Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ч.Өнөрбаяр: Шүүхэд тойргийн тогтолцоог нэвтрүүлснээр шүүхийн зардал багасч, олон ахиц дэвшил гарна

Хууль зүйн ухааны доктор Ч.Өнөрбаяртай ярилцлаа.


-Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл батлагдчихлаа. Анхны зорьсон зорилгодоо хүрсэн өөрчлөлтүүд орж чадсан уу. Таны хувьд батлагдсан өөрчлөлтүүдийг хэрхэн харж байна вэ?

-Парламентын засаглалыг бэхжүүлэх чиглэлд тодорхой ахиц дэвшил гарсан. Харамсалтай нь хэлэлцүүлгийн явцад олон сайн зүйл, заалтууд хасагдчихлаа. Тухайлбал, УИХ-ын гишүүдийн тодорхой хувь нь Ерөнхий сайдыг огцруулж, шинэ Ерөнхий сайдыг томилох саналыг хамтад нь албан ёсоор тавибал УИХ гурав хоногийн дотор хэлэлцэж, арав хоногийн дотор шийдвэрлэнэ. УИХ-ын нийт гишүүний олонх уг саналыг дэмжсэн бол шинэ Ерөнхий сайдыг томилох, өмнөх Ерөнхий сайдыг огцруулах тухай УИХ-ын тогтоол батлагдсанд тооцно гэж төсөлд тусгагдсан байсан. Үүнийг бүтээлч байдлаар Засгийн газрын тэргүүнтэй хариуцлага тооцох буюу парламентын засагтай улс орнуудад конструктив зарчим гэж хэлдэг. Үнэн хэрэгтээ бид Ерөнхий сайдаа огцруулчихаад дахиад л шинэ Ерөнхий сайдын эрэлд гардаг өөрчлөлтийг буцаад л хийчихлээ. Үүрэг гүйцэтгэгч Засгийн газартай үед төр засаг эзгүйддэг, хариуцлагагүй байдал үүсдэг, нийгэм даяараа хүлээлт үүсдэг хэн Ерөнхий сайд болох гэж байна, манай салбарын сайд тэр болох нь зэрэг хардалт үүсдэг. Уг нь конструктив зарчмыг авсан бол хуучин Ерөнхий сайд огцорсноор шинэ Ерөнхий сайд шууд Засгийн газраа эмхлэн байгуулаад ажилдаа шуурхай орох бололцоотой байдаг.

-Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангах хэсэгт орсон өөрчлөлтүүд хэрхэн үр дүнгээ өгөх вэ. Парлемантын засаглал улам бэхжихээр тусгагдав уу?

-Парламентын ардчилал бол улс төрийн намуудын ардчиллыг зайлшгүй шаарддаг. Намууд улсын хэмжээний бодлого явуулах тухай заалт батлагдсан нь сайн хэрэг. Гэхдээ энэ нь сонгуулийн хувь тэнцүүлэх тогтолцоо хосолж байж илүү үр дүнтэй байдаг. Жижиг тойргоос олонхын саналаар ялагч тодорч байгаа одоогийн тогтолцоо байгаа цагт тойргийн жижиг улс төрөөс хэзээ ч салж чадахгүй. Энгийн үгээр хэлбэл, 3-5 сумаас сонгогдсон УИХ-ын гишүүд тойргоо услах нэрээр үр ашиггүй хөрөнгө оруулалтын бодлогоо ярьж, жижиг тойргийн улс төрөө хийж хэрэгжүүлсээр л байх болно. Үнэн хэрэгтээ 1500-2000 хүнтэй сумдад тийм их хөрөнгө мөнгө цацаад яаж ч хөгжих билээ. Ийм жижиг тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүдийн төлөөлөлтэй улс төрийн намууд үндэсний хэмжээний том бодлого явуулж чадна гэж үү, юу л бол. Гэтэл улсын төсвийн ихэнх ачаа цөөн хэдэн үндэсний аж ахуйн нэгжүүдийн нуруун дээр л явдаг. Харин 2000 оны өөрчлөлтөөр дордуулсан байсан зарим нэмэлт, өөрчлөлтийг буцааж сэргээсэн нь олзуурхууштай.

-Гүйцэтгэх эрх мэдлийн хэсэгт орж байгаа өөрчлөлтүүд зорьсондоо хүрсэн үү. Засгийн газар тогтвортой ажиллаж чадах уу?

-Анх төсөлд тусгагдсан байж байгаад хэлэлцүүлгийн явцад хасагдсан байсан нэг чухал заалт сүүлд АН-ын зөвлөлийн саналаар буцаж орж ирээд батлагдсан. Энэ нь Засгийн газрын гишүүдийг УИХ, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд өөрөө томилж, чөлөөлж, огцруулах эрхтэй байх асуудал юм. Парламентын ардчилалтай улс орнуудад Ерөнхий сайд буюу Засгийн газрын тэргүүн багаа бүрдүүлээд, парламентын өмнө өөрөө хариуцлагаа үүрдэг. Саяын нэмэлт, өөрчлөлт батлагдахаас өмнө Засгийн газрын гишүүдийг УИХ хүн нэг бүрээр хэлэлцэн томилдог байсан. Энэ нь үнэн хэрэгтээ УИХ-д суудалтай албан бус жижиг бүлэглэл, фракцууд өөрийн хүнээ Ерөнхий сайдад шахалт үзүүлэх замаар сайдаар томилуулах боломжийг олгодог байсан. Түүгээр зогсохгүй танхимын сайд нар нь нийлээд Ерөнхий сайдаа огцруулдаг байлаа. Үүнийг өөрчилсөн нь сайшаалтай. Учир нь Үндсэн хуульд заасны дагуу төрийн хууль биелүүлэх ажлыг УИХ-ын өмнө хариуцдаг цорын ганц албан тушаалтан бол Ерөнхий сайд. Тиймээс энэ хүн танхимаа бүрдүүлээд явах эрхтэй байх нь зүйтэй. Ер нь төрийн ажил чинь хуулиар хэлбэржиж, цаасаар албажиж явдаг биз дээ. Түүнээс биш нэг том дарга гарч ирээд загнаад төрийн бодлого хэр хол явах билээ. Монгол Улсын хуулиуд гэдэг чинь үнэн хэрэгтээ монгол төрийн санах ой юм. Шаардлагатай бол хуулиудыг өөрчлөх эрх нь парламентад бий.

-Иргэдийн дунд шүүмжлэлтэй ханддаг асуудлуудын нэг нь шүүх байгууллага байдаг. Одоогийн нэмэлт, өөрчлөлтөд Шүүхийн хараат бус байдлыг хангаж, шүүгчийн хариуцлагыг дээшлүүлэх өөрчлөлтүүд шударга шүүхийг бий болгоход хангалттай заалтууд орчихсон гэж ойлгох уу?

-Шүүхийн тогтолцоог тойргийн журмаар байгуулж болохоор төсөлд тусгаад батлагдсан. Энэ нь Цэцийн шийдвэртэй холбоотой. Учир нь өмнө нь шүүхийн шинэтгэлийн багц хуулийн дагуу шүүхүүдийг хэргийн ачаалал, хүн амын нягтрал зэргийг нь харгалзан тойргийн журмаар байгуулахаар өмнөх парламентын үед хууль баталсан байсныг харамсалтай нь Цэц хүчингүй болгосон. Гэтэл зарим сум дундын шүүхүүд, зарим аймгийн захиргааны хэргийн шүүхүүд жилдээ арав хүрэхгүй маргаан шийддэг байсан. Тойргийн тогтолцоог нэвтрүүлснээр шүүхийн зардал багасна, өөр олон ахиц дэвшил гарна гэж бодож байна. Мөн шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнтэй холбоотой шинэ заалт орж батлагдлаа. Гутал хаанаа барьж буйг гуталчин мэддэггүй, харин гутлыг өмсөж буй хүн хэлдэг гэж үг бий. Үндсэн хууль болон бусад хуулийн шинээр орсон зүйл заалтууд зөв байсан эсэхийг цаг хугацаа л харуулах байх. Ялангуяа шүүх эрх мэдэл болон байгалийн баялгийг ашиглахтай холбоотой заалтууд.

-Байгалийн баялгийг ашиглахтай холбоотой ямар заалт орчихов?

-Төрийн нийтийн өмч, үндэсний баялгийн сантай холбоотой чухал заалтууд орсон байна. Гэвч стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно гэснийг хэрхэн ойлгож хэрэгжүүлэхээс их зүйл шалтгаалах байх. Хэрэв дийлэнх гэдэг үгийг бусад хуулиар буруу тайлбарлавал манай улсад хөрөнгө оруулалт орж ирэхэд бэрх л болох байх. Цаасан дээрээ гоё амлалтаар дүүрэн хуулиудтай, ачир дээр улсын төсөв, ард түмний хөргөгч нь хоосон улс орон болох вий гэдгээс эмээж байна. Олонх гэдэг хууль зүйн утгаараа 51-ээс дээш хувийг хэлдэг. Дийлэнх гэдэг түүнээс ч их заримдаа 3/2 хувийг ойлгох нь бий. Эдийн засгаа сүйрүүлж, улсаа туйлдуулсны бурууг хожим Үндсэн хууль руугаа улстөрчид нь чихээд өөрсдөө хариуцлагаас зугтах вий дээ.

-Нутгийн удирдлагатай холбоотой заалтууд хэрхэн сууж өгсөн бэ?

-Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж дэх улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хотын, түүнчлэн тосгоны өөрийн удирдлага, зохион байгуулалтын эрх зүйн үндсийг хуулиар тогтооно гэж заасан. Энэхүү нэмэлт өөрчлөлт нь Эрдэнэт, Дархан зэрэг Улсын чанартай хотууд бие даан хөгжихөд чухал нөлөө үзүүлэх байх гэж бодож байна. Нөгөө талаас Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулахад тодорхой хэмжээний эерэг нөлөө үзүүлэх байх гэж харж байна.

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаас хойш дахин найман жил хөндөх боломжгүй гэж байгаа. Бүх хэсгийг нь хөндөхгүй юү?

-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуульд зааснаар сая хөндөгдсөн заалтуудыг л найман жилийн дотор өөрчлөх боломжгүй байгаа. Хөндөгдөөгүй зүйл заалтуудын хувьд бол хамаагүй. Ер нь бол Үндсэн хуулиа ойр ойрхон тонгочуулаад байх нь сайн зүйл биш. Төгс төгөлдөр Үндсэн хууль дэлхийн хаана ч байхгүй. Харин цаашид Үндсэн хуулийнхаа үзэл санааг зөв ойлгож хэрэгжүүлэхэд УИХ-ын хууль тогтоох үйл ажиллагааны чанар чансаа, Үндсэн хуулийн Цэцийн гаргаж буй шийдвэр, хүлээн зөвшөөрөгдөх байдал, нэр хүндээс их зүйл шалтгаална.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *