Categories
мэдээ улс-төр

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат: Шувуу барихтай холбоотой автомашины тоонд хязгаарлалт тавьж байгаа

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдлаа. Хуралдаанаар Байгаль орчны багц хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэв. Хуулийн төслийн танилцуулгыг БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат танилцууллаа. Дараагаар нь байнгын хорооны гишүүд асуулт тавьж, хариулт авав.

УИХ-ын гишүүн Я.Содбаатар:

-Шонхор шувууг барих асуудлаар байгаль орчны зөвшөөрлийг яаж олгодог вэ? Энэ жил манай тойргийн сумдаар оготоно маш их байснаас шонхор шувуу ч их байсан. Гэтэл шонхор шувууг барих гэж бөөн машинтай хүмүүс ирсэн. Нэг сум, багийн нутгаар 70-80 машин орох юм. Шонхор шувууг бид хориглоод, төрийн бахархалт шувуу болгоогүй бил үү. Эд бэлчээр талхлаад байна. Хаанаас зөвшөөрлийг нь өгөөд байна. Ойн цэвэрлэгээний ажлыг яаж зохион байгуулж байна вэ?

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат:

-Шонхор шувууг бахархалт шувуу болгосноос хойш Арабын хойгийн орнуудад бэлэглэлийн шугамаар олгодог. Бэлчээрийн даац 10 гаруй жил хэтэрсэн. Цаашдаа бэлчээрийн доройтлыг бууруулахын тулд судалгаа хийсэн. Шувуу барихтай холбоотой автомашины тоонд хязгаарлалт тавьж байгаа. Хууль дүрэм, журмыг хүлээдэг.

Сүүлийн жилүүдэд байгаль орчныг хамгаалах дээр байгалийн хуулийнхаа эсрэг ажиллаж ирсэн. Бүх мэргэжлийн байгууллагаа татан буулгасан. Ойн цэвэрлэгээ алдагдсан. Тиймээс ойн цэвэрлэгээ хийж, баялгаа үр бүтээлтэй ашиглах талаар ажиллаж байгаа.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва:

-Хуулиудын хоорондын хийдэл их байдаг. Засгийн газраас орж ирж байгаа хуулиуд заримдаа чанар муутай орж ирдэг. Орж ирж байгаа ажлын хэсэг болон УИХ дээр гишүүд уялдаагүй хууль оруулж ирдэг. Үүнийг засч 115 давхардалж 177 зөрчил, 180 хийдэл байхаар хуулиуд яаж хэрэгжих вэ? Монголын газар нутаг дээр урсаад хил рүү гарч байгаа гол мөрний талаар хуулинд зохицуулалт хийж болох уу. Ой хамгаалалтын чиглэлээр ямар өөрчлөлт туссан бэ?

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат:

-Гадаргын усыг ашиглах талаар бид яриад байдаг. Гадаргын усны чиглэлээр томоохон хууль, төсөл хөтөлбөр байдаггүй. Бүс нутгийн төсөл яриад эхлэхээр уул уурхайг хангах гэж байна гээд эсэргүүцдэг. Цаашдаа Усны агентлагтай болж байна. Экологийн урсацыг өөрчлөхгүй усыг ашиглах нөхцөлийг бүрдүүлнэ. Хөх морь гэж гадаргын усыг ашиглах төслөө бэлэн болгосон. Ингэснээр Орхон, Онгийг сэргээж, говийн бүсийн усан хангамжийг сайжруулна. Ойг хамгаалах асуудлаар тодорхой ажил хийгдэнэ.

УИХ-ын гишүүн А.Сүхбат:

-Туул голыг улсын тусгай хамгаалалтад авах талаар 2017 онд УИХ-ын даргын захирамж гарсан. Туул гол Улаанбаатар хотын хүн амыг тэжээдэг. Нөхцөл байдал маш хүнд. Туул голыг жорлон болгосон. Уул уурхай, голын бургас хяддаг. Бусармаг үйл ажиллагаа зогсохгүй байгаа.

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат:

-Туул гол цэвэрлэх байгууламжтай холбоотой 50 орчим км-т бохирдол их байгаа. Туул гол усны сав газар, онцгой бүс, энгийн гэсэн ангилалтай. Гэвч шат шатны Засаг дарга нар ажлаа хийхгүй байна. Засгийн газраас чиглэл өгөөд 50 км-т байгаа цэвэрлэх байгууламжаас гарч байгаа бохирдлыг бууруул гэсэн. Үүнтэй холбоотой тунгаагуур хийж байгаа. Энд хийгдэх ажлын хөрөнгө оруулалт, мөнгөн дээр анхаарах хэрэгтэй.

Ийнхүү гишүүд асуулт тавьж, хариулт авсны дараагаар уг хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *