Categories
мэдээ цаг-үе

Ч.Зоригтбаатар: Хоёр сургалтыг зэрэг явуулдгаараа Спортын дунд сургууль бусад сургуулиас ялгаатай

Москвагийн Биеийн тамирын их сургуулийн хүндэт доктор болж буй нь

Спортын дунд сургуулийн захирал Ч.Зоригтбаатартай ярилцлаа.


– Нутаг ус ээж, аавынхаа тухай яриач. Та аль нутгийн хүн бэ?

-Би Улаанбаатар хотод төрсөн. Манай аав, өвөө удмаараа Архангай аймгийн Их тамир сумын хүмүүс. Манайх дөрвөн буудалд байдаг байлаа. Тэнд Хэвлэх үйлдвэрийн хашаанд амьдардаг. Би 39 дүгээр сургуульд наймдугаар ангиа төгсөөд Тавдугаар сургуульд ерөнхий боловсролоо эзэмшсэн. Аав, ээж хоёр минь насаараа Улсын хэвлэх комбинатад ажилласан. Бид ах дүү есүүлээ, өнөр өтгөн айл. Миний ах Ч.Наранбаатар Монгол Улсын биеийн тамир спортын салбарыг найман жил удирдсан. Ахыг минь спортын хорооны дарга байх үед олимпийн аваргууд төрж, олимпоос нийт есөн медаль авсан сайхан түүхтэй.

-Та тэгэхээр ахыгаа дагаж спортод элэгтэй болжээ дээ?

-Би ахыгаа дагаж зургадугаар ангиасаа хөнгөн атлетикийн спортоор хичээллэж, улсын аваргаас медаль авч, улсынхаа хэмжээнд амжилт гаргасан л даа. 1979 онд ерөнхий боловсролын сургуулиа төгсөөд хуучнаар Улсын багшийн дээд сургууль Биеийн тамирын факултетэд шалгалт өгөөд тэнцсэн 30 хүүхдийн тоонд ороод нэг жил сурсан. Эхний курстээ онц сураад яамнаас гадаадад сургах чиглэл өгсөн. Түүнд нь шалгалт өгөөд тэнцсэн. Тэгээд Эрхүүгийн улсын их сургуульд нэг жил орос хэлний бэлтгэлд суралцаад Москвагийн биеийн тамир спортын сургуульд сурсан. Зөвлөлт холбоот улсын 28 биеийн тамирын сургуулийн төв нь Москвагийн биеийн тамирын сургууль байсан. Энэ сургуулийн Хөнгөн атлетикийн багш дасгалжуулагчийн ангид орж суралцсан. Сургуулиа би улаан дипломтой төгсөж байлаа. Буцаж ирээд Биеийн тамир урлагийн факултетэд Хөнгөн атлетикийн багшаар дээд сургуульд нэг ажиллаад цэргийн албанд татагдсан. Тэр үед дээд боловсролтой хүмүүс нэг жил цэргийн алба хаадаг байв. Цэргийн албаа хаагаад буцаад ажлаа хийлээ. Дахин спирантурын шалгалт өгч тэнцээд нөгөө сургуульдаа эргээд докторантурт суралцаад жил гаруй байж байтал Засгийн газраас дуудаад Засгийн газрын дэргэдэх Залуучууд спортын хорооны даргаар томилогдон гурван жил ажилласан. Биеийн тамирын түүхэнд төрсөн ах дүү хоёр биеийн тамирын салбарыг удирдсан анхны тохиолдол юм байна лээ. Мөн ах минь доктор. Ах дүү хоёр доктор гэж явдаг.

-Таныг МУБИС-ийн Биеийн тамирын сургуульд ганц байдаг спортын сэтгүүлчийн ангийг санаачлан нээсэн хүмүүсийн нэг гэдэг. Санаачилгыг хэн гаргаж байв?

-Дээд боловсролтой боловсон хүчний улс өөрийнхөө хэмжээнд бэлтгэх асуудал чухал ач холбогдолтой. Зөвхөн багш, дасгалжуулагч бэлтгэх биш спортын сэтгүүлчийн ангийг нээж, ирээдүйтэй оюутнуудыг элсүүлэн авч Монголын спортын сэтгүүл зүйг хөгжүүлэх асуудал чухал хэмээн асуулга тавьсан. Спортын сэтгүүл зүйн ангийг нээхэд О.Уранчимэг багш маш их хүчин зүтгэл гаргасан. Аливаа нэгэн ажил хамт ажиллаж байгаа хүмүүстэй холбоотой байдаг. Тиймээс ч хамт олныхоо зүтгэлээр спортын сэтгүүлчийн ангийг нээн ажиллуулсан нь оновчтой явдал болсон гэж боддог.

-Таныг саяхан Москвагийн Биеийн тамирын их сургуулийн “Хүндэт доктор” цол хүртсэн гэж сонссон. Гадаадынханд доктор өгөх тохиолдлоос хоёр дахь нь. Өмнөх хүн нь Олон улсын олимпийн хорооны ерөнхийлөгч Томас Бах авч байсан гэнэ лээ. Энэ маш нэр хүндтэй шагнал байх. Сэтгэгдлээсээ хуваалцаач?

-Саяхан Москвагийн Биеийн тамирын их сургуульд очиж арав гаруй хөнгөн атлетикийн дасгалжуулагч мэргэжил дээшлүүллээ. Мөн арав гаруй хүн туршлага судлах олимпийн мэдлэг боловсролоо дээшлүүлэх сургалтад хамрагдлаа. Би Монголын хөнгөн атлетикийн холбооны ерөнхий нарийн бичиг, Монгол олимпийн үндэсний академийн ерөнхийлөгч, Спортын дунд сургуулийн захирал гэдэг гурван албыг зэрэг хашиж байна. Сургуулийн хүндэт доктор гэдэг их нэр хүндтэй асуудал. Европт төдийгүй дэлхийд томоохон сургуулийн тоонд ордог улсын төв биеийн тамирын их сургуулийн доктор болно гэдэг маш том нэр хүнд. Зөвхөн энэ сургуулиас төгссөн 177 хүн олимпийн аварга болсон байдаг. 100 жилийн түүхтэй сургууль. Энэ сургуулийн хүндэт доктор болоход маш хатуу шалгууртай юм байна. Тэрхүү шалгууруудад нь тэнцээд гадаадын хоёр дахь хүндэт доктор боллоо. Хамтран ажилласан хүмүүс, Монгол Улсынхаа ард түмэн, спортын салбарынхан, олимпийн хөдөлгөөн, биеийн тамир спортын хөдөлгөөн, тамирчид, дасгалжуулагчид зүтгэлтнүүддээ баярлаж явна. Энэ хүмүүсийнхээ хөдөлмөр түүхэн замналыг үнэлж өгсөн зүйл гэж бодож байна. Үүнийгээ тэр бүх хүмүүстэй хуваалцах ёстой гэж бодож байна.

-Спортын гурван салбарыг зангидаад авч явна гэдэг маш том хариуцлага байх. Энэ бүх ажлыг яаж амжуулдаг вэ?

-Гурван ажил хариуцаад явахад их хүнд л дээ. Гэхдээ өөрийнхөө боломжийн хэрээр хичээгээд явж байна. Сэтгэл зүрхээ зориулан ажиллаж байгаа. Биеийн тамирын дунд сургуулийг Биеийн тамир спортын хороонд эрдэм шинжилгээ судалгааны ажил хийж явахдаа Улаанбаатар хотод байгуулах асуудалд санаа зовж явдаг байсан. Үүнийхээ бүх бичиг баримтыг боловсруулаад Боловсролын яаманд танилцуулаад тухайн үед Ерөнхийлөгч байсан Н.Энхбаярт таницуулсан. 2008 оны олимпоос хоёр аварга төрөнгүүт эцэг эхчүүд хүүхдүүдээ спортоор хичээллүүлэх маш их хүсэл эрмэлзэлтэй болсон. Тэр намар нь доктор Г.Лхагвасүрэн, доктор Д.Жаргалсайхан нарын хамт Ерөнхийлөгчид хүсэлт тавиад энэ асуудалд Ерөнхийлөгч анхаарал хандуулж дэмжсэн. Тэр үеийн Боловсрол соёл шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр тушаал гаргаад энэ сургуулиа байгуулж байсан юм. Сургуулийн гол онцлог нь ерөнхий эрдмийн хичээл спортын бэлтгэл сургуулилт нь нэг газраа төвлөрч байгаа. Хоёр сургалтыг зэрэг явуулдгаараа бусад ерөнхий боловсролын сургуулиас ялгаатай. Хоёрдугаарт, би Монголын хөнгөн атлетикийн холбоонд найм дахь жилдээ ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байна. Хөнгөн атлетик гэдэг спортын хатан хаан 40 гаруй спортын төрлийг дотроо агуулдаг. Хөнгөн атлетикийг хөгжүүлэхэд манайд саад бэрхшээл их бий. Бодит шалтгаан олон. Жишээ нь, цаг агаарын онцлог, материаллаг бааз нөхцөл муутай. Зам талбай муу. Тэмцээн уралдаан хийх бааз суурь байхгүй. Монголд хөнгөн атлетикийн 24 төрлөөр тэмцээн уралдаан хийдэг. Хөнгөн атлетикийн холбооны ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн Л.Болд ажилладаг. Энэ спортын төлөө маш их анхаарал тавьдаг. Бид олон улсын хөнгөн атлетикийн холбоонд хүсэлт тавьснаар олон улсын стандартад нийцсэн 400 метрийн хөнгөн атлетикийн тойрогтой зам талбайг байгуулж чадсан. Энэ талбай дээр олон улсын бүх төрлийн тэмцээн уралдааныг хийх боломжтой. Гуравдугаарт, Монгол Улсын олимпийн академи нь олимпийн хорооны харьяанд олимпийн боловсрол, соёл, хүмүүжлийг түгээн дэлгэрүүлэх сургалт сурталчилгаа хийдэг байгууллага. Миний гол зорилго нь олимпизм болон олимпийн хөдөлгөөн гэдэг монголд байдаг хэвшмэл ойлголтыг эвдэх. Гол нь хүмүүсийн сэтгэлгээг өөрчлөх нь чухал. Монголд одоо ч гэсэн тэр ойлголт хэвээрээ байгаа. Олимпийн хороо гэхээр олимпийн наадам санаанд нь ордог. Олимпийн хорооны хийх ажил нь ерөөсөө л олимпийн тэмцээн уралдаан, Азийн наадамд л явж байх учиртай гэж ойлгодог. Гэтэл үнэндээ үгүй. Олон улсын олимпийн харти гэж байгаа. Монголын үндэсний олимпийн хорооны дүрэм байгаа. Олимпийн тэмцээн уралдаан гэдэг зөвхөн олимпийн хорооны ажил биш. Олимпийн боловсрол, соёл, хүмүүжил, олимпийн үнэт зүйлсийг өсвөр үе залуучуудад түгээн дэлгэрүүлж, тэдний хүмүүжил боловсрол, мэдлэгт нь нөлөөлөх юм. Тэднийг аль болох энх тайванч үзэл санаагаар хүмүүжүүлэх, хамтын найз нөхөрлөлийн хэв шинжийг төлөвшүүлэх гэсэн өргөн хүрээнд бид авч үздэг. Тэр тал руугаа орох нь зүйтэй юмаа гээд олимпийн академийн хамтран ажиллагч нөхөд маань ажлаа хийж байна. Жишээлбэл, 2018 оноос Монголын бүхий л ерөнхий боловсролын сургуулиудын хэмжээнд “Олимпизм ба бие бялдрын хүмүүжил” сэдэвт болзолт уралдааныг зохион байгуулсан. Өргөн хүрээнд болж буй энэхүү ажилд бүхий л сургууль идэвхийлэн оролцож, дэмжлэг үзүүлсэн.

-Та гэр бүлээ танилцуулаач. Танайхан бүгд их спортод элэгтэй хүмүүс байдаг байх?

-Гэр бүлийн хүнийг маань Д.Буян гэдэг. Арван жилийн зургадугаар ангиасаа нэг ангид суралцан, сургуулиа төгсөөд амьдралаа зохиосон. Бид хоёр хүү, нэг охинтой. Хоёр хүү маань хоёулаа Биеийн тамирын сургууль төгссөн. Бага хүү минь одоо олимпийн хороонд ажиллаж байгаа. Гэр бүлээрээ спортод дуртай, хайртай ийм л жирийн нэгэн гэр бүл дээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *