Нийслэлийн Онцгой комиссоос үүрэг болгосны дагуу НОБГ, НМХГ, НЭМГ, НАБТГ-аас өнөөдөр ээлжит мэдээллээ хийлээ. Мэдээллийг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн, нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын мэргэжилтэн Г.Даваажаргал нар хийсэн юм.
ОХУ-ын Москва хотын Элчин Сайдын Яамаар дамжуулан Санкт-Петербург хотод байрлах “Бюро Веритась Русь” ХК-ийн “Регион Север Запад” лабораторид “Тавантолгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэсэн сайжруулсан шахмал түлшийг шинжлүүлсэн хариуг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн танилцууллаа.
2019 оны аравдугаар сарын 25-ны өдөр тус лабораториос шинжилгээний битүүмжилсэн хариуг Онцгой байдлын ерөнхий газарт ирүүлжээ. “Регион Север Запад” лаборатори шахмал түлшинд техникийн шинжилгээ, элементийн шинжилгээ хийснээс гадна чөлөөт хөөлтийн индекс зэрэг үзүүлэлтүүдийг давхар шинжилсэн байна.
“ОХУ-ын лабораторийн шинжилгээний дүнгээр “Тавантолгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэсэн шахмал түлшний техникийн шинжилгээний үзүүлэлт нь сайжруулсан хатуу түлш 5679:2019 стандартын шаардлагыг хангасан гэсэн хариу гарсан. Мөн шинжилгээгээр чөлөөт хөөлтийн зэрэг 1 гэсэн үзүүлэлттэй гарсан нь коксжих зэрэг багатай эрчим хүчний нүүрс тул ахуйд хэрэглэж болно гэсэн дүгнэлт гарсныг бидэнд албан ёсоор ирүүллээ” хэмээн нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн онцоллоо.