Categories
мэдээ цаг-үе

З.Баянсэлэнгэ: Шударга ёсны төлөө шоронд 48 хоног суугаад гарах юу ч биш ээ


Барилга хот байгуулалтын сайд асан, МАХН-ын гүйцэтгэх товчооны гишүүн З.Баянсэлэнгэтэй ярилцлаа. Тэрээр өнгөрсөн долоо хоногт батлан даалтад гараад байгаа юм.


-Таныг цагдан хоригдож байх хугацаанд дүү тань өөд болсон гэж дуулсан. Эмгэнэл илэрхийлье…

-Хүний амьдралд эмгэнэлтэй, хамгийн том гарз бол хүнээ алдах байдаг. Намайг цагдан хоригдож байх хугацаанд дүү маань зуурдаар өөд боллоо. Би дээрээ нэг ах, эгч хоёртой. Бид ам бүл цөөхүүлээ. Ганц эгч маань дүүгээ шоронд явуулчихаад, хамт амьдардаг том хүүгээ алдчихаар хүний амьдралд ямар л олигтой юм байв гэж. Их л хүнд хэцүү цаг хугацааг миний гэр бүл тууллаа. Дүүгийнхээ ажил явдлын үеэр чөлөө өгөөч гэж шүүхээс хүссэн ч хүсэлтийг маань хангаж өгөөгүй. Аав, ээж хоёр маань бас дараалаад өөд болцгоосон. Хүн зовлон үзээд ирэхээр хат суудаг юм байна. Тэр үүднээс хорих анги дотор чадахаараа маани мэгзим уншиж байлаа. Өнөөдөр 49 хоног нь болж байна. Цаг хугацаа ч хурдан юм.

-Сайд асан З.Баянсэлэнгэ албан тушаалын хэргээр шалгуулж байна гэсэн мэдээлэл гарсаар багагүй хугацаа өнгөрсөн. Хэрэг шүүх дээр хэлэлцэгдэх явцад гэнэт цагдан хоригдсон. Ер нь өнгөрсөн хугацаанд юу болоод өнгөрөв. Та шүүхийн процесст саад учруулахаар юу хийчихсэн юм бэ?

-Намайг шалгаж эрүүгийн хэрэг үүсгэх процессоос эхлээд нийгэмд АТГ-аас андуу ташаа мэдээлэл өгч эхэлсэн. З.Баянсэлэнгэ гэдэг хүн идэж уусан, авлигачин, түрээсийн орон сууцанд хүмүүс оруулаад дундаас нь ашиг хүртсэн юм шиг буруу мэдээлэл их өгсөн. Эрүүгийн хэрэг үүсгэнэ гэдэг бол гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй байх ёстой. Гэмт хэргийн дөрвөн бүрэлдэхүүний шинж байхгүй тохиолдолд гэмт хэрэг биш гэж үздэг. Гэтэл миний тухайд гэмт хэргийн шинжүүдийг шууд зохиомлоор гаргаж ирсэн. Өөрөөр хэлбэл, бүлэглэж гээд л хамт ажиллаж ирсэн нөхдүүдийг минь надтай шалгаж эхэлсэн. Хохирол гэж гаргаж ирсэн. Засгийн газрын тогтоолоор “Бэрэн” группээс 15 тэрбум төгрөгт 223 айлын орон сууцыг худалдаж ав гэж тогтоол гаргаж, хэрэгжүүлсэн. Хохирлыг гаргасан гурван шинжээчийн хоёр нь үнэлгээний эрхгүй байхад үнэлгээ хийлгэж Засгийн газрын тогтоол буюу худалдан авалтын үнийн дүнгээр орон сууцыг үнэлж байгаа юм. Ингээд зөрүү гаргаж ирээд миний улсад учруулсан хохирол гэж шалгаж эхэлсэн. Энэ бол эрүүгийн хэрэг үүсгэн шалгах ямар ч хууль зүйн үндэслэлгүй. Гэвч энэ хэрэг гурван шатны шүүхээр ороод төрд ажиллах эрхийг минь хоёр жилээр хасч, торгууль оногдуулсан. Надад хийсэн хэрэг байхгүй, хувьдаа мөнгө төгрөг завшсан зүйл байхгүй учир би хүлээн зөвшөөрөөгүй. Гурван шатны шүүхээр ороод энэ хэрэг прокурорт буцсан. Гэвч манай яамны бичиг цаасан дээр ажилласан хэлтсийн нэг даргыг л шинээр нэмж оруулж ирснээс биш Дээд шүүхээс гаргасан хэрэг дахиж шалгах даалгаврыг хангаагүй.

-Төрийн банкныхны хэрэгт таны хэргийг нэгтгэсэн. Яагаад Төрийн банкны захирлуудын хэрэгт холбогдчихов?

-Би 2016 онд ажлаа өгсөн хүн. Гэтэл 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшсэн нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгаанд зарцуулсан гэсэн 20 тэрбумын хэрэг буюу Төрийн банкныхны хэрэгтэй миний хэргийг нэгтгэчихсэн. Тэр хэрэг нь өөрөө төрийн эрх мэдлийг хууль бусаар авахыг завдсан гэх хэрэг байсан учраас миний хэрэг нууцын зэрэглэлд хамаарчихаж байгаа юм. Тэгэхээр би олон нийтэд өөрийнхөө талаар үнэн зөв мэдээлэл өгөх ямар ч боломжгүй, хаалттай болсон. Ямар ч хамааралгүй хэрэгт нэгтгэснийг би шүүх дээр байнга хэлж байсан. Шүүхээс би хоёр л зүйлийг хүссэн. Гэрч нарыг хангалттай дуудаж оруулж ирээч гэж. Яагаад гэвэл АТГ-аас анх гэрч нарыг байцаахдаа айлган сүрдүүлж, дарамт шахалт үзүүлж, тэр хүмүүс хийсэн ажлаа хийгээгүй мэтээр тайлбарлахад хүргэж, түүнийг нь нотлох баримт болгож хавтаст хэрэгт хавсаргасан. Хоёрдугаарт, Төрийн банкныхны хэргээс миний хэргийг тусгаарлаж өгөөч. Миний эрх зүйн байдал дордлоо. З.Баянсэлэнгэ нарын 11 хүний хэрэг гээд би нийгэмд маш том сенсацитай хэрэгтэн болчихсон. Харамсалтай нь Чингэлтэй дүүргийн шүүхээс гэрч нарыг оролцуулах тал дээр ажиллаагүй. Бүр ямар ч гэрчгүйгээр анх удаа хурал хийх гэж үзсэн. Дээрээс нь шүүхээс хууль хэрэглээн дээрээ маш олон процессын алдаа гаргасан. Шүүгч болон нийт шүүхээс татгалзахад “татгалзлыг нийт зургаан шүүгч хэлэлцэх атал шүүх хуралдаан даргалагч татгалзлыг хүлээж авахгүй” гээд алх цохиж байх жишээтэй. Тиймээс өмгөөлөгч маань маргалдсан. “Би үйлчлүүлэгчийнхээ хууль ёсны эрхийг хамгаалж чадахгүй нь” гээд намайг өөрөө асуудлаа шийд гэсэн. Нэгэнт асуудал хүндрээд шүүгч ууртай, өмгөөлөгч миний эрх ашгийг хангаж чадахгүй байдалд ороход би гэдэг хүн дунд нь яах билээ. Ингээд өмгөөлөгчөөсөө татгалзахаас өөр аргагүй болсон. Уг нь би гурван жил ганц л өмгөөлөгчтэй явж ирсэн. Тэр өмгөөлөгчөөсөө татгалзах шаардлага надад ерөөсөө байхгүй. Эцсийн дүндээ би өмгөөлөгчөөсөө татгалзсан. Тэгэхэд намайг өмгөөлөгчөөсөө татгалзлаа гэж цагдан хорьсон. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуульд зааснаар өмгөөлөх, өмгөөлүүлэх эрхийг минь маш ноцтой зөрчсөн. Өмгөөлөгчөөсөө татгалзаад өөр өмгөөлөгч авъя гэж хүсэлт гаргасны төлөө шүүх хуралдаанд “саад учрууллаа гэж намайг өмгөөлөх эрхээр чинь хангая, хувийн батлан даалтад авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорилоо” гэж алх цохьсон. Ингээд би цагдан хорих 461 дүгээр ангид 48 хоног хоригдоод гарч ирлээ. Болсон процесс ерөөсөө энэ.

-Энэ хэрэг их ээдрээтэй. Засгийн газрын шийдвэр бол кабинетын хамтын шийдвэр. Тэр дундаас хэн нэгэн хариуцлага хүлээх бол бусад нь ч мөн хариуцлагад татагдах учиртай. Та юу гэж боддог вэ?

-Үе, үеийн Засгийн газар Засгийн газрынхаа хууль тогтоомжоор ажилладаг. Засгийн газрын шийдвэр бол хамтын шийдвэр байдаг. Хэрэвзээ Засгийн газар хууль зөрчсөн аливаа шийдвэр гаргах юм бол түүнийг УИХ л хүчингүй болгодог. Өнөөдрийн Засгийн газар ч хамтын шийдвэрээр олонхийн саналаар асуудлаа шийдээд явж байгаа. Гэтэл намайг олонхоороо шийдвэрлэсэн, ялангуяа 19 сайдын 16 нь 100 хувийн саналаар дэмжсэн Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлснийх нь төлөө тэр 16 сайдын оролцоог харахгүйгээр зөвхөн салбар хариуцсан сайд гэдгээр шалгаж буруутгасан. Хэзээ ч өмнө нь ийм практик байгаагүй. Надаас цааш маш олон хүнийг ийм байдлаар шүд сугалж шалгадаг хонгил үүсэх эрсдэлтэй болчихлоо. Энэ бол маш аюултай. Аливаа үйлдлийг гэмт хэрэг гэж үзэх юм бол эхэлсэн болон дууссан цаг хугацаа гэж байдаг. Миний хэргийг цаг хугацаагаар нь аваад гэмт хэрэг гэж үзээд байгаа хүмүүст ойлгогдохоор удаа дараа тайлбарласан. Би Сангийн яам, ТОСК, Барилгын яамныхаа мэргэжилтнүүд оролцож хийсэн 223 айлын түрээсийн орон сууцны төслийг Засгийн газарт танилцуулснаараа бурууддаг юм байж. Төсөл танилцуулагдаад Засгийн газрын хуралдаанд яаж ч өөрчлөгдөж болно. Тэр бол Засгийн газрын өөрийнх нь бүрэн эрхийн асуудал. Гэтэл Засгийн газрын тогтоолыг гаргуулсан, батлуулсан, хэлэлцэх асуудлын дараалалд байхгүй зүйлийг оруулж ирсэн гэж намайг буруутгасан. Би батлуулна, гаргуулна гэдэг 16 сайдад ямар нэгэн байдлаар нөлөөлсөн байж таарна биз дээ. Тийм учраас би тэр нөлөөллийг шалгуулж батлуулъя гэсэн. Түүнээс гадна би Засгийн газарт төсөл танилцуулснаараа хэргийн хугацаа эхэлсэн юм байж. Тэгвэл хэзээ дууссан бэ гэвэл 2016 оны шинэ УИХ 15 тэрбумыг Сангийн сайд Б.Чойжилсүрэн, Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаярын үед улсын төсөвт тусгасан байдаг. Тэгвэл түүгээр дуусгавар болно. Шинэ хуучин Засгийн газар орох нь байна. Бас дээр нь намайг тендер зарлаагүй гээд байгаа. Тендерийн хуулиар төсөвтэйгөө хэлэлцээд төсвөөрөө орж байгаад тухайн жилдээ ямар бараа ажил үйлчилгээг худалдаж авсныг тооцоолж яам, яаман дээрээ, эсвэл Худалдан авах ажиллагааны газар дээрээ тендер зарлаад явдаг. Түрээсийн орон сууц бол онцгой тохиолдол байсан. Улсын төсөвт тусгаагүй ажил байсан. Шууд худалдан авалт бол үе үеийн Засгийн газрын хийж л байсан ажил. Хэрэв тэр тогтоол гарчихсан байхад би тендер зарлавал “Бэрэн” компани намайг шүүхдэхгүй юу. Засгийн газрын тогтоол биелүүлээгүй гэж заргалдана биз дээ. Тэгээд ч төслийн санхүүжилт болох 15 тэрбум төгрөгийг өмнө нь Сангийн сайд Д.Болорын үед вексэлээр баталгаажуулж өгсөн байдаг. Түүнд би оролцохгүй шүү дээ. Тийм байхад л намайг хөрөнгө мөнгө захиран зарцуулж улсад хохирол учруулсан гээд байгаа нь ямар нэгэн ашиг сонирхол байгаа гэхээс аргагүй. Ийм утгагүй, хууль зүйн үндэслэлгүй зүйл болоод байсан учраас үнэн зөв, хар цагаан нь ялгараад олдоно гэж дөрөв дэх жилийнхээ нүүрийг үзэж шүүх хуулийн байгууллагын хаалгыг татаж явна.

Аавын хүүхдүүд алагтай цоогтой. Мэдээж энэ олон дунд шударга сайн хуульчид байгаа гэдэг итгэл найдвар минь хараахан бөхчихөөгүй байгаа. Миний 48 хоног суугаад гараад ирэх явдал бол үүний дэргэд юу ч биш. Миний хийсэн ажил бол хууль эрхийнээ хүрээнд танилцуулах ёстой зүйлээ Засгийн газарт танилцуулсан. Өөрөөр надад хийсэн хэрэг байхгүй. Би өнөөдөр ч энэ ажлыг хийсэндээ харамсдаггүй. Хэн нэгэн Засгийн газар, сайд дангаараа буруудах ёсгүй. Өнөөдөр түрээсийн орон сууцанд орсон хүмүүс түрээсээ төлөөд, тэр нь төсөвт орж эдийн засгийн эргэлтэд орж цалин тэтгэвэр тэтгэмж болж байгаа. Түүнээс биш З.Баянсэлэнгэ хувьдаа 223 айлын орон сууцнаас байр аваагүй, ашиг хүртээгүй. Үнэн гэж байдаг бол энэ үнэний цаад талд гарах юмсан гэж хичээж явна. 48 хоног саатуулагдах бол бие, сэтгэл санааны л асуудал. Хамгийн гол юм бол нэр хүнд. Нэр хугарахаар яс хугар гэдэг. Би УИХ-д орж, Байнгын хорооны дарга, Монгол төрийн сайд байсан хүнийхээ хувьд энэ албан тушаалуудаа нэр төртэйгөөр хашиж байсан гэж үздэг.

-Шүүх дээр Төрийн банкны захирлуудын хэргээс таны хэргийг тусгаарлахаар болсон. Одоо таны хэрэг ямар шатанд явна?

-Арваннэгдүгээр сарын 28-нд шүүх хурал болоход Баярсайхан нарт холбогдох хэргийн оролцогчид, өмгөөлөгчид нь ч тэр, миний зүгээс ч тэр энэ хэргийг тусгаарлаж өгөөч гэж анхнаасаа хэлж, ярьж байсан. Шүүх бүрэлдэхүүн энэ хүсэлтийг хангаж миний хэргийг тусгаарлаж Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх рүү шилжүүллээ. Би Сонгинохайрхан дүүргийн шүүхийн захирамжаар хувийн батлан даалтад гарч ирээд байна. Тэнд хуулийнхаа хүрээнд шийдэгдэх байх. Өмнө нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх миний хэргийг шийдвэрлэж байсан учраас асуудалд бодитойгоор хандана гэж итгэж байгаа.

-Хорих ангийн нөхцөл байдлыг хамгийн сүүлд С.Зориг агсны эхнэр Б.Булганы хоригдож байснаар төсөөлөгддөг. Та уг нь УИХ-д байхдаа хорих ангиудаар явж байсан. Хоригдоод ирэхээр ямар нөхцөл байдалтай угтах юм?

-Анх цагдан хорих шийдвэр сонсоод цочирдсон. Хоригдоно ч гэж бодоогүй. Ард маань насанд хүрээгүй охин маань ганцаараа, хийхээр төлөвлөсөн ажлууд зөндөө байдаг. Эмэгтэй хүн, эх хүнийхээ хувьд гэнэт тийм явдалд ар гэртээ их санаа зовдог юм билээ. 461 дүгээр ангид нэг эмэгтэйтэй хамт нэг камерт байсан. Тэнд 40 гаруй эмэгтэй хоригдож байсан. Тэр эмэгтэйчүүд, албан хаагчдын зүгээс хоригдсон хамгийн анхны улстөрч эмэгтэй та байлаа гэж байсан. Би өмнө нь Байнгын хорооны дарга байхдаа 461 дүгээр ангийн албан хаагчдын нийгмийн хангамж, хөдөлмөрлөх нөхцөл байдал, хоригдогсдын эрүүл мэнд, хоол ундтай холбоотой асуудлаар явж ажилладаг байсан. Хүүхдийн хорих ангиудаар ч тэр. Ажил үүрэгтэй нь танилцах, дотор нь амьдрах хоёр тэс өөр юм билээ. Төмөр сараалжин камер дотор бүх үйлдэл нь хяналттай. 24 цагийн камерын дор, харуулын нүдэн дээр бие засаад сууж байна гэдэг тийм ч амар зүйл биш. Хоол ундны асуудал ч байсан. Дотор махан хоолтой. Хоригдохоос өмнөхөн ходоод маань өвдөөд дуран хийлгээд байсан юм. Тиймээс шарх маань сэдэрчих вий гэж эмээн эмчилгээний хоол идэж байсан. Боломжийн сайхан хоол унд идэж байсан. Гэхдээ л хоригдогсдын хоол унд гэхээр хэнд л олиг байв гэж.

-Тэнд юу хийж байв?

-Аль болох өөрийгөө стресстүүлэхгүйгээр, өвдөөд улам дордоод гараад ирэхгүйн тулд ном уншсан. Бүр ядаргаанд ортлоо уншсан. Би яахав цоожтой хаалганы ард байгаа хүн. Хамгийн гол нь хайртай бүхэн маань гадна миний төлөө шаналж байгаа. Хамтран зүтгэгчид маань ч зовж байсан. Энд нэг зүйлийг онцолж хэлэхэд, хоригдогсод ганц л зүйлийг ярьдаг. Тэндээс гарч ирээд олон нийтэд ярина гэж тэдэнд амласан. Тэд шударга нийгмийг хүсдэг. “Гэмт хэрэг хийсэн нь бидний буруу. Ялаа эдлээд гарахад яаж нийгэмших вэ. Ял эдэлж байсан гээд ажлын байр олдох уу, нийгэмд чөлөөтэй амьдрах боломж байна уу” гэж асуудаг байсан. Тэр битгий хэл, эмэгтэйчүүдийн хориход 10 гаруй жил суугаад гарсан эмэгтэй буцаад хорих анги дээр очиж байсан гэнэ. “Би наранд амьдарч чадахгүй нь. Би эндээ байя” гэж очсон байх жишээтэй. Тэд бас “Шударга бус нийгэмд шударга бус хариуцлагын тогтолцоо байна. ЖДҮ, 60 тэрбум гээд дээгүүрээ идэж уугаад л сууж байна. 80 мянган төгрөгийн хулгай хийгээд дөрвөн жилийн ял авч байна. Энэ хоёрын хооронд үнэн гэж байна уу. Ийм нийгмийн та өөрчилж өгөөрэй, тэмцээрэй” гэж намайг хурцалж зоригжуулж байсан. Энэ хугацаанд би маш их зүйлийг бодлоо. Асар их зүйлийг ойлгож, хүний мөс чанарыг таньж, хэн нь найз нөхөд, хэн нь дайсан бэ гэдгийг таньж ялгаж салгаж хар бараан нийгэмд яаж амьдрах тухай ч маш их эргэцүүлсэн. Хамгийн гол нь олуулаа байж шударга бус нийгмийг өөрчлөх ёстой гэдгийг бодож тунгааж эргэцүүлж байлаа.

-Ар гэрийнхэн хэр байж вэ. Хүү, охин хоёр л таныг хүлээж байв уу?

-Хүү маань намайг хоригдохоос өмнө гэр бүлээрээ Бельгид амьдрахаар явсан. Охинтойгоо хоёулаа байсан. Би гэр бүлийнхээ хүнээс тусдаа амьдардаг болоод удаж байна. Хүний нүдэн дээр сайхан амьдарч байгаа юм шиг дүр эсгэж явах нь хэн хэндээ хортой учир тусдаа амьдархаар шийдсэн. Охиндоо л их санаа зовж байлаа. Харин найзууд нь их сэтгэлийн дэм өгч байж. Миний хүүхдүүд намайг ямар хүн гэдгийг мэддэг. Тийм ч учраас миний ээж зоригтой байгаарай гэдэг байсан. Өмнө нь бас шударга ёсны төлөө тэмцэж яваад 14 хоног баривчлагдаж байлаа, зургаан хоног хуурай өлсгөлөн зарлаж байсан. Миний үзэх ёстой юм нэгээр нэмэгдэж, үзэх ёстой юмаа үзээд гарч ирлээ гэж бодож байлаа.

-Өмнөх парламентын үед эмэгтэй гишүүд хамгийн их коллективтой байсан. Тэднээс эргэж очсон уу?

-Би эмэгтэй гишүүдтэйгээ байнгын холбоотой байдаг. Бие биеийнхээ зовлон жаргалыг хуваалцаад өдийг хүртэл явж байгаа. Намайг хоригдсон хугацанд тэд маань санаа тавьж мөнгө төгрөг цуглуулж миний дансанд хийж байсан. Тийм учраас эмэгтэй гишүүддээ маш их баярлаж байгаа.

-Н.Энхбаяр дарга эргэж, тусалсан уу?

-Н.Энхбаяр дарга бол энэ зовлонг биеэрээ туулсан, хэлмэгдлийг мах цусаараа мэдэрсэн хүний хувьд намайг хоригдоход их эмзэг хүнд туссан гэж сонссон. Сүүлд намайг эргэж ирсэн. Эргэлт ирлээ гээд гарахад Н.Энхбаяр дарга зогсож байхад баярлах ч шиг, гайхах ч шиг болсон. Хамгийн гол нь намайг эргэж очоод биеийн байдлыг маань харж, урмын сайхан үг хайрлаад явсан. Би маш их баярласан.

-Та одоо юу хийж байна. Өмнө гэр хорооллын З.Баянсэлэнгэ гишүүн гэгдэж байсан. Байр сууцаа өөрчилсөн үү?

-Би чинь энгийн хүн, эгэл жирийн ардын дундаас аз түшсэн сайхан хувь тавилангаар УИХ-ын гишүүн болсон. Ард түмнийхээ дундаас гарсан учраас амьдралд илүү ойрхон зүйлийг ярьдаг байсан нь хүмүүст таалагддаг байсныг үгүйсгэхгүй. Хүн их сонин амьтан. Насаараа эцэг эхтэйгээ амьдрах юм шиг, ялангуяа хүнд өвчтэй аавтай мөртлөө, өндөр настай ээжтэй мөртлөө тэдэнтэйгээ хамт амьдрахаар сайхан байшин барьж орсон. Гэтэл зовлон хэлж ирэх биш, өвчтэй байсан аав маань өөд болсон. Хүүхдүүд сургууль соёл, цэрэг гээд явахаар тэр байшин маань бидэнд дэндүү томдоод ирсэн. Тиймээс ээжийгээ хүнд өвчтэй байхад хотын төв бараадсан. Одоо Хан-Уул дүүрэгт амьдарч байна даа.

Ажлын хувьд 2016 оны сонгуулиас хойш боловсролдоо нэлээд анхаарч ирсэн. Эрдмийн их сургуулийн докторант болсон. Судалгааны ажлаа хийж байгаа. Уг нь өнгөрсөн сард сэдвээ хамгаалах байсан ч тийм боломж олдсонгүй. Энэ ажлаа үргэлжлүүлнэ. Би МАХН-ын гүйцэтгэх товчооны гишүүн. СХД-ийн Түмтийн даргаар ажиллаж байгаа. МАХН-аас гаргасан “Өрх бүрт орон сууц” хөтөлбөртэй холбоотойгоор бас нэлээд том ажлуудыг эхлүүлээд байсан. Цагдан хоригдоод энэ ажил маань ч гацсан. Ирэх даваа гаригаас /өнөөдөр/ ажилдаа орно доо.

-Таны ярьснаар З.Баянсэлэнгэ гэдэг хүний тэмцэл үргэлжлэх нь ээ гэж ойлголоо. Зөв үү?

-Би үнэний төлөө явж байгаа. Үнэний араас явж байгаа хүний хувьд хэзээ нэгэн цагт үнэн байдаг юм байна гэдгийг мэдрэх байх гэж бодож байна. Нийгэмд шударга ёс тогтож хариуцлагагүй тогтолцоо арилах байх гэж найдаж байгаа. Ард түмэн сайн сайхан амьдраасай. Эцсийн дүндээ бид нарын тэмцэл, зорьж байгаа ажлуудын цаана Монгол Улсын иргэн хожих үүд хаалгыг нээж өгөхийн тулд явж байгаа учраас энэ ажлаа хэзээ ч зогсохгүй, үргэлжүүлнэ. Эрч хүчээ алдахгүй тэмцсээр байх болно гэдгийг хэлмээр байна.

Танай сониноор дамжуулж МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газарт хандаж хэлэхэд танай Засгийн газар Засгийн газрынхаа хууль толгтоомжоор ажиллаж байгаа. Та бас миний шалгагдаж байгаа хэргийг мэдэж байгаа. Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлсний төлөө шалгагдаж байгаа учраас ийм зүйлийн хажууд шударга үнэн гэж байдаг бол ийм зүйлийг дараа дараагийн таны кабинетын сайд нарт учирч болзошгүй нөхцөл байдлыг та анхаараарай. Би биш юм гэхэд өөр хэн нэгэнд тохиолдож болох том хаалга нээгдэж байгаа учраас энэ үүд хаалгыг З.Баянсэлэнгэ гэж харахгүйгээр шударга зүйлийг таслан зогсоож чих тавиарай гэж хэлмээр байна. Ярилцлагын төгсгөлд намайг гэж сэтгэл тавьсан, миний төлөө асууж сурагласан, надтай хамт байсан хайртай дотны хүмүүстээ баярлалаа гэж хэлье.

Б.ЭНХЗАЯА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *