Categories
мэдээ улс-төр

УИХ дахь Ардчилсан намын зөвлөлөөс ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нарыг огцруулахыг шаардлаа

УИХ дахь Ардчилсан намын зөвлөлөөс өнөөдөр Төрийн ордонд мэдээлэл хийлээ.

Мэдээллийнхээ эхэнд Монгол Улсыг саарал жагсаалтад ороход тодорхой хэмжээний үүрэг гүйцэтгэсэн хамаарал бүхий албан тушаалтнуудыг огцруулах шаардлагыг хүргүүлж байгаагаа УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ мэдэгдсэн юм.

Шаардлага:

МОНГОЛ УЛС СААРАЛ ЖАГСААЛТАД ОРСОН ШАЛТГААН, ХАМААРАЛ БҮХИЙ АЛБАН ТУШААЛТНУУДЫГ ОГЦРУУЛАХ ШААРДЛАГА

Санхүүгийн хориг арга хэмжээг хэрэгжүүлэх Oлон улсын байгууллага FATF-ын ээлжит хурал 2019 оны 10 дугаар сарын 16-18-ны өдрүүдэд Франц улсын нийслэл Парис хотноо 205 улс, олон улсын байгууллагыг төлөөлсөн 800 гаруй төлөөлөгчтэйгөөр хуралдаж 3 асуудал хэлэлцсэн бөгөөд үүний 2 дахь хэсэгт Монгол Улсыг мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх эрсдэлтэй улс гэж үзэн “саарал жагсаалт”-д оруулсан. Манай улс “Саарал жагсаалт”-д орох болсон 4 үндсэн шалтгаан нь:

  1. Санхүүгийн бус бизнес эрхлэгч нарт тавих хяналт шалгалтын механизмын хэрэгжилт хангалтгүй, \Шууд хэрэгжүүлэх байгууллага нь Санхүүгийн зохицуулах хороо, Сангийн яам\
  2. Эрсдэлд суурилсан үйл ажиллагааны хүрээнд мөнгө угаах гэмт хэргийн олон төрлөөр мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулж шүүхээр шийдвэрлүүлсэн байдал хангалтгүй, \ Шууд хэрэгжүүлэх байгууллага нь ХЗДХЯ, Хууль сахиулах байгууллагууд\
  3. Мэдүүлээгүй, хуурамчаар мэдүүлсэн бэлэн мөнгийг хураах авах, битүүмжлэх, зөрчил гаргасан этгээдэд хариуцлага хүлээлгэх, уг хариуцлага нь гаргасан зөрчилтэй нийцсэн, дахин үйлдэгдэхээс сэргийлсэн шинжтэй байх тогтолцоо хангалттай ажиллахгүй байгаа, \ Шууд хэрэгжүүлэх байгууллага нь ХЗДХЯ, Сангийн яам, Гаалийн ерөнхий газар,Хууль сахиулах байгууллагууд\
  4. Хориг арга хэмжээг хэрэгжүүлэх тогтолцоо хангалттай түвшинд ажиллахгүй байгаа \Шууд хэрэгжүүлэх байгууллага нь ХЗДХЯ, Гадаад харилцааны яам, Тагнуулын ерөнхий газар\ зэрэг шалтгаанууд шалгалтаар илэрч, хяналтад орсон

APG буюу FATF-ын Ази, Номхон далайн бүсийн орнуудын Мөнгө угаахтай тэмцэх бүлгээс 2017 онд манай улсад анх удаа хийсэн Монгол Улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцооны харилцан үнэлгээгээр FATF-ын гаргасан 40 зөвлөмжөөс 20 нь хангалтгүй, хэрэгжилтийн 11 үзүүлэлт бүхэлдээ хангалтгүй буюу мөнгө угаах эрсдэлтэй байсан тул “Эрчимтэй хяналт”-д орсон билээ.

FATF болон APG-гийн олон улсын хамтын ажиллагааны хяналтын ажлын хэсгийн хамтарсан уулзалтаас Монгол улсыг “Саарал жагсаалт”-д оруулах шийдвэрт Сангийн яам, Монгол банк, Санхүүгийн зохицуулах хороо, Хууль зүй, дотоод хэргийн яамтай холбоотой 2017 оноос хойш өөрийн хариуцдаг салбаруудад чиглэсэн мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хуулийг хэрэгжүүлэх, хяналт тавих ажлыг цалгардуулсан, зохион байгуулалт уялдаа холбоогүй ажилласнаар хугацаа алдаж үр дүн гаргаагүй зэрэг хүчин зүйлс нөлөөлсөн гэж дүгнэсэн байна.

Монгол Улсад БНАСАУ-ын 1500 орчим иргэд ажиллаж байгаа. FATF Монгол Улсад ажиллаж байгаа Хойд Солонгосын иргэд авсан цалингаа улс руугаа явуулж цөмийн зэвсэг үйлдвэрлэлд хувь нэмэр оруулж байна гэж үзэж “Нийтээр устгах зэвсгийг түгээхтэй холбогдсон хувь хүмүүс, хуулийн этгээд нь хөрөнгө мөнгө босгох, шилжүүлэх, хэрэглэхээс сэргийлэх” гэх FATF-ын хоригийг зөрчсөн гэж үзэх үндэслэл болсон байна.

Түүнчлэн мөнгө угаах гэмт хэрэгт мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулж шүүхээр шийдвэрлүүлсэн байдал хангалтгүй, мэдүүлээгүй, хуурамчаар мэдүүлсэн бэлэн мөнгийг хураан авах, битүүмжлэх, зөрчил гаргасан этгээдэд хариуцлага хүлээлгэх, дахин энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгдэхээс сэргийлэх талаар хангалтгүй байгаа зэрэг нь Хууль зүй, дотоод хэргийн сайдын шууд хамаарах асуудал юм. Тэрээр Монгол Улсын Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх Үндэсний зөвлөлийн дарга юм. Ц. Нямдорж тав дахь удаагаа ХЗДХ-ийн сайдаар томилогдон ажиллаж байгаа бөгөөд FATF байгууллагын 2017 оны сануулга ч түүнийг сайд болсноос хойш иржээ. Ц.Нямдорж сайдын тэргүүлдэг Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх Үндэсний зөвлөл нь FATF, APG-аас Монгол Улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоог тодорхой давтамжтайгаар үнэлэх харилцан үнэлгээний хэрэгжилтийг үр дүнтэй зохион байгуулах, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг боловсруулж Засгийн газраар батлуулах, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээг удирдан зохион байгуулах, Монгол Улсын мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үйл ажиллагааг үндэсний хэмжээнд зохицуулж уялдуулах, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хууль эрхзүйн орчинг боловсронгуй болгох санал боловсруулах үндсэн чиг үүрэгтэй юм.

Гэтэл Ц.Нямдорж сайд ажлаа хийж чадсангүй, харин бурууг бусдад тохдог зуршилаараа Монгол Улсыг саарал жагсаалтад оруулсан буруугаа Ардчилсан намруу чиглүүлэн “2015 оны наймдугаар сарын 6-нд Ил тодын хууль батлагдсан. Тэр хуулийн дараа Монголын хөрөнгийн хэмжээ 34 их наядаар нэмэгдэж, Монгол дахь хөрөнгийн хэмжээ 150 хувиар өссөн нь гадны байгууллагад сэжиг төрүүлэх нь зүйн хэрэг. Терроризмтэй холбогдуулж гадаадаас ажиллах хүч авах асуудал мөн үүн дотор орсон байгаа” гэж мэдээлсэн.

2015 онд батлагдсан “Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих” тухай хуулиар далд эдийн засгийг ил болгох, нуун дарагдуулсан хөрөнгийг ил болгож цаашид үнэн зөвөөр бүртгэх, татвараас зайлсхийх оролдлогыг таслан зогсоож Хууль зүйн сайдын хэлсэнчлэн Монгол улсад нуун дарагдуулсан, татвараас зайлсхийж байсан 34 их наяд төгрөгийн хөрөнгө ил болсон зэрэг нь эерэг үзүүлэлтээрээ FATF байгууллагын үйл ажиллагаа, хүсэл эрмэлзэлд чухамхүү нийцсэн хууль байсан гэдэг нь одоо маш тод харагдаж байна.

Монгол Улс саарал жагсаалтад орсон үндсэн 4 шалтгаан нь Хууль зүйн, дотоод хэргийн сайд, Сангийн сайд, Монгол банкны ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хорооны дарга нарын ажилдаа хайнга ханддаг, популизмаар ажил хийдэгтэй шууд холбоотой гэдгийг Ардчилсан нам биш Олон улсын байгууллага дүгнэж дэлхий дахинаа дүнгээ зарласан.

Дээрх албан тушаалтнууд нь 2017 оноос хойш Терроризмтэй тэмцэх тухай хууль, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийг хэрэгжүүлэх, хяналт тавих ажлыг цалгардуулсан, хууль, санхүүгийн хяналтын байгууллагын уялдаа холбоо, зохион байгуулалт нэн сул байсны улмаас буюу хуулиар хүлээсэн үүрэгт ажлаа биелүүлээгүйн улмаас Монгол Улс FATF -ын “Саарал жагсаалт”-д орсон. 2017 оноос хойш FATF-ын 15 сарын хугацаатай хяналтын үед Монголбанк, Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, Санхүүгийн мэдээллийн албанаас эхлээд холбогдох төрийн байгууллагууд 20 зөвлөмжийг хэрэгжүүлэх чиглэлээр хангалттай ажиллаж чадсангүй.

МАН 2008-2012 онд эрх барьж байхдаа мөн л FATF -ын шалгалтад унаж “саарал жагсаалт”-д оруулж байсан хар үйл явдал дахин давтагдлаа. Эрх баригчид Ардчилсан намруу буруугаа тохох санаархлаа хэрэгжүүлж 2012-2016 оны ажлыг дүгнэсэн мэтээр ард түмний тархи угаах оролдлого хийж байгаа нь амжилт олохгүй.

Эрх баригчид Монгол Улсыг “саарал жагсаалт”-д 2011 оны 6 дугаар сард оруулсныг Ардчилсан нам үр дүнтэй, эрчимтэй ажилласнаар 2014 онд саарал жагсаалтаас гаргаж байсан түүхтэй. FATF-ын энэ удаагийн хурал ч манай улсыг өргөтгөсөн /эрчимтэй/ хяналтад оруулж, хугацаатай үүрэг өгсөн 2017 оны даалгаврын гүйцэтгэлийг хэрхэн биелүүлснийг хэлэлцэж дүнгээ гаргасан юм.

Гэтэл дээрх хариуцлагагүй албан тушаалтнууд алдаа, дутагдлаа засаж, цаашид авах арга хэмжээнийхээ талаар ярихын оронд хэн нэгэнд буруугаа нялзааж, эсвэл “саарал жагсаалт”-д орсон ч ямар ч сөрөг нөлөөгүй, ямар нэг үр дагаваргүй мэт ярьж, өөрсдөө “уснаас хуурай гарах” оролдлого хийж байгаа нь жигшүүртэй.

Саарал жагсаалтад багтсан улс орнуудын гашуун сургамжаас харахад гадаад улсын банкнууд өндөр шаардлага тавих, зарим тохиолдолд хамтран ажиллахаас татгалзах, Олон улсын байгууллагууд манай улстай хамтран ажиллахаас татгалзах, Гадаадын хөрөнгө оруулалт багасаж, гадаад худалдааны хэмжээ буурах, Иргэд гадаадад картаар гүйлгээ хийх боломжгүй болж, гадаад гүйлгээний шилжүүлэг хийхэд хүндрэл үүсэх, Улмаар улс орны эдийн засаг агших, ард түмний амьдрал доройтох, өндөр өртөгтэй төслүүдийн хөрөнгө оруулалтууд царцах, буцаан татах, хөрөнгө оруулалт шинээр нэмэгдэхгүй болох зэрэг эдийн засгийн хүндрэлүүд үүсэх, цаашлаад саарал жагсаалтад орсон шалтгаануудыг нэн яаралтай залруулах талаар эрчимтэй арга хэмжээ авахгүй бол Европын холбооны хар жагсаалтад ч орох ноцтой эрсдэл бий болдог. FATF-ын хяналтын жагсаалтад орсон улсуудын мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай байдлыг харгалзсаны үндсэн дээр Европын холбоо Хар жагсаалтад оруулах асуудлыг шийддэг.

Монгол Улс саарал жагсаалтад орсноор Рио Тинто Оюу толгойн төсөлд санхүүжилт татахад хүндрэлтэй болж байна гэж “Австралийн санхүүгийн тойм”-оор мэдээлсэн. Одоогоор 5.3 тэрбум ам.долларын гүний уурхайд нэмж 1.2 -1.9 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татах шаардлага байгаа ч удаашрах, цаашлаад татрах магадлал байна. Бусад өөр томоохон төслүүдэд ч адил сөрөг нөлөөтэй.

Олон улсын байгууллагаас муу үнэлгээ авч Монгол Улсын нэр хүндийг дэлхийн тавцанд унагасан Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц. Нямдорж, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Монгол банкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан, Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн нар нь ажил үүрэгтээ хайнга хандсан, энэ албан тушаалыг эрхлэх чадамжгүй улс төрийн болон мэргэжлийн хариуцлага хүлээлгэж, холбогдох хуульд заасны дагуу огцруулахыг шаардаж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *