Баянхошуу дэд төвийн 1000 м3 хүчин чадалтай усан сан өчигдөр /2019.10.19/ ашиглалтад оржээ. “Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн хүрээнд барьсан 1000 м3 хүчин чадалтай усан сангийн барилга бүрэн дуусч, үйл ажиллагаагаа эхлүүлж байна.
Усан сангийн барилга ашиглалтад орсноор Баянхошуу дэд төвд оршин суугаа 3.466 өрхийн 13.163 иргэд ундны усны эх үүсвэрээр хангагдах боломж бүрдэж байна. Мөн Улаанбаатар хотын Ерөнхий төлөвлөгөөнд хотын хөгжлийг тэнцвэртэй болгох хүрээнд зургаан дэд төвтэй байхаар тусгажээ. Энэ хүрээнд дэд төвүүдийг бий болгох суурь дэд бүтцийн ажлуудыг хийж байгаа аж. Одоогоор төслийн нэгдүгээр үе шат Баянхошуу, Сэлбэ дэд төвүүдэд 71.61 хувьтай хэрэгжиж байна. Цаашид төслийн хоёрдугаар үе шатанд Дамбадаржаа болон Дэнжийн мянга дэд төвүүдэд, гуравдугаар үе шатанд Шархад болон Толгойт дэд төвүүдэд бүтээн байгуулалтын ажлууд хийхээр төлөвлөжээ.