Categories
мэдээ цаг-үе

Я.Содбаатар: Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталвал нийгэм сайн тал руугаа явах томоохон алхам болно

УИХ-ын гишүүн Я.Содбаатартай ярилцлаа.


-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал хэрхэн шийдэгдэхээр байна вэ?

-Ард нийтийн санал асуулгаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталъя гэх шийдэлд хүрч холбогдох тогтоол Ард нийтийн санал асуулгад оруулах Үндсэн хуулийн эхийг баталж дууссан. Ерөнхийлөгчийн хоригийг Их хурал хүлээж авлаа. Одоо Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг цааш нь явуулах гурван гарц байна гэж миний хувьд харж байгаа. Нэгдүгээрт, Ард нийтийн санал асуулга явуулах тогтоолын төсөлд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийн зарим заалтуудыг тогтоолдоо оруулаад тогтоолынхоо Ард нийтийн санал асуулга явуулах хугацааг нь санхүүжилтийг нэмж тусгаад батлаад Ард нийтийн санал асуулгаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг батлуулах чиглэлээр явж болно. Ерөнхийлөгч дахиад хориг тавьж магадгүй. Гэхдээ ийм гарц бий. Хоёрдугаарт, УИХ гуравдугаар хэлэлцүүлгээр өөрөө батлах эрх нь нээлттэй. Хэрвээ энэ шийдвэр лүү орвол УИХ дахь АН-ын зөвлөл, Ерөнхийлөгч бусад улс төрийн намуудаас тавьж байгаа зарим нэг асуудлыг гуравдугаар хэлэлцүүлгийн үед авч үзээч гэх санал гарч байгаа. Өнөөдрийн мөрдөгдөж байгаа хууль эрх зүйн хүрээнд ийм боломж байхгүй. Гуравдугаар хэлэлцүүлгээр батална гэвэл парламентад суудалтай намууд бүгд оролцох ёстой. Эрх зүйн талаасаа МАН дангаараа Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг батлах батлах боломж байгаа ч гэсэн өөр улс төрийн хүчний оролцоогүйгээр батлах нь улс төрийн талаасаа боломжгүй гэсэн бодолтой байгаа. Гуравдугаар хэлэлцүүлгээр парламент өөрсдөө батлуулаад явна гэвэл парламентад суудалтай улс төрийн намууд, төрийн бүх институциуд санал нэгдэж, зөвшилцөлд хүрч батлах шаардлага гарна. Энэ тохиолдолд АН, Ерөнхийлөгч, бусад институцийн зүгээс тодорхой саналууд ирүүлж байгаа.

Тэр саналуудыг нь гуравдугаар хэлэлцүүлгийн явцад хэрхэн тусгаж авах вэ гэдгийг Үндсэн хуулийн дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах байдлаар эрх зүйн зарим нэг хаалт, хязгаарлалтыг сулруулж байж ийм гарц нээгдэнэ. Тэгэхээр гуравдугаар хэлэлцүүлгээр Их хурал батлахад бусад нам улс төрийн хүчнээс тавьж байгаа саналуудыг тодорхой хүрээнд авч болох боломж нээгдэнэ гэсэн үг. Гуравдугаарт, Үндсэн хуулийн хэлэлцүүлгээ зогсоогоод дараагийн парламент руу шилжүүлэх асуудал байна. Энэ удаагийн нэмэлт, өөрчлөлтөөр 62 гишүүний өргөн барьсан төсөл үндсэндээ гурван парламент дамжиж, судлаачдын 20 гаруй жилийн үр дүнд гарч ирж байгаа зүйл. Иргэд, сонгогчидтой уулзалт хийгээд явахад Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг батлаад явах нь зүйтэй. Өнгөрсөн 30 жилийн алдаа оноогоо дүгнээд шүүх эрх мэдэл төр засгийн эрх мэдэлтэй холбоотой нутгийн удирдлагын тогтолцоотой холбоотой сахилга хариуцлагыг дээшлүүлэхтэй холбоотой тодорхой заалтуудыг өөрчлөхөд ахиц дэвшил гарна гэсэн хүлээлт байна.

-Үндсэн хууль анх зорьсон зорилгодоо хүрч чадсан уу?

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталвал нийгэм сайн тал руугаа явах томоохон алхам болно гэж харж байгаа. Анх 62 гишүүний төслийн тавьж байсан зорилгоо эргээд харахаар 80 гаруй хувийн биелэлттэй гэж хэлж болохуйц байна. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нь босго өндөртэй. Их хурлын 57 гишүүний кноп авч байж тэр зүйл заалт, үг, өгүүлбэр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт болж ордог. 57 хүний дэмжлэг авна гэдэг бол парламентын түвшинд нэлээд зөвшилцөл, ойлголцолд хүрч байж тэр зүйл заалт орж байна гэсэн үг. Энэ удаагийн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт үндсэндээ дөрвөн асуудал руу чиглэж хийгдсэн. Нэгдүгээрт, сахилга хариуцлага суларч байна. Тиймээс сахилга хариуцлагыг багийн даргаасаа эхлүүлээд Ерөнхийлөгч хүртэл бүх шатны эрх мэдлийн хуваарилалтыг эргэж харсан. Түүнчлэн УИХ-ын үйл ажиллагааг сулруулсан гэж үздэг 2000 оны өөрчлөлтийг үндсэнд нь сэргээсэн. Хэсэгчлэн болон бүтэн сэргээсэн. Ингэснээр парламентын үйл ажиллагаа илүү боловсронгуй болох хариуцлагатай болох чиглэл рүү өөрчлөлтүүд орсон. УИХ-ын гишүүнийг эргүүлэн татахдаа, УИХ зарим төсөв мөнгө томилгоотой холбоотой зарим эрх мэдлээсээ татгалзах ийм шийдвэрүүдийг хүртэл гаргасан. Нэг ёсны төрийн эрх мэдэл бүх шатандаа эрх үүрэг нь маш тодорхой болгож өгсөн. Хоёрдугаарт, гүйцэтгэх эрх мэдлийг нэмэгдүүлэхдээ Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой заалтууд орсон. Гэхдээ Ерөнхий сайд Засгийн газраа бүрдүүлэх эрх нь олгогдоогүй. Энэ чухал заалт унасан. Гэхдээ Ерөнхий сайдад тодорхой эрх мэдлийг өгсөн. Жишээ нь, Ерөнхий сайд парламентад итгэл үзүүлэх асуудлаар тодорхой асуудлыг тавьдаг. Хэрвээ итгэл үзүүлэхгүй бол өөрөө огцордог. Итгэл үзүүлбэл парламент нь цаашаа шийдвэрлээд явдаг. Ерөнхийлөгчийг юм болгон руу оролцоод байдаг эрхийг хязгаарласан. Ерөнхийлөгчийн тодорхой чиг үүргийг зөвхөн Үндсэн хуульд заасан хүрээнд хязгаарлалт хийж өгсөн зэрэг олон дэвшилттэй зүйл заалт орсон. Дараа нь шүүх эрх мэдэл, нутгийн удирдлагатай холбоотой хэд хэдэн чухал заалт орсон. Энэ орсноор шүүхийн хараат бус байдлыг хангах чиглэлээр өөрчлөлт гарна гэдэгт хүлээлттэй байгаа. Тухайлбал, шүүгчийг томилдог ерөнхий зөвлөлийг хэрхэн томилох вэ. Ерөнхийлөгчөөс хараат бусаар томилогдож явдаг. Тэндээс анхны санал гардаг. Томилогдсон байгаа шүүгчдэд сахилга хариуцлага ярьдаг. Сахилга хариуцлагын хороотой болох гэх мэтчилэн нарийн заалтууд орсон. Эдгээрийг органик хуулиар нарийвчлан заагаад зохицуулалт хийвэл шүүхийн засаглалд нэлээд том дэвшил авчирна гэж харж байгаа. Нутгийн удирдлагын хот суурингийн эрх зүйн байдлыг тодорхой болгохтой холбоотой нутгийн иргэдийн хурал, Засаг даргын эрх мэдэлтэй холбоотой өмчийн болон татварын зарим эрхийг орон нутаг руу шилжүүлэхтэй холбоотой гээд яривал олон заалт орсон. Хамгийн сүүлд 1992 оны Үндсэн хуулийн нэлээд дутагдалтай гэж судлаачдын шүүмжилдэг тал бол Үндсэн хуулийн эдийн засгийн гол гол ойлголтууд дутуу суусан ялангуяа байгалийн баялагтай холбоотой заалтуудыг дутуу харсан гэж үздэг. 1992 онд уул уурхай хөгжиж баялгийн хуваарилалтын алдаа онооноос болж баян хоосны ялгаа ийм түвшинд хүрнэ гэдгийг тооцоолж чадаагүй юм шиг байгаа юм. Эдийн засгийн урт хугацааны хөгжил төлөвлөлттэй холбоотой төсөв мөнгөтэй холбоотой байгалийн баялгийн ашиглалт хуваарилалттай заалтуудыг нарийвчилж хийж өгсөн. Энэ нь Монгол Улс байгалийн баялагтаа эзэн байх гол гол заалтууд орсон. Цаашдаа нийгэм, эдийн засгийн амьдралд томоохон өөрчлөлт авчрах заалт гэж бодож байна.

– Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмэнд мэдэлд байх зарчим нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдоно гэж зохицуулж байгаа. Энэ тухайд?

-Байгалийн баялагтай холбоотой Үндсэн хуулийн 6.1 6.2 гэх заалтууд байдаг. Нэгдүгээр заалт хэвээрээ байгаа. Үндсэн хуулийн 6.2-ыг “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан нь нийтийн өмч мөн гэх томьёоллоор оруулсан. Энэ нь стратегийн ач холбогдолтой уул уурхайн баялаг ашиглахдаа ямар зарчмаар ашиглах юм бэ гэдэг зүйлийг маш нарийн зааж өгсөн. Зарчмуудаа Үндсэн хуульдаа хийж өгсөн. Ялангуяа иргэдийн мэдэх эрхийг зааж өгч байгаа. Стратегийн ач холбогдолтой орд газрын үр өгөөжийн 50-иас дийлэнх олонх нь Монголын ард түмний мэдэлд байхаар оруулж өгч байна. Үүний дараа Үндсэн хуульд орж байгаа нэг өгүүлбэр нэг үг эргээд органик хуульдаа зохицуулагдаад явдаг. Үүнийг дагаад Ашигт малтмалын тухай хууль, Үндэсний баялгийн сангийн тухай хууль болон бусад хуулиудад нарийвчлан тусч өгөх ёстой. Стратегийн ордын үр өгөөжийг дийлэнх нь ард түмэн хүртэж байх боломж нөхцөл бүрдэнэ.

-Сонгуулийн хуулийг хэзээ хэлэлцэж эхлэх вэ?

-Сонгуулийн хуулийг ажлын хэсгийн түвшинд 2012-2016 оны парламентын үед Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль, Орон нутгийн сонгуулийн тухай хууль, УИХ-ын сонгуулийн тухай хууль гэсэн гурван хуулийг нэгтгээд нэг хуулиар гурван сонгуулийг явуулсан. Сонгуулийн ерөнхий хорооноос гурван сонгуулийг нэг хуулиар явуулах нь эрх зүйн хувьд маргаан дагуулж байна. Нэг нь нутгийн өөрөө удирдах байгууллагын хууль, улс төрийн сонгууль буюу Их хурлын сонгууль, нөгөөх нь хувь хүний сонгууль буюу Ерөнхийлөгчийн сонгууль байдаг. Гурван өөр чиглэлтэй сонгуулийг нэг хуулиар шийдэх гэж оролдсон нь хуулийн хувьд хүндрэл гарч байга гэж Сонгуулийн ерөнхий хороо саналаа ирүүлсэн. Үүний дагуу УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалангаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдаж гурван жил шахам ажиллаж байгаа. Хуучин шигээ сонгуулийн нэг хуулийг гурван удаа задалж, тус тусынх нь хуулийг бие даасан хуулиар зохицуулах нь зүйтэй гэсэн шийдэлд хүрсэн. Гурван сонгууль явуулах хуулийг тусад нь бие даасан хууль болгоод ажлын хэсгийн түвшинд хэлэлцээд Засгийн газраас санал аваад Их хуралд өргөн барих гэж байна.

-Сонгуулийн тогтолцоонд өөрчлөлт орох уу?

-Ажлын хэсгийн түвшинд сонгуулийг улс нэг тойргоор явуулъя гэсэн шийдэлд хүрсэн. Гэтэл Үндсэн хуулийн хэлэлцүүлгийн үеэр сонгуулийн тогтолцоогоо өөрчилье, сонгуулийн тогтолцоогоо Үндсэн хуульд зааж өгье, гишүүдийн тоог нэмье гэх хэлэлцүүлгүүд өрнөсөн. Тиймээс өргөн барихдаа сонгуулийн ямар тогтолцоо авч явахаа хараахан эцэслэгдээгүй байна. Ер нь УИХ дахь МАН-ын бүлэг мажиратор тогтолцоо буюу хүнээ шууд сонгодог тогтолцоог авах нь зүйтэй гэсэн байр суурь дээр байна. Тэр нь томсгосон байх уу жижигсгэсэн байх уу гэдгээ шийдвэрлэх байх.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ цаг-үе

Я.Содбаатар: Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталж чадахгүй бол Монгол Улс засаглалын хэлбэрээ солих хэмжээнд хүрч магадгүй

УИХ-ын гишүүн Я.Содбаатартай ярилцлаа.

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийж, Ард нийтийн санал асуулга явуулахаар болоод байна. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хэр хэмжээнд боловсруулагдсан гэж та үзэж байгаа вэ. Анхны зорилгодоо хүрч чадсан уу?

-УИХ-ын 62 гишүүн санаачлан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зорилгоор холбогдох хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан. Түүнээс хойш хаврын чуулган, ээлжит бус чуулганаар хэлэлцэж Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн сүүлийн хувилбарыг УИХ дэмжсэн. Үндсэндээ УИХ Үндсэн хуулийн талаар хийх ёстой ажлуудаа дуусгасан. Ард түмний санал асуулгаар Үндсэн хуулийн гуравдугаар хэлэлцүүлэг буюу батлах процессийг хийх гэж байна. Гэсэн ч үүнд Ерөнхийлөгч хориг тавилаа. Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах эсэх дээр УИХ-ын МАН-ын бүлэг эцсийн шийдвэрээ гаргаагүй байна. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар 62 гишүүн санал гаргаж, өргөн барьснаас хойш Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ дахь Ардчилсан намын зөвлөл, парламантад суудалгүй улс төрийн намуудын зүгээс саналууд ирсэн.Энэ саналуудыг Үндэсний зөвшилцлийн ажлын хэсэг гарч хасах, найруулах зэрэг ажлуудыг хийсэн. Энэ удаагийн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт сүүлийн гурван парламент дамжиж яригдсан. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл дээр тулгуурлаж гарсан учраас үе үеийн парламент, судлаачдын түвшинд яригдсан асуудлуудыг тодорхой хэмжээгээр шийдвэрлэсэн. Ийм төсөл батлагдсан. Анх тавьж байсан зорилтдоо 100 хувь хүрээгүй ч гэсэн эцсийн хувилбар нь 70-80 хувьтай батлагдсан.

-Ард нийтийн санал асуулга явуулах хугацаа нь хэдийд тодорхой болох вэ?

-Бид Ард нийтийн санал асуулга явуулах тогтоолын төслөө баталсан. Харин хэдийд, ямар хөрөнгөөр зохион байгуулах, зохион байгуулалтад юу хийх вэ гэдгийг тусгайлан тогтоол гаргаж шийдвэрлэе гэж шийдсэн. Тэр тогтоол хараахан батлагдаагүй байна. Ямартаа ч энэ удаагийн Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн төслийн эцсийн хувилбараас харахад дөрвөн гол зүйлийг цэгцлэхэд ахиц гарах болов уу гэж харж байна. Нэгдүгээрт, 1999 онд Ардчилсан нам олонх байх үед хийгдсэн Үндсэн хуульд оруулсан долоон өөрчлөлт энэ 20 жилийн хугацаанд дордохын долоон өөрчлөлт гэж нэрлэгдэж, шүүмжлэл дагуулж байсан. Бид энэ долоон өөрчлөлтөөс зургааг нь хэсэгчлэн болон бүтнээр нь буцааж сэргээлээ. УИХ-ын үйл ажиллагаа илүү хариуцлагатай болгоход чиглэсэн нэмэлт, өөрчлөлт орсон. Хоёрдугаарт, сахилга хариуцлагыг дээшлүүлэхтэй холбоотой өөрчлөлт орсон. Тодруулбал, Ерөнхийлөгчөөсөө эхлээд багийн дарга хүртэл, төрийн эрх барьж байгаа байгууллагуудын эрх, үүргийг эргэж харсан, илүү сайжруулсан. УИХ, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, аймаг, сумын дарга нь ямар эрх, үүрэгтэй байх, ямар эрхүүдээсээ татгалзах, хязгаарлах ёстой талаар 30 жилийн алдаа, оноо дээрээ түшиглэн сайтар ярилцаж шийдсэн. Тухайлбал, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүнээр давхар ажилладаг, бидний давхар дээл гэж нэрийддэг энэ зүйлийг тодорхой хэмжээгээр хязгаарласан. Зөвхөн цөөн тооны буюу дөрөв хүртэлх хүн УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүнийг давхар хийж болно. Үүнд ерөнхий чиг үүргийн яамдын удирдлагууд байх юм. Мөн хамтарсан Засгийн газар байгуулагдсан үед намуудын удирдлагууд Засгийн газартаа орж ажиллаж болно. Бусад үед Засгийн газар, УИХ хоёрыг салгасан. УИХ-ын гишүүдийн эгүүлэн татах заалтыг нарийвчилж оруулж өгсөн. Төсөв мөнгө хэлэлцэх үед УИХ Засгийн газрын зөвшөөрөлгүй зарлагын шинэ төрөл нэмэхийг хориглож байгаа. УИХ-ын гишүүд тойрог тойрог руугаа хөрөнгө мөнгө цацаж, тэдгээр нь үр дүн муутай байна гэж шүүмжлэгддэг. Энэ байдлыг цэгцлэх чиглэлд дээрх заалтыг Үндсэн хуульд тусгаж өгсөн.

УИХ хяналтын чиг үүргээ хэрэгжүүлэх хүрээнд Хянан шалгах түр хороо байгуулахтай холбоотой тодорхой заалт орсон. Ерөнхий сайдад итгэл үзүүлэх, Ерөнхийлөгчийн бүрэн эрх, насны хязгаарыг тогтоохтой холбоотой заалтуудыг ч нарийвчилж оруулж өгсөн. Ингэснээрээ манай төрийн чиг үүрэг, бүрэн эрх нь тодорхой болж, үүнийгээ дагаад хариуцлага нь дээшилнэ. Гуравдугаарт, эдийн засаг, байгалийн баялагтай холбоотой олон заалтууд орсон. Бид 1992 онд шинэ Үндсэн хууль баталж байх үед энэ хэмжээний уул уурхайн асуудал хөндөгдөж, орлого зарлага, хэрүүл маргаан бий болно гэж тооцоогүй. Зах зээлийн харилцаанд орсноороо бид төсөөлж байгаагүй сайн тал бий болсон ч нөгөө талаараа сөрөг үр дагавар их гарсан. Эдгээрийг харгалзаж үзээд урт хугацаанд тогтвортой хөгжлийн бодлогоор хөгжих, түүнийг зохион байгуулах байгууллага нь ямар байх эсэх, байгалийн баялаг тэр дундаа геологи, уул уурхайтай холбоотой заалтуудыг нарийвчлан тусгасан. Өнөөдөр баян, хоосны ялгаа асар их байгааг иргэд шүүмжилж байгаа. Үүнийг бууруулахын тулд баялгийн хуваарилалтыг зөв болгох нь чухал юм. Тиймдээ ч энэ удаагийн Үндсэн хуульд сайтар нарийвчилж оруулсан. Монголчууд бид өвөг дээдсээсээ уламжилж ирсэн энэ газар шороо, уул ус, байгалийн баялгийнхаа эзэн нь шүү гэсэн энэ заалтыг Үндсэн хуульд оруулж өгсөн гэж ойлгож болно. Тиймдээ ч ихээхэн ач холбогдолтой зүйл боллоо гэж харж байгаа.

Дөрөвдүгээрт, нутгийн удирдлагатай холбоотой заалтууд орсон. Орон нутаг, хот суурингийн зохицуулалт, сум орон нутгийн хурал, хурлаар тогтоох өмч, татварын асуудалтай холбоотой заалтууд орсон. Мөн шүүх засаглалыг хараат бус, хариуцлагатай болгоход чиглэсэн зохицуулалтууд тусгагдсан. Шүүхийн сахилга хариуцлагын хороо, Шүүхийн ерөнхий зөвлөлийг хэрхэн байгуулахтай холбоотой заалт оруулж өгсөн. Хэрвээ энэ удаагийн нэмэлт, өөрчлөлт Үндсэн хуульд орж батлагдаж чадвал 30 жилийн алдаа оноогоо дүгнэсэн, дараагийн 30 жил рүүгээ зөвөөр алхаж чадна байх гэж харж байна.

-Манай улсад 1945 оноос хойш Ард нийтийн санал асуулга болж байгаагүй. Иргэдэд Ард нийтийн санал асуулгад оролцсон туршлага байхгүй гэж хэлэхэд хилсдэхгүй болов уу. Тэр утгаараа иргэдийн ирц хангалтгүй байх эрсдэлтэй гэж байна. Үүнд та ямар байр суурьтай байгаа вэ?

-Монгол Улс 1992 онд шинэ Үндсэн хууль батлахдаа парламентын засаглалтай орон байхаар шийдсэн. Хоёр том гүрний дунд байгаа манай улс аюулгүй байдлаа бодсон ч, гадаад, дотоод харилцааны шахалт дарамт, төрийн уламжлалаа бодсон ч парламентын засаглал нь Монгол Улсад зохимжтой гэж үзсэн. Монголчууд бид төрөлхөөсөө л эрх чөлөөт, биеэ даасан байдлыг хангасан ард түмэн. Тиймдээ ч улс орны асуудлыг олноороо хэлэлцдэг төрийн уламжлал байсан. Чингис хааны үед Их хуралдайтай, Богд хааны үед дээд, доод танхимтай, 1921 онд Ардын засаг байгуулагдаад ч Бага хуралтай болж байсан. Энэ утгаараа парламентын засаглалын орчин үеийн энэ хэлбэрийг аваад явах нь зүйтэй гэсэн сонголт хийсэн. Энэ сонголтоо баталгаажуулаад шинэ Үндсэн хуулиа одоо ярихаа больё. Харин 1992 онд баталгаажуулсан парламентын засаглалтай энэ хуулиараа явах нь зүйтэй юм. Энэ удаагийн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт парламентын засаглалыг боловсронгуй болгох, төрийн эрх мэдлийн хуваарилалт, хяналт тэнцлийг сайжруулахад чиглэж байна. Тиймээс энэ удаагийн Ард нийтийн санал асуулга ардчилал, зах зээл, тэр тусмаа парламентын засаглалаа боловсронгуй болгоод явах эсэхийг шийдсэн сонголт байна байх. Иргэдтэй уулзаад явахад энэ удаагийн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг ихээхэн дэмжиж байна. Олон жилийн турш ярьсан энэхүү өөрчлөлтөө МАН олонх байгаа дээрээ хийх нь зүйтэй гэсэн байр сууринаас хандаж байгаа юм. Ард нийтийн санал асуулга дэмжигдэнэ гэж найдаж, таамаглаж байна.

Хэрэв Ард нийтийн санал асуулга явуулах үед сонгогчдын ирц хүрэхгүй бол яах вэ гэдэг асуудал гарна. Хэрвээ сонгогчдын ирц бүрдэхгүй бол бид энэ удаагийн нэмэлт өөрчлөлтийг баталж чадахгүй. Баталж чадахгүй бол Монгол Улс засаглалын хэлбэрээ солих хэмжээнд хүрч магадгүй. Ерөнхийлөгчийн болоод бусад засаглалын хэлбэр рүү халтирч орохыг үгүйсгэхгүй. Тиймээс УИХ-ын зарим гишүүн зургаан сарын дараа болох сонгуулиа наашлуулаад Ард нийтийн санал асуулгатай хамт хийе гэх хандлага гаргасан юм. Нэгэнт л 20, 30 тэрбум төгрөг зарцуулж байгаа хойно хамт хийчихвэл төсөв мөнгө ч хэмнэнэ, сонгогчдын ирц ч сайжирна. Хамгийн чухал нь шинэ Үндсэн хуулийг ард нийт үнэхээр дэмжиж байгаа бол баталж чадна. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд төр засгаа эмхлэн зохион байгуулаад явсан нь зүйтэй учраас ээлжит бус сонгуультайгаа хамт хийе гэж буй хэрэг. Энэ нь одоогийн Үндсэн хуулиа, парламентын засаглалаа хамгаалахын төлөө хийж байгаа алхам гэж харж байна.

-Энэ нь хэнд ашигтай юм бэ. Эрх баригчдад эрсдэлтэй биш үү?

-Энэ дөрвөн жил эрх барьж байгаа Монгол ардын намын хувьд маш хүнд сонголтын жилүүд болж байна. Намаа бодож эсвэл улсаа бодож, шийдэл гаргах уу. Өнөөдөр, маргаашийн эрх мэдэл, өөрсдөд байгаа сандал, суудлаа хамгаалж үлдэх үү. Алс ирээдүй, үр хойчийнхоо төлөө эрсдэл хийгээд ч хамаагүй зөв зүйлийн төлөө алхах уу гэдэг сонголтын өмнө л үргэлж тулж байгаа. Тиймээс зарим үед нам дотороо хагарч, хуваагдаад ч хамаагүй улс орноо бодсон шийдэл рүү алхъя гэж байна. Үргэлж энэ шийдлийн талд зогсож байгаа. Ээлжит бус сонгуулийн асуудал яригдаж буй энэ үед ч мөн адил. Хэрэв бид өөрсдийнхөө эрх мэдлийг хадгалаад үлдэнэ гэвэл хэн ч биднээс булааж авахгүй, өмнөөс минь шийдэхгүй. УИХ-ын 51 гишүүн дэмжиж байж л УИХ тарна. Бидэнд дахиад долоо, найман сар ажиллах эрх байна гээд суугаад байвал суугаад байж болно. Гэхдээ парламентын засаглал, Үндсэн хуулиа хамгаалахын тулд, улс орны хөгжил, ард иргэдийн хүсэн хүлээж байгаа зүйл, тэмүүллийн төлөө эрсдэл хийгээд ч хамаагүй зарим алхмыг хийх хэрэгтэй болж байна.

-Сонгуулийг нааш нь татаж, Ард нийтийн санал асуулгатай хамтатган хийнэ гэж үү?

-Үүнийг олон талаас нь ярилцаж байна. Одоогоор нам, бүлгийн хэмжээнд ямар нэгэн шийдвэр гаргасан зүйл алга. УИХ-ын гишүүд, хувь улстөрчид цаг үеийн нөхцөл байдлыг өөр өөрсдийнхөө мэдээллийн түвшинд, эрсдэлийг тооцон байр сууриа илэрхийлж байгаа.

-Яг хэдийд тодорхой шийдэлд хүрэх вэ?

-Өнөөдөр (баасан гариг)бүлэг хуралдаад цаг үеийн мэдээлэл, нөхцөл байдлыг мэдээд түр завсарлалаа. Даваа гаригт (өнөөдөр) дахиж хуралдаад Ерөнхийлөгчийн хориг, ээлжит бус сонгууль, Ард нийтийн санал асуулга, Ард нийтийн санал асуулгыг батлах эсэхтэй холбоотой Ардчилсан намаас тавьж байгаа зарим асуудлуудад шийдлээ гаргаад явна гэж бодож байна.

-УИХ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсан тохиолдолд яах вэ?

-УИХ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авбал Үндсэн хуулийг Ард нийтийн санал асуулгаар батлахгүй. Гуравдугаар хэлэлцүүлгээрээ л Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг батлах тухай ярина. Ерөнхийлөгч хоригтоо нэгдүгээрт, Ард нийтийн санал асуулга битгий явуулаач ээ, хоёрдугаарт Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хуулийн хэлбэрээрээ орж ирж батлагдах ёстой байсан юм биш үү, та нар нэмэлт, өөрчлөлтийг төслийн хэлбэрээр оруулж ирж баталж байна гэж. Хуулийн хэлбэртэй болгож батлах нь зөв үү, үгүй юу гэдэг дээр маргаан байдаг. Энэ маргаан хуульчдын хүрээнд олон жил үргэлжилж байгаа. Энэ маргааныг хөндсөн байсан. Гэхдээ 2000 оны өөрчлөлт ч тэр тухайн үедээ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хэлбэрээр орж ирж батлагдаж байсан. Мэдээж эдгээрийг ярина.

-Та Ерөнхийлөгчийн засаглалын хэлбэрээ асуух тухай саналд ямар байр суурьтай байсан бэ?

-Холбогдох хуулиудаар засаглалын хэлбэрээ солихыг хориглосон байдаг. Жишээ нь, парламент санаачилсан Үндсэн хуульдаа өөрийнхөө бүрэн эрхийг нэмэхтэй холбоотой өөрчлөлт оруулах боломжгүй. Ерөнхийлөгч Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг санаачилж байгаа бол мөн өөрийнхөө бүрэн эрхтэй холбоотой хууль өргөн барьж болдоггүй. Энэ хүрээнд Ерөнхийлөгчийн, парламентын засаглалтай байх эсэхийг хөндөх боломжгүй хуулийн хязгаарлалттай, хаалттай юм. Ер нь ард иргэдээсээ засаглалынхаа хэлбэрийг асуугаад буруу шийдэл гаргасан, гацаанд орсон улсууд байдаг. Хамгийн сүүлд л гэхэд Их Британи Европын холбооноос гарах, гарахгүй гэх асуудал гарч, гурван жил маргаж байна. Тиймээс бид иргэддээ гадна, дотны нөхцөл байдал ямар байгаа, үр дагавар нь юу болох талаар үнэн зөв мэдээлэл өгч байж л засаглалын хэлбэрийн талаар асуух эсэхээ шийдэх ёстой. Мэдээлэл багатай байхад нь засаглалын хэлбэрээ солих тухай асуух, ийм алхам хийх нь цаг үеэ олсон асуудал биш гэж үзэж байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *