Categories
мэдээ цаг-үе

Дөнгөтийн Цоодол найрагчтай үрэнгийнх нь уул усаар бууж мордоод ирлээ (III)

Түрүүч нь 192, 193(6293, 6294) дугаарт


Аян замд юу эсийг ярих билээ. Явуугаа, Удвал гуайг, Эрдэнэ баавай, Цэдэнжав гуай, Мишигийн Цэдэндоржоо ярьж явлаа. Багш минь утга зохиолын тухай ярихад, ерөөс зохиолч нөхдийнхөө тухай дурсахад заавал ч үгүй магнайд нь Явуу багшаа хэлдэг. Санаандгүй юм шиг хэрнээ энэ бол маш том хүндэтгэл, багш шавийн барилдлагын нэгэн сайхан илэрхийлэл ч гэлтэй. Дурсамж ярьсан ч Явуугаа ярина, онигоо ярьсан ч Явуугийнхаа онигоог л эхэлж ярина. “Явуутай цуг Холбооны яамны урдуур гарч явлаа. Сүхбаатарын талбай цэв цэлийн их талбайн зүүн хойноос Ринчен доктор ирж явна. Хэлхгэр ханцуйтай хүрэн тэрмэн дээлэн дээр аралтай суран бүс бүсэлсэн зохиолчийн урт буурал үс салхинд үл мэдэг хийсч, зөрөн өнгөрөх хүн зонтой мэнд усаа мэдсэн шиг намбайтал алхаж явлаа. Явуу Ринчен гуайтай мэнд мэдээд “Та ойрдоо хороогоор үзэгдэхгүй яагаав” гэсэнд Ринчен гуай “Хэвлэлийн Содномдаржаа элч зарж нэхүүлээд өнөө роман (“Сандо амбан” болов уу) гараас гарахгүй, түүнд хэрэг болно гэж Бээжингийн номын санд хийсэн нэг тэмдэглэлээ ядахад эрээд олохгүй, бас Раднаа гуайн хөл тааруухан би маллаад, намайг Ширэндэв, Удвал хоёр маллаад, хоёр даргыг маань…” гэж духайн харж нэгэн амьсгаагаар сахал дороо залган өгүүлэхэд “Хоёр даргыг бүр том дарга нар маллаад” гэж Явуу хэлэв. Ринчен гуай “Цэдэнбал маллаад” гэж шоглож байгаа ч юм шиг, хэлье гэж хэлж байгаа ч юм шиг хэллээ. Эл явдал жаран найман оны зун болсон шиг билээ” гэв.

Дон Кихотыг дагасан Санчо Панчо мэт Явууг бараадан гүйж явахдаа “Пионерийн үнэн”-д ажиллаж байсан Гайтав гуайн гэрт анх очиж хоёр төмөр ор, бичгийн ширээ төдий даруухан тавилгатай тэр айлын эзэн уянгын цэцэн сүрлэг найрагч бичиж буй шүлгээ бусдад уншиж өгөх хичнээн дуртайг, шүлгийнхээ нооргийг бусдаар уншуулж өөрөө чагнан зохиолынхоо өө сэвийг дардаг зантайг нь мэдсэн гэдэг. Үйлдвэр комбинатад ажилчдын дан сууцанд байсан Цэдэнжав гуайнд мөн л Явуу багштайгаа очиж Маяковский, Есенин, Блок, Лермонтов, Пушкин, Гёте, Шиллерийн тансаг мөрүүдийг хаанаас нь бол хаанаас нь цээжээр хэлэхийг нь сонсож явжээ. Ер нь Цэдэнжав гуай шиг гадны сонгодгуудын намтар уран бүтээлийг мэддэг хүн ховор болов уу даа гэж Цоодол найрагч хэлдэг юм.

“Цэлмэг залуу насныхаа гал дөлөөр бадарч

Сэтгэл зүрх хоёртоо шатаж явах үедээ

Чин үнэнч амрагтаа хэлж үзээгүй мөртлөө

Чиний төлөө үхье гэж эх орондоо хэлсэн юм” гэх танхай сайхан мөрүүдийг хэлхэж явсан найрагч сэгсгэр буурал үс, өвдөг гарчихсан хуучин өмд, өсгий нь элэгдсэн шаахайтай их л хээ шаагүй угтах нь тэр. “Гомбын Сэр-Од чинь миний шавь. Тэр маань хоёр хүүхэнд зэрэг дурлачихаад цаад хоёр нь болохоор надад хоёулаа дурлачихаад” гэж хөгийн юм ярина гээд Цэдэнжав гуайгаа дурссан. Монголын хосгүй сайхан уянгач Мишигийн Ширчинсүрэн “Отелло”-гийн Дездемонд тоглуулахаар Ховдын театраас Ванган, Оюун нарын авчирсан Чойсүрэнг нийслэлд “чөдөрлөж”, “Гангар шаазан”, “Хайр”, “Ах бид хоёр”, “Ган” зэрэг гайхамшигт дуулиудаа бичиж хүн сайхан төрж болно, дээр нь бас ухаантай төрж болно гэдгийн ховорхон гэрч мэт уулзалт үдэшлэгүүдийг чимэн гялалзаж явсан нь мөн л жараад он, Явууг бараадаж явах үеийнх нь он жилүүд. “Явуу бид хоёрын нөхөрлөл арслан хав хоёрын үерхэл мэт явдал аа” гэж багш минь хэлдэг. Дорно дахины аугаа их найрагч зиндаагаа хэдийнэ эзэлчихсэн байхад мань хүн Төв аймгийн утга зохиолын дугуйлангийн үл мэдэгдэх гишүүн явсан нь тэгж хэлэхээс ч өөр яахсан билээ. Долоо төгсөөд сургуулиа хаяж хэвлэгдээгүй хэдэн шүлгэндээ цадаад айл хэсч явсан адуучны хүү тийм аугаа найрагчийг олж нөхөрлөнө гэдэг чухамхүү өөрийнх нь хэлдгээр аз заяа байхаас яахав.

Цоодол багш өөрийгөө их мартамхай салан палан гэдэг. Харин нэг зүйлийг мартдаггүй, мартаж боломгүй юм гэж бас байдаг байх нь гээд жаран зургаан оны зургадугаар сарын 17-ны өдрийг хэлдэг юм. Тэр нь Төв аймгийн Зуун мод хотын баруун захад “чонын хонгил” нэртэй галлагаатай дан цагаан байшинд Явуу багш нь гэнэт ороод ирсэн өдөр л дөө. Шаравын Сүрэнжав найрагч их Явууг дагуулаад ирсэн түүх бичигдэнэ. Харин наян хоёр оны хоёрдугаар сарын тавны өдөр Цоодол багш минь Явуу багштайгаа сүүлийн удаа уулзжээ.Горькийн нэрэмжит утга зохиолын сургуулийн дээд курст сурч байсан үе. Өвлийн амралтаар ирээд буцах гэж байсан тэр өдөр Явуу багш нь гэртээ дуудсан байна. “Чи манайд нэг хүрээд ирэхгүй юу. Чамаар Адъяад үг хэлүүлмээр байна” гэжээ. Адъяа эгч болохоор “Энэ Явуухулан ойрд их хариуцлагагүй байгаа” хэмээн уугаад буйг нь хэлээд аашлах маягтай байж. Ингээд багш явах болоход Явуу багш нь хамт гарч одоогийн Үндэсний түүхийн музейн ард хүртэл алхан гаргаж өгөөд “За миний шавь сайн яваарай” гэж хэлээд хоцорчээ. Ачит багшаасаа сонссон хамгийн сүүлчийн үг тэр. “Намайг Москва хүртэл сайн явах тухай биш ерөөсөө үлдсэн амьдралдаа, их утга зохиол яруу найрагтаа сайн яваарай хэмээн молхи шавь намайгаа ерөөжээ гэж бодохуйд нулимс гарах шиг болдог” гэж багш нэгэнтээ хэлсэн. Тийн хэлэхэд эрхгүй хоолойд нь юм тордог юм.

“Найран дээрээс гараад иртэл

Намрын навчис хийсч байлаа

Налгар тэнгэрээр шувуудтай цуг

Нарлагхан намар зэллэн одлоо

Салхи ч үгүй нам гүм байтал

Шарласан навчис хийсч байлаа

Санаанд ч үгүй аж төрж явтал

Санчигны минь үс цайж байлаа

Налгар тэнгэрээр шувуудтай цуг

Зэллэсэн бүхэн эргэж ирнэ

Намрын навч шиг надаас хийссэн

Залуу нас минь л эргэж ирэхгүй ээ” гэх их Явуугийн шүлгийг Бүрэнгийн тэнгэр дор, хонгор намрын салхинд уншихад нэг л утга төгөлдөр санагдсан билээ.

“…Ноорхой даалимбан дээлтэй уртаас урт гэзэгтэй

Номхон царайдаа чимэг томоо алаг нүдтэй

Сорви шарх болсон бүтэн өнчин жаал

Сондуул довон дундуур төөрсөн янзага шиг дэгдэж явахдаа

Согтуу юм шиг амьдралын хөлд сэтгэл нь сэвтээгүй

Согог сууж ахас ихсийн үг сөргөөгөөгүй

Сонин уншиж, захиа дуудаж өгдөг “зөв хүүхэд”

Сономын Удвал Удвалаараа л байв

Баатар Москвагийн хаяанд бөмбөг унаж

Баруунаа “хүн үүл” өдөр өдрөөр нүүж

Гал хөс, зүсэм талхгүй ядарсан хотоос

Гадныхан амиа аваад дүрвэж байхад

Хотын захад оросуудтай нуувчны шороо малтаж

Хонуутаар хээрийн эмнэлэгт цэргийн шарх боож

Цурам хийхгүй олон хар шөнөөр

Цуулсан самбай болгон улаан байхад

Газраа олохгүй сандарч уйлахаа урьтал болгоогүй

Ганц оюутан охин Удвал Удвалаараа байлаа…” гэж багшийн минь Удвал гуайн дурсгалд зориулсан шүлэг бий. Хоёр мянга нэг оны хавар Булганы Хишиг-Өндөрийн Шанжмятавын Гаадамбын нэрэмжит сургуулийн аравдугаар ангийн сурагч жулдрайхан намайг зохиолчдын бараа харуулах гэж сургуулийн захирал Цэнд-Аюушийн Дашзэвэг, сумын тамгын газрын дарга Нямсүрэнгийн Мэндбаяр, соёлын төвийн эрхлэгч Чимидийн Батдэлгэр нарын хүмүүс Дашинчилэн рүү авч очиж билээ. Хаврын зөөлөн салхитай намуухан өдөр Дашинчилэнгийн соёлын төвийн гадаа Цоодол багшийнхаа барааг анх харсан. Тас хар костьюм, жижиг одтой гоёмсог зангиатай, урт хар савхин дээлтэй, шанхнаасаа үл ялиг бууралтаж яваа үсээ хажуу тийш нь налуулсан, нүүр дүүрэн инээмсэглэсэн өндөр ханагар эр байлаа.

Багшийн минь хажууд урт саарал тэрмэн дээлэн дээр аралтай мөнгөн бүс бүсэлсэн, зөөлөн цагаан царайтай Урианхай зогсож байсан сан. Урианхай ахын буурал үс салхинд сэвэгнэхийг харахад хүртэл нэг л гоё. Зохиолчид ирэх сургаар хөдөө гадааныхан морьтой ирчихсэн, соёлын төвийн гадаа бүгд л цуглачихсан байсан юм. Хаврын нар салхинд борлосон олны дунд тэр хоёр ёстой л үлгэрийн юм шиг харагдаж, алхаа гишгээ бүхэн нь сэтгэлийг минь соронздон татаж байлаа. “Жаран ес”-ийн хонины хонхорт сууж явсан миний бие буцахдаа ёстой нэг хий нь гарсан гүзээ шиг шалчийж билээ. Улсын “Хүрэл тулга” наадмаас шагнал хүртэж, Утга зохиолын сургуулийн хуваарь өвөртлөөд ирчихсэн, эгээтэй л өөрийгөө “том найрагч” болчихсон мэтээр эндүүрч явсан бацаан Цоодол, Урианхай тэргүүт яруу найргийн бурхдыг хараад, “яруу найрагч хүн чинь ер бус байдаг юм” гэж бодон нэг муу орос бахиалтай, ягаан цэмбэн дээлтэй өөрийгөө жигтэйхэн голж, үнэндээ шалчийх нь мэдээж л дээ. Тэгэхдээ Дөнгөтийн Цоодол гэж тэр аварга найрагчийн

“…Цэцэн Мандухай шиг, Алтай хангай шиг, Жанна Де Арк шиг

Цэнхэр дорнын Ганди шиг, Онон Туул шиг, Сүх жанжны Янжмаа шиг

Цэмцийж явсан Удвал одоо ч гэсэн Удвал чигээрээ байна

Хэнз улаан цэцэгс би Удвал Удвал гэж ургаж

Хээр талд өглөөний нар би Удвал Удвал гэж мандаж

Хэсэг хэсэг цагаан үүл би Удвал Удвал гэж чарлаж

Хэзээд гэрэл гэгээ болж Удвал Удвалаараа л байна…” гэх мөрүүд миний цээжинд үлдсэн юмсан. Тэгээд бас болоогүй ээ, өнөөх хонины хонхортоо нэгэнт найрагч болох хөг өнгөрсөн, харин авгай авч л таарна, охин хүүхэд төрвөл Удвал гэж нэр өгнө дөө гэж дотроо бодсон. Амьдрал гэдэг нэг талаас мөрөөдөл биш ч юм шиг. Хоёр мянга арван онд анхны хүүхэд төрж миний бие улаан цурав охиныхоо чихэнд “Удвал” хэмээн гурвантаа шивнэхэд нүдэнд минь нулимс дүүрээд ирсэн сэн.

Тэртээ далан есөн оны хавар багш минь Удвал гуайг Баянхонгорт ажлаар явахад нь таарч унаанд нь сууж Өвөрхангайд ирсэн байдаг. Алдарт Арвайн талд явахдаа “Та манай Самбуу гуайнхыг их сайн мэднэ гэсэн байх аа. Би өвгөний сумын хүн шүү дээ” гэсэнд Удвал ахайтан нүдээ цавчлан ялигүй бодлогошроод “Би олон ээжийн хоолоор хүн болсоон. Булган, Өмнөговь, Төв аймагт хаа сайгүй л ээж. Тэр дотроос Нямаа ээж (Самбуу агсны гэргий)-ийн гарын хоолыг бүр ч их хүртсэн. Самбуу гуайг Өмнөговийн дарга байхад бүүр сүүлд Зөвлөлтөд сурч байхдаа ч тогоогий нь амраагаагүй. Дайны цаг. Москва харанхуй, өлөн хоосон. Оросууд гэдэг чинь долоон голтой амьтад шүү дээ. Элчингийнхээ гэрийн хоолыг би бүтэн сайнд нэг удаа буудна. Түүгээрээ долоо хоногоо даана. Оюутнууд орос, монгол ялгалгүй цэргийн эмнэлэгт очиж шарх боосоор оройтно. Ядранаа, эсвэл байрны гэрэл гэнэт унтарч ховор шар төмсөө буцалгаж чадахгүй болно. Өлсөөд шөнө хичнээн орой ч гэсэн гүйж хүрэхэд Самбуу гуай дээлээ нөмөрчихсөн хаалгаа тайлж өгч үг ч дуугаралгүй гал тогоондоо дагуулж оруулаад монгол дархны зэс шанаганд гурилтай хоол халаангаа миний муу нойтон гутлыг тайлуулж, пааран доогуур хийж харагддаг сан гэж өгүүлэхдээ хоолой нь бөжигнөж байсан сан”. Ийм л нулимстай халуун дурсамжууд хөвөрч байгаа юм.

Бүрэнгийн сургуулийн Монгол хэл, уран зохиолын танхим Ардын уран зохиолч, төрийн шагналт, соёлын гавьяат зүтгэлтэн, “Болор цом”-ын гурван удаагийн эзэн Дөнгөтийн Цоодолын нэрэмжит боллоо. Намрын шар нар ээсэн налгар өдрийн морин цагт ёслол эхэлж Цоодол аварга гэргийн хамт хүндэтгэлийн алтан туузыг хайчиллаа. Ж.Самбуугийн нэрэмжит сургуулийн захирал Содномдаржаагийн Одгэрэл хэл уран зохиолын танхимаа ардын зохиолчийнхоо нэрэмжит болгохыг санаачилжээ. Тэрээр 2002 оноос хойш өнөөг хүртэл Бүрэнгийн сургуулийг удирдаж байгаа нэгэн. Ирэх жил сургуулийнх нь наян жилийн ой болох гэнэ. Цоодол ахыгаа очно гэж дуулаад Дамбаа хурандаа (Алтангэрэлийн Дамбадаржаа), Ширчингийн Сүхбаатар хоёр нь давхиад буулгүй хаачихав. Энэ хоёр эрхэмтэй багшийнхаа гэрт хаврын тэргүүн сарын шинийн нэгэнд ёс юм шиг таардаг юм. Тэгээд л Талынбулагаа, Бүрэнгийн уул ус, луухгар луухгар өвгөдийн тухай яриа дэлгэж Дамбаа хурандаа өнөө л жигтэйхэн бүдүүн хадуун дуугаар ярина. Нутгийнхаа тэнгэр дор хурандаагийн дуу улам ч чангарчихсан, аварга амьтан явна лээ. Арга байхгүй биз дээ.

Сүхээ ах бол манай сонины орлогч эрхлэгч байсан, бид нэг гал тогооны хүмүүс л дээ. Мөн л Бүрэнгээ бичдэг, хонхрынхоо хэдэн хөгшдөд зүрхнээсээ хайртай, Жамсрангийн Самбуугаа, Дөнгөтийн Цоодолыгоо эрхэмлэн дээдэлдэг тэднээсээ сэтгэлээ салгадаггүй нэгэн. Дээд сургуулийн оюутан хүү гүйж явахдаа “Монгол төрийн мэргэн өвөө” номыг нь гардаад их баярласнаа мартдаггүй. Хүү Эрдэнэболдтой нь тэр жилийн хавар “Хүрэл тулга”-д хамт оролцож, “Найрамдал” зуслангийн тайзан дээр анхны гэнэн цагаан шүлгүүдээ уншиж явсан тал ч бий. Сүхээ ахын аав Цэгмидийн Ширчин гэж улсын чанарын аварга, ерэн насны өндөрлөгт хүрсэн хөгшин том нударгатай улаан тэрмэн дээлтэй алхаж явна. Булгуудын хэц үнэндээ аргил сайхан хэцдээ гэдэг шиг Ширчин гуай аргагүй л аргил сайхан эр юм. “Цоодол ахыг цэнхэр тогорууны уургач гэдэг. Жаалхан байхдаа цэнхэр тогоруу уургалаад тэрхүү уурганаасаа зүүгдэн би хол явна гэж ярьдаг хэвлүүхэн нөхөр байжээ. Ах минь үнэхээр хол явлаа. Олон даваан дээр гарлаа. Талынбулагаа вант улс гэж тунхаглалаа, үүнээс том гавьяа гэж юу байх вэ” хэмээн Сүхбаатар нь хэлсэн. Харин өнөө барам шиг чанга дуутай ч өр зөөлөн Дамбаа хурандаа “Ах минь хөдөлмөрийн баатрын бариан дээр дүүхэлзэж байна” гэж Цоодол аваргыг хэлэхэд нутгийн олон үүнийг л хүлээж байсан юм шиг бахтай нь аргагүй алгаа ташсан.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *