УИХ-ын гишүүн асан Яйчилийн Батсуурьтай ярилцлаа.
-Та нэг хэсэг нам гүм байлаа. Харин саяхан Үндсэн хуулийн Цэцэд хандсаныг тань дуулаад ярилцахаар урьсан юм. Тиймээс яриагаа таныг яг юу хийж, ямар ажил амжуулж буйгаас эхэлбэл ямар вэ?
-Би дунд сургууль төгсөөд тухайн үеийн Гадаад явдлын яамны нэр дээр Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуульд сурч төгссөнөөс хойш дипломат алба болон улс төрд 2015 оныг хүртэл тасралтгүй гучаад жил ажилласан. Одоогоор хувийн жижиг бизнес хийж, аж ахуй эрхлээд явж байна. Хажуугаар нь олон нийтийн болон намынхаа ажилд багагүй цаг зарцуулж байгаа. Монголын Элчин сайд нарын клуб, Монголын шагайн харвааны холбоо, Монголын үндэсний морин уралдаан, уяачдын холбоо зэрэг ТББ-ын удирдах албанд сэтэртэй учир зүгээр суух зав гарахгүй л юм.
-Таны Үндсэн хуулийн Цэцэд гаргасан өргөдөл олны анхаарлыг нэлээд татах төлөвтэй байна. Чухам яагаад ийм маргаан үүсгэхээр шийдсэн юм бэ?
-Өнөөдөр манай бүх сонгууль мөнгөнийх болж, улс төрийн нам авлигад идэгдэж асуудлыг мөнгөөр шийддэг болсон нь улс орны өмнө тулгарч буй хамгийн ноцтой асуудал. Энэ нь манай улс төрийн тогтолцоог гажуудуулж, нийгмийг бүхэлд нь ганхуулж байгааг засч залруулах үүднээс энэ асуудлыг дэвшүүлсэн юм.
-Тодорхой тайлбарлаж болох уу?
-1990 оноос хойших бүх сонгуульд нэр дэвшигчид, намууд бүгд мөнгөөр өрсөлдсөн. Эхний үед хэн их гурил будаа, бэлэг тараасан, том шоу зохиосон нь сонгогддог байлаа.Сүүлийн үед хэн их мөнгө тараасан нь сонгогддог болсон. Жишээ нь, саяхан шүүхээр шийдэгдсэн нөгөө алдарт “60 тэрбум”-ын хэрэг бол яах ч аргагүй мөнгөний сонгуулийн уршиг юм. Сонгуульд мөнгөөр өрсөлддөггүй байсан бол ийм асуудал үүсэхгүй байсан байх.Тиймээс ч мөнгөгүй бол та улс төр рүү зүглээд хэрэггүй гэсэн ойлголт бий болсон.
Мөнгөгүй л бол хэчнээн зөв, сайн хүн байгаад сонгогдох боломж байхгүй. Нэг үгээр манай сонгуулийн тогтолцоогоор зөвхөн мөнгөтэй нь л ялна. Нэр дэвшигчид сонгуульд оролцохын тулд их хэмжээний мөнгө зарцуулдаг. Сонгогдсон хойноо шархаа нөхөхөөс гадна, дараагийн сонгуулийн мөнгөө босгохын тулд төсөв, тендер, концесс туух, ивээн тэтгэгч хувийн компаниуддаа давуу байдал олгох зэргээр хууль зөрчин авлигад өртдөг.
Улс төрийн намууд ч ялгаагүй. Намын дарга хүн намаа ялуулж Ерөнхий сайд болохын тулд компаниудаас их хэмжээний хандив авна. Компаниуд ч төрийн дэмжлэгээр бизнесээ өргөжүүлэхийн тулд мөнгөө бариад намын дарга, Их хуралд нэр дэвшигчид рүү гүйнэ. Ингэж л УИХ, Засгийн газар нь компаниудтайгаа төсөв, тендер, концесс зэргээр хамтарч бизнес хийх замаар улсын төсөв, өмч хөрөнгө, баялгийг хулгайлж, нөгөө “олигархи бүлэглэл” гээчийг үүсгээд байгаа юм. Үүний улмаас манай УИХ-ын нэр хүнд унаж, иргэд бухимдаж, нийгэм тэр аяараа тогтворгүй болж байна.
Мөнгөний сонгууль ингэж Монголын төрийг, төрийн албыг бүхэлд нь авлигад идүүлэх үндэс нь болж байгаа нь хөдөлшгүй үнэн. Мөнгөний сонгууль бол Монголын өнөөгийн нийгэмд, улс төрд буглаад байгаа гол идээ бээр юм.
-Танай нам ирэх сонгуульд нэр дэвшигчдээс мөнгөн хандив авахаа хэдийнэ зарлачихсан биз дээ?
-Манай намын Үндэсний бодлогын хороо саяхан хуралдаж УИХ-д нэр дэвших горилогчоос 100 сая төгрөг хурааж намаа санхүүжүүлэхээр болсон. Гэтэл нэр дэвшигч сонгуульд нэр дэвшсэн тохиолдолд тойрогтоо очоод түүнээс хэд дахин илүү мөнгө зарцуулах шаардлагатай болно. МАН ирэх сонгуульд үүнээс бага мөнгө босгож оролцоно гэж бодохгүй байна. Угаасаа бийлэгжүү нам илүү ихийг босгох биз. Үүнээс гадна намууд компаниудаас ихээхэн хандив цуглуулдаг. Тэр зарчим хэвээрээ явж таарна. Ингээд бодохоор арай л дэндүү байгаа юм.Энэ бүх асуудлыг шийдэхийн тулд эхний ээлжинд сонгуулиа мөнгөнөөс салгая л гэсэн санаагаар Үндсэн хуулийн цэцэд хандаад байгаа юм.
-Тэгээд таныхаар яавал засагдах вэ?
-УИХ-аас 2015 онд баталсан Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлд ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал хурааж дуустал аливаа этгээд сонгогчдын саналыг татах, худалдаж авах зорилгоор мөнгө, эд зүйл тараах, биеийн тамирын уралдаан, тэмцээн, баяр наадам, урлагийн тоглолт, хүлээн авалт, дайллага, цайллага, төлбөрт таавар, бооцоот, мөрийтэй тоглоом зохион байгуулах, ивээн тэтгэх, сонгогчдыг гадаад, дотоодод аялал зохион байгуулан оролцуулах, амралт, сувилалд амраах, сувилуулах, ирээдүйд өөрийн болон бусдын хөрөнгөөр мөнгө, эд бараа өгөхөөр гэрээ байгуулах, хэлцэл хийх, хишиг, хувь, хувьцаа өгөх, ажлын байранд зуучлах, ажилд оруулах зэрэг амлалт авах, төрийн болон бусад өмчийн хөрөнгөөр хөрөнгө оруулалтын чанартай ажил, үйлчилгээ явуулах зэргийг хориглосон. Гэхдээ эдгээр хууль бус үйлдэл, үйл ажиллагааг зөвхөн ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал хураалт дуусах хүртэлх хугацаанд л хориглосон. Хамгийн ноцтой нь сонгуулийн жил эхлэхээс өмнө буюу сонгууль болохоос зургаан сарын өмнө аливаа этгээд өөрийн хөрөнгө, мөнгөний давуу байдлаа ашиглан дээр дурдсан хориотой бүх үйлдэл, үйл ажиллагааг хийж гүйцэтгэх замаар сонгогчдын саналыг худалдаж авч болохоор хуульчилсан явдал юм. Сонгогчид зургаан сарын өмнөх үйл явдлыг санахгүй юм шиг бодож иргэдээ ингэж басамжилж болохгүй биз дээ. Уг нь яаж ч бодсон сонгогчдын саналыг татах, худалдан авах зорилгоор дээрх үйлдлүүдийг хийх нь төрийн эрхийг мөнгөөр буюу хууль бусаар авах гэмт хэрэг мөн. Иргэдийн саналыг ингэж хууль бусаар худалдан авч хэзээ ч болохгүй. Энэ бол Үндсэн хуулиар хориотой зүйл шүү дээ. Үндсэн Хуулийн хорьдугаар зүйлд “Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн …”, Гуравдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, авахаар завдахыг хориглоно” гэж тус тус заасан. Иймд иргэдийн саналыг ийнхүү худалдан авах замаар төрийн эрх барих дээд байгууллага болох УИХ-д сонгогдох нь төрийн эрхийг хууль бусаар авах гэмт хэрэг болох учир миний бие Үндсэн хуулийн Цэцэд хандан энэ асуудлыг шийдвэрлүүлэхээр ажиллаж байна.
-Таны санал дэмжигдээд Сонгуулийн хуулиар нааштай шийдэгдвэл сонгуульд нэр дэвших хүн олдох уу. Бүгд л тойрогтоо юм тараасан бүтээн байгуулалт хийчихсэн байгаа шүү дээ?
-Хууль буцаж үйлчилдэггүй зарчимтай. Хууль зөвхөн хүчинтэй болсон өдрөөсөө мөрдөгдөнө. Тэгэхээр одоо УИХ-ын гишүүн байгаа хүмүүст давуу байдал үүсэх магадлал бий. Гэхдээ энэ давуу байдал зөвхөн энэ удаагийн сонгуульд л хамаатай. Цаашид бүгд нэг гараанаас өрсөлдөх боломж бүрдэнэ. Мөнгөөр бүтээн байгуулалт хийж, юм тарааж давуу байдал олж авдаг явдал байхгүй болно. Ингэж байж зөв хүмүүс улс төрд сонгогдох боломж бүрдэнэ.
-Шинээр нэр дэвших хүмүүст хүндрэл үүсэх байх даа. Тэд олонд танигдаж чадахгүй?
-Мөнгөөр өрсөлдөхийг зорьж буй хүмүүст л хүндрэл үүсэх байх. Үзэл бодлоороо, мэдлэг боловсролоороо, улс орноо хөгжүүлэх бодлого, хөтөлбөрөөрөө шударгаар өрсөлдөх хүнд хүндрэл учрахгүй гэж бодож байна. “Баабар” Батбаяр,“Де факто”-гийн Д.Жаргалсайхан, “Датаком”-ын Д.Энхбат нар шиг л олон нийтэд танигдаж, хүлээн зөвшөөрөгдөх хэрэгтэй. Сонгуулийн тойрог жижиг бол танигдахад бүр ч амархан. Айл бүрээр орж хүн бүртэй уулзаж танилцах боломжтой. Нэмж хэлэхэд энэ өөрчлөлтийг хэн нэгэнд ашигтай, эсвэл ашиггүй гэж харахаасаа илүүтэй Монгол Улсын нийтлэг эрх ашигт нийцнэ гэдгийг л ойлгох хэрэгтэй.
-Гишүүн сонгогдсон тойргийнхоо тулгамдсан асуудлыг шийдвэрлэх үүрэгтэй. Гэтэл мөнгө зарцуулах боломжгүй болохоор тойргийнхоо асуудлуудыг яаж шийдэх вэ?
-УИХ-ын гишүүн тойргийнхоо асуудлуудыг зөвхөн хуулиар шийднэ, мөнгөөр шийдэхгүй. Тухайн тойргийн эдийн засаг, нийгмийн асуудлуудыг хөрөнгө мөнгөөр шийдвэрлэх шаардлагатай бол Засгийн газар болон орон нутагт уламжилж шийдвэрлүүлнэ. Ингэснээр гишүүдийн тойргийн хөрөнгө оруулалт гэсэн олон тэрбумаар яригддаг их мөнгө хэмнэгдэнэ. Цаашид УИХ-ын гишүүд сонгогдсон тойрогтоо улсын төсөв, зээл тусламжаар ч хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил хийхийг бас хориглох хэрэгтэй. Бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалттай холбоотой асуудал бол угаасаа Засгийн газар, орон нутгийн хариуцах ажил. Улсын төсөв гарын сарвуунуудаар бус ганц сувгаар үр дүнтэй зарцуулагддаг болно. Үүнтэй уялдуулаад төсөв, хөрөнгө оруулалт, тендер, концесс, элдэв томилгоотой холбоотой УИХ-ын эдэлж буй олон эрх дархыг Засгийн газарт шилжүүлэх хэрэгтэй. Уг нь үүнийг сая Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр нэг мөр шийдэх байсан юм. УИХ бол хууль тогтоох дээд байгууллага, зөвхөн хуулиа л батал. Ингэвэл мөнгөтэй хүмүүс УИХ руу хуйлрахаа аяндаа болино.
-ҮХЦ дээр шийдвэр таны талд гарч сонгуульд мөнгөөр өрсөлдөхийг хаалаа гэхэд хамгийн бодитой үр дүн, ач холбогдлыг та яаж харж байгаа вэ?
-Сонгуулийн бусад зардлыг хуулиар хязгаарлаад сонгуулийг аль болох бага зардлаар хямд явуулдаг болох. Нэр дэвшигчид болон намууд аж ахуйн нэгжээс хандив авахыг хориглох хэрэгтэй. Сонгуульд аль болох бага мөнгө зарцуулдаг болбол мэдлэг болвсролтой, зөв хүмүүс үзэл бодлоо уралдуулан шударгаар сонгогдож та бид сайн төр засагтай болно. Иргэд төрдөө итгэдэг болно. Төрийн нэр хүнд өснө. Энэ бол хамгийн гол ач холбогдол нь. Нөгөөтэйгүүр мөнгөний улс төр, сонгуулийн асуудлыг шийдсэнээр төр засагт бугшаад буй авлигын асуудал нэлээд хумигдах магадлалтай. Мөнгөөр сонгогдох боломжгүй, сонгуульд мөнгө зарцуулах шаардлагагүй болохоор улстөрчид болон улс төрийн намууд нь мөнгөний төлөө улайрахаа эрхбиш болих байлгүй дээ. Түүнчлэн нэр дэвшигчид болон намуудыг аж ахуйн нэгжээс хандив авах явдлыг хуулиар хориглох хэрэгтэй. Ингэвэл УИХ, Засгийн газар нь компаниудыхаа халааснаас сугарч, улсынхаа болон иргэдийнхээ төлөө ажиллах боломж бүрдэнэ. Түүнээс гадна УИХ дахь элдэв хөрөнгө, төсөв тендер, концесстой холбоотой эрх мэдлийг Засгийн газарт шилжүүлээд, улс төрийн намуудын үйл ажиллагааг хязгаарлаж, санхүүжилтийг нь ил тод, шилэн болгочихвол бараг л хувьсгал хийсэнтэй дүйцэх өөрчлөлт болох байх шүү.
-Сонгуулийг яаж хямд, хамгийн бага зардлаар явуулж болох бол?
-Сонгууль угтаж зургаан сараас өмнө мөнгө, эд зүйл тараахыг бүрмөсөн хориглочиход цаана нь зөвхөн сурталчилгааны зардал л үлдэнэ. Сурталчилгааг маш цомхон, хямд хийдэг болгох хэрэгтэй. Гудамжинд том том олон самбар энд тэндгүй өлгөхийн оронд заасан ганц нэг газар газар бүх нэр дэвшигчийн ижил хэмжээ, стандарттай авсархан самбарыг босгоно гэх. Энэ мэтчилэн хуулийн зохицуулалт хийвэл сонгуулийг маш хямд зардлаар явуулж болно.
-Та улс төрийн намуудын үйл ажиллагааг хязгаарлах тухай дурдлаа. Ийм боломж байх уу?
-Намууд сонгуульд оролцохдоо том компаниудаас их хэмжээний хандив авч өрөнд ордог. Өрөө нөгөөх л төсөв, тендер, концесс, бүр цаашлаад яам, тамгын дарга, сайдын албан тушаалаар төлнө. Компаниас томилогдсон сайд дарга төр, түмний төлөө ажиллахаасаа илүүтэй томилсон компанийнхаа төлөө л ажиллаж таарна. Тиймээс улс төрийн намуудыг мөнгөний нөлөөнөөс салгахын тулд намуудын үйл ажиллагаа, гишүүнчлэлийг нь хязгаарлах, төсөв, орлого зардлыг нь хязгаарлаж л тод болгох шаардлагатай байна. Намууд улс төрийн албан тушаалын тоонд харгалзсан цөөн тооны гишүүнтэй байх, олон нийт рүү хандсан үйл ажиллагаагаа зөвхөн сонгуулийн үеэр л идэвхжүүлдэг болгох, аж ахуйн нэгжээс хандив авахгүй зөвхөн гишүүний татвар, улсын төсвөөс санхүүждэг болгох зэрэг арга хэмжээг авмаар байгаа юм. Намуудын сонгуулийн сурталчилгааг мөн хязгаарлаж сонгуулийн зардалд нь хуулиар хатуу хязгаар тогтоож өгөх хэрэгтэй. Сонгуулийн зардал, намуудын санхүүд жил бүр олон улсын аудит хийлгэдэг болгоод ноцтой зөрчил гаргасан намыг дараагийн сонгуульд оролцох эрхийг нь хасаад өгвөл ерөнхийдөө цэгцэрнэ л дээ.
Сонгуулийн хуулийг хэлэлцэж байгаа цаг учир эхлээд сонгуулиа мөнгөнөөс салгаад дараа нь улс төрийн намын санхүүжилтийн асуудлыг тавина гэсэн бодолтой байгаа.
-Гадны улс орнуудад мөнгөний сонгуулийн асуудлыг яаж шийддэг юм бол?
-Өндөр хөгжилтэй орныхон манай сонгуулийг хараад шоолно. Улстөрчид нь мөнгө барьж золгоод, чихэр боов, бедон сав, гутал, гурил будаа тараах маягаар ядуу сонгогчдыхоо саналыг худалдаж авч төрд орно гэдэг өнөөгийн хөгжилтэй, соёлтой ертөнцөд байж болохгүй зүйл. Япон, Солонгос зэрэг улсад улстөрчид нь дайны дараа одоогийн манайх шиг мөнгө, будаа тариа тарааж сонгогддог байсан. Зүүн Европын хуучин социалист зарим улс ийм шинэчлэлийг хийж байна. Тухайлбал, Чех улсад улс төрийг бизнесээс салгахын төлөө иргэд нь жагсаж эхэллээ. Бид заавал жагсаж бужигнахгүйгээр энэ өөрчлөлтийг хийж болно гэж бодож байна.
Эцэст нь сонгуулийн тогтолцоогоо өөрчилж, мөнгөний сонгуулиа нэн даруй болихгүй бол бидэнд нэг ноцтой аюул нүүрлээд байгааг энд онцлон тэмдэглэмээр байна. Жишээлбэл,гадаадын аль нэг улс, эсвэл аль нэг томоохон компани 50 сая ам.долларыг өөрийн гар хөл болох нөлөөний нэр дэвшигчдээрээ дамжуулаад тараахад ямар Их Хурал байгуулагдаж болох вэ. Бодоод үз. Улс орны тусгаар тогтнолтой холбоотой маш ноцтой асуудал үүснэ биз дээ. Тиймээс мөнгөний сонгуулийг нэн даруй хориглох зайлшгүй шаардлага байгаа юм. УИХ-ын гишүүдийг, УИХ-д 64 суудалтай төр барьж буй намын дарга У.Хүрэлсүхийг энэ асуудалд онцгойлон анхаараасай гэж хүсч байна. Мөнгөөр сонгогдчихно гэж бодож буй хүмүүс л үүнийг эсэргүүцэх байх. Энэ асуудлыг бусад улс төрийн нам хүчин, хөдөлгөөнүүд дэмжинэ гэдэгт ч би гүн итгэлтэй байгаа.
Б.АМАР