Categories
мэдээ цаг-үе

Д.Эрдэнэбат: Сонгодог парламенттай болох бүрэн боломж байна

УИХ дахь Ардчилсан намын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат цаг үеийн асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.


-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн зөвшилцлийн ажлын хэсэг гурван удаагийн хурал хийсэн гэсэн. АН-ын зөвлөлийг төлөөлж та ахалж ажиллаж байгаа. Тэгэхээр яг одоо зөвшилцлийн ажлын хэсэг ямар шатан дээрээ байна. Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Журмын тухай хуульд өөрчлөлт оруулж Ерөнхийлөгчийн хоригт заасан хуулийн өөрчлөлтийг хийсэн шүү дээ…

-Ерөнхийлөгч Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хоёрдугаар хэлэлцүүлэг дээр Ард нийтийн санал асуулга дээр хориг тавьснаас үүдэн Үндсэн хуулийн хэлэлцүүлэг арай өөр нөхцөл байдал руу ороод байна. Тиймээс Ерөнхийлөгчийн хоригтой холбоотойгоор цаашдаа энэ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг яах вэ гэдэг асуудал үүссэн. УИХ-ын даргын захирамжаар ажлын хэсэг байгуулагдсаныг та бүхэн мэдэж байгаа. Ажлын хэсэг арван хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдлаа. Ерөнхийлөгчийн төлөөлөл, бусад намуудын төлөөлөл гээд бүгд оролцоод, гурван удаагийн Зөвшилцлийн ажлын хэсгийн хуралдаан боллоо. Ажлын хэсгийн хуралдаанаар бид асуудлаа эрэмбэ дараатай ярья гэж шийдсэн. Ерөнхийлөгч хориг тавихдаа хуулийн зөрчил байна. Учир нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг өргөн барихдаа Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахад дагаж мөрдөх журмын тухай хуулийг зөрчсөн гэсэн байсан. Тиймээс эхлээд бид хуулийн зөрчлөө арилгаж байж цаашдаа яах вэ гэдэг асуудлаа шийдье гэх үүднээс УИХ өнгөрсөн долоо хоногт Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульдаа өөрчлөлт орууллаа. Бид Журмын тухай хуульд өөрчлөлт оруулахаас гадна Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах ёстой. Ардчилсан нам зарчмын гурван байр суурийн санал тавьсан. Энэ бол Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд онцгой нөлөөтэй, өөрөөр хэлбэл сонгодог парламентыг бүрэн зөв ажиллуулахад нэн тустай. Үндсэн хууль мөрдөж байгаа 20 гаруй жилийн дунд гаргасан алдаа дутагдлаа засах боломжтой зарчмын саналууд байгаа гэдгээ илэрхийлсэн.

-Тавьж буй гурван саналаа тодруулж хэлбэл?

-Нэгдүгээрт, сонгуулийн тогтолцоогоо холимог болгоё. Энэ нь улс орны төлөөллийг хангах боломжтой. Тойргийн төлөөллийг ч хангах боломжтой тогтолцоо. Хэрвээ үүнийг оруулбал УИХ бодлогын хувьд маш зөв суурь нь тавигдана. Намын жагсаалтаар, намын нэрийн дор баахан улсууд орох юм байна гэж ойлгож болохгүй. Холимог тогтолцоо гэдэг нь жагсаалтаар орох нэрсийг ямар ч байдлаар өөрчилж болох боломжтой. Ялангуяа жагсаалтаар орж ирж байгаа нэр дэвшигчид улс орны төлөөллийн бодлогыг хэрэгжүүлэх боломжтой. Жишээ нь, одоо туршлагатай улстөрчид, салбарын эрдэмтэн, мэргэжилтнүүд, сайн хуульчид орох боломж, хаалгыг зайлшгүй нээж өгөх ёстой. УИХ ажиллах хугацаанд энэ бодлогын хэмжээний улстөрчдийг бүрэн оруулж чадаагүйгээс болж алдаж байгаа зүйл их бий шүү дээ.

Хоёр дахь нь аль ч улс оронд байдаг парламентын тогтолцоотой улс Ерөнхийлөгчөө парламентаас сонгодог. Энэ олон толгойтой засаглалын хэлбэр чинь улс төрийн тогтворгүй байдлыг үүсгэж байгаа. Хувь улстөрчдийн хоорондын маргаан зөрчилдөөнийг өдөөж байна. Зөвхөн хувь хүний хоорондын өс хонзонгийн улс төрийн талбар болж хувирлаа. Тиймээс сонгодог парламентынхаа зөв жишиг рүү хэн нэгнээс хараат бус ардчилсан улс орон байя гэвэл үүнийг баталгаажуулж авъя гэж байгаа юм. Ерөнхий сайдыг хууль хэрэгжүүлэгч гол хүнээ байлгая гэвэл зохих эрх мэдлийг нь бүрэн төгс өгөх хэрэгтэй. Парламент одоо нэг нэгээр нь сайдыг томилдог, нэг нэгээр нь шүд сугалдаг байдлаасаа татгалзаад парламент зөвхөн хууль тогтоох байгууллага л байх ёстой. Тэрийг хянадаг байгууллага байх ёстой болохоос гүйцэтгэх засаглалын томилгоонд оролцдог нь буруу. Тиймээс АН-ын тавьж байгаа гурван зарчмын саналыг хүлээж авах уу, үгүй юу гэдэг дээр тулчихаад байгаа юм. Зарим нь шууд Ард нийтийн санал асуулга явуулах уу, нэг бол гуравдугаар хэлэлцүүлгээрээ батлах уу гэх зүйл ярьж байна. АН Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг бүрэн утгаараа өөрчлөгдөөсэй гэж. Өөрөөр хэлбэл, Ардчилсан Монгол Улсын эрх зүйн хувьд бүрэн баталгаажуулах боломжийг нэмэлт, өөрчлөлтөөр хийгээсэй гэсэн чин хүсэл байгаа. Ардчилсан нам энэ зарчмын гурван санал орохгүйгээр Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт ач холбогдлоо алдана гэх үүднээс хэлэлцүүлгүүдээс гарсан. Түүнээс биш дуртай цагтаа ороод, дургүй цагтаа гарчихаад нэг намын улс төр хийгээд байсан юм огтхон ч байхгүй. Өнөөдөр ийм нөхцөл байдалтай Зөвшилцлийн ажлын хэсэг дээр явж байгаа.

-Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог асуудал анхнаасаа хөндөгдөөгүй учраас одоо орох боломжгүй гэж ойлгож байгаа. Энэ хууль эрх зүйн хувьд шинээр орох боломжтой юу. Нөгөө хоёр заалт биелэх боломжтой юу?

-Энэ шинэ заалт биш л дээ. Бид анхны хэлэлцүүлэг, хоёрдугаар хэлэлцүүлэгт энэ саналыг оруулаад санал хураалтаар ороод гурвуулаа унасан. Ерөнхийлөгчийг парламент буюу бас өргөтгөсөн орон нутгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлыг оролцуулаад өргөтгөсөн хуралдаанаар Ерөнхийлөгчөө сонгоё гэдэг саналын томьёолол ороод унасан. Үүнийгээ л дахиж сэргээх тухай асуудал яригдаж байгаа.

-Журмын тухай хууль, Дэгийн хуульд өөрчлөлт орууллаа. Үндсэн хуулийн Цэц дээр очихгүй байх боломж бүрдсэн гэж үзэж байгаа юу.

-Ерөнхийлөгч Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг болохгүй байна гэж үзвэл дахин хориг тавих боломж нээлттэй. Ерөнхийлөгчтэй зөвшилцөх зайлшгүй шаардлага гарна гэж харж байгаа. Ерөнхийлөгчтэй зөвшилцөхдөө хориг тавихгүй байх, хуулийн зөрчилгүй байх нөхцөл бололцоог буй болгохын төлөө ажиллах ёстой. Үндсэн хуулийн өөрчлөлтийг Их хурал нэгдмэл ойлголттойгоор улс орныхоо эрх ашгийн төлөө ажиллаад үр дүнд хүрье гэж хичээж зүтгэвэл болохгүй зүйл байхгүй.

-АН-ын зүгээс тавьж байгаа саналууд дээр эрх баригчид ямар байр суурь илэрхийлж байгаа вэ?

-Одоогоор тодорхой байр суурь илэрхийлсэн зүйл алга. Хэрвээ үнэхээр 2020 онд энэ УИХ-ын гишүүдийн эрх ашиг, сонгууль хөндөгдөөд байна гэж үзэж байгаа бол хуулийн холимог тогтолцоог 2024 оноос хэрэгжүүлж болно шүү дээ. Нөгөө талаас Ерөнхийлөгчтэй холбоотой асуудлыг 2025 оноос хэрэгжүүлэхээр хийж болно. Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа байна. Тэгэхдээ Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хоёр жилийн хугацааг хөндөхгүйгээр 2025 оноос хэрэгжүүлж бас болно. Яагаад гэвэл Үндсэн хуулийн чухал ухагдахуун байгаа. 57 гишүүнээр санал хурааж Үндсэн хуулийн өөрчлөлт явдаг. Тэгэхээр бид холимог тогтолцоонд ороход улс төрийн олон намууд орж ирэх хаалга нь нээгдэнэ. Өөрөөр хэлбэл, гудамжны улс төр яг энэ халуун тогоон дотроо, парламент дотроо өрнөх бололцоог нээж өгөх нь зарчмын асуудал. Яг үүнтэй адилхан 2025 онд болох Ерөнхийлөгчийг парламентаас сонгоод, сонгодог парламент руу орох алхамыг нээж өгөх бүрэн бололцоо, боломж байна.

-2020 оны төсвийг Ардчилсан нам харсан уу?

-2020 оны төсвийн тухай урьдчилсан дүгнэлт гаргах асуудлаар өнөөдөр зөвлөл дээрээ ярилцлаа. Урьдчилсан дүгнэлтээ гаргана, энэ долоо хоногийн баасан гаригт анхдугаар хэлэлцүүлэг чуулганаар орно. Ер нь багцлаад ерөнхий дүр зургийг харах юм бол 2020 оны төсөв сонгуульд чиглэсэн төсөв байна гэдэг нь ойлгомжтой харагдаж байгаа. Бид жил болгон орлого нэмэгдэхийн хэрээр зардлаа маш ихээр нэмдэг, энэ урьд хожид байгаагүй орлогын нэмэлтээр зардлаа нэмсэн төсөв болсон байна. Цаашдаа сонгуулийн жил тохиолдуулан төсвийг ингэж маш ихээр нэмдэг нь зөв үү, буруу юу. Энд ямарваа нэгэн хуулийн хязгаарлалт байх шаардлагатай юм биш үү гэдэг асуудал бол үүсч болзошгүй. Яагаад гэвэл сонгуульд иргэдээсээ санал авахын тулд энэ мөнгийг үрэн таран хийж болохгүй. Ялангуяа манай Монгол шиг өртэй орон. 2021 онд биднийг өр хүлээж байгаа гэдэг нь үнэн. 2016-2020 оны хоорондын өр нэмэгдсэн. Яг үнэндээ эдийн засгийн өсөлт харагдаж байгаа ч, эдийн засгийн өсөлтөө үргүй зардалд, сонгуульд зориулж хаавал зарчмын хувьд маш буруу. Тийм учраас бид дүгнэлт гаргана. 2021 онд төлөх өрөөсөө, өрийнхөө мөнгийг энэ орлогын өндөр боломжтой үедээ хуримтлалаа буй болгох нь бидний хувьд чухал ач холбогдолтой. 2020 оны сонгуулиар ямар нам нь төр барихыг хэн ч таашгүй. Тэгэхээр нөгөө явах хүнд тугал нийлэх хамаагүй гэдэг шиг асуудалд огтхон ч хандаж болохгүй. Энэ бол ард түмэнд, ирээдүйд үүсэх асар том эдийн засгийн хүндрэлээс хамгаалж байгаа хэлбэртэй ийм төсөв байх ёстой.

Д.ХҮСЛЭН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *