Categories
мэдээ нийгэм

Улаанбаатар хотын хөрсний бохирдлыг бууруулах, ариун цэврийн асуудлыг сайжруулах төслийг эхлүүллээ

ШУА-ийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэн БНСУ-ын Хүрээлэн буй орчны корпорацтай хамтран хэрэгжүүлж буй “Улаанбаатар хотын хөрсний бохирдлыг бууруулах, ариун цэврийн асуудлыг сайжруулах” туршилтын төслийн албан ёсны нээлтийн хурал 2019 оны 10-р сарын 31-ний өдөр Улаанбаатар хотод зохион байгуулагдлаа.

Тус туршилтын төслийн нээлтийн уулзалтад Монгол талын түнш хамтран ажиллах ГГХ-ийн удирдлага, эрдэмтэн судлаачид болон Байгаль орчин аялал жуулчлалын яам, Нийслэлийн Байгаль орчны газрын мэргэжилтэн, Азийн Хөгжлийн Банкны “Хөрсний мониторинг судалгаа” төслийн төлөөлөл мөн БНСУ-ын Хүрээлэн буй орчны корпораци, БНСУ-ын Байгаль орчны яам, төслийн техникийн баг болох БНСУ-ын Грийнтех/Green-Tech/ компанийн эрдэмтэн судлаач нарын төлөөлөл бүхий нийт 20 хүний бүрэлдэхүүн оролцов.

Тус төсөл нь Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын тулгамдсан асуудал болох хүрээлэн буй орчны бохирдлыг бууруулахад тодорхой хувь нэмэр оруулах, тэр тусмаа хүрээлэн буй орчны бохирдлоос хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, гэр хорооллын бүсийн ариун цэврийн байгууламж, хөрсний бохирдлын асуудлыг шийдвэрлэх, хамгийн бололцоот тохирох технологийг хөгжүүлэх талаар судлахад зорино. Төслийн туршилтын нэг жилийн хугацаанд дараах үр дүнд хүрнэ

1) Хүрээлэн буй орчны мониторинг ба техникийн шаардлагыг боловсруулах

2) Улаанбаатар хотын усны менежмент, агаар, хөрс зэрэг хүрээлэн буй орчны чиглэлээр өмнө нь хийгдэж байсан судалгаатай танилцан үнэлгээ хийн баримтжуулах

3) Хөрсний төлөв байдалд үнэлгээ хийж суурь мэдээлэл цуглуулан анализ хийх зэрэг болно. Цаашид энэхүү туршилтын төслийн нэг жилийн хугацааны хэрэгжилт, үр дүнд тулгуурлан дараачийн мега, ODA ангиллын олон улсын төвшний төсөл хөтөлбөрт санал боловсруулан хамтран ажиллах зорилготой юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *