Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

С.Чинзориг: Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэхгүй, хамрах хүрээг нь өргөжүүлнэ

Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригтой ярилцлаа.


-Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн нийгмийн даатгалын шимтгэл хоёр хувиар нэмэгдэх гэж байгаа. Энэ талаар ярихгүй юу?

-Анх тухайн үеийн Засгийн газар олон улсын валютын сантай санхүүгийн өргөтгөсөн хөтөлбөр хэрэгжүүлэх хүрээнд Нийгмийн даатгалын сангийн алдагдлыг бууруулах зорилгоор нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэх хууль УИХ-д өргөн барьсан. Тус хууль 2017 оны дөрөвдүгээр сард батлагдаж байлаа. Энэ хууль өдгөө хүчин төгөлдөр хэрэгжээд явж байна. 2020 онд ажил олгогч болон даатгуулагчийн төлөх хувь хэмжээ тус бүр нэг хувиар нэмэгдэнэ. Ингэснээр даатгуулагчийн төлөх хувь хэмжээ 13.5-аас 15 хувь болно. Хувь хүний төлөх хэмжээ 14.5 хувь болж байгаа. Сайн дурын даатгалд шимтгэл төлж байгаа иргэдийн хувьд 12.5 хувь болно. Даатгалын хууль тогтоомжинд өөрчлөлт оруулсан, валютын сантай хамтарч өргөтгөсөн хөтөлбөр хэрэгжүүлэхтэй холбоотойгоор Нийгмийн даатгалын хуульд өөрчлөлт оруулсан хуульд иргэдийн зүгээс нэлээд шүүмжлэл гарч байна. Нөгөө талаас амьдрал дээр хэрэгжихэд үндэслэл муутай гэж өөрчлөлт оруулсныг мэдэж байгаа байх. Тухайлбал, нийгмийн даатгалын хуульд өөрчлөлт орсон хуулиар тэтгэврийн насыг жил тутам зургаан сараар нэмэгдүүлж, 65 болгох хууль батлагдсан. Энэ асуудалд үйлдвэрчний эвлэлийн байгууллагуудтай манай яам хамтран ажлын хэсэг гаргаж, тэтгэврийн насыг жилд зургаан сараар нэмэгдүүлсэн энэ заалт Монгол орны өнөөгийн нөхцөл байдалд хараахан нийцэхгүй байна гэж өөрчлөлт оруулсан.

Өөрөөр хэлбэл сүүлийн хорин жилийн судалгааг аваад үзэхэд монгол хүний дундаж наслалт жилд 3.5 сараар нэмэгдэж ирсэн байдаг. Тиймээс үүнийг бодит байдлаас давсан хуулийн заалт орсон байна хэмээн жилд тэтгэврийн насыг зургаан сараар нэмэгдүүлэх өөрчлөлт оруулж, нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах тэтгэврийн насыг жилд зургаан сараар биш, гурван сараар нэмэгдүүлэхээр хуулинд өөрчлөлт оруулсан. Тухайн үедээ үйлдвэрчний эвлэлийн байгууллагуудтай хамтарсан ажлын хэсгээс нийгмийн даатгалын шимтгэлд нэмэлт, өөрчлөлт оруулсан асуудалд өөрчлөлт оруулах боломжгүй юм байна гээд үлдээсэн. Энэ 2017 онд батлагдсан хууль хэрэгжиж байгаа. Гэхдээ нийгмийн даатгалын сангийн алдагдлыг бууруулна гээд зөвхөн нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэх замаар алдагдлыг бууруулах ёсгүй гэж үзэж байгаа. Нөгөө талдаа даатгалд шимтгэл төлөгчдийн хамрах хүрээг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай байна. Энэ хүрээнд бид ирэх жилээс сайн дурын даатгалд хамрагдагчдын хамрах хүрээг нэмэгдүүлэх бодлого хэрэгжүүлж байгаа.

-Ямар бодлого хэрэгжүүлж байгаа вэ?

-Малчид хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн төлж чадаагүй явж ирсэн нийгмийн даатгалын шимтгэлийг нэг удаа нөхөн төлүүлэх ийм хууль хэрэгжинэ. Нийтдээ 400 орчим мянган малчин хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэд байгаа гэх судалгаа, бий. Хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа иргэдийн 30 гаруй хувь, малчдын хорин хувь нь нийгмийн даатгалын шимтгэл төлж байна. Харин үлдсэн 70-80 хувь нь нийгмийн даатгалын гадна яваад байгаа юм. Тиймээс энэ нийгмийн даатгалын шимтгэлийг нэг удаа нөхөн төлүүлэх хуулийг идэвхжүүлснээр нийгмийн даатгалд хамрагдах хүрээ нь нэмэгдэнэ гэж тооцож байгаа. Уг нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлж байгаа, хамрах хүрээг нь өргөтгөж байгаа хоёр бодлогын хүрээнд улсын төсвөөс авах татаас 200 гаруй тэрбум төгрөг буурахаар байгаа. Цаашдаа бид нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэхгүй, хамрах хүрээг нь өргөжүүлж өгнө гэсэн бодлого баримталж байгаа. Цаашдаа бид олон улсын байгууллагуудын санхүүгийн дэмжлэгийг аваад нийгмийн даатгалынхаа одоогийн тогтолцоонд өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагатай гэж үзсэн. Нийгмийн даатгалын тогтолцоог гурван давхаргат тогтолцоонд оруулж өгье, суурь тэтгэвэр олгодог болъё, хоёр дахь шатны тэтгэврийг улсад ажилласан жил авч байсан цалин төлж байсан шимтгэлээсээ хамаараад нэмэгдэл тэтгэвэр авах, мөн хувийн тэтгэврийн даатгалын системийг оруулж ирье гэдэг чиглэлээр ажиллаж байна. Чадвал УИХ-д ойрын хугацаанд энэ хуулийн төслийг өргөн барихаар ажиллаж байгаа.

-Зөвхөн хуульд өөрчлөлт оруулах нь гарц болж чадах уу?

-Нийгмийн даатгалын хууль тогтоомжинд өөрчлөлт оруулахын зэрэгцээ нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг аль болох эрсдэлгүй, хөрвөх чадвартай байлгах бодлого хэрэгжүүлэхээр болсон. Өнгөрсөн лхагва гаригийн УИХ-ын чуулганаар 2020 оны төсөв болоод Нийгмийн даатгалын сангийн тухай хууль батлагдсан. Энэ хуульдаа нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг Засгийн газрын бонд худалдаж авах ба Монголбанкны үнэт цаас худалдаж авдаг байх эрхийг нэмэгдүүлбэл нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг зөвхөн арилжааны банкинд байршуулж, эрсдэлд оруулахаас зайлсхийж Монголбанкны үнэт цаас авдаг байх нөхцөл, боломжийг бүрдүүлж байна.

-Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлж байгаа нь “Капитал” банкинд үүссэн өрийг барагдуулах үйл ажиллагаа явуулж байна гэх хардлага зарим хүмүүст байна…

-Тийм зүйл байхгүй. “Капитал” банктай холбоотой асуудал 2019 оны хавар үүссэн асуудал. Гэтэл нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэх хууль чинь өмнөх Засгийн газрын үед буюу 2017 оны дөрөвдүгээр сард батлагдсан хууль шүү дээ. Энэ батлагдсан хууль одоог хүртэл хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа. “Капитал” банктай холбоотой үүссэн асуудал нийгмийн даатгалын сангийн тайлан баланс дээрээ авлага бүртгэгдээд явж байгаа.

-“Капитал” банкнаас авлагаа авч чадсан уу?

-Одоогоор “Капитал” банкны авлага хараахан барагдаагүй байна. Нийгмийн даатгалын сангаас 105 тэрбум төгрөгийн үлдэгдэл “Капитал” банкинд байгаа. Монголбанкны эрх хүлээн авагчдад нэг л зүйлийг бид хэлж байгаа. Нийгмийн даатгал сангийн хөрөнгийг төсвийн хөрөнгө гэж үзэж болохгүй. Иргэд ирээдүйд өөрсдийнхөө нийгмийн хамгаалалтдаа үүсэх эрсдэлээ даатгуулж төлсөн мөнгө. Тиймээс хадгаламж эзэмшигчийн мөнгөтэй адилтган үзэж, төсвийн мөнгөнөөс өр авлага барагдуулахын өмнө буюу хадгаламж эзэмшигчдийн мөнгөтэй адилтгаж, эхний ээлжинд барагдуулах ёстой гэх шаардлагыг тавьж байна.

-Нийгмийн даатгалын сангийн дансны үлдэгдэл хэд байгаа вэ?

-Таван төрлийн сан бий шүү дээ. Тэтгэврийн даатгалын сан, Үйлдвэрлэлийн ослын сан, Тэтгэмжийн сан, Ажилгүйдлийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын сан гээд таван сангаас Нийгмийн даатгалын сан бүрддэг. Тэтгэврийн даатгалын сан нь алдагдалтай яваад байгаа учраас улсын төсвөөс санхүүжилт авч үйл ажиллагаа явуулж байна. Бусад дөрвөн сан нь алдагдалгүй явдаг.

-2019 онд нийгмийн даатгалын тэтгэврийн сан улсын төсвөөс 600 тэрбум төгрөгийн татаас авч тэтгэврийг олгож байна гэсэн. Алдагдалгүй чөлөөт үлдэгдэлтэй сан байж яагаад улсын төсвөөс татаас авдаг юм бэ?

-Өмнө нь нийгмийн даатгалын сангуудын хооронд гүйлгэж зарцуулдаг ийм байдал байсан. Тийм учраас бид нийгмийн даатгалын санг эрсдэлгүй байлгах ёстой гэдэг үүднээс хуульд өөрчлөлт оруулаад сангууд хооронд нь гүйлгэж зарцуулах эрхийг нь хаагаад өгчихсөн юм. Тиймээс тэтгэврийн даатгалын сангууд алдагдалтай, бусад дөрвөн сан нь алдагдалгүй яваад байна. Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл өнөөдрийн байдлаар 50 орчим тэрбум төгрөг.

-Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хүсэлт гаргасан хүүхэд бүрт олгох хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ. Энэ талаар тайлбарлахгүй юу?

-УИХ 2019 онд тогтоол гаргаж, хүсэлт гаргасан хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олго гэсэн. Засгийн газар тогтоол гаргаад хэрэгжүүлж байгаа. Энэ оны төсөвт 916 мянган хүүхдэд мөнгө олгохоор байсан. Зургадугаар сард нийт хүүхдийн 85 хувь буюу нэг сая хүүхдэд хүүхдийн мөнгөн тэтгэмж олгож байгаа. Ирэх оны төсөвт мөн ингэж тусгасан. Ирэх онд хүүхдийн мөнгө олгох асуудал дээр дутах талтай. ҮСХ-ноос ирэх онд хүүхдийн тоо нэг сая 193 мянгаар болно гэсэн тооцоолол бий. Хэрвээ энэ тогтоол батлагдвал 1.1 сая хүүхэд бүрт мөнгөн тэтгэмж олгоно. Өнгөрсөн хугацаанд нийт хүүхдийн 95 хувь нь хүүхдийн мөнгө авч ирсэн. Ингээд тооцохоор нэг сая 130 мянган хүүхдэд олгох болно. Ирэх оны төсөвт нэг сая хүүхдэд хүүхдийн мөнгө олгохоор төсөвлөсөн. Тэгэхээр 130 мянган хүүхдийн 27 тэрбум төгрөгийг олох асуудал үүсэх байх.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *