Categories
мэдээ нийгэм

Дархан-Уул аймгийн малчдын III зөвлөгөөн боллоо

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 131 дүгээр тогтоолоор Дархан-Уул аймгийн Орхон, Хонгор сумдыг “Газар тариалан, эрчимжсэн мал аж ахуйн хосолсон бүс” нутаг болгосон.

Үүнтэй холбогдуулан аймгийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт мал аж ахуйн үйлдвэрлэлийг газар тариалантай зөв хослуулж эрчимжүүлэн хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байна.

Энэхүү хууль тогтоомжийг танилцуулах, мал маллах арга ухаан, мэдлэг, туршлагаа хуваалцаж, тулгамдаж буй асуудлаа хэлэлцэн хамтдаа шийдвэрлэх гарцыг олох үүднээс Дарханы малчид төр захиргааныхаа байгууллагуудтай хамтран малчдын зөвлөгөөнөө 3 дахь жилдээ Шарын гол суманд зохион явууллаа.

Зөвлөгөөнд УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, аймгийн Засаг дарга С.Насанбат, аймгийн Засаг даргын орлогч Т.Ганболд, аймгийн Прокурорын газар, “Дархан арьс ширний цогцолборын гүйцэтгэх захирал Д.Энхбаяр болон 1400 гаруй малчдын төлөөлөл болсон 300 орчим малчин оролцлоо.

Мал аж ахуйн тогтвортой хөгжлийг ханган малын тоо, толгойг бэлчээрийн даацтай уялдуулах, бэлчээрийг зүй зохистой ашиглах, хамгаалах, мал малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний чанарыг сайжруулах, малчдын амьжиргааг нэмэгдүүлэх шаардлагатай байна.

Эдгээрийг үндэслэн аймгийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт мал аж ахуйн чиглэлийн зургаан заалтыг тусган оруулж хэрэгжилтийг хангахын зэрэгцээ Эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх аймгийн дэд хөтөлбөрийг боловсруулан хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

3 дахь жилдээ явагдаж байгаа малчдын зөвлөгөөний үеэр малчид өөрсдийн өмнө тулгамдаж байгаа болоод төр засагт хандан өөрсдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж хариултаа ч мөн авсан юм.

Энэ өдрийн зөвлөгөөний үр дүнд цаашид газар тариаланг эрчимжсэн мал аж ахуйн үйлдвэрлэлтэй хослуулан хөгжүүлэх ажлыг үе шаттайгаар явуулах, Бэлчээрийг зохистой ашиглах, сайжруулах, бог малын хээлтүүлэгчийг ялган төвлөрүүлэх, мал сүргийн эрүүл мэндийг хамгаалах, малын үржил селекцийн ажлыг эрчимжүүлэх, зохиомол хээлтүүлгээр үр суулгах, технологийн дэвшлийг нэвтрүүлэхэд малчид мал бүхий иргэдтэй хамтран ажиллах зэрэг 6 заалт бүхий зөвлөмжийг хамтдаа баталж хэрэгжүүлэхээр боллоо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *