрийн хэвлэлээр цацахгүй байхаар шийдвэрлэсэн бол Хятад улс дахь “Арсенал”-ыг дэмжих фэн клубийнхэн Озилын цамцыг шатааж эсэргүүцлээ илэрхийллээ. “Арсенал” урд хөршийнхнөөс айхаас өөр аргагүй юм. Хятадын нийтийн сүлжээ болох Weibo-д гэхэд таван сая хүн “Арсенал”-ын вэб хуудаст бүртгэлтэй, клуб өөрөө Хятад улсын гар утасны хамгийн том компани Huawei, авто концерн Byd зэрэгтэй удаан хугацааны зар сурталчилгааны өчнөөн сая фунтын гэрээтэй гээд айхаар том бизнесүүд нь шатах ирмэгт ирлээ шүү дээ. Тиймээс Озилын нийтлэлийн дараа өдөр нь л “Арсенал” мэдэгдэл гаргаж “Энэ бол тухайн хүний хувийн үзэл бодол, клуб хэзээ ч бусад улсын хэрэгт оролцдоггүй, улс төрөөс ангид байгууллага билээ” гэж зайгаа барьсан ч уучлал гуйгаагүй. Уучлал гуйвал түмэн олон балиашигуудынхаа өмнө ичгэвтэр байдалд орчих гээд байдаг, эс тэгвээс мөнгөө алдчих гээд байдаг. Хадны завсар хавчигдсан халиуны зулзага болоод дуусч байх шиг. Хятадуудын үзүүлэх нөлөө ингээд зогсохгүй, бүхэл бүтэн Премьер лигийг хамраад ирвэл яах вэ гэдэг асуудал ч босно. Учир нь Английн Премьер Лигийн тоглолтуудыг нутагтаа дамжуулах эрхийг Хятад улсын төрийн өмчит CCTV телевиз гурван жилийн хугацаатай 564 сая фунт стерлингээр худалдаж авсан нь хамгийн том хөрөнгө оруулалтуудынх нь нэг бөгөөд үүнийгээ ч цуцлах аюул бий. “Арсенал” харин чимээгүйхэн байж байгаад өвлийн наймааны цонхоор Озилыг Германы “Кельн”-д зарчихаад айдсаа арилгах арга олсон бололтой. Эс бөгөөс өнгөрөгч намар Америкийн мэргэжлийн сагсан бөмбөгийн лиг НБА нэг хүний ганц мөр өгүүлбэрээс шалтгаалан олон тэрбум доллараар шатсан замаар гүйчих гээд болдоггүй ээ. “Хьюстон Рокетс” багийн ерөнхий менежер Дэрил Мори “Гонгконгтой хамт.

Эрх чөлөөнийхөө төлөө тэмцээрэй” гэж сэтгэгдлээ бичээд удалгүй устгачихсан ч олон хүний хараанд өртөж нийтийг хамарсан шүүмжлэлийг дагуулсан билээ. “Хьюстон Рокетс” бол зүгээр л НБА-гийн гучин багийн нэг биш, тэнд Хятадын хамгийн нэр хүндтэй сагсан бөмбөгч Яо Мин тоглож байсан, Хятад улсдаа асар их хөгжөөн дэмжигчтэй, урд хөршийн номер нэг НБА-гийн баг нь юм шүү дээ. Асар их шуугиан тэр мэдэгдлийн дараа өрнөж эцэстээ Леброн Жэймсээс эхлүүлээд НБА-гийн коммисар Адам Сильвэр хүртэлх хүмүүс Мориг шүүмжилсэн ч тусыг олоогүй. Бүрэн бус мэдээллээс үзэхэд НБА ганц өгүүлбэрээс шалтгаалан дөрвөн тэрбум ам долларын алдагдал хүлээсэн гэлцэх юм.

Д.БАТ-ЭРДЭНЭ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *