Шинэ жилийн баярын арга хэмжээ болон ирэх амралтын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, цасан шуурга шуурахтай холбогдуулан Онцгой байдлын ерөнхий газар, Цаг уур орчны шинжилгээний газартай хамтран өнөөдөр мэдээлэл хийлээ.
Хэвлэлийн бага хуралд ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мандахгэрэл, Олон нийттэй харилцах төвийн дарга, дэд хурандаа Б.Дуламсүрэн, ЦУОШГ-ын ерөнхий инженер А.Алтаншагай нар оролцсон юм.
Гол мөрөн дээгүүр зорчихгүй байхыг анхааруулж байна
Арванхоёрдугаар сарын хоёрдугаар арав хоногийн байдлаар манай орны ихэнх гол мөрөн нуур битүү мөсөн бүрхүүлтэй болсон хэдий ч гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна. Иймд мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй цөмрөх эрсдэлтэй байгаа тул цаг хугацаа хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр мал тууварлах, тээврийн болон ердийн хэрэгсэлтэй зорчихгүй байхыг анхааруулж байна.
Пиротехникийн хэрэгслийг хэрэглэхгүй байхыг анхааруулж байна
Шинэ жилийн баярын арга хэмжээ зохион байгуулагдаж байгаатай холбогдуулан иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд салют, бенгалын гал болон чанарын шаардлага хангаагүй пиротехникийн хэрэгслийг зөвшөөрөлгүй газраас худалдан авч, улмаар салют буудуулах, сүлд модыг чимэглэхдээ мэргэжлийн бус хүнээр хийлгэдгээс болж бэртэж гэмтэх тохиолдол гардаг.
Тиймээс Онцгой байдлын байгууллагаас шинэ жилийн баяр тэмдэглэх, хүлээн авалт зохион байгуулах барилга байгууламжийн галын аюулгүй байдлыг шалгах, мөн үзвэр үйлчилгээ, соёл урлагийн байгууллага, томоохон худалдааны төв, захуудад пиротехникийн хэрэгсэл худалдан борлуулалтанд тавих хяналт шалгалтыг зохион байгуулж байна.
Шалгалтад өнөөдрийн байдлаар 95 объектыг хамруулж, 462 зөрчил илрүүлэн, газар дээр нь 124 буюу 26.8 хувийн зөрчлийг арилгуулж, мэргэжил, аргазүйн зөвлөгөө өгч ажиллаж байна. Тиймээс зөвшөөрөлгүйгээр салют, бенгалын гал зэрэг пиротехникийн хэрэгслийг иргэдийн гар дээрээс худалдаж авахгүй байх, эрх бүхий байгууллагаас худалдан авсан бол заавар санамжийг мөрдөх, сүлд модоо 12 волтын хүчдэлтэй гэрлэн чимэглэлээр чимж, цахилгааны утасны холболтыг дүрмийн дагуу хийх, цагаан бенгалын галыг хялбар шатах материалын ойролцоо цацруулахгүй байх, цацарч дууссаны дараа цаас, саа, хөвөн зэрэг шатамхай зүйл дээр хаяхгүй байх, оргилуурт гэрэл, тэсрэх бодис, динамидийг орон байр, сүлд модны ойролцоо хэрэглэхгүй байх, аж ахуйн нэгж, байгууллагууд сүлд модыг дүрмийн дагуу угсарч ашиглах, тухайн обьктын харуул хамгаалалтын сонор сэрэмжийг сайжруулж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарна
Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр ирэх амралтын өдрүүдэд буюу 28-нд баруун, төв, зүүн болон говийн аймгуудын ихэнх нутгаар, 29-нд нутгийн зүүн хагаст, цас орж, цасан шуурга шуурна. Салхи 28-нд ихэнх нутгаар, 29-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсч, хүйтний эрч чангарах төлөвтэй байна.
Иймд зам даваа гүвээ хаагдаж, халтиргаа гулгаа үүсч болзошгүйг онцгойлон анхааруулж байна.
Мөн цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах,
Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих,
Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг анхааруулж байна.
Ахуйн гал түймрээс урьдчилан сэргийлье
2019 онд 4209 удаагийн ахуйн гал түймэр гарч, 11.4 тэрбум төгрөгийн хохирол учирч, 54 хүн нас барж, 68 хүн түлэгдэж гэмтэн 628 толгой мал хорогдож, 1770 гэр, орон сууц шатсан байна. Иймд иргэн та өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учирч болзошгүй гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлж,
-ЕБС-ийн сурагчдын амралт эхэлсэн байгаа учраас бага насны хүүхдийг хараа хяналтгүй гэрт нь цоожилж үлдээхгүй байх, пийшин, зуух яндангийн эвдрэл гэмтлийг засч, хүүхэд хүрч, түлэгдэх, гэмтэхээс сэргийлэх, цахилгааны утас, залгуур, ил гарах зүйлс, шатах, тослох материалыг бага насны хүүхдээс хол байлгах,
-Халуун үнс нурам, галтай хог хаягдлыг хогийн ил цэгт хаяхгүй байх, шингэрүүлсэн шатдаг хийгээр болон цахилгаанаар ажилладаг тулга, зуухыг ашиглахдаа аюулгүй ажиллагааны дүрэм, журмыг баримтлах,
-Цахилгааны шөнийн тарифыг хөнгөлсөнтэй холбогдуулан цахилгаан халаагуур, халаагчийг гэр, байшин, аж ахуйн нэгж, байгууллагадаа суурилуулахаар сонгосон бол цахилгаан ашиглалтын дүрэм, журмыг мөрдөх, аюулгүй ажиллагааны заавар, зааварчилгаа авах, мэргэжлийн цахилгаанчаар холбуулах, холбогдох байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөмжийг дагаж мөрдөх,
-Гарааш, ил зогсоолд автомашинаа байрлуулахдаа галын аюулгүйн зайн хэмжээг баримтлах, ил галаар автомашины мотор болон бусад явах эд ангийг халаахгүй байх,
-Шинэ жилийн баярын арга хэмжээ зохион байгуулагдаж байгаатай холбогдуулан зарж, борлуулах эрх бүхий газраас пиротехникийн хэрэгслийг худалдан авч, үйлдвэрээс тогтоосон аюулгүй ажиллагааны заавар, зааварчилгааг мөрдөх,
-Аж ахуйн нэгж, байгууллагууд сүлд модыг дүрмийн дагуу угсарч ашиглах, тухайн обьектын харуул хамгаалалтын сонор сэрэмжийг сайжруулж, гал унтраах анхан шатны багаж хэрэгслийг бэлтгэсэн байх,
-Баярын арга хэмжээ зохион байгуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагууд галын дохиоллын болон гал унтраах автомат системүүдэд ээлжит бус үзлэг хийж, хэвийн найдвартай ажиллагааг ханган, авралтын зам гарцыг чөлөөтэй байлгахыг анхааруулж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.